Төрийн байгууллагын албан хаагчдад зориулсан "Нээлттэй мэдээллийг бий болгох чадавхийг бэхжүүлэх" сургалтад өчигдөр (2018.11.29) ХХААХҮЯ-ны албан хаагчид идэвхтэй хамрагдлаа. Сургалт төрийн байгууллагын статистикийн асуудал хариуцсан ажилтнуудаас Үндэсний статистикийн хороонд ирүүлж байгаа статистикийн мэдээ, тайлангийн чанарыг сайжруулахад чиглэж байна.
Статистикийн анхдагч мэдээллийн чанарыг сайжруулахын тулд сургалтад оролцогчдод нөөц ашиглалтын хүснэгт тооцох аргачлал, түүврийн дизайн-судалгааны арга зүй, аж үйлдвэрийн статистикийн үзүүлэлтийг тооцох арга зүй, хөнгөн үйлдвэрийн салбарын статистикийн мэдээллийн өнөөгийн байдал, цаашид анхаарах асуудалд гэсэн сэдвээр Үндэсний статистикийн хороо болон ХХААХҮЯ-ны мэргэжилтнүүд мэдээлэл өгсөн юм.
Аливаа салбарын статистик мэдээлэл, тайлан гаргахад Статистикийн тухай хууль, Албан ёсны статистикийг хөгжүүлэх үндэсний хөтөлбөр гэсэн үндсэн хоёр эрх зүйн баримт бичгийг дагаж мөрддөг. Дээр дурдсан хуульд хөдөө аж ахуйн ээлжит тооллогыг 10 жил тутамд, хөдөө аж ахуйн завсрын тооллого, судалгааг 5 жил тутамд хийж байхаар заасан. Хөдөө аж ахуйн ээлжит тооллогыг явуулахдаа хосолсон аргыг хэрэглэх бөгөөд газар тариалан мал аж ахуйн тооллого гэж үндсэн хоёр бүрэлдэхүүн хэсэгт хуваагдаж, МАА-н тооллого дотроо мал аж ахуй, ой, загас, ан агнуурын салбарын тусгайлсан судалгаа, мал аж ахуйн түүвэр судалгаа гэж хоёр янз байна. Хөдөө аж ахуйн завсрын тооллогыг түүврийн аргаар явуулах бөгөөд хөдөө аж ахуйн үйлдвэрлэгчийн үнэ, өртөг, зардал, малын ашиг шимийн гарц зэргийг судална.
Статисктикийн мэдээллийн нэг чухал бүрэлдэхүүн хэсэг нь Аж үйлдвэрийн салбарын ерөнхий мэдээлэл юм. Уг салбарын ерөнхий мэдээлэл нь уул уурхай, олборлолт, боловсруулах үйлдвэрлэл, цахилгаан, хий, уур, агааржуулалт, усан хангамж зэрэг салбарын мэдээллээс бүрдэнэ. Үүн дотор хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт хамааралтай нь боловсруулах үйлдвэрлэл. Боловсруулах үйлдвэрлэл өөрөө 21 дэд салбараас бүрдэнэ. Хүнс, ундаа, тамхи, нэхмэл, хувцас, арьс, арьсан бүтээгдэхүүн, тавилга, хэвлэл, эм бэлдмэл гээд тоочвол олон. Тэгвэл эдгээр салбарын анхдагч мэдээллийг бодитой гаргаснаар олон улс, бүс нутаг, салбаруудын хооронд харьцуулалт, зэрэгцүүлэлт хийж, өөрийн орны нийгэм, эдийн засгийн хөгжлийн төлөв байдлыг зөв тодорхойлох боломжтой. Ингэснээр төр, засаг болон бизнесийн байгууллагуудын удирдлагуудын шийдвэр гаргалтад эерэгээр нөлөөлнө. Хамгийн чухал нь одоогийн хүрсэн түвшингээ үнэлэн, хэтийн төлөв тооцоолоход чухал ач холбогдолтой гэж үзэж байна.
Эх сурвалж: ХХААХҮЯ
Сэтгэгдэл ( 0 )