ЗХЖШ-ын Сургалтын хэлтсийн Биеийн тамир, спортын тасгийн дарга, Монгол Улсын гавьяат дасгалжуулагч, хурандаа Д.Цог-Эрдэнэ "АрМИ" буюу олон улсын цэргийн наадмын төлөвлөлтийн хуралд оролцоод ирэв. Энэ тухай тодрууллаа.
Хурлын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө үү?
-"Армейские международные игры-2019" буюу "Олон улсын цэргийн наадам-2019"-ийн төлөвлөлтийн хуралд ЗХЖШ-ын орлогч дарга, хошууч генерал Ж.Бадамбазараар ахлуулсан бүрэлдэхүүн оролцоод ирлээ. Тухайн хурлаар уралдаан тэмцээний онцлог, явагдах хугацаа, оролцох орнуудын тоо зэрэг ерөнхий зохион байгуулалтын асуудлаар ярилцсан. Харин манай талаас цэргийн наадмын хүрээнд Монгол Улсын газар нутагт явагдах "Аравт" морин цэргийн маршийг явуулах ерөнхий төлөвлөгөө, танилцуулгыг хуралд оролцож буй орнуудын төлөөлөгчдөд танилцуулах гол зорилготой байлаа. Өөрөөр хэлбэл уг тэмцээн хаана, ямар нөхцөлд, ямар зохион байгуулалтаар явагдах тухай ойлголтыг өгсөн хэрэг. Ер нь хуралд оролцсон бусад орны төлөөлөгчид манай тэмцээний тухайд ихэд сонирхсон. Цэргийн наадмын хувьд хүмүүсийг төрөл мэргэжлээр нь техниктэй, техникгүйгээр өрсөлдүүлж чадаж байна. Гэтэл морин марш гээд нэгэн төрөл нэмэгдээд ирэхээр бусад орны хүмүүст шинэлэг, сонирхолтой сэдэв байсан нь ойлгомжтой.
Танилцуулгын үед та бүхнээс ямар төрлийн асуултуудыг түлхүү асууж байсан бэ?
-Мориороо дэлхийн талыг эзэлж улс, гүрнийг төвшитгөж байсан түүхтэй орон уг тэмцээнийг хэрхэн зохион байгуулах бол, ямар хэмжээгээр дэлхийд сурталчилж, улс орнуудыг хэрхэн оролцуулах бол гэж ихэд анхааралтай харж байгаа нь мэдрэгдсэн. Тэд морийг хаанаас хангах тухайд асууж байсан. Тэмцээн холын зайн морин маршийн уралдаан, богино зайн холимог буухиа гэсэн хоёр төрлөөр зохиогдоно. Оролцогч орны цэргийн алба хаагчид ихэнх хугацааг морьтойгоо өнгөрүүлнэ гэсэн үг. Тиймээс тэмцээний зааварт морьдыг Монгол Улсаас хангахаар төлөвлөсөн. Нөгөө талаас тэмцээнийг эрх тэгш, маргаангүй явуулах үүднээс ийнхүү зааж өгсөн. Газар орны онцлог, морины сургагдсан байдал зэрэг янз бүрийн хүчин зүйлээс шалтгаалж тэмцээний дүнд өөрчлөлт гарч болох учир нэг гараанаас, нэг ижил нөхцөлтэйгээр маргаангүй байлгах үүднээс ийнхүү шийдвэрлэсэн. Морьдыг сугалаагаар сонгох бөгөөд тэмцээн эхлэхээс 10-14 хоногийн өмнө тухайн орны тамирчид ирж морьдтойгоо дасах, танилцах, арчлах, тордох зэрэг бэлтгэл ажилдаа орох ёстой. Заавар дээрээ ч ингэж тусгасан. Мөн нэрний тухайд их сонирхож байсан. Яагаад энэ нэрийг өгсөн, ямар утга, агуулгатай вэ гээд янз бүрийн байдлаар асуусан. Аравт гэдэг нэрийг Чингис хааны цэргийн зохион багуулалтын анхан шатны нэгж гэдэг утгаар нь бид өгсөн. Чингис хаан ч гэсэн үндсэндээ есөн өрлөгтэйгөө нийлээд аравтын зохион байгуулалт шүү дээ. Нөгөө талаас орчин цагийн байлдааны ажиллагаа жижиг бүлгийн зохион байгуулалтаар явагддаг болсныг бид өдөр тутамд харж байна.
Урьдчилсан байдлаар ОХУ, БНХАУ оролцоно. Казахстан улсын төлөөлөгч ч гэсэн оролцоно гэдгээ хурлын үеэр хэлсэн. Бусад орны хувьд цэргийн дээд удирдлага, командлалдаа мэдэгдэх, оролцох нөхцөл боломжоо судлах гээд цаг хугацааны асуудал байна. Ерөнхийдөө ирэх 2, 5 дугаар сард болох дараагийн шатны төлөвлөлтийн хурлаар энэ асуудал жигдэрнэ.
Тэмцээний ерөнхий зохион байгуулагчаар ЗХЖШ-ын орлогч дарга, хошууч генерал Ж.Бадамбазар ажиллана. Хангалт үйлчилгээ, холбоо зохион байгуулалт, урлаг, уран сайхан, сурталчилгааны ажил зэрэг зохион байгуулалттай холбоотой асуудлуудыг ЗХЖШ-аас хариуцна. Тэмцээний гараа, бариа Зэвсэгт хүчний Сургалтын нэгдсэн төвд явагдахаас гадна оролцогч орны тамирчид, шүүгчид, дасгалжуулагчид тэнд байрлана. Бидний хувьд шинэ хэдий ч энэ хэмжээний тэмцээнийг явуулах туршлага, материаллаг бааз манай Зэвсэгт хүчинд бий. Тухайлбал, "Хааны эрэлд" энхийг дэмжих ажиллагааны олон улсын сургуулиас эхлээд хамтарсан бүх төрлийн хээрийн сургуулийг явуулж ирсэн туршлага бидэнд байна.
Орчин цагт бусад орны Зэвсэгт хүчинд морин цэргийн нэгжээ хадгалж үлдсэн туршлагатай нь хэр олон байдаг вэ?
-Оролцогч орнуудын хувьд тэмцээний онцлог, зорилгыг биелүүлэхэд тохирсон ямар нэгэн нэгж байгаа гэдэг нь ойлгомжтой. Гэхдээ ямар зохион байгуулалт, нэгжтэйгээр үйл ажиллагаа явуулдаг тухайд нарийн мэдээлэл алга. Миний мэдэж байгаагаар Англи, Энэтхэг улсууд морин поло хэмээх спортын төрлийг армийнхаа дэргэд хөгжүүлэн авч явдаг. Мөн зарим орон Зэвсэгт хүчнийхээ дэргэд морин аж ахуйн хэлбэртэй нэгжүүдийг байлгадаг. "Аравт" морин маршийн тэмцээний маршрутын үед гадаадын тамирчид дэлхийд "Перживальскийн адуу" гэж танигдсан тахийн өлгий нутгаар явахаас гадна говь, хээр, тал, уулын нөхцөлтэй газар орныг ч үзэж сонирхох боломжтой.
Тэмцээний үед замын турш олон тооны түр буудаллах газруудыг байгуулна. Үүгээрээ дан ганц гадны цэргийн алба хаагчид ч гэлтгүй олон улсын жуулчдыг морин аяллаараа татах ч боломж байна. Тиймээс бид энэхүү тэмцээнийг сайн зохион байгуулах ёстой. Энэ бол зөвхөн БХЯ, ЗХЖШ-ын ажил биш, шат шатандаа хэн бүхэн сэтгэл оюунаа чилээж, Монгол Улсаа дэлхийд сурталчлах үйлсэд хувь нэмрээ оруулах хэрэгтэй. Цаашдаа энэ нь Монгол Улсын Батлан хамгаалах салбарын нэгэн брэнд ч болж магадгүй юм.
Эх сурвалж: "Соёмбо" сонин, ахлах дэслэгч М.МӨНХЗОРИГ
Сэтгэгдэл ( 0 )