БАЙР СУУРЬ: Хэрэглээний зээлийг хумих нь өрийн дарамтыг өсгөнө гэв

2018 оны 11 сарын 27

 

Олон улсын валютын сангаас  /ОУВС/ манайд зөвлөхдөө зээлийн өндөр өсөлтийг хязгаарлах арга хэмжээ авах хэрэгтэй гэсэн. Тэгвэл Төв банкны Мөнгөний бодлогын хороо хэрэглээний зээлийн тэлэлтийг хязгаарлах арга хэмжээ авч, хамгийн ихдээ 30 сарын хугацаатайгаар зээл олгох шийдвэр гарган, хэрэгжүүлэх хугацаагаа хүлээж буй.

Сануулахад, Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан “Зарим банк иргэний орлогыг 100 хувь барьцаалан зээл олгож байгааг 70 хувь болгон бууруулах шаардлага тавьж байна. Мөн хэрэглээний зээлийг 8 жилийн хугацаатай олгож байгааг хумиж хамгийн ихдээ 30 сард багтаах зохицуулалт хийж байна. Төв банк макро зохистой бодлогын хүрээнд гаргасан энэ шийдвэр 2019 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс хэрэгжинэ, холбогдох талууд хатуу хяналт тавих болно. Иргэн, өрх бүр ийн өр зээлийн дарамтад орох нь ойрын ирээдүйд маш ноцтой асуудал болох эрсдэлтэй” гэж мэдэгдсэн билээ.

Монголбанкны тухайд хэрэглээний зээлийг хязгаарлах бодлого эдийн засгийн тогтвортой байдалд үр нөлөө дагуулна гэж тооцож буй. Тэгвэл Монголын банкны холбооны дэргэдэх Судлаачдын клубын байр суурийг хүргэе.

Судлаачдын жишээг эшлэхэд: 

  • Иргэн Дорж 800 мянган төгрөгийн цалинтай бөгөөд 48 сарын хугацаатай зээл авахыг хүссэн. Өр орлогын харьцаа 100 үед 27.8 сая төгрөг авах боломжтой байсан. Гэвч өр, орлогын харьцаа 70 хувь болоход авах зээлийн хэмжээ 18.5 сая төгрөг буюу 9.3 сая төгрөгөөр буурч байна гэсэн үг.

 

  • Иргэн Дорж 800 мянган төгрөгийн цалинтай бөгөөд энгийн үед 48 сарын хугацаатай, өр орлогын харьцаа нь 70 хувь дээр 18.5 сая төгрөг авах боломжтой байсан. Гэвч зээлийн хугацаа 30 сар болсноор 13 сая төгрөг авах л боломжтой болох юм. Өөрөөр хэлбэл авах боломжит 5.5 сая төгрөгийг хугацааны хязгаарлалтаас шалтгаалан авч чадахгүй болно.

 

  • Иргэн Дорж 48 сарын хугацаатай, өр орлогын харьцаа нь 100 хувь дээр 27.5 сая төгрөгийн зээл авах боломжтой байсан. Гэвч дээрх хоёр хязгаарлалт нэмэгдсэнээр Доржийн авах зээлийн боломжит хэмжээ 12.5 сая төгрөг болж буурна. Өөрөөр хэлбэл 15 сая төгрөгийг банкнаас авах боломжгүй болно.

“Хэрэглээний зээлийн өсөлтийг хязгаарлаж, иргэдийг өрийн дарамтнаас гаргах, нөгөө талаас бизнесийн салбарыг илүү дэмжиж эдийн засгийг идэвхжүүлэх шаардлага бодитоор тулгарч байгаа боловч дан ганц банкны салбарын хэрэглээний зээлийн хугацааг хязгаарлах нь эсрэгээрээ иргэд банк бус санхүүгийн байгууллагаас өндөр хүүтэй зээл авч, улам өндөр өрийн дарамтад орох зэрэг олон эрсдэлийг дагуулж болох талтай. Тус шийдвэрийн нэг зорилго нь бизнесийн зээлийн өсөлтийг дэмжих. Гэтэл бодит байдал дээр арилжааны банкууд хэрэглээний зээлийг илүүтэйгээр санхүүжүүлж, бизнесийн зээлийг хязгаарлаж байгаа зүйл огт байхгүй. Төв банкны тайлангаас харахад 2018 оны 3 дугаар улирлын байдлаар банкны салбарын хувьд зээл олгох боломжит нөөцийн хэмжээ ойролцоогоор 4 их наяд төгрөг байна. Харин зээл олголтын хэмжээ 3 дугаар улирлын байдлаар 1.8 их наяд төгрөг байсан ба үүнээс иргэдийн хэрэглээний зээл 200 тэрбум төгрөг буюу нийт зээл олголтын 10 орчим хувийг эзэлж байна. Тодруулбал, банкны зээл олгох нөөц бололцоо хангалттай хэмжээнд байгаа төдийгүй иргэдийн хэрэглээний зээл олголт нь төдийлөн их хувийг эзлэхгүй байгаа нь харагдаж байна”  гэж Судлаач клуб үзэж байгаа аж.

Хэрэглээний зээлийн хязгаарлалт нь өрийн дарамтыг нэмэгдүүлж болзошгүй гэдэг дээр дараах жишээг татсан байна.

"...Сард 800 мянган төгрөгийн цалин авдаг иргэн Дорж 20 сая төгрөгөөр авто машин худалдан авах хэрэгцээ гарав. Гэтэл банк хамгийн ихдээ 30 сарын хугацаатай зээл олгох боломжтой учир Дорж банкнаас 13 сая хүртэлх төгрөгийн зээл л авч чадна. Харин үлдсэн 7 сая төгрөгийн зээлийг ББСБ болон Ломбард зэрэг өндөр хүүтэй газруудаас авах болно. Энэ нь эргээд Доржийг илүү их өрийн дарамтад оруулж байна. Өөрөөр хэлбэл, хэрэглээний зээлийн хугацааг дан ганц банкны салбарын хувьд хязгаарлах нь иргэдийн зээлийг хязгаарлаж чадахгүй бөгөөд төрөөс хангалттай зохицуулалт хийж чаддаггүй иргэдийн өөр хоорондын зээл, ломбард, өндөр хүүтэй нэг өдрийн зээл зэргийг улам даамжруулан иргэдийг улам л өрийн дарамтад оруулж болзошгүй” гэсэн байр суурийг илэрхийлж байна.

Э.Болор

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
tuul(103.229.122.51) 2018 оны 11 сарын 27

bankni zeeliig hyazgaarlasanaas hvmvvs iur hoorondoo undur hvvtei mungu zeeleh mun bank bus sangvvgees undur hvvtei zeel avah nuhtsul bvrdene.

0  |  0
zochin(43.242.243.137) 2018 оны 11 сарын 27

ursgal zardal gesen ug

0  |  0
Top