Нэйл Сакэр: Монгол дахь хөтөлбөр ОУВС-гийн түүхэн дэх хамгийн том хөтөлбөрүүдийн нэг болж байна

2018 оны 12 сарын 12

 

ОУВС-гийн санхүүжилт зогсонги байдалд орсон гэх мэдээлэл гараад буй. Улс төрийн нөхцөл байдал сүүлийн үед тогтворгүй байгаатай зэрэгцэн эдийн засгаа "булшилчих" вий гэсэн сэрэмж дагасан нь үнэн. Гэхдээ мэдээллийг эх сурвалжийн байр суурь дээр үндэслэн мэдээлэх нь эргээд эдийн засгийн нөхцөл байдал, тоон үзүүлэлтүүдэд хамаатай. Тиймээс Олон улсын валютын сангийн Монгол дахь суурин төлөөлөгч Нэйл Сакэрийн байр суурийг хүргэж байна. Тэрбээр өчигдөр /2018.12.11/ болсон “Санхүүгийн салбарын комплаенс 2018” форумд оролцох үеэрээ “Монголын төр засгийн зүгээс баримтлах бодлого тогтвортой байвал Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр ч тогтвортой байна” гэдгийг хэлж байсан.

Нэйл Сакэр форумд оролцогчдод дараах мэдээллийг өөрийн биеэр, албан ёсоор өгсөн юм.

Тэрбээр “Түүхий эдийн үнэ унаж, бодлогын алдаа гаргасны улмаас эдийн засаг зогсонги байдалд орж, гадаад валютын нөөц огцом багасан, өрийн асуудал хүндэрч эхэлсэн байсан. Засгийн газраас баталсан Эдийн засгийг сэргээх хөтөлбөрийн хэрэгжилтийг дэмжих зорилгоор 2017 онд Өргөтгөсөн санхүүжилтийн  хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр  тохирсон. ОУВС, Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк зэрэг олон улсын санхүүгийн байгууллагуудаас олон улсын дэмжлэг, Хятад, Солонгос, Япон зэрэг улсуудаас хоёр талт дэмжлэгийг татан оролцуулж чадсан байна.  Нийтдээ 5.5 тэрбум ам. долларын санхүүжилт бүрдүүлж чадсан бөгөөд Монгол Улсын ДНБ-тэй харьцуулбал ОУВС-гийн түүхэн дэх хамгийн том хөтөлбөрүүдийн нэг болж байна” гэсэн юм.

Мөн тэрбээр хөтөлбөрийн зорилгын талаар  “Нэгт, нөхцөл байдлыг тогтворжуулж, өрийн дефолтоос зайлсхийх, Төсвийн тогтвортой байдлыг сэргээн тогтоох, Мөнгө, ханшийн зохистой бодлого хэрэгжүүлэх,  Банкны системийг эрүүлжүүлж, бэхжүүлэх зорилготой. Хоёрт, урт хугацаанд тогтвортой өсөлтийг бий болгох суурийг бүрдүүлж, тэлэлт-агшилтын мөчлөгийг таслан зогсоох зорилготой гэсэн.

  • Нэйл Сакэр хэлэхдээ  “Хөтөлбөрийн хэрэгжилтийн явц өнөөг хүртэл сайн байлаа. Нүүрс, зэсийн гадаад эрэлт өндөр байсны ачаар эдийн засгийн өсөлт 6 гаруй хувьд хүрч сэргэсэн. Гадаад валютын нийт нөөц 3 тэрбум ам. долларыг давж, өрийн хэмжээ ДНБ-ий 75 хувь болж багассан. Төсвийн тэнцэл ДНБ-ий 17 хувьтай тэнцэж байсныг “тэг” тэнцэл рүү дөхүүлж бууруулсан. Засгийн газрын гадаад бондын хүүгийн түвшин бараг хоёр дахин багасч, валютын ханш тогтворжсон” гэсэн юм.

Гэхдээ эрсдэлүүд байгааг тэрбээр сануулсан. Тухайлбал,  Эдийн засгийн өсөлт ихэнхдээ гадаад хүчин зүйлээр тодорхойлогдсон бөгөөд эдгээр хүчин зүйлс хэзээ ч өөрчлөгдөж магадгүй. Өөрөөр хэлбэл  түүхий эдийн эрэлт, үнэ ханш унаж болзошгүй.  Төсвийн алдагдлыг  амжилттай багасгаж чадсан боловч,  зарлагыг өсгөх дарамт нэмэгдэж байна.  Банкны зээл, нэн ялангуяа өрхийн зээл хурдацтай өсч  байна.  Үр дүнд нь импорт нэмэгдэж, улмаар гадаад валютын нөөц хуримтлагдахгүй болж, Засгийн газрын өрийн түвшин өндөр хэвээр байна.  Эдийн засгийн бодлогуудыг зохистой хэмжээнд хатуу байлгаж, уялдаа холбоог хангах хэрэгтэй.  2019 оны нэгдсэн төсөв, нэн ялангуяа зардлыг хянах тал дээр зөв чиглэлд явж байна.  Монголбанк инфляцийн өөрчлөлт, санхүүгийн салбарын эрсдэлээс анхаарлаа салгалгүй байж, бодлогын зохих арга хэмжээг авах хэрэгтэй. Жишээ нь,  макро зохистой бодлогыг нэвтрүүлэх хэрэгтэй гэлээ.

Эдийн засгийн тогтвортой өсөлтийг дэмжихэд санхүүгийн салбарын гүйцэтгэх үүргийн талаар тэрбээр байр сууриа илэрхийлсэн. Тогтвортой, хүртээмжтэй өсөлтийг хангахын тулд дараах шинж чанарыг агуулсан хүчирхэг санхүүгийн систем, хөрөнгийн зах шаардлагатай байдаг аж. Тухайлбал,

  • Хангалттай хэмжээний өөрийн хөрөнгөтэй
  • Нийт ард иргэдэд хүртээмжтэй, хэрэглэгчийн эрх ашгийг зохих байдлаар хамгаалсан
  • Сайн зохицуулалт, хяналт шалгалттай
  • Дүрэм журмыг туйлбартай дагаж мөрддөг, зохицуулагч, хянан шалгагч байгууллагууд хэрэгжилтийг хангадаг гэж тэрбээр хэлсэн юм.

Олон улсын валютын сангийн Монгол дахь суурин төлөөлөгч Нэйл Сакэрийн байр суурийг хүргэхэд ийм байна. Тэрбээр Монгол Улсын Засгийн газар ОУВС хамтран хэрэгжүүлж буй Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийг ОУВС-гийн түүхэн дэх хамгийн том хөтөлбөрүүдийн нэг болж байна гэж дүгнэлээ. Мөн хөтөлбөрийн явц өнөөдрийг хүртэл сайн байлаа гэсэн байр суурийг илэрхийллээ. Цаашид хөтөлбөр тогтвортой байхад улс төрийн бодлогын тогтвортой байдал чухал гэдгийг санууллаа.

Э.Болорхажид

www.zindaa.mn

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top