“Ам.долларын ханш маргаашаас эхлэн буурч эхэлнэ” гэж ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар өчигдөр мэдэгдсэн. Төв банкны өнөөдрийн албан ханшийг харахад нэг ам.доллар 2.639.21 төгрөгтэй тэнцэж байна. Өчигдөр Монголбанкны гадаад валютын ээлжит дуудлага худалдаанд Монголбанк оролцоогүй бөгөөд своп, форвард арилжаагаар банкууд санал ирүүлээгүй гэж мэдээлж байна. Ер нь бол зах зээлийн зарчим ярьвал ханш гэдэг юм жамаараа тогтох ёстой. Харин ам.долларын ханш улс төрийн тогтворгүй байдалтай зэрэгцэн өссөн энэ удаагийн өсөлтийн учиг шалтгаан юу байв гэдэгт анхаарах хэрэгтэй болж байна. Улс төрийн тогтворгүй байдал эдийн засагтай шууд хамааралтай тул ханш угаасаа савлаж таарна гэж хэлэх эдийн засагчид байна. Мөн зах зээлд хиймэл эрэлт үүсгэж, ханшийг савлуулж, дундаас нь ашиг олдог сүлжээ бий болсон гэж хэлэх шинжээчид ч бий. Тэгвэл ханшийн сүүлийн үеийн өсөлтийн уг шалтгаан эдийн засгийн бодит нөхцөл гэхээсээ тогтворгүй байдлаар далимдуулан хүлээлт үүсгэсэнтэй холбоотой байхыг үгүйсгэх аргагүй байна.
Манай эдийн засагт ам.долларын гарах урсгал давамгайлдаг. Энэ нь эдийн засгийн бүтэц эмзэг, төрөлжилтгүй, валют татах боломжууд хомс байгаагийн тод илэрхийлэл. Тиймээс ч ханшийн савлагаанаас хамаарсан мэдрэмтгий байдлыг бид байнга мэдэрдэг. Ханшийн өсөлтөд нөлөөлдөг нэг зүйл бол ХҮЛЭЭЛТ гэдгийг эдийн засагчид хэлцгээдэг. Тухайлбал, эдийн засагч Г.Ганзориг “Хүмүүс валютын ханш өснө гээд бодчихоор аваад дарчих юмсан, долларын хадгаламж хийчих юмсан гэх хандлагатай болчихдог. Ам.долларын ханш өсдөг юм чинь гэсэн үүднээс ам.долларын хиймэл эрэлтийг үүсгэдэг хандлага гарч ирж байгаа” гэсэн бол доктор, профессор Л.Оюун “Манай улс хүлээлтийн инфляци гэдэг зүйлд ордог орон. Эрэлт бодитой өсөөд нийлүүлэлт бага байхад биш. Эрэлт өсөх нь ээ гэдэг хүлээлтийн утгаар манайд валютын ханшийн эрэлт өсөөд ханшиндаа нөлөөлчихдөг. Ийм үзэгдэл түгээмэл гардаг. Энэ өсөлтийг хүлээлтийн инфляци талдаа гэж ойлгож байгаа. Ер нь Монголчуудын эрсдэлээс өөрсдийгөө хамгаалдаг нэг арга нь төгрөгөө ам.доллар руу шилжүүлээд, ам.долларын зохиомол эрэлтийг бий болгоод, ханш нь өсчихдөг” гэж буй юм.
Мэдээж ханшид байнга нөлөөлдөг суурь хүчин зүйлсүүд хэвээрээ байгаа. Гэхдээ Хөгжлийн банк Засгийн газрын баталгаагүйгээр 500 сая ам.долларын бондын санхүүжилт олон улсын зах зээлээс татсан нь төлбөрийн тэнцлийн алдагдал аравдугаар сард буурахад нөлөөлснийг хэлэх хэрэгтэй. Тодруулж хэлбэл, ханшийн савлагаанд огцом нөлөөлөх тоонууд бага байсан. Харин улс төр тогтворгүй байсан нь үнэн. Тиймээс тогтворгүй байдлаар далимдуулан ханшаар тоглоод байна уу гэдэг асуудал яригдах ёстой болж байна. ЗГХЭГ-ын дарга “Ам.долларын ханш маргаашаас эхлэн буурч эхэлнэ” гэж хэлсэн нь ч бас анхаарал татаж байгаа юм.
Э.Болорхажид
Сэтгэгдэл ( 5 )
venezualiin mungun temdegtiin neg dollartai haritsahan 38 sae dotoodiin munguteigee haritsdagshdee
2016 онд 1950 төгрөгтэй тэнцэж байсан ханш 2639 төгрөгтэй тэнцэж байна Баяртсайхан Хүрэлбаатар нарын буруу шүү дээ Ханшаа барихгүй юм бол наана сууж юу хийнэ вэ
өнөөдрөөс ханш бууж бна хятадууд нүүрсээ их хэмжээгээр авах болсон бна яаруу хүмүүсийн авсан доллор чинь унах болно хурдан зарах хэрэгтэй ханшаар тоглож байдаг бүлэглэл байдаг юм билээ энэ бүлэглэлийг илэрүүлж яаралтай шийтгэл оногдуулах ёстой шүү...
za ene chini zuw medeelel bn daa naizuudaa
er ni medeej shuuu deee hiimleer l osgoson bgaaaa eneniiii ezniig oloh heregtei