Монголын арилжааны банкуудад дутагдаж буй хөрөнгийн хэмжээ 513 тэрбум төгрөг байна гэсэн тооцооллыг Чехийн PWC компани хийсэн. Тэгвэл Монголбанкны хяналт шалгалтын газрын захирал Н.Батсайхан хэлэхдээ “Энэ оны эхний есөн сарын байдлаар системийн хэмжээнд 5 банк 140 тэрбум төгрөгөөр хувь нийлүүлсэн хөрөнгөө нэмсэн байна. Мөн банкуудаас өөрийн хөрөнгөө нэмэгдүүлэх хүсэлтүүд ирсэн. Монголбанк зөвшөөрөл олгох эсэхийг судалж байна. Тэгэхээр банкуудаас ирүүлсэн өөрийн хөрөнгийн төлөвлөгөөний биелэлтийг эцсийн байдлаар энэ оны эцэс гэхэд дүгнэх боломжтой” гэж байна. Албаны хүний үгнээс үзэхэд арилжааны банкуудын дутагдсан хөрөнгийн хэмжээ 373 тэрбум төгрөг болжээ.Монголбанкнаас энэ оны тавдугаар сарын 8-ны өдөр банкуудад албан тоот хүргүүлэхдээ арванхоёрдугаар сарын 31-ний өдөрт багтаан өөрийн хөрөнгийн дутагдаж буй хэсгийг НӨХӨХ шаардлага тавьсан. Банкууд шаардлага биелүүлэхэд нэг л сарын хугацаа үлдээд байна.
Н.Батсайхан захирлын хэлсэнчлэн банкуудаас өөрийн хөрөнгөө нэмэгдүүлэх хүсэлтүүдийг Төв банк руу ирүүлэхдээ чухам ямар арга замуудыг сонгож байна вэ гэдэг нь анхаарал татаж байгаа юм. Активын чанарын үнэлгээгээр хөрөнгийн дутагдалтай гарсан арилжааны банкууд дутагдсан хөрөнгөө өөрсдийн нөөц бололцоогоо ашиглан нөхөж чадахгүй бол хувийн салбараас хөрөнгө босгох, бусад хөрөнгө оруулагчдыг татан оролцуулах замаар нөхөх ёстой. Банкууд өөрсдийн нөөц бололцоогоо ашиглаад, бусад хувийн хөрөнгө оруулагчдаас хөрөнгө татсан ч дутагдсан хөрөнгөө бүрэн нөхөж чадахгүй нөхцөл байдал үүсвэл төрөөс банкны хувьцааг түр хугацаанд эзэмшиж, удирдах эрх зүйн зохицуулалтыг хуульчлаад байгаа юм. Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан хэлэхдээ “Тогтоосон хугацаанд өөрийн хөрөнгийн дутууг нөхөн бүрдүүлж чадаагүй, системийн нөлөө бүхий банкууд гарвал дахин хөрөнгөжүүлэх ажлыг Засгийн газар, Монголбанк хамтран хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа. Харин системийн нөлөө бүхий банкны жагсаалтад ороогүй банк хамрагдахгүй” гэж байсан юм.
УИХ-аар Банкны салбарын тогтвортой байдлын тухай хуулийг батлаад буй. Тэгвэл энэ хуулийг батлуулах болсон шалтгаан хийгээд ач холбогдлын талаар Н.Батсайхан захирал тайлбарлахдаа “Активын чанарын үнэлгээгээр банкуудын активыг үнэлсэн бөгөөд үнэлгээний үр дүнд хэрэв банкууд зохистой байдлаар активын эрсдэлийн санг байгуулаагүй бол нэмж эрсдэлийн сан байгуулахаар болсон. Активын эрсдэлийн сан нь зардлаар байгуулагддаг тулд банкуудад өөрийн хөрөнгөө нэмэгдүүлэх шаардлага үүссэн. Иймд банк, санхүүгийн салбарын тогтвортой байдлыг хангах, харилцагч, хадгаламж эзэмшигчийн эрх ашгийг хамгаалах, ирээдүйд төрөөс гарч болзошгүй их хэмжээний зардлыг бууруулах зорилгоор ОУВС-тай тохиролцон активын чанарын үнэлгээ, эрсдэлийн сорилын үр дүнд өөрийн хөрөнгийн дутагдалтай гарсан банкны салбарын нөлөө бүхий банкуудыг дахин хөрөнгөжүүлэх үйл ажиллагааны зарчмыг тодорхойлж, эдгээр зарчмыг зохицуулсан хууль, эрх зүйн баримт бичгийг батлуулах шаардлага бий болсон юм. Тус хууль батлагдснаар банк өөрийн хөрөнгийн дутагдлыг төрөөс бусад хөрөнгө оруулагчдаас бүрдүүлэх боломжгүй тохиолдолд урт болон дунд хугацаанд банкны хэвийн үйл ажиллагааг явуулах, тогтвортой, ашигтай ажиллах боломжтой банкны системийн нөлөө бүхий банкны өөрийн хөрөнгийг нэмэгдүүлэхэд төрөөс дэмжлэг үзүүлж төрөөс оруулсан хөрөнгийг үр ашигтай удирдан харилцагч, хадгаламж эзэмшигчийн эрх ашгийг хамгаалах, төрөөс оруулсан хөрөнгийг төсөвт буцаан төвлөрүүлэх замаар улс орны эдийн засаг, санхүүгийн салбарыг тогтворжуулах зорилгоор улсын төсвөөс гарч болзошгүй зардал буурах ач холбогдолтой” гэж байна.
Тэгэхээр үйл ажиллагаа явуулж буй 14 банкнаас системийн нөлөө бүхий банкуудад төр дэмжлэг үзүүлэх хуулийн орчин бийг албаны хүмүүс хэлж байна. ”Банкны системд нөлөө бүхий банк” гэдэг нь сүүлийн зургаан сарын турш банкны системийн нийт активын 5 хувиас дээш хувийг эзэлж байгаа банкийг хэлнэ гэж “Банкны үйл ажиллагааны зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийг тогтоох, түүнд хяналт тавих журам”-д заасан байдаг.
Шалгуурыг хангасан зургаан банк үйл ажиллагаа явуулж буй. Тодруулбал, Худалдаа хөгжлийн банк, Хаан, Голомт, Төрийн банк, Улаанбаатар хотын банк, Хас банк юм.
Э.Болор
Сэтгэгдэл ( 1 )
банкуудыг дэмжээд байхдаа яахав дээ шалгуураар үлдэх нэг нь үлдэнэ л биз дээ монголчуудыг 20 жил мөлжиж баяжсан биз дээ