Засгийн анхааралд өртсөн “Цагаан эрэг”-ээс өөр Гянтболдын ямар ордууд бий вэ?

2019 оны 01 сарын 07

Засгийн газраас Ховд аймгийн нутаг дахь “Цагаан эрэг” ордтой холбоотой чиглэлийг гаргалаа. “Цагаан эрэг” бол манай улсын нутаг дэвсгэрт бүртгэгдсэн гянтболдын цөөн хэдэн орд газруудын нэг юм. Сүүлийн жилүүдэд “Цагаан эрэг” ордын орчимд нөхөн сэргээлт хийх нэрийдлээр  хууль бусаар гянтболд олборлож, байгаль орчныг сүйтгэж байна гэх мэдээлэл орон нутгаас олонтаа ирж байсан. Мөн Хятадын компани тус ордод эзэн суулаа ч гэгдэж байсан. Тэгвэл Засгийн газрын зүгээс “Цагаан эрэг” ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах төрийн хувилбарыг гаргахаар болсон байна.


Гянтболд буюу вольфрам нь стратегийн чухал ач холбогдол бүхий түүхий эд болон эрсдэлтэй металлын тоонд орох болсон.


Дашрамд, манай улсын гянтболдын гол илэрц ба ордуудын талаарх мэдээллийг хүргэе. Манай улсад  гянтболдын: Чоногол, Их хайрхан, Салаа,Чулуун хороот, Цагаан даваа, Бүрэнцогт, Өндөр цагаан, Онгон хайрхан, Югүзэр, Өвөр баян, Ар баян, Нарангийн гол, Нуурын гол, Сагсай, Салаа, Түмэнцогт, Цагаан нуур, Хар чулуут, Шар хад, Халгай, Улаан-үд зэрэг 20-оод орд илрэлүүд нээгдэж тогтоогдсон байдаг. 


Энэ металлыг бүр эрт XIII зууны үед манай өвөг дээдэс хэрэглэж байсныг судалгаанд онцолсон байдаг. Монголчууд одоогийн Налайх дүүргийн орчимд тухайн үедээ Баян модны уурхай гэх газар гянтболдыг гарган авч, өөр бусад гантай хольж хат сайтай, бат бөх гянтболдоор илд хийдэг байж.


1960 оны эхэн үе бол Монгол Улсад геологийн судалгаа шинжилгээний ажил эрчимтэй хөгжөөгүй, улс орны газрын баялаг болох ашигт малтмалын орд илрэлүүд бараг хөндөгдөөгүй шахам байсан ч,  1950-1960 онуудад Чулуун Хороот, Чоногол, Түмэнцогт, Модот, Их Хайрхан Бүрэнцогтын гянтболдын уурхайг ажиллуулж, сорьцчилсон олборлолтууд хийж байжээ.


1962 онд Их Хайрханы хайгуулын ангийн Улаануудын районд уртаараа 170 метр  гянтболдын эрдэсжилт бүхий судлыг олж, мөн 40 метрийн 3 блок тогтоон ашиглаж, 1965 онд дууссан болно. Онгон хайрханд гянтболдын судал хэлбэрт илрэлийн зэрэгцээ хүдрийн биет илэрч том орд болох төлөв тогтоогдсон байдаг.


Гянтболдын зарим ордуудын мэдээллийг хүргэе.


Улаан-Уулын цагаан тугалга, гянтболдын орд

 

Улаан-Уулын гянтболдын орд Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын нутагт байрладаг. 1980 онд Улаан-Уулын гянтболдын ордын хайгуулын ажлыг улсын төсвийн хөрөнгөөр хийжээ. Ордын нөөцийг үйлдвэрлэлийн зэргээр 16 дугаар судалд С1 зэргээр 8,2 мян.тн, С2 зэргээр 18,36 мян.тн, 32 дугаар судалд С1 зэргээр 5,75 мян.тн, 9 дүгээр судалд С2 зэргээр17,51 мян.тн, 8 дугаар судалд С2 зэргээр 10,32 мян.тн, 7 дугаар судалд С2-4,52 мян.тн нийтдээ 63 000 тн гэж тогтоосон байна. Өмнө нь нөөц тогтоогдон хайгуул, ашиглалт эрхэлж байсан энэ ордод “Кайнар Вольфрам” компани ашиглалт явуулдаг гэсэн мэдээлэл бий.


Баяндавааны цагаан тугалга, гянтболдын бүлэг орд

 

Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт Жанчивлангийн рашаанаас баруун урагшаа  байрладаг. Цагаан тугалга, гянтболдын шороон ордын хайгуулыг улсын төсвийн хөрөнгөөр хийжээ. Тодруулбал, Эрдэнэ сумын Баяндаваагаар давсан засмал замын дэргэд байрладаг ба Баяндаваа, Баян, Өндөр, Хөхт гэсэн дөрвөн жалганд байгаа 500 тонны нөөцтэй жижиг орд юм.


Цагаандавааны цагаан тугалга, гянтболдын орд

 

Цагаан давааны цагаан тугалга, гянтболдын орд Улаанбаатар хотоос 76 километрт, Төв аймгийн Баянчандмань сумын нутаг дэвсгэрт байрладаг. Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн энэ ордыг  тодорхой хэмжээнд ашиглаж ирсэн.  Гянтболдын баяжмал үйлдвэрлэх бага оврын хүдэр боловсруулах үйлдвэр, тоосгоны үйлдвэр зэрэг барилга байгууламжаас бүрдсэн жижгэвтэр уул уурхайн цогцолборыг 1989 онд анх Унгарын Засгийн газраас олгосон техникийн туслалцааны үндсэн дээр байгуулжээ.

 

Цагаандавааны гянтболдын гүний уурхайг “Mon Wolfram” компани ажиллуулж байсан. Гянтболдын уурхай бүрэн хүчин чадлаараа жилд 500тонн баяжмал гаргах ёстой. Гэвч техник, эдийн засгийн байдлаас болж жилдээ 68 хувийн WO3-ын агуулгатай 30-50 тонн баяжмал олборлож, түүнийгээ АНУ, БНХАУ руу гаргадаг аж.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Бө(66.181.161.59) 2019 оны 01 сарын 07

Лугийн голын орд байна газрын ховор элментын орд

0  |  0
Top