Хүнс, хөдөө, аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд Ж.Сауле Европын Холбоо, түүний гишүүн орнуудаас Монгол Улсад суурин болон хавсран суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд нартай өчигдөр (2018.11.29) уулзав.
Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг уулзалтад энэ удаад Европын холбоо, ХБНГУ, Итали, Испани, Австри, Чех, Бельги зэрэг 21 улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд нар, Европын Холбооны бусад орны Элчин сайдын яамны төлөөлөл оролцсон юм. Европын Холбооны орнуудын Элчин сайд нарыг төлөөлөн Европын Холбооноос Монгол Улсад суугаа Элчин сайд Траян Лауренцю Христеа үг хэлж, хоёр талын худалдаа, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагаанд анхаарал хандуулан ажиллаж буйгаа онцлон тэмдэглэлээ.
Уулзалтын эхэнд, ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Сауле "Жил бүр Улаанбаатар хотноо Монгол Улсыг хамаардаг Европын холбооны Элчин сайд нар Монгол Улсад цуглан Төрийн өндөрлөгүүд, яамдын сайд нар, албаны хүмүүстэй уулзан, мэдээлэл авах, цаашдын хамтын ажиллагааны асуудлаар Засгийн газартай болон Холбооны гишүүн орнуудтай зөвшилцдөг билээ. Энэ удаагийн уулзалтад миний бие Монгол Улсын ХХААХҮ-ийн Дэд сайдын хувиар оролцож байгаадаа таатай байна. Монгол Улсын хөгжилд, манай салбарыг хөгжүүлэхэд Европын холбооноос байнга тусалж дэмжиж ирсэн талархал илэрхийлье" гээд, Монгол Улсын хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын талаар товч танилцуулж, салбартаа авч хэрэгжүүлж буй гол ажлуудаасаа дурдлаа.
Монгол Улсын нийт газар нутгийн 73,5 хувийг хөдөө аж ахуйн эдэлбэр газар эдэлдэг бөгөөд мал сүргийн тоо энэ онд 84,6 сая толгойд хүрээд байгаа юм. 2017 оны байдлаар 426,2 мянган тонн мах, 919,5 сая литр сүү, 14,5 сая ширхэг арьс, шир, 30,6 мянган тонн ноос, 10,2 мянган тонн ноолуур, 238,1 мянган тонн үр тариа, 231,4 мянган тонн буудай, 121,8 мянган тонн төмс, 82,1 мянган тонн хүнсний ногоо тус тус үйлдвэрлэж байна.
Одоогийн байдлаар манай улсад Европын Холбооны санхүүжилтээр 2016-2019 онд "Хувийн хэвшлийн оролцоотойгоор мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн болон хүнсний ногооны үйлдвэрлэлийн өртгийн сүлжээг хөгжүүлэх" төсөл амжилттай хэрэгжиж байна. Мөн Европын холбооны санхүүжилтээр "Монгол Улсын худалдааг дэмжих ТРАМ" төсөл хэрэгжиж байгаа бөгөөд Монголын чацаргана, мах, байгалийн гаралтай гоо сайхны бүтээгдэхүүн, ноосыг сонгон авч, кластер хэлбэрээр хөгжүүлэхээр ажиллаж байгаа юм.
Уулзалтын үеэр Европын холбооны гишүүн орны Элчин сайд нар зөгийн бал, чацаргана, махны үйлдвэрлэл, экспортын талаар сонирхож асуусан бөгөөд тэдний асуултад ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Сауле тэргүүтэй ХХААХҮЯ-ны газрын дарга нар дэлгэрэнгүй хариулт өглөө.
Монгол Улсын Засгийн газраас хөдөө аж ахуйн гаралтай бүтэгдэхүүн тэр дундаа зөгийн бал, чацаргана зэрэг онцлог бүтээгдэхүүнээ дэлхийн зах зээлд гаргахыг зорьж байгаа юм. Чацарганыг дангаар экспортлохоос гадна шинэ сортуудыг нутагшуулж, эрүүл мэнд, гоо сайхан, хүнсний нэмэлт бүтээгдэхүүний чухал орц болгон ашиглаж байна.
Сүүлийн жилүүдэд манай оронд зөгийн аж ахуй эрчимтэй хөгжин, Дорнод, Сүхбаатар, Сэлэнгэ, Дархан-Уул, Орхон, Дорнод, Төв, Хэнтий, Булган зэрэг аймгийн нутаг дэвсгэрт 187 аж ахуйн нэгж, иргэн 6300 гаруй бүл зөгий үржүүлж байна. Монголын зөгий байгалийн зэрлэг цэцгээс балаа цуглуулдаг тул Австри, Япон, Польш, Хонконгийн мэргэжилтнүүд түүний биологийн үнэт чанарыг ихэд онцолдог.
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас Зөгийн балны үндэсний стандартыг шинэчлэн боловсруулсан бөгөөд Стандарт, хэмжил зүйн газраар батлуулахаар ажиллаж байна. Энэ стандарт батлагдсанаар зөгийн баланд тавигдах Европын Холбооны шаардлагад нийцүүлэн шинжилгээ хийн, мэдээллийн сан үүсгэх боломжтой болох юм.
Энэ оны арваннэгдүгээр сарын байдлаар манай улс есөн улсад нийт 43,2 мянган тонн мах, махан бүтээгдэхүүн экспортолж, 104 сая ам.доллар буюу 267,4 тэрбум төгрөгийн экспорт хийгээд байна. Гол төлөв богийн мах экспортлохыг зорьж байгаа бөгөөд яг одоогийн байдлаар бол ОХУ, мөн улсын транзит зөвшөөрлөөр БНСВУ-ын чөлөөт бүсэд 955 тонн үхрийн мах, БНХАУ, ОХУ, Казакстан, Япон Улсад 22492 тонн адууны мах, Иран, БНСВУ, Малайз, Гонконг Улсад 3814 тонн хонь, ямааны мах, дулааны аргаар боловсруулсан мах 16027 тонн-ыг тус тус экспортолсон мэдээтэй байна. Өмнөх жилүүдтэй харьцуулахад экспортолж буй мах махан бүтээгдэхүүний нэр төрөл нэмэгдэж, дулааны аргаар боловсруулсан махны экспорт өсөж байгаа юм.
Уулзалтын төгсгөлд Дэд сайд Ж.Саулегийн зүгээс "Мах, сүүний анхдугаар аян"-ыг хэрэгжүүлэх, Эмээлтийн хөнгөн үйлдвэрийн паркын бүтээн байгуулалтад дэмжлэг үзүүлж, хүлэмжийн аж ахуй, усалгаатай газар тариаланг хөгжүүлэх чиглэлээр хамтарч ажиллахыг хүслээ. Европын холбооны Элчин сайдууд цаашид өргөн хүрээнд нягт хамтран ажиллах боломжийг эрэлхийлж байгаагаа хэллээ.
БРАЗИЛ БОЛОН НИДЕРЛАНД УЛСЫН ЭЛЧИН САЙДТАЙ ХОЁР ТАЛТ УУЛЗАЛТ ХИЙВ
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх хүрээнд ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Сауле Бразил болон Нидерланд Улсын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа.
Холбооны Бүгд найрамдах Бразил Улсаас Монгол Улсад Хавсран суух Элчин сайдаар Паулу Эстиваллет Де Мескитаг болон Нидерланд Улсаас БНХАУ-д Хавсран суугаа Элчин сайдаар Эвэрардус Кронэнбург нар Элчин Сайдаар томилогдон, Монгол Улсын Ерөнхийлөгчид итгэмжлэх жуух бичгээ өргөн барьсантай холбогдуулан, хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт хамтран ажиллах чиглэлээ тохирох зорилгоор ийнхүү хоёр талт уулзалтыг зохион байгуулав.
ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Сауле Бразил Улсын Элчин сайдад хандан, 2011 онд байгуулсан хамтран ажиллах харилцан ойлголцлын санамж бичгийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, хоёр орны хүнс, хөдөө аж ахуйн салбар дахь хамтын ажиллагааг сэргээн хөгжүүлэх, яам хоорондын хурал зохион байгуулах, мал эмнэлгийн салбарт хамтарч ажиллах, жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх, санхүүжилтийн эх үүсвэрийг судлах зорилгоор 2019 онд харилцан айлчлал хийх зэрэг хэд хэдэн санал дэвшүүлсэн юм. Нидерланд Улсын Элчин сайдад хандан, хүлэмжийн аж ахуй, үхрийн фермийн техник, технологийг нэвтрүүлэх, Монголын цаг уурт дасан зохицох хүнсний ногоо, жимс жимсгэнийн үр, сортыг нутагшуулах, энэ хүрээнд хоёр орны эрдэм шинжилгээ, судалгааны байгууллага хамтарч ажиллах санал тавилаа.
Эдгээр саналыг Бразил болон Нидерланд Улсын Элчин сайд нааштайгаар хүлээн авч, бодит ажил хэрэг болгохын тулд хүчин чармайлт гаргаж, хоёр орны хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарыг хөгжүүлэхийн тулд гүүр болгон ажиллах болно гэдгээ илэрхийлсэн юм.
Эх сурвалж: ХХААХҮЯ
Сэтгэгдэл ( 0 )