10 жилийн өмнөх СТЭНД БАЙ & 10 жилийн дараах ӨСХ

2019 оны 01 сарын 24

Хэдийгээр манай эдийн засаг хөрш Хятадаас хамааралтай ч, том зургаараа  ДЭЛХИЙ-гээс хамаарна. Хятад том тоглогч мөн ч, өрсөлдөгч хийгээд хамтрагчгүй бол ганцаараа хаа хүрэх билээ. Тэгэхээр эдийн засгийн агуулгаараа бид хүссэн хүсээгүй ГУРАВДАГЧ ХӨРШ-үүдээс хамаарсан орчинд урагшлах уу, ухрах уу гэдгээ шийдэж ядсан дүр зурагтай байна.


Багтаамжийн хувьд жижиг манай эдийн засаг уул уурхайн салбараас, тэр дундаа цөөн нэр төрлийн түүхий эдийн дэлхийн зах зээлийн үнээс хамааралтай тул ханшийн аливаа хөдөлгөөнийг гадаад худалдааны тэнцэл, төсвийн тэнцэл, төгрөгийн ханшийн өөрчлөлтөөр биеэрээ мэдэрдэг тогтолтой. Эдийн засгийн бүтцээ тэлж, орлогын эх үүсвэрээ нэмж чадсан тохиолдолд манай голлох үзүүлэлтүүдэд нөлөөлөх нөлөөлөл нь багасах нь ойлгомжтой.


  • Гэвч манай улс 10 жилийн өмнөх тулгамдсан асуудлуудаа 10 жилийн дараа яг энэ өдөр ч ярьсан хэвээрээ л байна. 10 жилийн өмнө Олон улсын валютын сангийн хөтөлбөрт /ОУВС/ хамрагдаж, тэдний дохио зангаан дор алхаж байсан бол 10 жилийн дараа яг өнөөдөр ч ОУВС-гийн хөтөлбөрийг хөрсөн дээрээ буулгахаар  алхаж байна. Цаг хугацааны хувьд 10 жилийн давтамжтай өрнөж буй улс төрийн угшил шийдвэр бүхий эдийн засгийн энэ үйл явцыг, ОУВС-гийн хөтөлбөр хэрэгжсэн 10 жилийн өмнөх нөхцөл байдлыг өнөөдрийн нөхцөл байдалтай харьцуулахад гарах зураглал анхаарал татаж байна.


Тодотгоход, манай улс 1991 оноос хойш ОУВС-гийн хөтөлбөрт зургаа дахь удаагаа хамрагдаж буй.


1991-1992 онд “Стэнд бай” хөтөлбөрийн хүрээнд 13.8 сая ам.доллар

1993-1996 онд ECF буюу хөнгөлөлттэй зээлийн хүрээнд 29.7 сая ам.доллар

1997-2000 онд ECF буюу хөнгөлөлттэй зээлийн хүрээнд 17.4 сая ам.доллар

2001-2005 онд ECF буюу хөнгөлөлттэй зээлийн хүрээнд 12.4 сая ам.доллар

2009-2010 онд “Стэнд бай” хөтөлбөрийн хүрээнд 122.6 сая ам.долларын санхүүжилт тус тус авч байв. ОУВС-гаас хэрэгжүүлж буй хөтөлбөрийн хүрээнд шаарддаг бүсээ чангалах шаардлага улс орны эдийн засагт үндэс углуургын хувьд нааштай үр дүн дагуулдаггүй, гал унтраах маягийн л арга хэрэгсэл гэж шүүмжлэгсэд бий. Гэвч эрх баригчид нь улс орноо бодолгүй, задарсан шийдвэрүүд удаа дараа гаргасны эцэст, дефольт зарлахдаа тулсан тэр үедээ ОУВС-гаас амь тариа гуйж, өөрсдөө эрхшээлд нь орох алхмаа хийдэг жишиг тогтсоныг яалтай билээ.

 

        “СТЭНД БАЙ” хөрсөн дээр буусны дараа...


Эдийн засгийн өсөлт 8 жилийн өмнө буюу 2011 онд 17 хувьд хүрч үсрэнгүй амжилт гаргахаас өмнө 2009 онд амаргүй нөхцөл байдалтай нүүр тулж байснаа  бид мартах учиргүй. Учиг шалтгааныг нь ухвал дотоод, гадаад аль аль хүчин зүйл нөлөөлж байв. Гадаад нөхцөл байдлыг харвал 2008 оны эхнээс холын Америкаас эхэлсэн санхүүгийн хямрал дэлхийн бусад эдийн засгуудыг хавсран эдийн засгийн хямралыг бий болгож, салхи ширүүсч асан тэр үед Азийн цээжин дэх Монголд асуудал нүүрлэхгүй юм шиг аяглацгааж байлаа, бид.  2006 оноос 2008 он хүртэл дэлхийн зах зээл дээр зэс, алтны үнэ өсөхөд төсвийн орлого ч өсч, дагаад зарлагаа  600 гаруй тэрбумаар тэлж, хөөрч байлаа бид.


Бид энд тэгж бялуурч байхад тэнд Америк, Хятад тэргүүтнүүд эдийн засгийн өсөлтөө тэлэх чиглэлд төсвийн бодлогоо ухаалгаар залах арга замуудыг хэрэгжүүлж байв. Тэрчлэн дэлхийн эдийн засгийн хямралын онцгой үеийг бид энд мэдэхгүй, мэдрэхгүй мэт өнгөрөөсөн ч, 2009 он харин чангалсан гэхэд болно. Нөгөөх өсөөд байсан зэс, алтны ханш анхаарлын тэмдэг дагуулж, тэрбум тэрбумын орлого тасалдаж, гадаад худалдаа, төсвийн алдагдал өсч, эдийн засагт хямрал бүрэн тулсан юм.



 

2009 оны эхний улиралд эдийн засаг 4.2 хувиар, хоёрдугаар улиралд 1.3 хувиар уруудсан юм. Монголын эдийн засаг уналтад орсныг  тухайн үеийн эрх баригчид хүлээн зөвшөөрч улмаар тэр жилийн наймдугаар сард ОУВС-тай хамтран, эдийн засгийн төлөв байдалд үнэлэлт, дүгнэлт хийж байв. Улмаар ОУВС-гийн “Стэнд бай” хөтөлбөрийн хүрээнд зээлийн шугамууд нээгдэж, эхний ээлжинд 75 сая ам.доллар орж ирж, төгрөгийн ханшийн уналтыг сааруулж байсан түүхтэй.


Ер нь бол “Стэнд бай”  нь дампуурлын ирмэгт тулсан улс орнуудад олгодог зээлийн хөтөлбөр. Тэгэхээр 2009 онд бид ОУВС-гаас энэ хөтөлбөрийг авсан нь, эдийн засаг амаргүй байсныг гэрчилнэ. Яадаг ч байсан бид тэднээс тусламж авсан. Дэлхийн эдийн засаг ч эргэн сэргэсэн.  Түүхий эдийн ханш ч өссөн. Тэгээд 2011 он гэхэд манай ДНБ 17 хувийн өсөлт үзүүлж байлаа.

 

Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн эрсдэл нь УЛС ТӨР


Хямарсан эдийн засаг руу хөрөнгийн урсгал дахин цутгаж асан 2011 оноос хойш таван жил өнгөрсний дараа дахиад л Монголын эдийн засагт харанга дэлдсэн билээ. Өдгөө  хэрэгжиж буй ОУВС-гийн Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр /ӨСХ/ хэрэгжиж дууссаны дараа Монголын эдийн засаг хэрхэх вэ гэдэг асуудал анхаарал татаж байгаа.

 

2016 оны сонгуулийн дараа эрх баригчид байраа сэлгэж, эдийн засгийн тоон үзүүлэлтүүд ч өөрөөр яригдсан. Улмаар ОУВС-тай хамтран гурван жилийн хугацаатай хэрэгжүүлэх ӨСХ-ийг 2017 оны тавдугаар  сарын 24-ний өдөр баталсан билээ. Хөтөлбөрийн зургаа дахь үнэлгээг ОУВС-гийн зүгээс 2018 оны арваннэгдүгээр сард хийхдээ сайшаасан зүйл ч бий. Сануулж хэлсэн зөвлөгөөнүүд ч бий.


ОУВС-гийн хөтөлбөрийн хүрээнд 2018 онд  850 сая ам.доллар орж ирэх тохиролцоотой байсан ч, 300 гаруй сая ам.доллар орж ирснийг Монголбанкны зүгээс мэдэгдсэн. Монголбанкны дэд ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн энэ талаар ярихдаа “Засгийн газраас ОУВС-гийн өмнө тодорхой хэмжээний үүрэг авчихсан байгаа. Монголбанкны хувьд ч гэсэн банк санхүүгийн системийг сайжруулна, чадавхжуулна гэсэн үүрэг авсан. Авсан үүргүүд дотроос зарим нэгэн дээр нь хугацаа хожимдсон тал бий. Дэлхийн банк тэтгэврийн насыг төд болго, татварын ялгаатай бодлого явуул гэсэн үүрэг өгсөн. Тэр болзлыг нь биелүүлэхдээ сонголттой болгочихоод байгаа. Тэгэхээр нөгөө тал “Та бүхний шийдлийг харж судалъя. Тавьсан нөхцөлийн дагуу хийсэн эсэхийг шалгая” гээд үнэлгээ өгөх хугацаагаа хойшлуулаад байна л даа. Японы Засгийн газраас орж ирэх мөнгө бас хойшилж байна”  гэсэн байгаа юм. Тэгэхээр ОУВС-гийн хөтөлбөрийн хүрээнд орж ирэх мөнгөний хэмжээ болоод манай улстөрчдийн шийдвэр уялдах ёстой болж байна. Анх хөтөлбөр тохирч байх үед яригдсан асуудлуудыг олон нийтийн зүгээс эсэргүүцсэнээр хэрэгжүүлээгүй явдлууд бийг энд хэлэх хэрэгтэй.



 

Олон улсын валютын сангийн Монгол дахь суурин төлөөлөгч Нэйл Сакэр ӨСХ-тэй холбоотойгоор хэлэхдээ  “Түүхий эдийн үнэ унаж, бодлогын алдаа гаргасны улмаас эдийн засаг зогсонги байдалд орж, гадаад валютын нөөц огцом багасан, өрийн асуудал хүндэрч эхэлсэн байсан. Засгийн газраас баталсан Эдийн засгийг сэргээх хөтөлбөрийн хэрэгжилтийг дэмжих зорилгоор 2017 онд Өргөтгөсөн санхүүжилтийн  хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр  тохирсон. ОУВС, Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк зэрэг олон улсын санхүүгийн байгууллагуудаас олон улсын дэмжлэг, Хятад, Солонгос, Япон зэрэг улсуудаас хоёр талт дэмжлэгийг татан оролцуулж чадсан байна.  Нийтдээ 5.5 тэрбум ам. долларын санхүүжилт бүрдүүлж чадсан бөгөөд Монгол Улсын ДНБ-тэй харьцуулбал ОУВС-гийн түүхэн дэх хамгийн том хөтөлбөрүүдийн нэг болж байна” гэсэн юм. Хөтөлбөрийн зорилгын талаар  “Нэгт, нөхцөл байдлыг тогтворжуулж, өрийн дефолтоос зайлсхийх, Төсвийн тогтвортой байдлыг сэргээн тогтоох, Мөнгө, ханшийн зохистой бодлого хэрэгжүүлэх,  Банкны системийг эрүүлжүүлж, бэхжүүлэх зорилготой. Хоёрт, урт хугацаанд тогтвортой өсөлтийг бий болгох суурийг бүрдүүлж, тэлэлт-агшилтын мөчлөгийг таслан зогсоох зорилготой. Хөтөлбөрийн хэрэгжилтийн явц өнөөг хүртэл сайн байлаа. Нүүрс, зэсийн гадаад эрэлт өндөр байсны ачаар эдийн засгийн өсөлт 6 гаруй хувьд хүрч сэргэсэн. Гадаад валютын нийт нөөц 3 тэрбум ам. долларыг давж, өрийн хэмжээ ДНБ-ий 75 хувь болж багассан. Төсвийн тэнцэл ДНБ-ий 17 хувьтай тэнцэж байсныг “тэг” тэнцэл рүү дөхүүлж бууруулсан. Засгийн газрын гадаад бондын хүүгийн түвшин бараг хоёр дахин багасч, валютын ханш тогтворжсон” гэсэн. Гэхдээ эрсдэлүүд байгааг тэрбээр сануулсан. Тухайлбал,  Эдийн засгийн өсөлт ихэнхдээ гадаад хүчин зүйлээр тодорхойлогдсон бөгөөд эдгээр хүчин зүйлс хэзээ ч өөрчлөгдөж магадгүй. Өөрөөр хэлбэл  түүхий эдийн эрэлт, үнэ ханш унаж болзошгүй.  Төсвийн алдагдлыг  амжилттай багасгаж чадсан боловч,  зарлагыг өсгөх дарамт нэмэгдэж байна.  Банкны зээл, нэн ялангуяа өрхийн зээл хурдацтай өсч  байна.  Үр дүнд нь импорт нэмэгдэж, улмаар гадаад валютын нөөц хуримтлагдахгүй болж, Засгийн газрын өрийн түвшин өндөр хэвээр байна.  Эдийн засгийн бодлогуудыг зохистой хэмжээнд хатуу байлгаж, уялдаа холбоог хангах хэрэгтэй.  2019 оны нэгдсэн төсөв, нэн ялангуяа зардлыг хянах тал дээр зөв чиглэлд явж байна.  Монголбанк инфляцийн өөрчлөлт, санхүүгийн салбарын эрсдэлээс анхаарлаа салгалгүй байж, бодлогын зохих арга хэмжээг авах хэрэгтэй. Жишээ нь,  макро зохистой бодлогыг нэвтрүүлэх хэрэгтэй гэж зөвлөөд байгаа юм. Цаашид хөтөлбөр үр дүнтэй хэрэгжихэд улс төрийн бодлого тогтвортой байх нь чухал гэсэн зөвлөмжийг ОУВС-гаас өгч байгааг дахин тодотгоё.


Эхэнд хэлсэнчлэн, бид зөвхөн Хятадаас хамаарахгүй, дэлхийгээс хамаарна. Тэгвэл энэ 2019 он дэлхийн эдийн засагт сорилтын жил байна гэдгийг шинжээчид прогнозлон харж байна. Хятад, Америкийн худалдааны дайны дараагийн шат, тэргүүлэгч эдийн засгуудын эрэмбэд орох өөрчлөлт,  геополитикийн асуудлууд гэхчлэн олон зүйлээс хамаарч дэлхийн эдийн засаг шинэ сорилтуудтай нүүр тулах хүлээлттэй ийм нөхцөлд манайд нөлөөлөл нь хэрхэн тусах вэ. Бид угтаж ямар арга хэмжээ авах ёстой вэ гэдэгт анхаарах  л ёстой.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
hahaha(103.57.94.99) 2019 оны 01 сарын 24

dandaa ardchilsan hujaa elbekjorjiin ued bndoo

0  |  0
Top