“Монголбанк инфляцийн тогтвортой байдлаар дамжуулж эдийн засгийн тогтвортой байдлыг хангах тухай ярих ёстой. Валютын ханшийг тогтвортой барих нь манай үндсэн зорилго биш” гэж Төв банкны Мөнгөний бодлогын газрын захирал Б.Баярдаваа хэлж байсан. Тэгвэл Үндэсний статистикийн хорооноос инфляцийн арваннэгдүгээр сарын мэдээллийг өглөө.
Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ арваннэгдүгээр сард улсын хэмжээнд өмнөх сараас 1.8 хувь, өмнөх оны эцсээс 7.5 хувь, өмнөх оны мөн үеэс 8.1 хувиар өсчээ. Өмнөх оны мөн үеэс 8.1 хувиар өсөхөд хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ 7.6 хувь, согтууруулах ундаа, тамхины бүлгийн үнэ 8.1 хувь, тээврийн бүлгийн үнэ 11 хувь, орон сууц, ус, цахилгаан, хийн болон бусад түлшний бүлгийн үнэ 16 хувь, эм тариа, эмнэлгийн үйлчилгээний бүлгийн үнэ 12.7 хувиар өссөн нь голлон нөлөөлжээ.
Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан мэдэгдэл гаргахдаа “Инфляцийн зорилтыг алдагдуулалгүйгээр Мөнгөний бодлогын хүүг 2016 оны наймдугаар сараас хойш 5 нэгж хувиар аажмаар бууруулан 10 хувьд хүргэсэн нь сүүлийн 8 жилийн хамгийн доод түвшин байлаа” гэж мэдэгдсэн. Тэрбээр “Мөнгөний бодлогыг хэрэгжүүлэхдээ эрэлтийн шалтгаантай инфляцийн дарамтыг нэмэгдүүлэлгүйгээр эдийн засгийн өсөлтийг дэмжих зарчмыг баримтлалаа. Инфляцийн түвшин энэ оны аравдугаар сарын байдлаар улсын хэмжээнд 6.3 хувь, Улаанбаатар хотын хэмжээнд 6.8 хувь байгаа бөгөөд цаашид цаг агаар, бензиний үнэ зэрэг нийлүүлэлтийн шинжтэй хүчин зүйлс болон улирлын онцлогтой холбоотойгоор түр хугацаанд зорилтоос давж хэлбэлзэх боловч 8 хувийн орчимд тогтвортой хадгалагдаж, Төв банкны үндсэн зорилт үргэлжлэн хангагдахаар хүлээгдэж байна” гэсэн юм.
Тэгвэл арваннэгдүгээр сарын үзүүлэлтийг харахад 8 хувиас давж гарсан тоо байна.
Сэтгэгдэл ( 1 )
Банкуудын зээлийн хүүг бууруулахад онцгой анхаараасай. Ялангуяа Ахмадын тэтгэврийн зээлийг нэг жилээс дээш хугацаагаар олгохгүй болж, хүүг нь 12 хувьд оруулах бодлогыг барих нь чухал байна. Хамгийн ядуу иргэд нь бага тэтгэвэртэй, 3 хүртэл жилийн хугацаагаар 18 хувийн хүүтэй тэтгэврийн зээлтэй ахмадууд болж, улам ядуурсаар байна. Энэ оноос тэтгэврийн зээлийг бүр 3 жилээр олгох болж, арилжааны банкуудын ашиг эрс нэмэгдэж, ахмадуудын ядуурал эрс нэмэгдэж байгааг таслан зогсооёоо.