МАЛЧНЫ ХОТОНД: Хонгор нутгийн “ЭЗЭД”

Б.Эрхэс | Zindaa.mn
2019 оны 02 сарын 12

-ZINDAA.MN  сайтын сурвалжлах баг Баянхонгор аймгийн Баянговь сумын иргэн, Улсын аварга малчин Ц.Бат-Эрдэнийн хотонд түр саатлаа-

 

Өвлийн турш нэвсгэр цасанд хучигдсан хонгор нутаг сүүлийн хэдэн өдрийн наранд алаг цоогтож, уулын өвөр болоод энгэр хэсэгтээ ямар ч цасгүй болжээ. Ялангуяа говийн хэдэн сумдаар нь бараг л өвөл болсон гэж хэлэхэд бэрх. Нутгийн иргэдийн ярьж байгаагаар энэ жил говийн сумдаар цас бага унажээ.

 

 

Баянхонгор аймгийн Баянлиг, Баянговь зэрэг сум улсдаа тэмээн сүргийнхээ тоогоор тэргүүлдэг. Тэгээд ч тэр үү нутгийн зон олон таван хошуу малаас ихэвчлэн тэмээг илүүд үзэж, өсгөж үржүүлдэг байна. Их Богд уулын өвөр хэсгийг эзэгнэж, их говиор хүрээлэгдсэн Баянговь сум Улаанбаатар хотоос 650 км, аймгийн төвөөсөө 170 км алсад оршдог.

 

 

ШИНЭ АВАРГЫНХ ХУЛГАРЫН БАРУУН ҮЗҮҮР ГЭХ ГАЗАРТ НУТАГЛАЖ БАЙНА

 

Харин Баянхонгор аймгийн Баянговь сумын Дунд цоохорын дөрөвдүгээр багийн малчин Цэрэнбалжирийн Бат-Эрдэнийн өвөлжөө аймгийн төвөөсөө 240 гаруй км зайтай. Тэднийх энэ жил Хулгарын баруун үзүүр гэх газарт уулын бэл бараадан өвөлжиж байгаа аж.

 

ДЭЛГЭРЭНГҮЙГ ВИДЕО ХЭСГЭЭС ҮЗНЭ ҮҮ!

 

 

Биднийг очиход малчин Ц.Бат-Эрдэнийх олны хөлд дарагдсан, хөл хөдөлгөөн ихтэй угтлаа. Учир нь, түүний олон жил мал маллаж, өсгөсөн хөдөлмөрийнх нь үр шимийг төр, засаг үнэлж, гахай жилийн босго дээр “Улсын аварга малчин” цол хүртээжээ.

 

Бага балчир наснаасаа мал дагаж, малч ухаанд суралцсан Ц.Бат-Эрдэнийх ам бүл зургуулаа. Эхнэр, дөрвөн хүүхдийн хамт амьдардаг. Хар нялхаасаа аав, ээжийгээ дагаж малчин болжээ. Өөрөөр хэлбэл, мал аж ахуйн үйлдвэрлэлд тасралтгүй 20 жил зүтгэж байгаа аж.

 

Ц.БАТ-ЭРДЭНЭ: БИ ТАСРАЛТГҮЙ 20 ЖИЛ МАЛ МАЛЛАЖ БАЙНА
 

 

Тэрбээр “Би тасралтгүй 20 жил мал маллаж байна. Малын тоо, толгой жилээс жил өсч байгаа ч тоонд биш чанарт анхаарч байна. Энэ хөлс, хөдөлмөрийг минь үнэлж, төр засгаас намайг “Улсын аварга малчин”-аар өргөмжилсөнд баяртай байна” хэмээн ярилаа.

 

ДЭЛГЭРЭНГҮЙГ ВИДЕО ХЭСГЭЭС ҮЗНЭ ҮҮ!

 

 

 

ГУРВАН ЖИЛИЙН ХУГАЦААНД НАЙМАН ӨРХИЙГ МАЛЖУУЛЖЭЭ

 

Шинэхэн аварга эхнэртэйгээ 1997 онд танилцаж, гэр бүл болжээ. Түүний гэргийг П.Батцэрэн гэдэг. Дөрвөн хүүхэд төрүүлсэн “Алдарт эх" аж. Тэрбээр “Анх бид хоёр гэр бүл болохдоо их цөөхөн малтай байсан. Харин одоо бол малын тоо толгой олон болжээ. Ихэнх нь тэмээ. Тэмээ нэг их арчилгаа шаарддаггүй. Ашиг, шим нь ч их” хэмээн хуучлав.

Баянхонгор аймгийн Баянговь сумын Дунд цоохорын дөрөвдүгээр багийн малчин, хэдхэн хоногийн өмнө “Улсын аварга малчин” цолоор хөдөлмөрөө үнэлүүлсэн Ц.Бат-Эрдэнэ болон түүний гэргий, дөрвөн хүүхдийнх нь ээж П.Батцэрэн нар сүүлийн гурван жилийн дотор малгүй, цөөн малтай найман өрхийг малжуулжээ. Түүнчлэн ажилгүй хоёр иргэнийг ажлын байраар хангаж, жилд таваас доошгүй төрлийн цагаан идээ бэлтгэн нийлүүлдэг байна. Тэд өнгөрсөн жил 100 гаруй тэмээ тоолуулжээ. Үүнээс энэ жил 70 орчим тэмээ ботголох аж.

 

Ц.БАТ-ЭРДЭНИЙН ШАВЬ Э.БАТ-ЭРДЭНЭ

“Улсын аварга малчин” Ц.Бат-Эрдэнийнх хашаандаа өвлийн дүнзэн байшинтай. Байшингийнх нь баруун талд хоёр гэр, зүүн талд нь нэг гэр байх аж. Малын тоо, толгой нь жилээс жилд өсч, хэдийнэ хоёр мянгыг давсан тул нутгийнхаа Э.Бат-Эрдэнэ гэх залууг шавиа болгож, туслах малчнаар авчээ. Тэд мал маллах арга туршлагаа хуваалцаж, амьдрах ухааныг нэг нэгэндээ зөвлөж, хөрш айл болж амьдраад олон жил болж байгаа аж.

 

ААВ ШИГЭЭ ТЭМЭЭЧИН БОЛНО

 

 

“Улсын аварга малчин” Ц.Бат-Эрдэнийн шавь Э.Бат-Эрдэнэ хоёр хүүтэй. Том нь найм, бага нь таван настай. Таван настай хүү нь аавыгаа хаана л явна дагаж харагдана. Тэмээ унах дуртай жаалхүү ирэх намар сургуульд орох ажээ. Түүний “Би таван настай. Саяхан тэмээ унаж сурсан. Би тэмээ унах дуртай, гоё байдаг. Аав шигээ тэмээчин болно” хэмээн ярих нь цаанаа л нэг хэрсүү. Үнэхээр л хонгор нутгийн "эзэд" нь тэмээ гэдэг амьтанд "дурласан" бяцхан жаалууд гэлтэй.   

 

ХЭЗЭЭ МӨДГҮЙ НЯЛХ ТӨЛИЙН ДУУ ЦАНГИНАНА

 

Нэг мэдэх нь ээ, цаг орой болжээ. Нар уулын цаагуур орж бүрэнхий болов. Орсон бороо арилж, ирсэн гийчин буцдаг хойно бид ч хот руугаа хөдөллөө. Буцах замд ганцхан зүйл л бодогдож байв. Хэдхэн хоногийн дараа хонгор нутагт уяхан хавар айлчлан ирнэ. Энэ үед малчид хамгийн их хөдөлмөрлөдөг, тэдний тэсвэр хатуужлыг шалгадаг цаг. Гэхдээ л малчид минь тэр хэрээр гэртээ баяр хөөрөөр дүүрэн орж ирэх байх даа гэж. Учир нь, өглөө бүр хотонд нь нялх төлийн дуу цангинаж угтах болохоор тэр шүү дээ... 

ЗУРАГЛААЧ: М.ТЭНҮҮН

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top