Долоон жилийн өмнө Монголын эдийн засаг 17 хувьд хүрч өсч байв. Багтаамжаараа биш ч, өсөлтийн үзүүлэлтээрээ дэлхийд тэргүүлэхээ шахаж явсан үеэ хөөс болгоод сарниулчихсан бидэнд одоо бол ТОГТВОРТОЙ байдал л чухал байгаа билээ. Эдийн засаг руу чиглэсэн улс төрийн шийдвэрийг дангаараа гаргах “чадамжгүй” хэрнээ хөнжилдөө хөлөө жийлцсэн эрх баригчдын дүр зураг муухай харагдаж байгаа. ОУВС хөтөлбөрийн хэрэгжилтэд ээлжит үнэлгээгээ хийсний араас Төв банк мөнгөний бодлогыг хатууруулах алхам хийгээд байна. Мөнгөний бодлогын шийдвэр аргагүй байдалд шахагдаж гарч буйг албаны хүн хэлж байсан. Улс төртэй шууд холбогдох эдийн засгийн нөхцөл байдлын талаар эдийн засагч, судлаач А.Батпүрэвээс тодруулга авснаа хүргэе.
-Эдийн засгийн өнгө төрхийг тогтвортой түвшинд барихын тулд Монголын эрх баригчид шинэ сорилтуудыг давах хэрэгтэй байна гэж ОУВС-гийн зүгээс мэдэгдээд байна. Та судлаачийн хувьд нөхцөл байдалд ямар үнэлэлт дүгнэлттэй байна вэ?
-ОУВС Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн хэрэгжилтэд зургаа дахь шатны үнэлгээ хийж, дүгнэлтээ гаргаад байна. Дүгнэлтэнд хоёр, гурван чиглэл байгаа шүү дээ. Улс төрийн тогтворгүй байдал нь эдийн засгийн тогтворгүй байдлыг үүсгэх эрсдэлтэй. Тэгэхээр бодлого тогтворгүй болно, хөрөнгө оруулалтын орох урсгал буурна гэсэн үг. Улс төрийн тогтвортой байдлыг хадгалах гэдгийн цаана төр засгийн бодлого тогтвортой явагдах тухай ойлголт байгаа юм. Сүүлийн хоёр жил гаруйн хугацаанд ОУВС-тай хамтарсан хөтөлбөр хэрэгжсэнээр эдийн засагт бодит үр дүн гарсан. Гадаад өрийн дарамт буурч, зээлжих чадвар нэмэгдэж, эдийн засаг өссөн. Улс төрийн тогтвортой байдал чухал гэдэг нь эдгээр нөхцөл байдлыг хадгалахыг хэлнэ. Тэрнээс хэн нэгэн хүн албан тушаал дээрээ хадагдах тухай биш юм. ОУВС-ийн хөтөлбөрийн хэрэгжилтийн явц бол сайн үр дүнтэй байна. Цаашид энэ барьж буй бодлогоо тогтвортой хадгалж, урагшлах хэрэгтэй. Мөн Монголбанкнаас арилжааны банкуудад энэ оны арванхоёрдугаар сард багтан өөрийн хөрөнгөө нэмэгдүүлэх шаардлага тавьсан байгаа. Тэгэхээр энэ мэт шаардлагуудаа биелүүлээд санхүүгийн салбарт тогтвортой байдал бэхжүүлэх хэрэгтэй.
- Төв банкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан банкуудын дутагдсан хөрөнгийн эх үүсвэрийг шийдэхдээ системийн нөлөө бүхий банкуудыг л хамруулна гэж хэлж байсан. Санхүүгийн зах зээлд “ноёрхож” байгаа банкны салбарыг төр заавал ингэж дэмжих ёстой юу?
-“Унахад хэтэрхий том” гэж үг байдаг шүү дээ. Нэг банк тогтворгүй байдалтай боллоо гэхэд нийт эдийн засагт нөлөөлөх эрсдэлтэй учраас Монголбанк зохицуулалт хийх байх. Том зургаар нь харвал төрөөс, Монголбанкнаас аль болох оролцохгүй явбал зүгээр. Зарим банкны хувьд системийн ач холбогдолтой тул оролцохоос өөр аргагүй.
-Эдийн засаг сайнгүй байхад зээлийн хүү буурахгүй. Бодлогын хүү өслөө гэх мэдээллийг дагаад зээлийн хүү буурах боломжгүй боллоо гэсэн мессеж нийгэмд хүрч байна л даа. Бодит нөхцөл болон дагаж гарч буй шийдвэр нь эргэлзээ дагуулж байна. Та нөхцөл байдлыг хэрхэн харж байна?
-Энэ жил эдийн засагт өсөлт хадгалагдаж байгаа ч, ирэх жил тодорхойгүй байдлууд, эрсдэлүүд тулгарч болзошгүй байна. Тэгэхээр эдийн засгийг болзошгүй хүчтэй шокийн эрсдэлээс хамгаалахын тулд одооноос эхэлж арга хэмжээ авч, Бодлогын хүүг 1 хувиар нэмж байна. Судлаачийн зүгээс харахад зөв гэж бодож байна. Мэдээж хэрэг мөнгөний нийлүүлэлт, зээл хумигдана, зээлийн хүү буурахгүй. Иргэд хэрэглээний зээл авахад илүү л хүндрэлтэй болно. Энэ сөрөг тал мөн. Гэхдээ урт хугацаандаа макро эдийн засгийн тогтвортой байдлыг хадгалахын тулд ийм шийдвэр гаргахгүй бол болохгүй байх.
-Есдүгээр сарын эхээр ам.долларын ханш 2500 төгрөгт хүрснээс хойш өнөөдрийг хүртэлх өсөлт 100 гаруй төгрөгөөр хэмжигдэж байна. Төв банк бол ханшийн 100 төгрөг доторх өсөлтийг хүлээн зөвшөөрсөн гэж ойлгогдож байгаа. Ер нь ханшийн өсөлтийн шалтгаан явж явж эдийн засгийн бүтэц, төрөлжилттэй л холбогддог. Харамсалтай нь, бид ойрын арван жилдээ эдийн засгаа төрөлжүүлж амжихгүй, мөнөөх л уул уурхайгаа ярьсан хэвээрээ л байна гэж хэлэх эдийн засагчид байна. Танд арай өөдрөг төсөөлөл байна уу?
-Эдийн засгаа төрөлжүүлнэ, солонгоруулна гэж 20, 30 жил ярьж байна. Гэтэл уул уурхайгаас хамаарах хамаарал нь улам бүр нэмэгдэж байгаа. Засгийн газраас ямар нэг хөтөлбөр баталснаар, эсвэл ярьснаар болчихдог юм биш байна л даа. Эдийн засаг өөрөө амьд органик систем учраас тодорхой зохистой төлөв байдал бий болох хэрэгтэй байдаг.
Бодит байдлаа харахад аливаа бараа бүтээгдэхүүнийг Монголд үйлдвэрлэхээс Хятадаас авах нь хямд байна. Төгрөгийн ханш нэлээн суларч байж манай бүтээгдэхүүн өрсөлдөх чадвартай болно. Тэгэхээр нөхцөл байдал бүрдэж байж эдийн засаг цаашаа явах ёстой. Манай тухайд бол ярихаас цаашгүй. Макро эдийн засгийн түвшинд юу хийснийг би сайн мэдэхгүй байна. Яриад байвал арав, хорин жилийн асуудал байх. Хий хоосон ярихгүйгээр аялал жуулчлал юм уу, боловсролын салбараа ч юм уу валют олдог, экспортын салбар болгоно гэж чиглүүлж ажиллах юм бол хийх ажлууд байна. Энэ бол нэг, хоёр жилийн ажил биш л дээ.
Валютын ханшийн тухайд Монголбанкны Мөнгөний бодлогын газрын дарга Баярдаваа сая хэллээ шүү дээ. “Монголбанк инфляцийн тогтвортой байдлаар дамжуулж эдийн засгийн тогтвортой байдлыг хангах тухай ярих ёстой. Валютын ханшийг тогтвортой барих нь манай үндсэн зорилго биш ээ” гэж хэллээ. Ингэж бодитой ярих нь зөв байх. Бүгдийг нь хийж чадах юм шиг ярих хэрэггүй.
Манайх экспортолдог юм багатай, импортлогч орон. Тэгэхээр валютын ханш буцаад дотоод инфляцид нөлөөлж, улмаар эдийн засгийн өсөлт, хүн амын амьжиргаа зэрэг олон зүйлд нөлөөлдөг учраас ханшийг 100 хувь хаях боломжгүй байх. Нөгөө талаасаа нийгэм, улс төрийн дарамт ч Монголбанкинд тийм боломж олгодоггүй л дээ. Монголбанк валютын ханшийг өсгөхгүй, тогтвортой барина гэж хэлэхгүй, өндөр дүнгээр огцом савлахгүй байх талаас нь харж, шаардлагатай тохиолдолд интервенц хийж оролцоно гэж байгааг зөв л гэж харж байна.
-Дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ буурч байна, импортлогчид үнээ буулгах нөхцөл бүрдлээ гэж Сангийн сайд мэдэгдсэн шүү дээ. Гэтэл дотоодод ам.долларын ханш чангараад байдаг. Энэ нь импортлогчдын хувьд шатахууны үнийг буулгахгүй байх шалтгаан болохоор харагдаж байна?
-Дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ буучихаад байна, манайд буусангүй гээд байдаг. Монголд тогтож байгаа үнэ дор хаяж 30 хоногийн хоцрогдолтой явдаг. Манай нефтийн компаниуд “Роснефть” компанитай гэрээ хийхдээ сүүлийн 30 хоногийн Сингапурын биржийн индексээр тооцдог. Тэрэн дээр “Роснефть” өөрийнхөө ашгийг нэмдэг. Тэгэхээр газрын тосны үнийн одоогийн энэ бууралтын үр дүн арванхоёрдугаар сарын гэрээн дээр тусгагдаж орж ирнэ. Тэр гэрээний дагуу шатахуун Монголд орж ирэх гэсээр байтал ирэх нэгдүгээр сараас л хямдарсан түлш орж ирэх боломжтой. Гэтэл бидний ярьж байгаачлан валютын ханш өсч байгаа нь нөлөөллийг үзүүлэх байх.
-Тодруулга өгсөнд баярлалаа.
Э.Болорхажид
Сэтгэгдэл ( 1 )
NOHTSOL GOL N