Төв банк ТОП компаниудад БОДЛОГО танилцууллаа

2018 оны 11 сарын 28

 

Монголбанкны Мөнгөний бодлогын хороо өчигдөр /2018.11.27/ Бодлогын хүүг нэг хувиар нэмэгдүүлэх шийдвэр гаргасан. Ирэх онд хэрэглээний зээлийг хумиж, бизнесийн зээлийн санхүүжилтийг тэлэх нөхцөл бүрдэнэ гэсэн хүлээлттэй зэрэгцэн Төв банк ийм шийдвэр гаргаад буй. Тэгвэл Монголбанкны Мөнгөний бодлогын газрын захирал Б.Баярдаваа өнөөдөр /2018.11.28/ бизнесийн салбарын топ аж ахуй нэгжүүдийн төлөөллүүдтэй уулзах үеэрээ “Монголбанк эдийн засагт хоточ нохойн үүрэг гүйцэтгэх ёстой байдаг. Мөнгөний бодлогын шийдвэр аргагүй байдалд шахагдаж гарч байна” гэж байсан юм.

Борлуулалтын орлого, татвар төлөлт, хөрөнгө, ашиг, нийгмийн даатгал төлсөн ажиллагсдын тоо зэргээрээ эрэмбэлэгддэг шилдэг аж ахуй нэгжүүдийн төлөөллүүд Монголбанкны холбогдох албан тушаалтнуудтай уулзалт, хэлэлцүүлэг өрнүүллээ. Эхэнд хэлсэнчлэн, ирэх онд бизнесийн санхүүжилтийн урсгал нэмэгдэнэ гэсэн хүлээлтийг дагаж зээлийн хүү буурах боломж байна уу гэдэг асуудал гол сэдэв байгаа. Тэгвэл арилжааны банкуудын зээлийн хүүг хөдөлгөдөг Бодлогын хүүг өсгөснөөр банкуудын 30 их наяд давсан нийт активын 20 хувьд хүрч, нөлөөлнө гэдгийг Төв банкны зүгээс мэдэгдэж байна. Тэгэхээр зээлийн санхүүжилтийн урсгал тодорхой хэмжээнд багасч, хүү буурахгүй байх тодорхой шалтгаанууд нэгээр нэмэгдэнэ гэж ойлгогдож буй.

Эдийн засгийн өсөлт гуравдугаар улирлын байдлаар Төв банкны хүлээлтээс 0.2 хувиар илүү буюу 6.7 хувьтай гараад буй. Харин ирэх оны хувьд гадаад болон дотоодын нөхцөл байдал эдийн засагт айхтар өндөр өсөлт дагуулахааргүй харагдаж буй. Ер нь бол эдийн засаг үргэлж өсдөггүй. Өсч, уруудсан циклтэй байдаг. Эдийн засгийн тэлэлтийн үед аж ахуй нэгжүүдийн  ашигт ажиллагаа нэмэгдэж, борлуулалт өсч, цаад утгаараа зээлийн эрсдэл үүрэх чадвар нэмэгдэж байдаг бол эдийн засаг унахад борлуулалт нь хуримтлуулсан санхүүгийн өрийг даахгүй хэмжээнд очдог.


Б.Баярдаваа захирал зээлийн хүүтэй холбоотой сүүлийн үеийн мэдээллээс хүргэхдээ “Зээлийн жигнэсэн дундаж  хүү эдийн засгийн хүнд үеийнхтэй харьцуулахад 3 орчим пунктээр буусан. Аж ахуй нэгжүүдэд очиж байгаа зээлийн 70 орчим хувь нь жилийн 14-18 хувийн хүүгийн  хооронд хэлбэлзэж байна. Жигнэсэн дундаж хүү 17 хувьтай байгаа. Эх үүсвэрийн зардал 11.4 хувь болж доошоо буусан. Үүний цаана Бодлогын хүү 5 хувиар буурсны нөлөөлөл бий” гэж байлаа.

Монголбанк арилжааны банкуудын зээл олгох чадварыг тодорхой түвшинд хадгалахыг бодлогын хүрээнд анхаарч буйгаа мэдэгддэг. Түүнчлэн арилжааны банкуудад энэ оны арванхоёрдугаар сард багтаан  өөрийн хөрөнгийн хэмжээгээ  нэмэгдүүлэх шаардлагыг тавьсан. Бодлогын хүү өсгөх нь эдийн засагт нөлөөлөл багатай гэсэн шүүмж дагадаг. Төв банк ч үүнийг үгүйсгэхгүй байна. Харин нөлөөллийг хэрхэн нэмэгдүүлэх вэ гэдэг дээр анхааран ажиллаж байгаа гэлээ.

Тухайлбал, сүүлийн үед Макро зохистой бодлого гэдэг нэр томьёо гарч ирж байна. Төв банкны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахад уг асуудлыг тусгасан бөгөөд банкны зохистой харилцааны шалгуур үзүүлэлтүүд гэсэн хэрэгслээр дамжуулан  системийн эрсдэлийг хуримтлуулахгүйгээр,  мөчлөгийн далайцыг бууруулж ажиллахыг ингэж нэрлээд байгаа аж. Тэрчлэн энэ удаа Мөнгөний бодлогын шийдвэр гаргахдаа Бодлогын хүүгийн макро зохистой бодлогыг шинээр хэрэгжүүлж байгаа гэнэ. Шийдвэр хэрэгжсэнээр банкуудын 20 хувийн активын хөрөнгөнд очиж нөлөө үзүүлнэ гэж байгаа юм.


Төв банкны зүгээс Мөнгөний бодлогын талаар танилцуулсан уулзалт хэлэлцүүлэгт ирсэн MCS Coca Cola” компанийн Гүйцэтгэх захирал Л.Мягмаржав хэлэхдээ “Хоёр, гурван улирал төдийгүй хоёр, гурван жилийн макро эдийн засгийн хүлээлтийг удирдах нь оновчтой арга хэрэгсэл болоод буй. Тэгвэл өнөөдөр Монголбанкнаас бизнес эрхлэгч томоохон аж ахуй нэгжүүдийн хүмүүстэй уулзаж, мэдээллээ солилцож, хүлээлтийг удирдах үйл ажиллагаа явуулж байгаа нь зөв юм. Төсөв, мөнгөний бодлогыг уялдуулах талаасаа чухал. Манай улсыг төсөв жил бүр өсөх хандлагатай байгаа. Энэ нь төрөөс нийлүүлэх мөнгөний хэмжээ ихэснэ гэсэн үг. Мөнгөний бодлогын үндсэн зорилго монгол төгрөгийн тогтвортой байдлыг хангах. Шууд утгаараа ханшийг зохицуулна гэсэн үг биш. Харин импорт болон экспортоос хамааралтай бизнесүүдэд ханш шууд нөлөөлдөг тул маш чухал. Өнөөдөр ингээд бизнес эрхлэгчдэд нэмэлт мэдээлэл өгч байгаа нь, дараа жилийнх нь бизнесийн төлөвлөлт төдийгүй макро эдийн засагт чухал хүлээлтийг удирдаж байна гэсэн үг”  гэсэн юм.  “MCS Coca Cola” компани өргөн хэрэглээний салбарт үйл ажиллагаа явуулдаг. Ханш, инфляцийн нөлөөллөө дагаад өргөн хэрэглээний бүтээгдэхүүний үнэ дагаж өөрчлөгдөж байдаг. Тэгвэл тус компанийн хувьд цаашдаа үйлдвэрлэл, хүчин чадал, ажлын байр нэмж бий болгох чиглэлээ барьж явна гэлээ.

Хэлэлцүүлэгт  ирсэн бизнесийн салбарынхны төлөөллийн хувьд төр засгийн бодлого тогтвортой, тодорхой байх чухал гэдгийг хэлцгээж байлаа. Уулзалтаар 2018 оны мөнгөний бодлогын хэрэгжилт болон эдийн засагт тулгарч буй сорилтын талаар илтгэл тавьж хэлэлцүүлэн, оролцогч аж ахуйн нэгжүүдийн санал, хүсэлтийг сонсож, санал асуулга явуулсан юм. Санал асуулгын зорилго нь Монгол Улсын томоохон аж ахуй нэгжүүдийн эдийн засаг, хөрөнгө оруулалт, бизнес, хууль эрх зүйн орчны талаарх санал бодлыг тандаж, мөнгө болон төсвийн бодлогод тусгахад чиглэжээ.  Цаашид “МонТоп-200” уулзалт, хэлэлцүүлгийг тогтмолжуулснаар Монгол Улсын эдийн засгийн өсөлт, хөгжилд  суурь нөхцөлийг бүрдүүлэгч томоохон аж ахуйн нэгжүүдийн санал, хүсэлт, байр суурийг Засгийн газар, Монголбанк нь макро эдийн засгийн бодлогод илүүтэй тусгаснаар бодлогын чанар, үр дүнг сайжруулах чухал ач холбогдолтой хэмээн үзэж байгаа билээ.

Э.Болорхажид

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top