Д.Нацагдорж: ”Мөргөлийн эгшиг” нь бурхны ивээлд багтаах адистай

2019 оны 02 сарын 13

Манба Дацан хийд, Улсын филармонийн "Морин хуурын чуулга" хамтран жил бүрийн хаврын тэргүүн сарын шинийн найманд “Мөргөлийн эгшиг” хүндэтгэлийн тоглолт зохион байгуулж, Их Манла, Манлын лхого, Манлын дончид их хурлуудыг хуран түмэн олныг даатгадаг уламжлалтай билээ. Энэхүү бэлгэ дэмбэрэлтэй сайхан үйл ажиллагааг өнөөдөр /2019.02.03/ 19 дэх жилдээ зохион байгууллаа.   

 

Гавьяат эмч, Хамба лам Д.Нацаг­дорж 19 жилийн тэртээ Манла бурханд сэтгэлийн өргөл өр­гөж, “Мөргөлийн эгшиг” хэмээх шүлгийг бичжээ. Энэхүү шүлэгт Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт Л.Лувсаншарав ая дан хийж, дуу төрсөн түүхтэй. Чингээд энэхүү дууг анх 2000 оны хаврын тэргүүн сарын шинийн найманд Манба Дацан хийдэд "Морин хуу­рын чуулга"-ыг урин залж, Манла бур­хан­д тахил хүндэтгэл үзүүлдэг болсноос хойш “Мөргөлийн эгшиг” тоглолтыг уламж­лал болгон зохион байгуулдаг болсон аж.
 

 

“Мөргөлийн эгшиг” тоглолтод уламжлал ёсоор Н.Жигжиддорж удирдаачтай "Морин хуурын чуулга" бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцож, Төрийн хошой шагналт, Ардын жүжигчин Н.Жанцанноровын "Монгол аялгуу"-аар арга хэмжээг эхлүүллээ.

 

МАНБА ДАЦАН ХИЙДИЙН ХАМБА ЛАМ Д.НАЦАГДОР: "МОРИН ХУУРЫН ЧУУЛГА"-ЫНХАА БУЯНД

ДАГАН БАЯСАЖ БАЙНА 

 

 

-Өнөөдөр шинийн наймны билэгт сайн өдөр Монголын ард түмэн бүгдээрээ сайн сайхан зүйл бодож, буян хурж байна. Буянд даган баясаж байна. Энэ сайхан өдөр Манба Дацан хийдэд олон сүсэгтэн ирж, Манлын лхого, Манлын дончид тэргүүтэй олон сайхан хурал номонд оролцож байгаад талархаж байна. Манлын их дүйцэн өдөр бидний хийсэн буян олон сая живаа болж, арвиддаг учиртай.

 

Миний бие хориод жилийн тэртээ “Мамба дацан”-д, эрдэмтэн, мэргэдийг урьж, монгол үндэсний бахархалт хөгжим, дуу эгшгийг өргүүлье гэж шийдэж байлаа. Тэр цагаас хойш бидний хүсэлтийг "Морин хуурын чуулга"-ын хамт олон сайхан хүлээн авч, өнөөдрийг хүртэл “Мамба дацан”-д хөгжим, дуу аялгуу өргөж, бурхан гончигсүм, сүсэгтэн олны сэтгэлийг ариусгаж, буяныг хамтдаа хурааж байгаад талархаж, тэднийхээ буянд даган баясаж байна.

 

“Мөргөлийн эгшиг”, “Багшийн минь ач” зэрэг дуунууд нь сайхан бэлгэ дэмбэрэлтэй. “Мөргөлийн эгшиг” бол бурханы лагшин, зарлиг, таалал, эрдэм, үйлс гэсэн таван их хүрдний үүднээс бичигдсэн дуу. Энэ дууг дуулж, залбирч явбал Манла бурханы адис жинлавыг хүртэхээс гадна бурхан бүгдийн ивээлд багтаах адис жинлавтай. Мөн хүний бие, хэл, сэтгэл ариусч, буян ихээр хураан, хожим нь бурханы оронд төрөх хүртэл тус эрдэмтэй.

 

 

Н.ЖАНЦАННОРОВ: ХӨГЖИМ, БУРХАНЫ НОМЛОЛ НЭГДЭХЭЭРЭЭ
ТӨГӨЛДӨРШИХ АРГА ЗАМ БИЙ БОЛДОГ

 

 

-Шинийн найман их сайхан ерөөлтэй өдөр. Хориод жилийн өмнө Ц.Батчулуун багш бид хоёр ярилцаад, хөгжим, бурхан хоёрыг ойртуулах хэрэгтэй юм байна гэж санал нэгдэж байсан юм. Хүн бол сэтгэлийн амьтан. Сэтгэл ямар байна, бие тийм байна, бие ямар байна ахуй амьдрал тийм байна. Тиймээс хүн аль нэг нам, лам гэхээсээ илүүтэй өөртөө итгэх итгэлээ илүү хүчтэй байлгах ёстой. Өөрөө хэдий чинээ босч чадна төдний чинээ амьдрал дээр сайн сайхныг бүтээж чадна гэдэг. Хүн харах, хүртэхээс гадна хөгжим сонсох нь хөгийг алтруулж байгаа хэрэг. Хөг алтарна гэдэг долгионоор хөдөлгөөн бий болгож, хөдөлгөөнөөр биеийн засал хийхийг хэлнэ.

 

Тийм болохоор хөгжмийг сонсч, таашаал авахаас илүүтэй хүний биологийн энергийн түвшний долгионыг тэгшитгэх чанарыг нь мэдрэх хэрэгтэй. Хөгжим, сайхан эгшиг ингэж хүнд тус болдог. Тийм болохоор нэг талаараа сэтгэлзүйн болоод оюун ухааны том эмчилгээ болж байдаг. Энэ нь бурханы шашны номлолтой нийлэхээрээ ерөнхийдөө ертөнцийн бүрэн бүтэн байдлыг хүнд хүргэж, түүгээр хүн өөрөө төгөлдөрших арга замын тухай асуудал болж хувирдаг. Тийм учраас шашинч хөгжим, хөгжимч шашин гэсэн ойлголт байдаг гэж боддог. Шашин гэдэг бол мухар сүсэг биш. Түүнийг хүртэж мэдсэн хүн өөрөө ухаарч, босч, ертөнц хийгээд өөрийгөө илүү танин, урт удаан жаргах боломжоо нээдэг байх.

 

 

Гахай жилийн хүндэтгэлийн тоглолтод Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин Д.Лувсаншаравын “Мөргөлийн эгшиг”, Төрийн хошой шагналт, Ардын жүжигчин Н.Жанцанноровын "Монгол аялгуу", "Бурхадын мэлмий", "Багшийн минь ач", "Цагаан суварга",  Төрийн хошой шагналт, Ардын жүжигчин Л.Мөрдоржийн "Алтан өргөө", Төрийн соёрхолт, Ардын жүжигчин Б.Шаравын "Жаргалын найман морь", "Сэрсэн тал",  Ардын жүжигчин Ц.Батчулууны "Гал голомт" зэрэг алдартай хөгжмийн зохиолчдын гайхамшигт бүтээлүүдийг тоглож, сүсэгтэн олны сэтгэлийг цэнгүүлж, сонорыг мялаалаа.

 

Мөн Гавьяат жүжигчин С.Цэрэндорж, С.Эрдэнэцэцэг, уртын дуучин Б.Мөнхбаатар, Ө.Цэрэнчунт, Б.Дэлгэрбар нарын уран бүтээлчид ая дуугаа өргөсөн юм.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top