Нийслэлийн Засаг дарга С.Батболд НИТХ-ын дарга С.Амарсайханд нийслэлийн 2019 оны төсвийн төслийг өргөн бариад байна.
Хотын дарга энэ үеэр хэлэхдээ “Гол анхаарал хандуулж байгаа зүйл бол хөрөнгө оруулалтын асуудал. 2018 онд тавьсан зорилт бол Улаанбаатар хотын хэмжээнд сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг хэвийн хэмжээнд хүргэх. Сүүлийн 20 гаруй жил сургууль, цэцэрлэгийн асуудлыг жил бүр ярьсаар ирлээ. Үүнийг нэг мөр шийдье гэж УИХ, Засгийн газрын түвшинд тохиролцоод ЕБС-ийг хоёр ээлжинд шилжүүлэх, цэцэрлэгт хамрагдалтыг 85 хувьд хүргэх зорилтоо хэрэгжүүлэх үүднээс өнгөрсөн жил баригдаж эхэлсэн 100 гаруй цэцэрлэг, 100 орчим сургуулийн барилгыг 2019 онд гүйцээнэ. Мөн 2019 онд Улаанбаатарыг хүн амьдрахад хамгийн ээлтэй хот болгоё гэсэн гол зорилт тавьсан. Ингэхийн тулд явган замын тохижилтыг сайжруулж, зам чөлөөлж, дугуйн замыг бий болгох тал дээр анхаарлаа хандуулж байгаа. Хотын гэрэлтүүлэг, ногоон байгууламжийг сайжруулж, нэмэгдүүлэх тал дээр анхаарлаа хандуулъя гэсэн зорилт тавьсан. Газар зохион байгуулалтын төлөвлөгөө бол хотын хувьд маш чухал зүйл. Улаанбаатар хотод газрын асуудал хүндрэлтэй байдаг. Суурьшлын бүс багатай хотын хувьд иргэн, ААН-д хэдий хэмжээний газар эзэмшүүлэх, өмчлүүлэх, хэдийг нь дуудлага худалдаагаар худалдах, хэдэн төгрөгийн орлого олох зэргийг нарийн тооцож тусгасан. Хувьчлах эд хөрөнгийн хувьд нийслэлийн төр захиргааны байгууллагуудыг хотын шинэ төв рүү нүүлгэж байгаатай холбоотойгоор хотын төвд байрлаж буй байшингуудыг худалдаад олсон орлогоороо шинэ байраа барихаар ажиллаж байгаа. Он гармагц дуудлага худалдаагаа явуулах болно” гэсэн. Мөн тэрбээр “Концессийн хуульд 2016 онд өөрчлөлт ороод нийслэлд шууд барих, шилжүүлэх концессийн жагсаалт хийхийг хориглосон байсан. Өнгөрсөн хугацаанд нийслэл концессийн зээлийн өрөө дуусгасан. Үүнийг дуусгасны учир нь төр хувийн хэвшлийн хамтын ажиллагаанд итгэл төрүүлэх хэрэгтэй. Төр хувийн хэвшлээр ажлаа хийлгэчихээд мөнгөө өгөхгүй байж болохгүй. Бид 100 гаруй тэрбум төгрөгийн өр дарсан. Төр өөрөө барих боломжтой сургууль, цэцэрлэг, замыг концессоор бариулах ёстой юу гэдэг дээр анхаарч байгаа. Концессоор төр хувийн хэвшлийн зайлшгүй хамтарч хийх ёстой обьектуудыг оруулах ёстой гэж үзсэн. Цэнгэлдэх хүрээлэн, шарил хадгалах газар, хурал, зөвлөгөөний танхим зэрэг 10 гаруй томоохон барилгыг концессоор бариулахаар оруулсан байгаа” гэлээ.
Сэтгэгдэл ( 2 )
Mongolchuudaaraa l bariulaarai . Heden jil hujaa nariig tejeechiv dee.