ЦООРХОЙ дээвэр доорх ЗОДООН эцэстээ юунд хүргэх вэ?

Автор | Zindaa.mn
2018 оны 11 сарын 21

 

“Нартай байгаа дээр дээврээ битүүл”... Өдгөө тусламжийг нь хүртэж буй Олон улсын валютын сан /ОУВС/-гийн тэргүүн эдийн засгийн бодлоготой зоригтой реформ хийж, урт хугацааны бодлогоо нэн даруй эргэж харахыг сануулаад жил ч хүрээгүй байна. Сануулснаас хойш Монголд яг юу болов? Эрх баригчид хоорондоо толхилцож, идсэн, идээгүйгээрээ талцан, нэгнээ тонгорч, сандал суудлын төлөө хэрэлдэж байна. Эдийн засгийн реформ хийгээгүй, Олон улсын валютын сангийн тусламжаар гол зогоож байгаа, бондын өр хоолой дээр тулсан, цоорхой дээврээ битүүлж чадаагүй гэдгээ тэд хэзээ ухамсарлах бол...?

ЦООРХОЙ ДЭЭВЭР ДООРХ ЗОДООН

Засгаараа хэзээ ч тоглож байгаагүй гэх Ардын нам түүхэн үнэнтэй сөргөлдөн байж сонгуулийн үр дүнд байгуулагдсан засгаа унагаад жил гаруйн хугацаа үдэж байна. Шинэхэн засгийн нэг жил ч мөн адил тонгорох аюултай нүүр тулав. ЖДҮ гэх том шанаанд тулсан У.Хүрэлсүхийн Засгийн газар өмнөх засгийн концессын олс, өөрийн засгийн ЖДҮ-ийн шанаан дээр эргэлдэж буй. Ардын намын нэр нүүр, Засгийн газрын үнэ цэнэ дээр дөрөөлөн эхэлсэн маргаан сүүлдээ сандал суудлын төлөөх хэрүүл, өмнөх Засгийн газрын гомдол цөхрөл болж хувирлаа. Сандал суудлаа булаалдан, идсэн идээгүй гэж хэрэлдэж байх хооронд Хятад улс он гартал нүүрсний импортоо зогсоохоо мэдэгдэж, дэлхийн эдийн засаг эрсдэлтэй нөхцөлд байгааг сануулж, шатахууны үнэ дөрвөнтөө нэмэгдэж, дефолт зарлах эрсдэлтэй улсын тоонд оржээ.

“Бидэнд алгуурлаж байх цаг алга. Дөрөв, дөрвөн жилээр сонгууль болдгоороо болно, улстөрчид улс төрөө хийнэ. Харин Монгол Улс үлдэнэ. Бид эдийн засгийн бодлогоо тодорхой болгох ёстой” гэж Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан ярьсан юм.

Улстөрчид төр хувийн хэвшлийн түншлэл, эдийн засгийн солонгорол, Азийн хүлэг улс гэж цээжээ дэлдэж, хашхирсаар 27 жилийн нүүр үзжээ. Эдийн засгийн өсөлт гагц түүхий эдийн үнийн өсөлт дээр байсан гашуун үнэнтэй хийрхдэг улстөрчид нийлэхгүй байсаар мөн төдий жилийн нүүр үзэв. Зодоон, тонгороо эхлэхээс 10 жилийн өмнө буюу 2008 оны УИХ-ын 12 дугаар тогтоолоор “Мянганы хөгжлийн зорилтод суурилсан үндэсний хөгжлийн цогц бодлого” гэгчийг баталж байлаа. Сүржин нэртэй бодлогын 3.5-д “Экспортын баримжаатай, транзит тээвэр, логистик, санхүүгийн зуучлалын үйлчилгээ, уул уурхай, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг гүн боловсруулахад суурилсан үйлдвэрлэл, үйлчилгээг эрчимтэй хөгжүүлж, тогтвортой, мэдлэгт суурилсан эдийн засгийг бий болгоно” гэж заасан байдаг. Төслийн бүх үе шат 2021 онд дуусна. Хувь заяаны шоглоомоор Ардын нам одоо засаг барьж буй. Гэтэл тэд сандал суудал, чи, би, идсэн идээгүйгээрээ талцан хуваагдаж сууна.

“ОРОС ЭМЧ”-ИЙН ТУСЛАЛЦАА

АН-МАН ач тач, АН-АН-тайгаа эн тэнцүү, МАН-МАН-тайгаа мөчөөрхсөөр 2017 онтой золгов. “Чингис”, “Самурай”, “Гэрэгэ” зэрэг сүржин нэртэй бонд гаргаж, тэр мөнгийг зам тавих зэрэг төсвийн шинжтэй үйл ажиллагаанд зарцуулсаар их өртэй нүүр тулж ирлээ. Угаас бүтээгч үйлдвэрлэлгүй Монгол Улс зээлсэн мөнгөө төлөх чадамжгүй. Үүнийг улстөрчид ч, тэнэг гэж боддог ард түмэн ч мэдэж байсан. Үнэнтэй 2017 онд нүүр тулмагц өмнө нь хоёр удаа тусламж авч байсан ОУВС-г бараадах хэрэгтэй болов. 2017 оны хоёрдугаар сарын 19-ний өдөр эрх баригчидтай 314.505 сая зээлжих тусгай эрхтэй буюу ойролцоогоор 440 сая ам.долларыг, гурван жилийн хугацаатай зээлэхээр болов. Монгол Улсын нийт квотын 435 хувьтай тэнцэж байгааг санахад илүүдэхгүй.

“Орос эмч” Монголчуудыг төсвийн сахилга бат алдагдсан нь “өвчлөл”-ийн гол шалтгаан гэж оношилсон. Сүүлийн жилүүдэд төсөв улам тэлж, тэлэхийн хэрээр ямар нэгэн бодлогогүй, үр ашиггүй төсөлд хамаг байдгаа тавьж туусан гэж дүгнэсэн билээ. Хараа хяналтгүй үрэлгэн бодлогыг хүний бодлогоор хазаарлаж, байгаа хэдээ тавиад туухгүй байхыг, халамжийн хэт үрэлгэн байдлаа зогсоож, төсвийн сахилга батаа сайн ханган, бодлогоо тодорхой болгохыг сануулсаар байна. “Орос эмч”-ийн туслалцаа 2020 оны тавдугаар сард яг сонгуулийн өмнөхөн дуусна. Гэтэл бид юутай үлдэх вэ? Эрх баригчдын хэрүүл, тэмцэл, бүлэглэл хоорондын улангассан шунал, сандал суудлын төлөөх хэрүүлтэйгээ л үлдэх гэж үү? Арай гэж ОУВС-тай эв зүйгээ ололцож байхад улстөрчдийн зодоон “Орос эмч”-ийг үргээвэл толхилцоонтой бид өөрсдийгөө аваад явж чадах болов уу? Арай гэж өсч буй зээлжих зэрэглэлээ бууруулчихаад бид хэнийг царайчилж суух вэ? ЖДҮ тэвэрсэн улстөрчдөө түших үү, МАНАН дунд сүүмийсэн нөгөө хэдээ бараадах уу?...

Нэгэн зүйл: 2017 онд бидэнтэй хамт өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрт хамрагдсан Гүрж, Габон улс эдийн засгаа солонгоруулахын тулд төсвийн хяналтын дэд хороо, ирээдүйн хуримтлалын сан байгуулан, төрийн байгууллага зарцуулалтаа ил тод зарлан, эдийн засгийн тэргүүлэх чиглэлээ технологийн салбартайгаа уялдуулахаа зарлаад байна.

ЗОДОЛДОХ ЯАХ ВЭ...?

Эрх баригчид эрх мэдлийн төлөө зодолдох, нэгийг нөгөөгөөр солино гэж хоорондоо зодолдох яах вэ? Засгийн газрын гаргасан бондуудын ханш хэлбэлзэж байгааг мэдэж байгаа “амьтан” байна уу? Монгол Улсын Засгийн газрын 10 жилийн хугацаатай бондын ханш сүүлийн хоёр долоо хоног дараалан уналаа, бусад бондуудын ханш ч хэлбэлзэж байна. Гэтэл бид Засгийн газрын 10 жилийн хугацаатай бондыг 2022 онд, Хөгжлийн банкнаас 2013 онд гаргасан 30 тэрбум иенийг 2023 онд, 2017 оны хоёрдугаар сард гаргасан 124 сая ам.долларын өрийг 2024 онд төлж дуусгах ёстой. Их өр хоолойд тулахад савласан ханш сөргөөр нөлөөлж, төлөх ёстой мөнгөн дүн ч өөрчлөгдөнө гэдгийг санах хэрэгтэй.

Хоолойд тулсан их өрийг төлөх хугацаа дөхөөд ирэхийн цагт гаднынхан хэн чинь ЖДҮ-г бага идсэн бэ, хүү чинь авсан уу, дүү чинь авсан уу, СҮХ-ийн засаг уу, БОЛД-ын засаг уу, их сайхан 27 сантай юм байна гэж эвийлж суухгүй нь лав. Тэд авсан бол төлөхийг Монголын Засгийн газраас шаардана. Харин бид толхилцоонтой улс төрийн хохирогч болно. ЖДҮ тэвэрсэн улстөрчид юу болж хоцрох вэ?

Гэтэл бүтээгч үйлдвэрлэлийн салбарыг дэмжих битгий хэл “жижиг, дундын сан” руу гараа дүрж, СҮХ-ийн засгийг тонгорохоо саарал ордноос мэдэгдэж байна. Гэвч манайхтай ижил “Орос эмч”-ээс туслалцаа авсан Гүрж яасан гээч. Авлигын эсрэг агентлагын үйл ажиллагааг эрчимжүүлж, Хууль зүйн яамыг нээлттэй болгож, төсвийн сахилга батыг сахиулах том амбиц өвөртөлж, эдийн засгийн өсөлтөө хангана гэж мэдэгдээд байна. Сүүлийн арван жил улс төрийн бүлэглэл, гаднын улстөрчдийн заавраар хоорондоо маргалдаж байсан Гүрж улс танихын аргагүй өөрчлөгдөж байна. Улс төрийн намын санхүүжилтийг нээлттэй болгохоо ч мэдэгдэж байна.

“Нартай байгаа дээр дээврээ битүүл, жижиг улс оронд эдийн засгийн хямралын шок илүү хүнд тусна” гэж ОУВС-гийн хаврын чуулган дээр Кристин Лагард мэдэгдсэнээс хойш жил ч тойроогүй байна. У.Хүрэлсүхийн Засгийн газар ч хоёр жил тойрсонгүй. Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр авч байхад толхилцож байсан улс төр яг хэвэндээ байна. ЖДҮ тэвэрсэн улстөрчид нэгийг нөгөөгөөр солино гэж тэмцэлдэж байх хооронд энэ улс улам том ангал руу дөхөж байгааг сануулъя.

Б.АЗЗАЯА

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top