-Утааны төвшин өдөр ирэх тусам нэмэгдэж байна. Нийслэлийн зүгээс утааны эсрэг ямар бодит ажлууд хийж байна вэ?
-Нийслэлийн хэмжээнд Засгийн газрын 62 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах хүрээнд агаарын бохирдлын эх үүсвэрийг багасгах, бууруулах чиглэлээр ажиллаж байна. Өнгөрөгч зургадугаар НИТХ-аар баталсан мастер төлөвлөгөөнийхөө хүрээнд ажиллаж байна. Айл өрхийг утаагүй түлшээр хангах ажлын бэлтгэл ажлыг хийж байгаа. Утаагүй түлшний үйлдвэрлэл, хадгалалт, хүргэлт, түгээлтийн сувгууд гэх мэтээр айл өрхүүд ирэх оны тавдугаар сар гэхэд утаагүй түлшийг хэрэглэх боломжийг бүх талаар бэлэн болгосон байна. Үүнээс өмнө нийслэлээс хэрэгжүүлэх ажлуудад хяналт тавих, аж ахуйн нэгж, иргэдийн шаардлага хангаагүй яндангуудыг цэгцлэх ажлыг хийж байна. Мөн технологийн дэвшилтэт аргуудад үндэслэн агаарын бохирдлыг бууруулах ажлуудыг явуулж байна.
-Утааны эсрэг ажлууд хэзээнээс үр дүнгээ өгч эхлэх вэ?
-Утааны эсрэг хийж байгаа ажлууд төдийлөн үр дүнтэй болохгүй байгааг бид бүгдээрээ мэдэж байгаа. Агаарын бохирдол зөвхөн нийслэл, Засгийн газраас тогтоол, шийдвэр гарснаар алга болчихгүй. Иргэн бүр, аж ахуйн нэгжүүдийн үүрэг хариуцлага, оролцоо чухал. Бүгд орчин тойрноо утаагүй байлгах чиглэлээр оролцоо, санаачлагатай байж утааны ард гарна. Түүнээс биш нэг нь ажил хийж, нөгөө нь тогтоол шийдвэр гаргаад, үлдсэн хэсэг нь бахь байдгаараа утаа униараа гаргаад байж болохгүй. Иргэн бүр орон байраа дулаалах, бусад халаалтын хэрэгслүүдийг хэрэглэх гээд олон шийдэл байна. Хүн бүр хичээвэл боломж бий. Улс, нийслэлээс шаардлагатай арга хэмжээнүүдийг авч, томоохон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байна. Гэхдээ үүний үр дүнг бүгдээрээ хамтарч гаргана.
-Нийслэлийн төсөвт агаарын бохирдлыг бууруулах чиглэлд хэчнээн төгрөг төсөвлөсөн бэ?
-Нийслэлийн төсвийг 990 тэрбум төгрөгийн орлоготой байхаар төлөвлөсөн. Үүний дийлэнх нь татварын орлого. Урсгал засварт 400 гаруй тэрбум, улсын төсөвт 200 гаруй тэрбум төгрөг төвлөрүүлэхээр байгаа. Гадаад, дотоодын зээл тусламжаар хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөрүүдээс гадна дэд бүтэц, агаарын бохирдлыг бууруулахтай холбоотой зарим дэд хөтөлбөрүүд буюу Улаанбаатар хотын захиргааг нүүлгэх замаар төвлөрлийг сааруулах зэрэг ажилд хөрөнгө оруулалт тавьсан. Ер нь утааны эсрэг Засгийн газар, яамд, нийслэл дээр хийгдэж байгаа ажлууд уялдаа холбоотой явж байгаа. Түлшний үйлдвэр дээр гэхэд олон арван тэрбум төгрөг тавиад байна.
-Утаагүй түлшийг иргэдэд түгээх ажил ямар зарчмаар явах вэ?
-Үйлдвэрийн гол ажлыг “Тавантолгой түлш” төрийн өмчит компани нугалж байгаа. Нийслэлийн зүгээс шаардлагатай газрыг нь шийдэж өгсөн. Мөн худалдаалах цэгүүдийг судалгааны үндсэн дээр зааж өгөх, хадгалах зарчмыг нь дүүрэг, хороо, хэсгийн ахлагч нарын оролцоотойгоор хэрэгжүүлж байна. Тухайн хорооны хаана утаагүй түлшээ худалдаалах вэ, тухайн айл өрх сайжруулсан түлшээ хэрэглэж байгаа эсэхийг хянах зэрэг дээр нийслэлээс нэгдсэн зохион байгуулалт хийж байна.
-Гэр хорооллыг орон сууцжуулах ажлын явц ямар байгаа вэ?
-Гэр хорооллын иргэдийг орон сууцанд оруулах ажлыг эрчимтэй хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа. Түрээсийн орон сууц, түрээслээд өмчилж авах, цаашлаад зах зээлийнхээ зарчмаар барилгын компаниуд газраа чөлөөлж, хөрөнгө оруулалтаа хийх талаар тохироод, төслөө хэрэгжүүлэх ажил байна.
Мөн агаарын бохирдлыг бууруулах зорилгоор хот тохижилт, ногоон байгууламжийн ажилд 20 гаруй тэрбум төгрөг төсөвлөсөн.
М.БҮҮВЭЙ
www.zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )