У.Хүрэлсүх: Япон Улс нь Монголын худалдаа, хөрөнгө оруулалтын гол түнш орон

Н.Гантуяа | Zindaa.mn
2018 оны 12 сарын 13

Токиогоос мэдээлж байна

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Япон Улсын Ерөнхий сайд Абэ Шинзогийн урилгаар тус улсад хийж буй албан ёсны айлчлал үргэлжилж байна.

 

Тэрбээр өчигдөр /2018.12.12/ Токио хотын Касүмигасэки цогцолборт болсон Монгол-Японы төр, хувийн хэвшлийн 9 дэх удаагийн зөвлөлдөх уулзалтад оролцож, Японы Олон улсын хамтын ажиллагааны банкны /ЖБИК/ ерөнхийлөгч Т.Маэда болон Япон-Монголын найрамдлын нийгэмлэгүүдийн удирдлагуудтай уулзсан.

Хоёр орны худалдаа, хөрөнгө оруулалт, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд чухал хувь нэмэр оруулж ирсэн Төр, хувийн хэвшлийн зөвлөлдөх уулзалтаар энэ удаад хоёр орны худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны өнөөгийн байдал, цаашдын хандлага, авч хэрэгжүүлж буй бодлого зохицуулалтын талаар харилцан мэдээлэл солилцож, ажил хэрэгч хэлэлцүүлэг өрнүүлсэн юм.

Тэр дундаа, хөдөө аж ахуй болон хөнгөн үйлдвэрийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, худалдааг нэмэгдүүлэх, энэ чиглэлд хамтарсан төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх талаар түлхүү ярьж хэлэлцсэн нь уулзалтын онцлог байв. Уулзалтаар хэлэлцэж тохиролцсон асуудлуудыг хэрэгжүүлж, тодорхой үр дүнд хүрэх чиглэлээр хоёр талын төр, хувийн хэвшлийн байгууллагууд цаашид үргэлжлүүлэнг нягт хамтран ажиллах шаардлагатайг Ерөнхий сайд У.Хүрэлсүх энэ үеэр мэдэгдэж байв.

Тэрбээр зөвлөлдөх уулзалтыг хааж хэлсэн үгэндээ, уулзалтыг зохион байгуулахад хамтран ажилласан Японы Эдийн засаг, худалдаа, аж үйлдвэрийн яамны удирдлагууд болон Япон-Монголын Эдийн засгийн хорооны тэргүүн Ё.Кобаяши нарт талархал илэрхийлээд, “Монгол Улсын Засгийн газраас эдийн засгийг төрөлжүүлж, экспортын бараа бүтээгдэхүүний гадаад зах зээлийг тэлэх зорилгоор бүс нутгийн эдийн засгийн интеграцид идэвхтэй хамрагдахыг зорин ажиллаж  байна. Энэ хүрээнд бид экспортын бараа бүтээгдэхүүнээ зорилтот зах зээлд тарифын хөнгөлөлттэй нөхцлөөр гаргах, мөн тээвэр логистикийн хямд зардлаар хүргэх асуудлыг чухалчилж байгаа юм. Япон Улс нь манай улсын хувьд худалдаа, хөрөнгө оруулалтын гол түнш орон. 2016 онд байгуулсан Монгол-Японы Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр нь манай улсын хувьд анхны Чөлөөт худалдааны хэлэлцээр болсон. Энэхүү хэлэлцээрийг амжилттай хэрэгжүүлж, бодит үр өгөөжийг хүртэснээр хоёр орны хоорондын худалдаа, үйлчилгээний эргэлт дорвитой өсч, Монголд орох Японы хөрөнгө оруулалт, дэвшилтэт технологийн урсгал нэмэгдэнэ гэж үзэж байна” хэмээсэн юм.  

-ЭКСПОРТЫН ЗЭЭЛИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫГ НЭМЭГДҮҮЛЭХ ШААРДЛАГАТАЙ-

Японы Олон улсын хамтын ажиллагааны банкны /ЖБИК/ ерөнхийлөгч Т.Маэда өчигдөр Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд бараалхсан. Тэрбээр энэ үеэр Монгол Улс ОУВС-гийн хөтөлбөрийг маш амжилттай хэрэгжүүлж байгааг үнэлж буйгаа илэрхийлээд, Монголын эдийн засаг өсч, эрүүлжин, зээлжих зэрэглэл өсч байгаа нь хөрөнгө оруулалт хийх таатай үе хэмээж байв. 

Японы Олон улсын хамтын ажиллагааны банкийг товч танилцуулахад, хилийн чанад дахь хөрөнгө оруулалт, олон улсын худалдааг дэмжихэд шаардлагатай санхүүжилтийг олгох замаар гадаадын улс орнууд хорондын эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилготой, Засгийн газрын мэдэлд үйл ажиллагаа явуулдаг банк юм. Анх 1999 онд байгуулагдсан бөгөөд 2008 онд олон улсын эдийн засгийн хамтын ажиллагааны фүнкцийг нь Олон улсын хамтын ажиллагааны байгууллага /JICA/-д шилжүүлж, банкны төсөв, үйл ажиллагааг JBIC-ийн банкны тухай хуулиар зохицуулж иржээ. Токиод төвтэй бөгөөд нийт 21 салбараар дамжуулан дэлхийн 18 улсад үйл ажиллагаа явуулдаг байна.  

Манай улс JBIC банктай 2013 оны 6 дугаар сард 8 тэрбум иенийн үнийн дүн бүхий экспортын зээлийн шугам нээх тухай хэлэлцээрийг байгуулсан бөгөөд энэ хүрээнд 2015 онд “Сүмитомо” корпораци Монголын “Хишиг арвин” компанид Комацү маркийн уул уурхайн тоног төхөөрөмж нийлүүлэх төсөлд анхны санхүүжилтыг хийж байжээ. 2016 онд “Коника Минолта” маркийн хэвлэлийн машин, “Хаан” банкны автомат төлбөрийн машин тус тус нийлүүлэх төслүүдэд дараагийн санхүүжилтүүд хийгдсэн. Мөн 2013 оны 12 дугаар сард манай Засгийн газар тус банкны баталгаатай Самурай бондыг Японы зах зээл дээр амжилттай арилжаалсан, 2016 оны 5 дугаар сард Таван толгойн уурхайгаас Зүүн чиглэлд төмөр зам тавих тухай ТЭЗҮ хийж, Монголын талд гардуулан өгсөн зэрэг хамтын ажиллагааны түүх бий.

Гэвч экспортын зээлийн шугамын хэлэлцээрийг байгуулснаас хэрэгжилт дорвитой урагшлахгүй байгаагийн улмаас хэрэгжүүлж дуусгах хугацааг жил бүр сунгаж байгаа аж. Цаашид экспортын зээлийн шугамын 8 тэрбум иенийг амжилттай ашиглаж дуусгавал, төслийн дараачийн шатыг хэрэгжүүлэхэд зээлийн хэмжээг нэмэгдүүлэх асуудлыг судлах боломжтой гэдгийг Японы тал хэлж байгаа. Одоогоор уг зээл 20 гаруй хувийн ашиглалттай байгаа юм байна. 

Айлчлалын эхний өдрийн төгсгөлд Япон-Монголын найрамдлын нийгэмлэгүүдийн зүгээс Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд зориулсан хүндэтгэлийн хүлээн авалт зохион байгуулсан юм. Ерөнхий сайд энэ үеэр үг хэлэхдээ, Манай улсад ардчиллыг бататгах, зах зээлийн эдийн засгийн тогтолцоог төлөвшүүлэх, орчин үеийн хөгжлийн суурийг бүрдүүлэхэд Япон Улсын Засгийн газар, ард түмний сэтгэл шингэсэн тусламж дэмжлэг үнэтэй хувь нэмэр оруулж ирснийг онцлоод, ардчиллын нийтлэг үнэт зүйлс бүхий манай хоёр орны харилцан ашигтай, бие биеэ нөхсөн хамтын ажиллагаа Монгол, Японы язгуур эрх ашигт төдийгүй Зүүн хойд Ази, улмаар бүс нутгийн энх тайван, хөгжил цэцэглэлтийн тусын тулд улам бүр гүнзгийрэн хөгжихийг ерөөсөн юм.

Хоёр талын найрамдал, олон нийтийн байгууллагуудын санал санаачлагаар энэ онд “Хуралдай” арга хэмжээг Улаанбаатар хотноо өргөн хүрээнд зохион байгуулсан. Ирэх онд тохиох Монгол, Японы хооронд “Соёлын харилцаа тогтоох тухай тохиролцоо” байгуулсны 45 жилийн ойн хүрээнд Монгол, Японы Соёлын форумыг Токио хотноо зохион байгуулах зэргээр манай хоёр улс, ард түмэн хоорондын найрамдалт харилцааны цар хүрээг өргөжүүлж, харилцан ойлголцлыг улам бүр гүнзгийрүүлсэн соёл, урлаг, олон нийтийн олон сайхан арга хэмжээ зохион байгуулагдана гэдэгт итгэлтэй байгааг Ерөнхий сайд онцлон тэмдэглэж байлаа.

Япон Улсын Гадаад хэргийн дэд сайд К.Ямада энэ үеэр үг хэлэхдээ, Япон Улсад анхны албан ёсны айлчлалаа хийж буй Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд талархал илэрхийлээд, 2017 онд байгуулсан хоёр орны Стратегийн түншлэлийн дунд хугацааны хөтөлбөрийг амжилттай хөгжүүлэхийн төлөө хоёр талаас идэвхтэй ажиллаж байгааг онцолсон юм. Цаашид улам өргөжүүлэн хөгжүүлэхэд хоёр орны Ерөнхий сайд нарын уулзалт чухалт ач холбогдолтойг тэрбээр мөн тодотгов. Монгол Улс ОУВС-гийн хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж, макро эдийн засгийн үзүүлэлтүүд өсч байгааг ноён К.Ямада хэлээд, ОУВС-гийн багцад туссан Япон Улсын Засгийн газрын 32 тэрбум иенийн санхүүжилтийг үр ашигтай зарцуулж байгаад баяртай байгаагаа илэрхийлсэн. Цаашид хоёр орны эдийн засаг, худалдааны харилцаа улам өргөжиж, Япон улсын хөрөнгө оруулалт нэмэгдэнэ гэдэгт итгэлтэй буйгаа тэрбээр мөн хэлж байлаа.   

Гэрэл зургийг Г.Ган-Өлзий

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн(202.72.245.206) 2018 оны 12 сарын 13

МОНГОЛ ХҮН МОНГОЛООРОО ЯРИНА ШҮҮ ДЭЭ, ХИЙСЭН БОЛОН ХИЙЖ БАЙГАА АЖЛЫГ НЬ ДЭМЖИЖ ТУСЛАХ НЬ ЧУХАЛ ШҮҮ ДЭЭ,

0  |  0
Зочин(202.9.42.207) 2018 оны 12 сарын 13

Мань хүн ямар хэлээр ярьсан бол?

0  |  0
Top