УТААТАЙ МЭДЭЭ: Улстөрчид хэрэлдэх зуур нялхсын амь тасарч байна

Б.Гантуяа | Zindaa.mn
2019 оны 01 сарын 15

Улаанбаатар хотын агаарын бохирдол иргэдийн эрүүл мэндийн тулгамдсан асуудал болж, хүүхэд болон жирэмсэн эмэгтэй бүрийг эрсдэлд оруулах хэмжээнд хүрээд байна. Албан ёсны судалгаагаар 2018 оны эхний арван сард 120 хүүхэд хатгалгаа өвчний улмаас нас барсан бол 1200-1300 орчим том хүн агаарын бохирдлын шалтгаантайгаар өвдөж, нас барсан гэсэн гашуун мэдээлэл байна.

 

Утааны хор уршиг нь бидний чихэнд хэдийнэ дасал болоод байгаа амьгүй төрөлт, дутуу төрөлт, жин багатай төрөлт, хатгалгаа, бронхит, гуурсан хоолойн багтраа өвчин зэргээр хязгаарлагдахаа больж, бага насны хүүхдийн нас баралтын шалтгаан болж байгааг албаныхан ил болгож эхэллээ.

 

Агаарын бохирдлоос үүдэж нас барсан гэх хамгийн сүүлийн тохиолдлыг энд дурдъя. Өнгөрсөн долоо хоногийн пүрэв гарагт буюу нэгдүгээр сарын 10-ны өдөр нийслэлийн Чингэлтэй дүүрэгт дөрвөн настай охин ханиад нь хүндэрсний улмаас нас барсан, харамсалтай явдал болжээ. Тус дүүргийн 12 дугаар хороонд түр оршин суугч, залуу гэр бүлийн дөрвөн настай Ч гэх охин өндөр хэмээр халуурч, хорооны өрхийн эмнэлэгт хүнд байдалтай ирсэн ч эмчилгээ үр дүнд хүрэлгүй, амьсгал хураажээ.

 

Хэргийн мөрөөр манай сурвалжлах баг Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны “Шэжиддүг” өрхийн эрүүл мэндийн төвийг зорин очлоо. Биднийг очих үед эмнэлгийн ачаалал маш их байсан ба өвчтөнүүдийн 90 гаруй хувь нь бага насны болон нярай хүүхдүүд байв. Ачаалал их байгаатай холбоотойгоор тус эмнэлэг өндөржүүлсэн бэлэн байдалд шилжиж, уртасгасан цагаар ажиллаж байгаа аж.

 

Тухайн өдөр болсон хэрэг явдлын талаар “Шэжиддүг” өрхийн эрүүл мэндийн төвийн дарга, их эмч Ц.Цэрэндолгороос тодрууллаа.

 

Тэрбээр “Өнгөрсөн пүрэв гарагийн өглөө 10:00 цагийн үед манай хорооны оршин суугч дөрвөн настай хүүхдээ дагуулж ирсэн. Хүлээж авсан эмч хүүхдийг үзэхэд биеийн байдал тааруу, захын хөхрөлттэй байсан. Манайхаас анхны түргэн тусламж үзүүлж, хүчилтөрөгчийн аппарат залган, зүрхний массаж хийсэн. Улмаар Яаралтай түргэн тусламжид шилжүүлсэн. Өмнө нь хүүхэд манай эмчид үзүүлж байсан. Тухайн үед эмч яаралтайгаар эмнэлэгт хэвтэх бичиг хийж өгөөд, эмнэлэгт хэвтүүлсэн юм билээ. Хүүхдийн эцэг, эхийн хэлснээр бол эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад эмнэлгийн ачааллаас болоод 4, 5 хоноод гэртээ гарч, гэрээр эмчилгээ хийж байж. Харин хүүхэд нас барахынхаа өмнөх орой өндөр халуурч байсан учраас ээж нь парацетамол өгсөн боловч хүүхэд шөнөжингөө уйлсан гэсэн мэдээллийг ээж нь манай эмчид тэмдэглүүлсэн байсан. Ерөнхийдөө манай эмнэлэг ачаалал ихтэй, ихэвчлэн бага насны хүүхдүүд хатгалгаа, ханиад гэсэн оноштой ирж байна. Ханиадны шинж тэмдэг илэрмэгц маш хурдан хүндэрч байгаа тал ажиглагдаж байгаа” гэлээ.

 

Шүүх эмнэлгээс талийгаач охиныг уушигны хатгалгаа, гуурсан хоолой агшсанаас үүдэн агааргүйдэж, нас барсан гэх урьдчилсан дүгнэлт гаргаад байгаа аж.


 

Дээрх болсон явдлаас харахад, нийслэл хотын агаарын бохирдол түүний хохирогчдын дийлэнх нь бага насны хүүхдүүд болж байгаа нь зүрх зүсэм үнэн болж таарлаа.

Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв болон НҮБ-ын Хүүхдийн сангаас явуулсан судалгаагаар, хэрэв агаарын бохирдлыг бууруулах арга хэмжээг нэн даруй авахгүй бол 2025 он гэхэд агаарын бохирдлоос үүдсэн хүн амын дундах нас баралт 33 хувиар нэмэгдэж, жил бүр 240 гаруй хүн нас барах эрсдэлтэй гэдэг тооцоолол гарчээ.

 

Ийнхүү бодит тоо баримт хөвөрч, бид бяцхан үрсээ шил дараалан алдаж байгаад шийдвэр гаргагчид “буруутай”. Тэд хүн ам, иргэдийнхээ өмнө хариуцлага хүлээсэн, гаргасан шийдвэрийнхээ нөлөөллөөр бидний эрхийг хамгаалах үүрэгтэй албан тушаалтнууд. Гэвч “буруутнууд” улс төрийн жагсаал цуглаан хийж, талцан хэрэлдсээр... Энэ хооронд утаа үр хүүхдүүдийн маань хоолойг боомилж, аажмаар үхэлд хөтөлж байгаа нь айдас төрүүлж байна.

Сэтгэгдэл ( 9 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
эрка(202.179.27.32) 2019 оны 01 сарын 17

Бодлого тодорхойлж чадахгүй сайд одоо ард түмнээс уучлалт хүсээд ажилаа өг өөрт чинь хэрэгтэй.Сайн яридаг гээд сэтгүүлч мэргэжилтэй хүмүүст эрх мэдэл хэзээ болтол өгөх юм бэ?Монголын ард түмээн.Хагартлаа баяжаад биднийг хаяад явсан Ерөнхийлөгч хүртэл байна

1  |  0
Mongol ulsin irgen(202.126.89.1) 2019 оны 01 сарын 17

Mongoliin buh Odoo baigaa uls turchid mun suuliin 10 jil bsan uls turchid bugd ALIURCHID!!! Ta nar hiisen nuuglinhee shuultiig amsaj naasan turshDAA TAMD UNAH BOLONDOO.

2  |  0
Амь нас (112.72.11.114) 2019 оны 01 сарын 16

Эргүү ээтэн эрүүл мэндийн салтаа авгай нар ажлаа өгөө. Монголд хүнээс үнэтэй зүйл үгүй шүү энд тэнд хүмүүс амь нас эрүүл мэндээрээ хохирож байхад. машин тэрэг багаж бэлэглээд хурал хийгээд ор дэлгэж байна гэж хуцалдаад явах уим даа

1  |  1
Амь нас (112.72.11.114) 2019 оны 01 сарын 15

Эргүү ээтэн эрүүл мэндийн салтаа авгай нар ажлаа өгөө. Монголд хүнээс үнэтэй зүйл үгүй шүү энд тэнд хүмүүс амь нас эрүүл мэндээрээ хохирож байхад. машин тэрэг багаж бэлэглээд хурал хийгээд ор дэлгэж байна гэж хуцалдаад явах уим даа

0  |  0
Ганбаатар(202.126.89.158) 2019 оны 01 сарын 15

Эрүүл мэндийн салбар болон засгийн газраас ургийн эндэгдлийн мэдээлэлүүдийг нууцлаад байгаа шүү дээ.

0  |  0
Zochin(202.9.43.149) 2019 оны 01 сарын 17

Gamshig gej eniig l helehgvi yum bol oor yug heleh gej yaatsan tor zasag ve! Yaj amid yavah yum be? Odo ingeed havar bolloo ch ireh jil ternii daraa jil geel ene utaa bsaar bh bolno. Bid bvgd vheed duusah yum bn. Hodoo oron nutagruu shiljie geheer aimgiin towvvd ni bas l utaatai! Surguul soylin hvvhdee yah yum be bid chini

1  |  1
Зочин(202.179.8.4) 2019 оны 01 сарын 15

Эрүүл мэндийн салбарын удирдлагууд ажлаа хийгээчээ, Сарангэрэл сайдаа хүүхдийн амь юугаар сольшгүй эрдэнэ шүү. Үнэхээр харамсалтай байна. Эвий дээ, бурханы оронд сайн төрлөө олох болтугай.

0  |  0
Уншигч(202.179.8.4) 2019 оны 01 сарын 15

Ямар харамсалтай юм бэ? хайрхан сайхан охин үр , даанч яав даа? Төр засаг анхааралдаа аваачээ,

0  |  0
ө(112.72.2.206) 2019 оны 01 сарын 15

хүүхдийн амийг төл

0  |  0
Top