Мөнгөний бодлогыг хатууруулж буй шийдвэр эдийн засагт, зээлийн хүүнд хэрхэн нөлөөлөх вэ гэдэг дээр судлаач, шинжээчид өөр өөрсдийн байр сууриа илэрхийлж буй. Тэгвэл Төв банкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан мэдэгдэхдээ “Бодлогын хүүгийн болон макро зохистой бодлогын арга хэрэгслийг хослуулан эдийн засгийн сэргэлтийг дэмжсэн бодлого нь санхүүгийн салбарын системийн эрсдэлийг бууруулах, зээлийн хэмжээг зохистой түвшнээс хэтрүүлэлгүйгээр зээлийн хүүг бууруулах замаар хэрэгжиж байна. 2015 оны сүүлийн хагасаас эхлэн сар тутам дунджаар 4-5 хувиар агшиж байсан зээлийн үлдэгдлийн жилийн өсөлт 2017 оноос тогтвортой сэргэж аравдугаар сарын байдлаар 20 орчим хувьтай байна. Энэ нь эдийн засгийн өсөлтийг хангах санхүүгийн гол эх үүсвэр болж байна. Гаднаас орж ирсэн валютын урсгалыг гадаад валютын нөөцийн хуримтлал руу хөрвүүлж, банкуудын зээлийн эх үүсвэрийг гадаад валютаар бус төгрөгөөр бүрдүүлж, банкуудын эх үүсвэр Монголбанк, Засгийн газрын хараат байдлаас ангижирч, иргэд, ААН-ийн харилцах, хадгаламжаар бүрдэх болсон нь банкууд зээл гаргах таатай боломжийг олгож, зээлийн тасалдал арилж, санхүүгийн зуучлал хэвийн явагдах нөхцөл болсон” гэлээ. Мөн тэрбээр Бодлогын хүүг инфляцийн хэтийн төлөв, зорилттой нийцтэйгээр бууруулсан, банкны эх үүсвэрийг хэрэглээний зээлээс бизнесийн зээл рүү шилжүүлэх макро зохистой бодлогын арга хэмжээ авч эхэлсэн нь банкуудын зээлийн зах зээл дээрх өрсөлдөөнийг нэмэгдүүлж, зээлийн хүү буурахад нөлөөлж байна. 2017 оны 3 дугаар улирлаас эхлэн шинээр олгож буй зээлийн хүү үргэлжлэн буурч, 17.6 хувьд хүрсэн нь 2011 оноос хойш санхүүгийн зах зээл дээр ажиглагдаагүй эерэг үр дүн болоод байна. Энэ оны аравдугаар сард банкны салбараас ААН-д шинээр олгосон төгрөгийн зээлийн 74 хувь нь 12-17 хувийн хүүтэй, иргэдэд олгосон зээлийн 65 орчим хувь нь 12-18 хувийн хүүтэй байна. 2015 оноос хумигдаж байсан бизнесийн зээлийн өсөлт 2018 оны тавдугаар сараас эхлэн сэргэж, есдүгээр сарын байдлаар жилийн өмнөх түвшнээс 13.8 хувиар өсөөд байна” гэж мэдэгдсэн юм.
Сэтгэгдэл ( 0 )