Сэтгэцийн эмнэлгийн үйлчлүүлэгчид ӨВЧНИЙ ТҮҮХЭЭ ил болгох “СЭТ-ХИЛ” үзэсгэлэн нээгдэнэ

Автор | Zindaa.mn
2018 оны 12 сарын 14

Сэтгэцийн эмгэг гэж юу вэ? Таны эргэн тойронд сэтгэцийн эмгэгтэй хүн байдаг уу? Танд сэтгэцийн эмгэгтэй хүмүүсийг ямар нэгэн байдлаар гадуурхаж байсан тохиолдол бий юу? Тэгвэл энэ хүмүүс ч гэсэн бусадтай адил сэтгэлтэй, мөрөөдөлтэй, төсөөлөн бодох чадвартай, авьяастай гэдгийг та мэдэх үү?

Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв /СЭМҮТ/-ийн Сэтгэц нийгмийн сэргээн засах эмчилгээний тасаг нь сэтгэцийн эмгэгийн улмаас хувь хүний чадамжууд болон нийгмийн дунд биеэ авч явах байдал нь алдагдсан сэтгэцийн эмгэгтэй үйлчлүүлэгчдийн чадамжийг сэргээх, шинээр дадал бий болгох, хамт олны дунд нийгэмшүүлэх, дадал эзэмшүүлэх, өвчний намжилтын үеийг уртасгах, хэвтэлтийн тоог багасгах, төлөвшүүлэх эмчилгээг үзүүлэх зорилгоор Зураг, чимэглэх урлал эмчилгээ, талх, нарийн боов эмчилгээ, оёдол эмчилгээ, хөгжим сэтгэц эмчилгээ, ном сэтгэц эмчилгээ, шүр урлал эмчилгээ, үсчин гоо зүй эмчилгээ зэргийг явуулдаг байна.

 Тус тасгийн хамт олон үйлчлүүлэгчдийнхээ бүтээлээр 2017 онд “Эдгэрэл-Итгэл найдвар” нэртэй бүтээлийн үзэсгэлэн гаргасан юм. “Эдгэрэл-Итгэл найдвар” үзэсгэлэнд дэлгэгдсэн “Эхийн сэтгэл”, “Багны цаана баг”, “Би хаачих вэ?” зэрэг бүтээлүүд сэтгэцийн эмгэгтэй хүмүүст тулгардаг асуудал, нийгмээс ирдэг ялгаварлан гадуурхалтаас өөрт бий болсон эмзэглэл зэргийг тусгасан байжээ. Энэ бол тэдгээр хүмүүсийн нийгэмд өөрсдийн дуу хоолойгоо хүргэх эхний алхам нь байсан юм.

Харин энэ жил СЭМҮТ-ийн Сэтгэц, нийгмийн сэргээн засах эмчилгээний тасаг, "Энэрэл" мэргэжил, сургалт, үйлдвэрлэлийн төв, "Ногоон цас" ТББ, "Миний урлан" клуб нар хамтран “СЭТ-ХИЛ” нэртэй уран зураг, фото хөрөг зургийн үзэсгэлэнг арванхоёрдугаар сарын 20-26-ны хооронд Улаанбаатар хотын музей, МУБИС болон "Мөнгөн завьяа" дэлгүүрийн өмнөх нүхэн гарцны зай талбайг ашиглан гаргах гэж байна. “СЭТ-ХИЛ” үзэсгэлэнд нийт 10 үйлчлүүлэгчийн 30-аад бүтээл багтсан.

Үзэсгэлэнд Сэтгэц, нийгмийн сэргээн засах эмчилгээний тасгаар үйлчлүүлэгчид болон тус төвд хэвтэн эмчлүүлж байгаа өвчтөнүүдийн гар зургийг толилуулна. Мөн нийгмээс үзүүлдэг ялгаварлан гадуурхалт, нийгмийн дундах буруу ойлголтыг үгүй болгох зорилгоор үзэсгэлэнд бүтээлээ дэлгэж байгаа өвчтөнүүд өөрсдийн өвчний түүхийг ил болгох юм. Нийгэм нь өөрөө тусгаарлачихсан тэдгээр хүмүүсийн сэтгэлийн тусгал, амьдралыг ямар өнгө будгаар хардгийг зурсан зургаас нь тольдож, хандлагаа өөрчлөхийг уриалж байна.

Үзэсгэлэнгийн нээлт 2018 оны арванхоёрдугаар сарын 20-нд 13:00 цагаас Улаанбаатар хотын музейд болно.

Холбоо барих утас: 88074737, 88011855, 86004803

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(64.119.17.187) 2018 оны 12 сарын 14

SUJGEER EDGEHGUI OOR YAH YUMBE

0  |  0
Түвшинжаргал(202.179.26.58) 2018 оны 12 сарын 14

Нүхэн гарц нь бүүр их муухай бохир газар шүү дээ. Сэтгэцийн өвчтэй хүмүүсийнх болохоор тэнд тавьж байгаа юм уу?

0  |  0
Top