Дотооддоо боловсруулах үйлдвэргүй, импортоос хараат, гэрийн гадна нэг чулуу хөдлөхөд л нөлөөлөл нь дэндүү хүчтэй тусдаг Монгол Улсад дотоодын толхилцоон аль хэдийнэ шанаа өгөөд эхэллээ. Жижиг, дунд үйлдвэрлэл /ЖДҮ/ тойрсон маргаан дэгдэж эхэлснээс хойш “Гэрэгэ” бондын ханш унасаар энэ долоо хоногт түүхэн доод хэмжээндээ хүрэв. Монгол Улсын эдийн засгийг ганц авч яваа Оюу Толгойн гол хөрөнгө оруулагч Рио Тинто Монголыг дотоодын улс төрийн маргаантай тул гүний уурхайн өгөөжөө бууруулахаар болоод байна. Хэн нэгний сандал суудал, аль нэг бүлэглэлийн эрх мэдлийн төлөөх тэмцэл ийнхүү эцэстээ Монгол Улсад нөлөөлж эхэллээ.
РИО БА ГЭРЭГЭ
“Оюу Толгой” төслийн гол хөрөнгө оруулагч Рио Тинто компани Монгол Улс дотоод орчноос шалтгаалсан өндөр эрсдэлтэй орон гэж дүгнээд байна. Дотоодын улс төрийн зөрчилдөөн болон Монгол Улсын Засгийн газартай үүсгэсэн харилцааны асуудлаас болоод ийнхүү эрсдэлтэй гэж дүгнэжээ. Монголын Засгийн газар гэрээнд заагдсан үүргээ биелүүлж эрчим хүчний хэрэгцээнийхээ тодорхой хувийг дотоодоос хангах шаардлага тавиад байгаа юм.
“Африкийн ихэнх улс, Ази тивээс Иран, Монгол Улс дотоодын улс төрийн тогтворгүй байдлаас шалтгаалсан өндөр эрсдэлтэй орон болоод байна. Энэ тохиолдолд бид ямар нэгэн бодлогын томоохон ажил эхлүүлэхэд төвөгтэй” гэж Рио Тинто компанийн гүйцэтгэх захирал Жеан Себастиан Жак ярьжээ.
Риогийн таагүй мэдээтэй зэрэгцэн “Гэрэгэ” бондын ханш унаж байгаа нь маш том асуудал. Энэ сард Монгол Улсын Засгийн газрын бондуудын ханш унаж, хөрөнгө оруулагчдын шаардах өгөөж нэмэгджээ. Тухайлбал, арваннэгдүгээр сарын 13-наас хойш хагас сар орчмын хугацаанд 2023 оны тавдугаар сарын 01-нд төлөх хуваарьтай “Гэрэгэ” бондын ханш тасралтгүй унасаар одоогоор түүхэн доод хэмжээнд хүрчээ. Тус бондын ханш сүүлийн хоёр долоо хоногт 2.5 хувиар уналаа. Ханшийн уналтыг зогсоохгүй бол 2023 онд бид авснаасаа илүүг л төлөх хэрэгтэй болох нь. Дотооддоо боловсруулах үйлдвэргүй Монгол Улс 5.5 жилийн хугацаатай “Гэрэгэ” бондын 800 саяыг хаанаасаа олж төлөх вэ гэдэг нь маш том асуулт юм.
Гаднаас босгосон бондын ханш унаж, гол хөрөнгө оруулагч дотоод толхилцоонтой гэж дүгнэх хооронд ам.долларын ханш 2618 ам.долларт хүрэв. Ам.долларын ханш чангарсныг гадаад зах зээл дээрх БНХАУ болон АНУ-ын худалдааны дайн, Хятадын тал нүүрсний импортоо зогсоосон нь нөлөөлж байгаа бол дотоодын улс төрийн маргаан ч нөлөөлсөн гэж эдийн засагчид таамаглаж байна.
ИХ СОРИЛТЫН ЖИЛ
Олон улсын валютын сан ч, Дэлхийн банк ч, эдийн засагчид ч 2019 оныг эдийн засгийн хямралтай жил байх болно гэж анхааруулж, сануулж байна. Тиймээс ч “Нартай байгаа дээр дээврээ битүүл” гэж ОУВС-ын удирдлагууд өнгөрсөн дөрөвдүгээр сард сануулж байсан. Сануулснаас нь хойш бид юуг ч эс хийв. Дэлхийн зах зээл дээр түүхий эдийн үнэ өсч эхэлсэн нь эдийн засаг өсөх гол шалтгаан байлаа. Харин бид гаднаас шалтгаалсан эдийн засгийн өсөлтийг дотооддоо шингээж чадсангүй. 2020 он сонгуулийн жилээс эхлэн гаднаас босгосон бондуудын мөнгөө төлж эхэлнэ. Тэр үед эдийн засгийн шок нөлөөлнө гэж мөн л ОУВС дүгнэж байгаа. Ирэх онд дуусах өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийг үр бүтээлтэй дуусгаж чадвал дахин хөтөлбөрт хамрагдах боломжтой гэж мэдэгдсэн. Үнэндээ бид тэр үед ОУВС-нд хандахаас өөр арга байхгүй.
“2020 онд олонх болсон нам их хүнд ачааг нуруундаа үүрэх болно. Улс төр бол яахав хэзээд үргэлжилнэ. Харин эдийн засаг гэдэг бол нам, улс төр гэж ялгахгүй. Хамгийн гол нь бид урт хугацааны бодлогоо тодорхойлж, эдийн засгийн реформ хийх шаардлагатай” гэж Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан ярьжээ.
Эдийн засгийн талаасаа ч улс төрийн талаасаа ч 2019 он бол их сорилтын жил байх нь тодорхой боллоо. Эрх баригч нам дотооддоо их цэвэрлэгээ хийнэ гэдгээ намын дарга нь мэдэгдээд байна. ЖДҮ тойрсон, концесс тойрсон, бонд тойрсон хэргүүдийг ч үргэлжлүүлэн шалгана гэдгээ ч мөн зарласан. 2020 оны сонгуулийн өмнөх жил гэдэг утгаараа эрх баригч нам их зүйл хийхээс өөр арга нөхцөлд орсон. Эрх баригч Ардын нам сонгуульд олонх болсон цагаасаа рейнтингээрээ сөрөг хүчнийг гүйцээгүй. Тиймээс хийх ажил тэдэнд бишгүй дээ бий.
Хэрэв бид эдийн засгийн гэмт хэрэгт орооцолдсон улстөрчидтэй хариуцлага тооцож чадахгүй бол, ЖДҮ тэргүүтэй улсын сангуудынхаа сахилга хариуцлагаа чангатгахгүй бол, нам дагаж улс төрд шургалсан бүлэглэлүүдийг цэгцлэхгүй бол, эдийн засгийн бодлогоо өөрчилж, холбогдох бусад хууль тогтоомжид мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх талаар хууль эрх зүйн орчинг сайжруулахгүй бол саарал жагсаалтад орно. Тэр цагт дээшилж буй зээлжих зэрэглэл буурч, хэцүү цагт мөнгө сарвайсан ОУВС нүүрээ буруулж ч мэднэ. Чухамдаа Баабарын хэлсэн “Ёроол руугаа ойртож” байгаа нь энэ билээ.
Б.АЗЗАЯА
WWW.ZINDAA.MN
Сэтгэгдэл ( 2 )
Xоорондоо хэмхэлдсээр байгаад тэнэг болчихсон ард түмэн дээ.Aмны хишиг ни ар дээрээ гарсан үхэрүүд.. бэртэгчин ард түмэндээ таарсан улс төрчидтэй..
Цаашид байдал улам л хэцүүдэх шинжтэй.