Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Эрүүл мэндийн яам, Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн Эм зүйн сургуулийн эрдэмтэн багш, судлаачид хамтран 2017-2018 оны хугацаанд Монгол Улсын эмийн зах зээл дэх стандартын бус, хуурамч, бүртгэлгүй эмийн тархалтыг тогтоох судалгааг хийсэн юм. Тус судалгааг баруун, зүүн, төвийн болон хангайн бүс зэргээр бүсчилж, бүс тус бүрээс нэг аймгийг онцлон үйл ажиллагаа явуулж байгаа эм хангамжийн байгууллагуудыг санамсаргүй түүвэрлэлтийн аргаар сонгон нийт 118 газрыг хамруулан судалжээ. Судалгааны явцад 15 нэр төрлийн эмийн 1770 дээжийг түүвэрлэн авч МХЕГ-ын болон АШУҮИС-ийн лабораторийн шинжилгээнд хамруулахад хуурамч, дуураймал эм илэрчээ. Тодруулбал, Монгол улсын эмийн бүртгэлд бүртгэгдсэн Франц улсын PfizerPGM үйлдвэрийн Виагра 100мг эмийг дуурайлган хийсэн Силденафил цитрат 100 мг /хайрцаг дээрээ Виагра Pfizer гэсэн бичээстэй/ нэртэй хуурамч эм илэрсэн байна.
Силденафил цитрат 100мг шахмал эмийн хайрцаг дээрх цувралууд: R314633201, 1283010,20210407, 2616403, 32022.
Тус Силденафил цитрат 100мг шахмал эм нь:
Үйлчлэгч бодисын агууламж лабораторийн шинжилгээгээр 95-105% байх ёстойгоос 45.3-65.45% байсан,
Үйлдвэрлэсэн улс, үйлдвэрлэгч тодорхойгүй,
Шахмалын өнгө жигд бус, цайвар, гүн хөх өнгөтэй,
Хоёрдогч савлалт дээрх шошгонд ханз бичиг холилдож бичигдсэн,
Хоёрдогч савлалтын цувралын дугаар анхдагч савлалт дээрх цувралаас зөрүүтэй,
Хоёрдогч савлалтын хайрцагны өнгө зөрүүтэй,
Анхдагч савлалтын блистерийн өнгө, бичиглэл нь зөрүүтэй байсан байна. Иймд Эм хангамжийн байгууллагууд болон ард иргэдийг хувь хүний гар дээрээс эм, эмнэлгийн хэрэгсэл худалдан авахгүй байхыг анхааруулж байна.
Эх сурвалж: Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
Сэтгэгдэл ( 1 )
Hujaagaas prj irj baihgui