Zindaa.mn улирч буй долоо хоногийн эдийн засгийн салбарын онцлох мэдээллүүдийг тоймлон хүргэж байна. “Насны хишиг”-ээ хүлээсэн ахмадууд банкны үүд сахиж, “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувьтай холбоотой шинэ салхи үлээсэн энэ долоо хоногт zindaa.mn 2019 оны төсвийн орлого, зарлагыг танилцуулж, 10 жилийн өмнө манайд хэрэгжсэн Олон улсын валютын сангийн СТЭНД БАЙ хөтөлбөр хийгээд 10 жилийн дараа хэрэгжиж буй ӨРГӨТГӨСӨН САНХҮҮЖИЛТИЙН ХӨТӨЛБӨР-ийн талаар харьцуулан хүргэсэн билээ.
49 хувийн хуучраагүй эзэд ба ШИНЭ ЭЗЭН-ий тухай сэдэв
2016 оны сонгуультай зэрэгцэн “Монголиан коппер корпорейшн”-ы мэдлийнх болсон нь илэрсэн “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийн эзэн дахиад солигдсон гэх асуудал энэ долоо хоногийн баасан гарагт дэгдсэн юм. "Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн ТУЗ-ийн гишүүн Д.Дэмбэрэл хэлэхдээ “Хэрэв ийм зүйл яригдахад хүрвэл Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар буюу манай хувьцаа эзэмшигчдийн хурал болох ёстой. Гэхдээ ийм зүйл яригдаж байж болох юм. Одоогоор тодорхойгүй, баталгаагүй байна” гэсэн.
Харин дуулианы эзэн “Монголиан коппер корпорейшн”-ы зүгээс гаргасан мэдэгдэлд “Улсын Их Хурлын зарим гишүүд 2019 оны нэгдүгээр сарын 25-ны өдөр “Монголиан коппер корпорейшн ХХК нь Эрдэнэтийн 49 хувийг Сингапурын компанид худалдсан” тухай огт ор үндэслэлгүй худал, ташаа мэдээллийг улс төрийн зорилгоор цацлаа. “Монголиан коппер корпорейшн” ХХК нь гадаад улсын төрийн өмчит компанийн мэдэлд байсан “Эрдэнэт үйлдвэр” ХХК, “Монголросцветмет” ХХК-иудын 49 хувийг холбогдох хуулийн дагуу, өөрсдийн хөрөнгөөр худалдан авч, Монгол Улсад авчирсан бөгөөд гадаад улсын иргэн, аж ахуйн нэгжид дамжуулан худалдах, зарах, шилжүүлэх ямар ч зорилго байхгүй бөгөөд тэгж шийдвэрлээгүй болохыг албан ёсоор мэдэгдэж байна” гэсэн байна.
Ч.Сайханбилэгийг Ерөнхий сайдаар ажиллаж байх үед шийдвэрлэгдсэн “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийн асуудлаар ТӨР, ХУВИЙН ХЭВШИЛ хоёрын тэмцэл шат шатны шүүхээр орж, “Монголиан коппер корпорейшн” ХХК ялсныг эрхэм уншигчид санаж буй биз.
49 хувийг Оросоос Монголд авчирсан нь сайн хэрэг ч, улс төрийн хамаарал бүхий бүлэглэлийн хувьд давуу эрх эдлэн эзэн суулаа гэх шүүмж дагаж өнөөдрийг хүрсэн. Ч.Сайханбилэг хэлэхдээ “Тухайн үед сонгууль болох хугацаа ойртсон байсан, мөн Ташкент хотноо Монгол Улс, Оросын Холбооны Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын төрийн тэргүүнүүд гурван талт уулзалт хийх гэж байсан, “Ростех” улсын корпорациас богино хугацаанд шийдвэр гаргахыг шаардсан зэрэг нөхцөл байдлаас үүдэн Засгийн газрын тэргүүний хувиар “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн 49 хувийг Монголын талд шилжүүлэх уг саналыг шийдвэрлэсэн” гэж хэлж байсан юм. Энэ нь нэг талаас экс Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж тухайн үед Ташкентад очихдоо хоосон очих ёсгүй байж гэж харахад хүргэдэг. Ч.Сайханбилэгийн хэлж ярьдаг зүйлсээс бас нэг зүйл анхаарал татсан нь “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн 49 хувийг Монголын талд шилжүүлэх боломжийн талаар Засгийн газар, төрийн эрх мэдэлтнүүд огт бодоогүй байхад Монголын хувийн хэвшлийн аж ахуйн нэгж ОХУ-ын “Ростех” улсын корпорацитай ярилцсан байсан бөгөөд тус корпорациас Монгол Улсын Засгийн газарт ирүүлсэн шаардлагаас үүдэн Засгийн газар богино хугацаанд шийдвэр гаргах шаардлагатай болсон. Үүний үр дүнд “Эрдэнэт үйлдвэр” ХХК бүхэлдээ Монголын талд шилжиж ирсэн” гээд байдаг.
Хувийн хэвшлийнхний хувьд Засгийн газраас илүүтэй мэдээлэлд ойрхон байсан гэж ойлгохоор байдаг юм. Энэмэтчилэн тоочвол анхаарал татсан олон асуудал дагуулах 49 хувийн хуучирч амжаагүй эзэд дахиад шинэ эзний эрэлд гарсан уу гэдэг асуулт дараагийн өдрүүдэд ч анхаарлын тэмдэгтэй байх нь ээ.
10 жилийн ӨМНӨ, 10 жилийн ДАРАА
10 жилийн өмнө Олон улсын валютын сангийн /ОУВС/ СТЭНД БАЙ хөтөлбөрт хамрагдаж өндийсөн манай эдийн засаг 10 жилийн дараа Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрт хамрагдан урагшилж буй билээ. Манай улс 10 жилийн өмнөх тулгамдсан асуудлуудаа 10 жилийн дараа яг энэ өдөр ч ярьсан хэвээрээ л байна гэдгийг zindaa.mn энэ долоо хоногт нийтлэлээрээ хөндсөн юм. 10 жилийн өмнө Олон улсын валютын сангийн хөтөлбөрт /ОУВС/ хамрагдаж, тэдний дохио зангаан дор алхаж байсан бол 10 жилийн дараа яг өнөөдөр ч ОУВС-гийн хөтөлбөрийг хөрсөн дээрээ буулгахаар алхаж байна. Цаг хугацааны хувьд 10 жилийн давтамжтай өрнөж буй улс төрийн угшил шийдвэр бүхий эдийн засгийн энэ үйл явцыг, ОУВС-гийн хөтөлбөр хэрэгжсэн 10 жилийн өмнөх нөхцөл байдлыг өнөөдрийн нөхцөл байдалтай харьцуулан харсан юм.
Манай улс 1991 оноос хойш ОУВС-гийн хөтөлбөрт зургаа дахь удаагаа хамрагдаж буй бөгөөд 2017 оноос хэрэгжиж буй ӨСХ-т ОУВС-гаас зургаа дахь үнэлгээгээ хийгээд байна. Эдийн засгийн тоон үзүүлэлтүүд нааштай гарсан ч, бодлогын тогтвортой байдал, төсөв, мөнгөний бодлогын уялдаа хамаарал эмх цэгц шаардаж буйг дүгнэлтээс харж болно.
2 их наядын алдагдал БОЛОМЖ УУ, БУГЛАА ЮУ?
2019 оны төсвийн ОРЛОГО, ЗАРЛАГА-ын мэдээллийг zindaa.mn энэ долоо хоногт хүргэсэн билээ. Улсын төсвийн тухай мэдээлэл оны эцэст олны анхаарлыг татдаг ч, угтаа бол төсвийг үйлдэх процесс нэг хоёр сарын ажил биш, бүтэн жилийн туршид явагдах ёстой. Төсөв батлагдсаны маргаашнаас эхлээд л бодлого боловсруулж, шийдвэр гаргагчид дараагийн жилийнхээ төсвийн сахилга бат, эрүүл саруул байдлын төлөө анхаарч орлого, зарлагынхаа тэнцвэрийг зохистой түвшинд барихад ямар арга хэмжээнүүдийг авах ёстой вэ гэдэгт шийдвэрээ хандуулах ёстой гэдгийг мэргэжилтнүүд хэлдэг.
Сангийн сайд Ч.Хүрэлбаатар хэлэхдээ төсвийн бодлого харьцангуй эрүүлжиж буй юм. Тэгвэл сайдын байр суурьтай санал нийлэхгүй эдийн засагчид ч цөөнгүй байна. Төсвөө тодотгохгүй гэсэн амлалтаа талаар болгохгүйн тулд 2 их наядыг шүргэсэн алдагдалтай төсөв батласан нь, эдийн засагт буглаа нэмнэ гэж харагсад байна. Нөгөө талд зарлагаа өсгөх нь буруу биш гэж хэлэгсэд ч бий.
Манай улсын төсвийн тооцоолол их наядаар хэмжигддэг болоод 13 дахь жилийнхээ нүүрийг үзэж байна. 1960-аад онд анх удаагаа тэрбумаар тоологдсон бол 2006 оноос их наядаар тоологдож эхэлжээ. Харин энэ 2019 оноос анх удаа 10 их наядыг давж байгаа юм.
2019 оны ТӨСВИЙН НИЙТ ОРЛОГО 9 их наяд 676 тэрбум 500 сая төгрөг бол ТӨСВИЙН НИЙТ ЗАРЛАГА 11 их наяд 589 тэрбум 100 сая төгрөг гэж тооцогдоод байна.
Ахмадууд ЯДАРСАН долоо хоног
“Насны хишиг”-ээ авах гэсэн ахмадууд банкны дараалалд хэдэн өдөр дараалан зогссон нь энэ долоо хоногийн анхаарал татах үйл явдлуудад яах аргагүй багтаж таарна. Уг нь банкны үйлчилгээ иргэдэд ойртсон ийм цаг үед иргэд заавал банкны гадаа зогсох биш, нэрийн данс руугаа орсон мөнгийг картаар авчихдаг байх боломж бий. Гэвч иргэд өглөөний 07.30 цаг гэхэд банкны дараалалд зогсоцгоосон нь картын барааны үеийг санагдуулам байсныг тодотгоё. Хэдийгээр халамжийн мөнгө тогтсон хугацаандаа орохгүй хойшлосон нь банкны дарааллыг хөөсрүүлсэн байж болох ч, банкны үйлчилгээ улам бүр цахимжиж байгаа энэ үед шийдэл ойр байж болохоор л дүр зураг харагдаж байв.
Тэтгэврийн зээлийн жилийн хүү 2017 оноос хойш 3 дахиа буураад байна. 2017 онд жилийн 18 хувийн хүүтэй байсан тэтгэвэр барьцаалсан зээлийн хүүг 15 хувь болгосон бол, 2018 оны нэгдүгээр сарын 16-ны өдрөөс 12 хувь болгон бууруулсан юм. Харин одоо бол Төрийн банк, Хаан банк 12 сар хүртэлх хугацаатай олгох тэтгэврийн зээлийг 10 хувийн хүүтэй олгож эхлээд байна. Судалгаанаас харахад Цагаан сарын баярын мөчлөгөөс гадна, зээлийн хүү буурсан шийдвэртэй холбоотойгоор ахмадуудын тэтгэврийн зээлийн тоо өссөн байгаа юм. Тэтгэврийн зээлийн статистикийг харахад ахмадуудын олонх нь 1 жил буюу 12 сар хүртэлх хугацаатай зээл авдаг нь, зээлийн хүү буурсан шийдвэрүүдтэй холбоотой. Мөн арилжааны банкуудын зүгээс ч тэтгэвэр барьцаалсан зээлийг богино хугацаатай олгох сонирхол давамгайлдагтай холбогдож байна.
Ер нь тэтгэврийн зээлийн дарамтыг бууруулах чиглэлд төрөөс зайлшгүй анхаарах ёстой. Нэг насаараа ажиллаж, хөдөлмөрлөсөн орлогоосоо нийгмийн даатгалын шимтгэлд мөнгө төлсөн хүмүүст төр тэрийг нь хуваарилахдаа НИЙГМИЙН ХАЛАМЖ гэж тодотгодог. Харин ахмадууд тэрхүү халамжийн мөнгийг арилжааны банкуудаас хүүтэй зээлж, үлдсэн амьдралдаа банкны зээлийн хүү төлж өнгөрүүлэх нь таатай хэрэг биш. Хэдийгээр ахмадуудыг заавал тэтгэврийн зээл ав гэсэн шаардлагыг тавьдаггүй ч, амьдралын нөхцөл байдал нь ахмадуудын олонхыг зээл авахад шахаж байгааг дурдахгүй өнгөрч болохгүй байх.
Аймгуудыг ТАМИР ТЭНХЭЭГЭЭР нь эрэмбэлэв
Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвөөс аймгуудын өрсөлдөх чадварыг 7 дахь жилдээ тодорхойлон үр дүнгээ /2019.01.23/ танилцууллаа. Аймгуудын өрсөлдөх чадварыг хэмжихдээ эдийн засгийн тамир тэнхээ, засаглалын үр ашиг, бизнесийн үр ашиг, дэд бүтэц гэх үндсэн дөрвөн бүлгийн статистик мэдээлэл болон санал асуулга нийлсэн нийт 180 орчим шалгуур үзүүлэлтүүдийг нэгтгэн тооцдог. Өрсөлдөх чадвар хамгийн сайн аймаг нь 100 оноотой байх ба бусад аймгуудыг үүнтэй харьцуулдаг.
Энэ удаагийн тайлангийн үр дүнгээс харахад Орхон, Дархан-Уул, Өмнөговь зэрэг аймгууд өрсөлдөх чадвараараа тэргүүлсэн хэвээр байна. Харин сүүлийн байруудад Дундговь, Говь-Алтай, Архангай аймгууд эрэмбэлэгджээ.Өрсөлдөх чадварыг хэмждэг үндсэн дөрвөн бүлгээр буюу Эдийн засгийн тамир тэнхээгээр Орхон, Өмнөговь аймгууд Засаглалын үр ашгаар Говьсүмбэр, Сүхбаатар аймгууд Бизнесийн үр ашгаар Дархан-Уул, Өмнөговь аймгууд Дэд бүтцээр Орхон, Говьсүмбэр аймгууд тэргүүлжээ.
Эдийн засгийн тамир тэнхээ бүлгийн онооноос харахад 21 аймгаас 17 аймгийнх нь оноо өнгөрсөн жилээс өссөн бол 4 аймгийн оноо буурсан байна. Харин дэд бүтэц бүлэгт 13 аймгийн оноо буурсан байна. Энэ нь эдийн засаг ерөнхийдөө сайжирч байгаа хэдий ч дэд бүтцийн салбарт аймгуудад бүтээн байгуулалтын ажлуудыг хангалттай хийгдээгүй гэж хэлж болохоор байна. Аймгуудын дундаж онооны хувьд өнгөрсөн жилийн тайланд дэд бүтцийн оноо сайжирч бусад гурван бүлгийн оноо буурч байсан бол энэ жил эсрэгээрээ дэд бүтцийн оноо буурч үлдсэн гурван бүлгийн оноо дунджаар өссөн байна.
2018 онд хамгийн их ахиц гарсан аймгууд: Дорноговь, Хэнтий, Говьсүмбэр, Өвөрхангай бол үзүүлэлтүүд нь хамгийн их буурсан аймгууд Булган, Архангай, Хөвсгөл байна.
Инфляцийг тогтворжуулах зорилт алдагдахааргүй байна гэв
Монголбанк, Монголын Банкны Холбоотой хамтран "Инфляцийн тайлан"-гийн 2018 оны арванхоёрдугаар сарын дугаарыг танилцуулсан юм. Төрөөс Мөнгөний бодлогын талаар 2018 онд баримтлах үндсэн чиглэлд Монголбанк инфляцийг 2018-2020 онд 8 хувийн орчимд тогтворжуулах зорилтыг тавьсан. Инфляци 2018 оны арваннэгдүгээр сард улсын хэмжээнд 8.1 хувь, Улаанбаатар хотын хэмжээнд 9.3 хувь, суурь инфляци 8.9 хувь байна.
Нийлүүлэлтийн шинжтэй хүчин зүйлсийн нөлөөгөөр инфляци сүүлийн саруудад нэмэгдлээ. Тайлант улиралд хүнс болон төрийн зохицуулалттай барааны үнэ төсөөллөөс бага байв. Эрэлтийн шалтгаантай инфляци алгуур нэмэгдэж байгаа ч нийлүүлэлтийн шалтгаантай үнийн өсөлт сүүлийн саруудад огцом нэмэгдлээ. Тухайлбал арваннэгдүгээр сарын инфляци 2.25 хувь болж огцом нэмэгдэхэд мах, шатахуун, хатуу түлш гэсэн 3 төрлийн бүтээгдэхүүний үнийн нийлүүлэлтийн шалтгаантай өсөлт голлох нөлөөг үзүүлэв. Мөнгөний бодлогын хүүг арваннэгдүгээр сард өсгөсөн нь УИХ-аас баталсан Төрийн мөнгөний бодлогын үндсэн чиглэлд инфляцийг 2018-2020 онд жилийн 8 орчим хувьд тогтворжуулах зорилттой нийцтэй гэж Төв банкнаас мэдээлж байна. Ирэх саруудад мах, хатуу түлш, шатахууны үнийн өөрчлөлттэй холбоотойгоор 8 хувиас давахаар байгаа хэдий ч инфляцийг тогтворжуулах зорилт алдагдахааргүй байна гэж тайланд дурдсан байна.
Э.Болорхажид
Сэтгэгдэл ( 0 )