Санхүүгийн арга хэмжээ авах байгууллагаас Монгол Улсыг мөнгө угаах, терроризмтай тэмцэх ажил санаачилга гаргахгүй байгаа учраас дөрөвдүгээр сард “Эрчимтэй хяналт”-д оруулж, өнгөрсөн аравдугаар сар хүртэл хугацаат даалгавар өгчээ. Монгол Улс болон төв банк бодлогодоо тусгах оролдлого хийж байгаа учир ирэх оны нэгдүгээр сар хүртэл сунгасан юм. Хэрэв энэ хугацаанд багтаж дорвитой өөрчлөлт хийхгүй бол СААРАЛ ЖАГСААЛТ-д үг дуугүй бичигдэхээс өөр зам үлдэхгүй.
Гаднынхан сануулж, бодлогоо өөрчил гэж тулгаж байх хооронд ЖДҮХС-гийн дуулиан гарч ирэв. Жижиг, дундын тодотголтой санд саарал ордны томчууд гар дүрсэн нь тогтоогдож, энэ шуугиан одоо ч намжаагүй байна. Гэхдээ энэ бол төрийн мөнгийг луйврын аргаар завшсан асар том хэргүүдийн дэргэд жижигхэн хэсэг. Харин энэ шуугиан дэгдсэнээр Монгол Улсад суурьшсан бугшмал системийг өөрчлөх сэдэл болж хувираад байна.
Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулиар аудитын шалгалт хийхэд 35 их наяд төгрөгийн эх үүсвэр гэнэт гарч ирсэн. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын 1.5 жилийн дотоодын нийт бүтээгдэхүүн гэнэт гарч ирсэн юм. Чухам энэ их мөнгө гаднын байгууллагуудын анхаарал татсан хэрэг. Эдийн засгийн арга хэмжээ авах байгууллага Умард Солонгосын удирдлагуудыг санхүүжүүлж байж болзошгүй гэдэг аргумент гаргаж ирэн, мөнгө угаах, терроризмтай тэмцэх тухай арга хэмжээ авахыг сануулсан нь энэ. Үүнээс гадна банк бус санхүүгийн байгууллага байна. Учир нь парламентын гишүүн болон эрх баригч намын гишүүдийн дийлэнх нь банк бус санхүүгийн байгууллагатай байгаа, хадгаламж зээлийн хоршоодын тоо нэмэгдсэн зэрэг нь мөнгө угаах эх үүсвэр болж байж мэднэ гэдгийг гаднын байгууллага төв банкинд анхааруулжээ.
“Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд чадахаараа ажиллалаа. Засгийн газар, Тагнуулын ерөнхий газар, Дээд шүүх зэрэг томоохон байгууллагууд багтсан зөвлөл байгуулсан. Тэднийг нэг ширээний урд цуглуулах хэцүү байсан ч бид шаргуу ажилласны үр дүнд тодорхой байр суурь дээр саналаа нэгтгэсэн” гэж Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан ярьсан юм.
Монгол Улсын тухайд мөнгө угаах гэмт хэрэг үйлдэж, шүүхээс ял авсан тохиолдол бараг бүртгэгддэггүй нь олон улсаас нэлээд шүүмжлэл дагуулдаг. 2011 оноос хойш долоон жилийн хугацаанд нийт 4345 хүнийг мөнгө угаасан байж болзошгүй гэж үзэн шалгаж, 46 хэрэг мөрдөн шалгах шатанд шилжсэн байна. Гэсэн ч дөнгөж хоёр хэргийг анхан шатны шүүхээс хэрэгсэхгүй болгожээ. Үүнийг манай улсад мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцоо сонгодог утгаараа ажиллахгүй, хэрэгжилт хангалтгүй байгаа гэж олон улсын байгууллагууд дүгнэх болсон байна.
Монгол Улс анх удаагаа ийм нөхцөл байдалд орж байгаа юм биш. Одоогоос яг таван жилийн өмнө буюу 2013 онд Эрүүгийн хууль болон Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуульд мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх талаар тусгаагүй, бодлогоор анхаараагүй гэх шалтгаанаар "Саарал жагсаалт"-д оруулж байсан юм. Тухайн үед УИХ-аар дээрх хуулиудад нэмэлт өөрчлөлт оруулахаар яаралтай хуралдаж, баталснаар 2014 оны нэгдүгээр сард гарч байсан түүхтэй. "Саарал жагсаалт"-д орж байсан тухайн цаг үед гадаад төлбөр тооцоо гацаж байсан ч Монгол Улсын эдийн засаг өнөөгийнхтэй харьцуулахад бага байсан учир тухайн үед мэдэгдэхүйц доргио, савлагаа үүсгээгүй аж.
“Хэрэв Монгол Улс “Саарал жагсаалт"-д орвол гадаад руу эсвэл гадаадаас монгол руу шилжүүлэг, төлбөр тооцоо хийгдэхгүйд хүрэх эрсдэлтэй” гэж Монголбанкны дэргэдэх Санхүүгийн мэдээллийн албаны дарга Х.Батчулуун ярьсан юм.
Тогтолцоогоо өөрчлөхгүйгээр бид бодлогодоо өөрчлөлт оруулаад нэмэргүй. Эрт, орой хэзээ нэгэн цагт дахин ЖДҮ гарч ирнэ. Сонгуульд ялалт байгуулсан нам эрх мэдлийн төлөө өөр хоорондоо толхилцоно. Эрх мэдлийн төлөө сайн найзууд ч дайсан болно. Гагцхүү бид Ерөнхийлөгчийн засаглал гэж муйхраар зүтгэх бус одоо байгаа парламентын ардчиллын суурийг ганхуулалгүй улам сайжруулах нь л чухал болоод байна. Хэрэв бид эдийн засгийн гэмт хэрэгт орооцолдсон улстөрчидтэй хариуцлага тооцож чадахгүй юм бол, ЖДҮ тэргүүтэй улсын сангуудынхаа сахилга хариуцлагаа чангатгахгүй бол, нам дагаж улс төрд шургалсан бүлэглэлүүдийг цэгцлэхгүй бол, эдийн засгийн бодлогоо өөрчилж, холбогдох бусад хууль тогтоомжид мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх талаар хууль эрх зүйн орчноо сайжруулахгүй юм бол "Саарал жагсаалт-д угаас орно. Тэр цагт дээшилж буй зээлжих зэрэглэл буурч, хэцүү цагт мөнгө сарвайсан ОУВС нүүрээ буруулж ч мэднэ. Чухамдаа Баабарын хэлсэн “Ёроол руугаа ойртож байна" гэсэн нь энэ билээ.
Б.АЗЗАЯА
Сэтгэгдэл ( 1 )
Ингээд л хөөрхий нэгэн цагт дэлхийн талыг эзэлж явсан их Чингисийн үед хүчирхэгжин мандаж байсан энэ сайхан Монгол улс маань чад болдог юм байжээ.Энэ улсыг маань ард түмэнтэй нь газар нутагтай нь нугаслах эрхийг энэ парламент спикер болон их хурлын гишүүд эдэлдэг юм байж.Өлсөж ядарсан ард түмнийг утаа униар үнийн хөөрөгдөл улам туйлдуулж байна.Албан тушаал мөнгөний төлөөх аймшигт хийрхэл ард түмэнд хичнээн их гай түйтгэр авчирч байгааг хулгайчуудаа та нар мэдсэн ч мэдээгүй дүр эсгээд байгаа юм уу? Огцрооч бүгдээрээ үхэж далд ороод хөлдүүс болоодл өгөөч.Та нарыг хэдэн үеэрээ тамд тарчилж өтгөн