Ванягийн Энхбаатар: Амьдралаас л олон мэргэжилтэй болдог

2019 оны 01 сарын 31

"50 ЧУХАЛ ХҮН" номонд нийтлэгдсэн ярилцлага, нийтлэл, хөрөг тэмдэглэлээс цувралаар хүргэж байна.

 

АНГИЙН ДАРГА, АЙМГИЙН АВАРГА ХҮҮ

 

Тэрбээр Өвөрхангай аймгийн Арвайхээр хотод төрж өссөн. Тээврийн жолооч Ваня, Худалдаа бэлтгэлийн трестийн ажилтан Чулуунбямба нарын гал голомтонд 1965 онд дунд хүү Энхбаатар нь мэндэлжээ. Социалист Монголд тээврийн жолооч мэргэжлийг хүн амын тодорхой хэсэг нь эзэмшиж, саятан жолооч болох бооцоогүй уралдаанд өрсөлдөцгөөж байв. Монгол эр хүний тэвчээр хатуужил, жудаг гээч нь тухайн үеийн тээврийн жолооч нарын туулсан амьдралаас сэдэвлэгдэн, амнаас ам дамжин яригдаж байсан цаг үе. Саятан жолооч буюу эрээн хаалгатай машинтай тээвэрчдийн хүүхдүүд өдгөө салбар, салбарт манлайлж явна. Олон жил сунайсан замыг туулсан саятан бригадын гишүүн Ваня гуайн аав Гаваа ч Монгол трансын анхны жолооч нарын нэг байсан гэдэг. Тэгэхээр эднийх үе дамжсан жолооч нар юм. Жолоочийн хүүхдүүд аавынхаа машиныг толгодын цаанаас дуугаар нь таньж, хөлийн хурдаар гүйлдэн угтана. Аавыгаа санасан хүүхдүүдэд машиныг нь угааж арчин, хучиж цэвэрлэх дээдийн дээд аз жаргал, ойр хавийнхандаа гайхуулах бахархал. Энхбаатарын аав Ваня гуай унасан машинаа цэмбэгэр эдэлдгээрээ алдартай нэгэн. Ямартаа 10-аад жил тасралтгүй тээврийн замд ханьссан төмөр хүлгээ тушааж, шинэ машинаа хүлээж авахтай нь зэрэгцээд хуучин машиныг унахыг хорхойссон хүмүүс энд тэндээс гарч ирэхэв. Эцэг нь олон түмэнтэйгээ байж, бусдадаа бензин тосоо илүүчлэх, дугуйг нь нөхөж өгөх, шавар шавхай, зуданд суух үед гээд биесдээ тусалдаг бичигдээгүй хуулийг ягштал биелүүлдэг нутаг усандаа, үйлс нэгтнүүддээ нэртэй, нүүртэй нэгэн явжээ.

 
Дөрөвдүгээр ангид нь Энхбаатарын ээж ертөнцийн мөнх бусыг үзүүлсэн гунигт явдал тохиолдлоо. Арвайхээр хотын Худалдаа бэлтгэлийн трестэд ажиллаж, хүнсний дэлгүүрт худалдагч, кассчин хийдэг ээжээсээ тэрбээр өнөөдрийн ажил, амжилтдаа хөтөлсөн чамгүй зүйлсийг нүдээр харж суралцсан гэдэг. Эцэг нь олон хоногоор тээвэрт явахад түлээ хагалах, ус зөөх, хоол унд бэлтгэх гээд өөрийнх нь хошигносончлон оёдол хийхээс бусдыг хийж сурсан гэдэг.


Жаахан сахилгагүйг эс тооцвол дөрвөөс аравдугаар анги хүртлээ ангийн дарга хийсэн Энхбаатар сурлага, спортоор ямагт манлайлна. Хөнгөн атлетикаар хичээллэж, улс бүсийн аваргын тэмцээнд оролцон, шагналт байр эзэлж, медаль хүртэх болов. Баянхонгор аймагт болсон таван аймгийн бүсийн тэмцээнд 100-200 метрт гүйж хүрэл медаль хүртлээ. Улсын аваргын тэмцээнд ч оролцов. Үүний зэрэгцээ “Залуу зохион бүтээгч” клубт суралцан, пуужин хөөргөх уралдаанд тэргүүлж, “Аймгийн аварга”-аар шалгарсан явдал түүнд амжилтаас аз жаргалын цөн түрдгийг илтгэсэн анхны дурсамжийг авчирч, энэ нь насан туршид яригдах нандин дурсамж болон хувирчээ. Учир нь Олон улсын Найрамдал зусланд амрах эрхийн бичгээр аймгийн аварга хүү шагнууллаа. “Нэг л мэдэхэд гэртээ гүйгээд оччихсон байсан. Хөл газар хүрэхгүй баярлана гэж тэрийг хэлдэг болов уу” гэхдээ нүүрэнд нь баясал тодров. “Ерөөсөө тийм шагнал авна гэж бодоогүй явтал миний нэрийг дуудаад эрхийн бичгээр шагналаа гэнгүүт маш их баярласан” гэж ахин тодотгов.
Хэмжээлшгүй баярлаж, догдолсон долдугаар ангийн хөвүүнээ аав нь (тээвэрт яваагүй гэртээ байж таараад) “Яамай даа” гэх шиг духыг нь үнэрлэх нь тэр. Хүү өдгөө амьдралын минь анхны, хамгийн баярт мөч гэж өгүүлэн буй ч хүүгээрээ бахархсан эцгийн сэтгэлийг үгээр илэрхийлшгүй юм. Харин аав нь хэрхэн баярлаж, ач холбогдол өгснийг дараах үйл явдал гэрчлэх болов уу.

 
Ваня гуай Найрамдал зуслан явахын тулд “Яах вэ, хувцас хунар юусан билээ” гэлээ. Өвөрхангай аймгийн ойролцоо Оросын цэргийн анги байрладаг. Арга нь олдвол тэр дэлгүүрээс хувцас авч болохоор. Аав нь “Цэргийн ангийн дэлгүүр орж хүүдээ хувцас авч өгнө дөө” гэлээ. Аавынх нь дүү Жаргал эгчийг нь дагуулаад очтол таарах хувцас олдсонгүй. Аймгийн төвөөс 80-аад километрийн зайд орших Төгрөг суманд бас Оросын цэргийн анги бий. Тийшээ Жаргал эгч, аав хоёртойгоо гараад давхичихав. Тэнд хүрч очоод сонирхвол цэнхэр өнгөтэй, нейлонтой ч юм шиг материалтай хослол өмд нь бага зэрэг уртдаад таарч байна. Ингэж Найрамдал зусланд амрах бэлтгэлийг аав нь базаасан гэдэг. Ийнхүү хөл хөөрцөг болсон аав, эгч нарын зүтгэл, хүүгийн мэрийлт талаар болсонгүй. Найрамдал зусланд амрахдаа хөнгөн атлетик, сагсны тэмцээнд оролцож мөнгө, хүрэл медаль хүртлээ. Дараа нь хөнгөн атлетикийн улсын зэрэгтэй тамирчин боллоо.

 
Хүүхэд насанд амьдралын замаа сонгох, цаашид хэрхэх вэ гэдэг үеийн үед оньсого шиг асуудал байж, хувь тавилангийн ямар нэг оноолтоор ертөнцийн хаа нэгтээд очдог. Зарим нь бага насаа өнгөрөөсөн үүрээ үүрд засаад үлдэх ч зарим нь огт төсөөлөөгүй орчлонгийн тигээр даль жигүүрээ дэвж нисэн одно.

 
Тэрбээр наймдугаар ангидаа нэгдүгээр арван жилийн Гүнсэн хэмээх сурлага, хүмүүжлээр ялгагддаг охинтой үерхэж эхлэв. Зундаа байгалийн үзэсгэлэнг цогцлоосон Цагаан-Залаат зусландаа нэг удаа заавал амардаг атал энэ удаа ганцаараа тийш зүглэнэ гэхэд сэтгэлд багтамгүй. Өдрийн нэг төгрөгөөр 14 хоног амраадаг зуслангийн эрхийн бичиг нөгөө сургуулийн охинд авч өгөхөөр эрэл сурал боллоо. Урд гудамжны хүү явах ч юм шиг, явахгүй ч байж болох тухай ярьсан нь гол найдвар болж таарлаа. Энхбаатар үнэмлэхгүй ч аавынхаа хувийн машин болох “Волга-21” гээд орос унаагаар хааяа гангарчихдаг догь хүү байсан юм. Урд гудамны хүүгээс “Эрхийн бичгээ зарчих” гэхэд “Аавынхаа машиныг унуулвал өгнө” гэнгүүт уухайн тас зөвшөөрснөөр, мөнөөх ховор бичгийг өөрийн болголоо.


 

МӨРӨӨДӨЛ БИЕЛЖ МОСКВАГ ЗОРИВ

 
Хожим 10 жилийг алтан медальтай төгссөн Гүнсэн Цагаан-Залаат зусланд бүлгийн даргаар томилогдов. Гүнсэн охин хүүгийн цамц хир болох тоолонд угааж өгдөг тул мань хүн хувцсаа хурдхан бохирдуулж дэггүйтнэ. Ийнхүү хосуудын үерхэл зузаарсан гэдэг. Арваа төгсөөд хүү Москвагийн сургуулийн хуваарь авсан юм. Гадаадад сурдаг ах, эгч нарыг харан баясаж, эдэн шиг болохын тулд яах ёстой вэ гэсэн хичээл зүтгэл биеллээ оллоо. Нөгөөтэйгүүр аймгийн Цагдаагийн хэлтсээс гурван үеийн түүхийг судалж, ажилчин, малчин гаралтай сурлага хүмүүжлээр сайн хүүхдүүдийг шалгаруулж авсан гэдэг. ЗХУ-ын Москва хотноо Цэргийн Улс төрийн дээд сургуульд суралцах зам ийнхүү нээгдэв.

 


Орос руу галт тэргэнд өвөөгийнхөө хийж өгсөн дөрвөн буландаа шар кнопоор гоёсон, голдоо монгол цоожтой, жижигхэн модон авдартай хувцсаа авч суугаад хөдлөхдөө л “Ямар гоё юм бэ, вагон гэдэг чинь ийм байдаг юм уу, ор нь эвхэгдэж байна шүү дээ. Цай тавьсан ширээ хөдлөөд байгаа хэр нь асгарахгүй, хачин юм” гэх мэтээр соёлыг гайхаж, замд таарах тосгод, том том хотуудыг харан баясаж, сэтгэл сэргэсээр хүрлээ.


 
Тус сургуульд нийт 30 гаруй, нэг курст 10-аад монгол хүүхэд суралцана. Амьдрал үзэж, наад зах нь мөнгөө зөв зарцуулаад, олны дунд биеэ төлөв авч явах, аливаад хатуужилтай байхад суралцлаа. Таван жил хооллож, соёл, заншлыг нь сурсан, амьдралын анхны гэсэн бүх зүйлээ цэцэглүүлсэн учир түүний үндсэн орос школь нь одоо ч өөрчлөгдөөгүй гэдэг. Монгол сурагчдын авьяас чадварыг үнэлдэг, төрөлх хэлээрээ хичээл үзэж буй оросуудаас дутахгүй суралцдагт нь бахархдагаа илэрхийлж асан орос багш нараа үеийн төгсөгчидтэйгөө хамтран Монголдоо урих ажлыг хожим зохион байгуулсан. Үүнийгээ тэрбээр “Багшийг дээдлэх хэрэгтэй” гэж хөгшчүүл сургасан. Орос, Монгол, Номын, Ламын багш алийг нь ч ялгаагүй би үргэлж ачилж, баярлуулдаг хэмээлээ. Ахиад хэзээ ч олдохгүй алдрай насны нөхөрлөлийн гэрч болох арван жилийнхэн, оюутан цагийн андуудаа ч дээдэлдэг нь түүний ярианаас илт мэдрэгдэж байсан юм.


 
Эхнэр нь Москвагийн Технологийн дээд сургуульд, өөрөө цэргийн сургуульд учир дотуур байранд гэр бүлийн өрөөнд хамт амьдарсан үе ч бий. Тэднийг гуравдугаар курсэд сурч байхад ууган охин мэндэлсэн тул сурахын зэрэгцээ амьдралыг цаашид хэрхэн жолоодох вэ гэдэг үүрэг хариуцлага ногдсоныг чанд ухамсарласан явдал залуу хосын ирээдүйдээ босгосон бат бэх цайз байлаа. Гадуур гарвал л наймаа арилжаа хийнэ. ЗХУ-д перестройка хэмээн бужигналдаж, хүнсний зүйлс картын системд шилжин, төрөл бүрийн бараа лангуугаар дүүрэн өрөөстэй хуучин цаг санаанд бүртийх дурсамж болон үлдэв. Дэлгүүрүүдийн гадаа үүрээр дугаарлан зогсож, стенк, телевизор худалдан авахын тулд заавал ямар нэгэн арга чарга сүвэгчилж, дэлгүүрийн хаалгачийг хүртэл “найрах” хэрэг гарна. Монголдоо хэдийгээр байр сууцгүй ч төгсөхдөө контейнерт гэрийнхээ тавилга сэлтийг ачуулаад ирэв.

 

АЖИЛ АМЬДРАЛЫН АЛТАН ЖОЛОО


Төгсөж ирэхэд ардчиллын давалгаа ид өрнөж байсан үе. Аюулаас хамгаалах яаманд өргөдлөө өгч, бэлтгэл офицер гэсэн үнэмлэх аваад энгийн болж халагдсан гэдэг. Мэргэжлээрээ хэзээ ч ажилласангүй.
Наймаа хийж эхэлсэн явдал Москвад энэ тал дээр мэдэгдэхүүнтэй болсон түүнд шинэ зүйл биш нь олзуурхууштай. Эхлээд Орос руу, сүүлдээ Хятадаас Орос руу ганзаганд жирийдэг боллоо. 1992 онд Октябрийн районд анх БГД бичгийн машинаар дүрмээ бичээд “Алтан жолоо” ХЭАА байгуулсан юм. Эхнэрийнх нь, түүний аав, өвөг эцэг жолооч хүмүүс. Нөгөөтэйгүүр амьдралын минь “Алтан Жолоо” болог гэдгийг бэлгэдсэн нэр аж.


 
Ганзаганд явж байгаад Герман, Орос, Чехээс машин зөөх нь шилжилтийн үеийн наймаачдын нийтлэг дүр төрх. Эндээс харин хэд нь тэсч үлдсэн билээ. Наймаа Москвад сурч байхаас эхлэлтэй тул санхүүгийн эх үүсвэртэй болсон нь бас давуу талтай. Германаас есийн тос буюу одоогоор ургамлын тосыг чингэлгээр оруулж ирчихээд агуулах савгүй тул сургуулийн жижиг өрөөнд хурааж байв. Юм бүхнийг л туршиж үзэх мөрөөдөлтэй дэвэргэн залуу насанд алдах онох алийг тэр гэх вэ. Найзын хамт Польшийг зорилоо. Гутлын үйлдвэрт очоод үзтэл Монголд зарчихаж болохоор хэдхэн долларын үнэтэй гутлууд байхаар нь нэг хайрцагт хоёр гутал багтдаг атал дөрвийг чихэж хийгээд 20 тн чингэлэгт ачаад ирлээ. Дөрөвдүгээр хороололд амьдардаг гурван өрөө байрныхаа хоёр жижигт нь гутлуудаа чигжив. Дэнжийн мянгын зах дээр зарж эхлээд сарын дараа сонголтоо буруу хийснээ мэдсэн гэдэг. Одоо санахад хөгжилтэй нь зарим танилууд “Тэр гутлыг чинь манай хүүхэд өмсөөд гадаа тоглож байтал ул нь ханзарчихсан” гэж гомдол мэдүүлжээ. Угийн нямбай Энхбаатарыг улам хэрсүүжихэд энэ мэт алдаа харин ч дэм болсон юм.


 
1991 онд анх Москвагаас шар өнгөтэй “УАЗ-469” машин худалдаж авахдаа тухайн үедээ контейнер гэж байхгүй тул модон хайрцганд хийж вагоноор ачуулаад авчирсан гэдэг. Хамгийн сонирхолтой нь тэр үед гаалийн татвар гэж байхгүй, шууд л авна. Аавдаа бас цоо шинэ “УАЗ-469” машин авчирахад аймгийн дарга ч ийм унаагүй байж. Ваня гуай бөөн баяр. “Тэрийг бас ерөөсөө мартдаггүй” гэж ярих зуур аавынхаа машиныг бараг жил бүр сольж өгдөг байсан тухайгаа дурсав. Хадам аавдаа 24 маркийн машин авч өгч байж. Машины зах дээр тоотой хэдхэн машин борлуулагддаг байж. 24 машин эхнэрийнхээ аавд авч өгөхөд хүмүүс эвэртэй туулай үзсэн мэт гайхна. Хоёр аавыгаа эн тэнцүү баярлуулсан нь энэ. Ачийг нь хариулах үртэйдээ амьд сэрүүндээ баярлаж явсан аавууд нь мөн л орчлонгийн мөнх бусыг үзүүлжээ. “Яриа л үлдэх юм даа” гэж тэрбээр санаа алдав. Гэхдээ “Аавыгаа амьд сэрүүнд ингэхгүй яав даа гэж харамсах зүйл үлдээгүй, тийм бол хэцүү шүү дээ. Ер нь хүн эцэг эхээ үргэлж баярлуулж байх хэрэгтэй. Дараа нь ч юм уу, тэгж байгаад нэг томорчихоод баярлуулна гэх биш өөрийнхөө хэмжээнд байнга баярлуулж байх хэрэгтэй” гэлээ.

 

1997 онд Нийслэлийн дуудлага худалдаагаар Сансрын үйлчилгээний 59-р дэлгүүрийг тэд хувьчилж авчээ. Энэ бол түүний амьдралд Найрамдал зусланд амрах эрхийн бичгээр шагнуулсан, хүүхдүүд нь хорвоод мэндэлсэн, аавуудыгаа баярлуулсантай эн тэнцүү баярт мөч. Одоогийнхоор “Сансар1” буюу 59-р дэлгүүрийн байр түүхэн он цагийн хөгжилтэй ч гэмээр үйл явдал болж өнгөрснийг тэр үеийн анхны дарга байсан Довчинжав гуай дурсан ярьж билээ. 1968 онд анх Монгол Улсад “Өөртөө үйлчлэх дэлгүүр” гэдэг туршилтыг 59-р дэлгүүрт хийжээ. Ингэхдээ гуравхан цаг ажиллаад хаахаас өөр аргагүйд хүрэв. Яагаад гэхээр гурван цагийн дараа тоолоход нийт 10 мянган төгрөгийн бараа дутсан гэдэг. 1968 оны 10 мянган төгрөг шүү дээ. Өөртөө үйлчлэх дэлгүүрээр үйлчлүүлэх соёл байхгүйг далимдуулсан урт гартнууд шууд л аваад гараад явцгаачихсан байгаа юм.

 

Хувьчилж аваад, зай талбайг нь түрээслээд ажиллуулж эхлэхэд өвөл цаг байсныг ч хэлэх үү хүйтэн гэж жигтэйхэн, обьект бүхэлдээ цантчихсан, эсгий гуталтай, үстэй дээлтэй хүмүүс бээрч, даараад тун хүнд. Зуугийн ундаа гэж байсныг одоо хүмүүс бүүр түүр санахтай үгүйтэй. Шилтэй ундаа хөлдчих гээд сугандаа хавчуулж, паарандаа нааж ирээд зардаг байж.
Гэвч ажилсаг хүмүүсийн гарт очсон байр савыг бүгдийг сэргээн засварлаад, зах зээлийн эрэлт хэрэгцээгээр супермаркет болгон тохижуулж, 2013 оноос олон улсын жишиг төслийг хэрэгжүүлж эхэллээ. 1968 онд “Өөртөө үйлчлэх дэлгүүр” гэхээр өөрсдөө сонгосноо үнэ төлбөргүй аваад гарах мэт дураараа авирлаж явсан нийслэлчүүд өнөөдөр өдий төдий дэлгүүрээс шилж сонгож үйлчлүүлэх хүртлээ хөгжиж, дэвжжээ.

 

Одоо “Сансар” супермаркет нийт 10 гаруй салбартайгаар үйл ажиллагаа явуулж байна. “Сансар”-аас хувьчилж авсан гэдэг утгаараа “Сансар” супермаркет хэмээн нэрийдэж, энэ нэр нь үр өгөөжөө өгсөн тул эзэд нь булган сүүлтэй хэмээн бэлгэшээдэг. Зөвхөн нэрэнд бэлгэдэл, талархлыг шингээсэнгүй. Ердөө л хоосон обьект худалдаж авсан атлаа 59-р дэлгүүрт ажиллаж явсан ахмадуудыг урьж, жил бүрийн сар шинийн баяраар хүндэтгэл үзүүлдэг байв.

 

“Алтан жолоо”-г үүсгэн байгуулагчид амьдралаа ч дүрмийн гажуудалгүй зөв жолоодсон нь илт. Тэд хоёр охин, нэг хүүтэй болж. Том охин нь Америкт боловсрол эзэмшиж, Монголдоо СЭЗИС-д суралцаад “Алтан жолоо трейд” буюу “Сансар” супермаркет сүлжээний Гүйцэтгэх захирлаар ажиллаж тусад орлоо. Удаахь охин нь Англид төгсөөд, Олон улсын Аудитын байгууллагад хэсэг ажиллаж, одоо компанидаа шинэ төсөл хариуцдаг аж. Бага хүү нь 11-р анги. Өөрөө цэргийн сургуульд сурахын давуу талыг мэдэрсэн тул Америкт цэргийн сургуульд суралцуулж байна. Ажилсаг, чамбай гэргий Гүнсэн аливаа он цагийн шалгуурыг нандин ухаанаар давж яваа. Тэд бүх бизнесмений нэгэн адил алдаа оноо, бэрхшээлийг даван туулж, салбартаа манлайлагч болж чаджээ. “Алтан жолоо”-гийнхон бол “бид” гэж бардамналгүйгээр чимээгүйхэн, шаргуу хөдөлмөрлөж гаргасан үр дүнг нь хэрэглэгч, үйлчлүүлэгч, хамтрагчид нь бэлхнээ харж, шимийг нь хүртэж байна. Монголын ирээдүйг хэн бэлтгэж байна вэ гэвэл оногдсон татвараа төлдөг, олон хүнийг ажлын байраар хангадаг, зөвт бүхэнд үлгэрлэж буй ийм хүмүүсийг онцлох нь зүйн хэрэг ээ.


ЭХ ОРОНДОО ВАЛЮТ АВЧРАХ БОДЛОГЫГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙ


-Анх өөрөө өөртөө үйлчлэх буюу одоогийнхоор бол супермаркетийг танайх байгуулсан. Хэдэн нэр төрлийн барааны сонголттой эхэлсэн бэ. Анхдагч байр сууриа хадгалахын тулд ямар алхам хийдэг вэ?
-2000 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүний сонголттойгоор Монголын хамгийн анхны өөртөө үйлчлэх дэлгүүр болж байгуулагдсан. Жижиглэн болон бөөний худалдааны салбарт тодорхой байр сууриа эзэлж байна. Бид дотоод, гадаадын үйлдвэрлэгч, нийлүүлэгчдийн бараа бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд түргэн шуурхай хүргэхийн тулд бүтээгдэхүүний чанар стандартыг хангахад шаардлагатай худалдааны эрүүл, аюулгүй тав тухтай орчныг бүрдүүлэн ажилладаг. “Сансар” сүлжээ дэлгүүр 2013 оноос сүлжээ дэлгүүрийн хөгжлийг тодорхойлох, үйлчилгээний орчныг шинэчлэх төслийг амжилттай хэрэгжүүлж, өөрийн өнгө төрхийг бий болгож, орчин цагийн интерьер дизайн, дэвшилтэт технологи бүхий тоног төхөөрөмж, тохижилт үйлчилгээгээрээ олон улсын стандартын түвшинд хүрээд байна.
 

 

-Ажилтны тоо өнөөдөр хэд хүрсэн бэ. Анх мэдээж цөөхүүлээ эхэлсэн болов уу?
-Мянга гаруй ажилтантай. Анх гэр бүлийн хүн төрийн байгууллагад ажилладаг тул би жолооч, нярав, гаалийн менежер, ачигч, тайлан тооцоо гээд бүх ажлаа өөрөө хийдэг байсан. Сүүлдээ гэр бүлийн хүнээ ажлаас нь гаргасан даа.
-Бизнесийн зарчим гэвэл таны онцолж хэлэх зүйл юу вэ. Ажилтнуудаа ямар шалгуураар авдаг вэ?
-Аливаа асуудалд сэтгэлээрээ ханддаг байвал болох нь тэр. Мэдэхгүй чадахгүй бол хоёрдогч асуудал. Сэтгэлтэй, үнэнч шударга байвал үр дүнд хүрнэ гэдгийг ажилтнууддаа байнга хэлдэг. Миний хувьд хүнд ямар ч ажлыг итгэж даатгах нь чухал гэж боддог.
 

 

-Таны хувьд одоогоор отгон бизнес гэвэл алийг нэрлэх вэ?
-Барилга байна. Хүн ер нь амьдралаас л олон мэргэжилтэй болдог. Хөгшчүүл номын номноос амьдралын ном чухал гэж ярьдаг шүү дээ. Амьдралаас суралцсанаа хийж биелүүлбэл тэр бодитой үр дүнд хүрнэ гэж үздэг. Бүх талын мэргэжилтэй болж байна даа. Барилга гэхэд бүтээцийн, сангийн, цахилгааны, инженерийн гээд бүгдийг мэдэх шаардлага тулгарна. Манайхан мэргэжлийн бус ч гэсэн барилгын зураг хараад мэдээд, үнэлэлт дүгнэлтээ өгчихдөг. Хамтарч ажилладаг байгууллагууд та нар мэргэжлийн хүн шиг болчихсон байна гэж хэлдэг. Өөрөө юмаа мэддэг байж хүнд зааварчилга зөвлөгөө өгнө. Гэхдээ бусдын үгийг сонсож авах гээхийн ухаанаар хандаж байж эцсийн шийдвэрээ гаргадаг.
Барилгын шинэ төсөл эхэлчихээд явж байна. Манайх ам бүл өсөөд, ажилтан албан хаагчид олон болж, ажлын байрны хангалт ч шаардлагатай учир энэ жил үйлчилгээний төвтэй оффисийн байр барих нэлээд томоохон төсөл эхлүүлсэн.
 

 

-Боловсон хүчнийг чадавхжуулах тал дээр олон талт ажлуудыг сэднэ биз?
-Ажилчдынхаа боловсрол, нийгмийн асуудалд тодорхой хэмжээний анхаарал тавьдаг. Манайд оюутан цагаасаа эхэлж ажиллаад одоо захирал хийж байгаа хүмүүс хүртэл байна. Ажил амьдралаа манай групптэй холбосон хүмүүсийн нийгмийн асуудлыг аль ч талаар нь шийдэхийг хичээдэг. 30-аад байшинтай зуслангийн лагерь барьсан. Жил бүрийн ажлаа дүгнэж “Алтан жолоо авардс” наадмыг зохион байгуулж, хамт олноо манлайлан ажилласан 10 хүнийг жил бүр гадаадад явуулж амруулдаг.
Жил бүр группийн спортын их наадмын тэмцээнийг зохион байгуулсаар уламжлал болжээ. Хамт олны уур амьсгал, эрч хүчийг сэргээх давуу талтай. Спорт эв нэгдлийн бэлгэ тэмдэг гэдэг. Эвтэй хамт олон илүү хүчирхэг байдаг. Охин компаниудын аваргыг жил бүр шалгаруулахад манайхан “Дараа жилийн наадам даанч хол байна даа” гээд л тардаг даа. инээв.сур
 

 

-Супермаркетийн сүлжээнүүдийн тухайд нийлүүлэгчдийн зарим нь сэтгэл хангалуун бус байдаг. Учир нь нийлүүлсэн бараа, бүтээгдэхүүний мөнгийг буцаан олгох тал дээр хэт удаашралтай гэх мэт. “Сансар” сүлжээний тухайд энэ тал дээр ямар зарчим баримталдаг вэ?
-Зарагдсан бараа бүтээгдэхүүний мөнгийг ямар ч хүнд сурталгүйгээр, гэрээний дагуу өгдөг. Сард хоёр удаа тооцоо хийдэг. Бараа бүтээгдэхүүн хүлээн авахдаа, мөнгө төлөлт олгохдоо хүнд сурталгүй учир нийлүүлэгч нар манай “Сансар” супермаркетад сэтгэл хангалуун байдаг. Энд дурьдахад бусад ижил төрлийн үйл ажиллагаа явуулдаг компаниудыг бид өрсөлдөгч биш хамтрагч гэж боддог. Оруулж ирдэг бараа бүтээгдэхүүнээ тэдэнд нийлүүлдэг, тэдгээр бизнес эрхлэгчдийн бараа бүтээгдэхүүнийг өөрийнхөө сүлжээ дэлгүүрээр зарж борлуулах гээд зах зээлийн зарчмаар явж ирсэн.
 

 

-Татварын орчны тухайд ямар үнэлэлт дүгнэлттэй явдаг вэ?
-Бид олон жил үйл ажиллагаа явуулж буйн хувьд хууль дүрмээ сахиад явдаг. Нэг хэсэг нь татвар төлөөд явж байхад, нөгөө хэсэг нь хамрагдахгүй яваа тал бий. Манайх Монголын татварын албаны дээд шагнал, шилдэг татвар төлөгч болсон, 14 жил дараалан “ТОП-100” аж ахуйн нэгжид шалгарсан. Энэ нь улс орны нийгэм эдийн засгийн хөгжилд оруулж буй хувь нэмэр, бий болгосон ажлын байрны тоо, улсад төлсөн татварын хэмжээ зэрэг үзүүлэлтээр жил бүр шалгаруулдаг арга хэмжээ.
 

 

-Төр ямар боломж олгох ёстой гэж боддог вэ. Монгол Улс ингэвэл хөгжчих гээд байна даа гэсэн гаргалгаа танд байдаг уу?
-Монголд үйл ажиллагаа явуулж буй бизнес эрхлэгчид төсвийн нэлээд хэсгийг татвар төлөлтөөр бүрдүүлж өгч байгаа. Хүн урам зоригтойгоор татвараа төлөөд ажиллаж болох таатай нөхцөлийг бүрдүүлж өгөх юм бол улс орон хөгжих байх. Дотооддоо нэмүү өртөг бий болгох, экспортын бараа бүтээгдэхүүнээ үйлдвэрлэх, гаргах нэгдсэн бодлогыг дэмжиж өгвөл Монголын хөгжилд багагүй нэмэр болох юм болов уу гэж боддог. Бид гаднаас бараа импортолдог харилцагч компаниудаа ажихад 100 гаруй улс руу бүтээгдэхүүнээ нийлүүлээд нүдэн дээр өргөжиж байна шүү дээ. Экспортонд бүтээгдэхүүнээ гаргая гээд гэрээ байгуулах гэхээр цаанаа маш өндөр татвар төлдөг. Эндээ чөлөөлчихсөн атлаа цаашаа орохоор татвар дийлдэхгүй. Ийм өндөр татвар төлчихөөр бараа бүтээгдэхүүн тухайн зах зээлд өрсөлдөх ямар ч боломжгүй байхгүй юу. Дэлхийн хоёр том гүрэнтэй хил залгаа байгаа давуу талаа ашиглаж, бүтээгдэхүүнээ экспортолж, эх орондоо валют авчрах үүд нээгдэнэ гэж боддог.
 

 

-Хөл бөмбөгийн тэмцээн, телевизийн шоунуудыг ивээн тэтгэж байгаа харагддаг. Энэ нь таны спортоор хичээллэдэгтэй холбоотой юу?
-Спортын олон арга хэмжээнд “Арвайн үндэс” ХХК идэвхитэй оролцдог. Өнгөрсөн гурван жил Монголын хөл бөмбөгийн холбоотой хамтарч ажиллалаа. Хөл бөмбөгийг дэмжиж “Хүрхрээ лиг”-ийг Монгол улсад спортын хамгийн өндөр шагналтай тэмцээн болгож чадсан. Хөл бөмбөгийг дэлхий нийтээрээ шүтэн биширч, дэлхийн аваргын тэмцээнийг хүн болгон дэлгэцээр үзээд сууж байна. Монголын хөл бөмбөгийн холбоо намайг бас шагнаж урамшуулсан. Монгол бөхийн холбоотой хамтарч ажилладаг. “Арслан цолтонгуудад хүндэтгэл үзүүлэх” барилдааныг найм дахь жилдээ манайх ивээн тэтгэсэн. Нийгмийн хариуцлага, спортын сонирхол аль аль нь нэгддэг байх. Voice of Mongolia уралдааныг зохион байгуулахад хамтрагчаар орж, ивээн тэтгэж ажилласан.
 

 

-Ажлын өрөөний тань тохижилтыг анзаарахад нэлээд сүсэг бишрэлтэй болов уу гэсэн сэтгэгдэл төрж байна?
-Өвөг дээдэс маань их шүтлэгтэй байсан. Монгол хүн гэдэг утгаараа бага зэрэг сүсэг бишрэл байлгүй л яах вэ. Манайд лам өвөө гээд Завхан аймгийн Цэцэн-Уул сумын харьяат Гончиг гэж хүн байсан. Өвөө маань хэдхэн жилийн өмнө 106 настай таалал төгссөн юм. 12 настайдаа нутгаасаа гарч хүрээнд суусан гэдэг. Нутагт нь 1000 ламтай Тэгшийн хүрээ гэж байсныг манай өвөө сэргээсэн. Нийт таван дугана, найман суварга бүтээхэд нь “Алтан жолоо” групп” маш идэвхтэй оролцож, хөрөнгө мөнгө хандивласан. Хамгийн сүүлд Цэцэн-Уул суманд дотуур байртай шашны сургууль байгуулсан нь тус хийдийг байнгын уншлагатай болгох лам өвөөгийнхөө зорилгыг биелүүлсэн, нөгөө талаасаа орон нутгийн сүсэгтэн олонд буянтай үйлс болсон.
 

 

-Таны хобби гэвэл машин уу. Цуглуулагчид таны ховор машины тухай ярьдаг юм билээ?
-Сургуульд ороогүй байхад аав маань өвөр дээрээ суулгачихаад “ЗИЛ-130”-ынхаа рулийг мушгуулдагсан. Пүүгээ тавьж суудал өндөрсгөөд дэргэдээ суулгачихаар дуртайяа орчин тойрныг хараад явдаг байсан. Техникийг эртнээс эзэмшиж 2,3-р ангидаа машин унаад сурчихан хүн шүү дээ. Тийм учраас машин цуглуулах хоббитой. бидэнд цуглуулгаа үзүүлэв.сур Хуучны ЗХУ-д үйлдвэрлэгдсэн нэлээн хэдэн машин энд бий. Дандаа явдаг машинууд, эд анги нь бүгд үйлдвэрийнхээрээ. Эднийг чинь сураг ажгийг нь гаргачихаад авчирна, засч янзална. Энэ гарааш бол машинуудаа хадгалдаг газар. Засдаг газар тусдаа бий. Биднийг дагаж яваа эрхмийг зааж “энэ хүн эдгээр машинуудыг хариуцдаг юм” гэв. Монгол, Оросын төв хорооныхон унадаг байсан машинууд бий. Цэдэнбал даргын унаж явсан машин тэр захынх. Яаж мэдсэн бэ гэхээр Засгийн газрын автобаазад ажиллаж байсан хүнд үзүүлсэн юм. Гэтэл машин тойрч явснаа хаалгыг нь онгойлгож үзээд “Даргын машин байна шүү дээ” гэлээ. “Яав” гэтэл “Станцны суурь байна” гэнэ. Станцыг нь тэр хүн хийж байсан юм билээ. Цэдэнбал дарга 1981 онд Москвад олон сар болохдоо унаад, Монголд аваад ирсэн юм билээ. Чадраабал гэдэг хүн Засгийн газрын баазын өмч хувьчлалаар анх авч, гараас гарт дамжсаар би худалдаж авсан. Монголд унаж байсан “Чайка”-нуудыг оросууд, сүүлдээ Казакстанууд аваад дуусгачихсан. Тухайн үед Чадраабал гуай “Даргын машин, нэг нь ч гэсэн Монголдоо үлдэг” гээд өгөөгүй юм билээ. Энд дайны үед ашиглаж байсан машин ч бий.
 

 

-Таны анхны хувийн унаа ямар маркийнх байсан бэ?
-Би анх “Москвич-1500”, “ГАЗ-2410” машинууд унаж байсан.
 

 

-Орчин цагийн машинуудыг ч худалдан авдаг гэж сонссон юм байна?
-Аан, тийм. Ер нь шинэ загварын машин гарвал авч байж л санаа амарна шүү. Үүнийг нэг их дэлгэрүүлээд хэрэггүй байх.
 

 

-Амьдралын утга учрыг юу гэж боддог вэ?
-Гэр бүл, үр хүүхэд хамгийн чухал. Зээтэй болсноос хойш гэр бүлдээ бүр их цаг зарцуулдаг болоод байна. Зээ нартайгаа уулзахгүй хоёр гурав хоночихвол уулзахсан гэж тэмүүлнэ. Том охин маань охин, хүү төрүүлсэн. Олуулаа байх шиг сайхан юм байхгүй.
 

 

-Танай энэ зуслангийн хаус сайхан тохижилттой юм аа. Үүнийг барьж байгуулахад та оролцохгүй байна гэж байхгүй биз?
-Эхнэр, хүүхдүүд зохион байгуулалт, дотоод засал гээд чимхлүүр юмаа хариуцдаг. Би бол дэд бүтцээ хариуцна шүү дээ. инээв.сур Аливаа ажилд сэтгэл гаргаж, чанартай, төгс хийх хэрэгтэй гэсэн зарчмыг баримталдаг. Зөв төлөвлөж, богино хугацаанд чанартай хийхийг хичээж ирсэн. Зүгээр сууж болохгүй, сэтгэлийн хөөрлөөр буруу зүйл хийж болохгүй.
-Бидэнтэй амжилтын түүхээ хуваалцсан танд баярлалаа.

2018 оны 6-р сар

Ярилцсан: Н.Энхцэцэг

"50 ЧУХАЛ ХҮН" ном


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top