Нөхөн сонгууль тойрсон ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИН

Автор | Zindaa.mn
2019 оны 02 сарын 19

Айсуй 2020 оны ээлжит сонгууль болохоос нэг жилийн өмнө /2019.06.30/ УИХ-ын сонгуулийн 42 дугаар тойрог буюу Хэнтий аймагт нөхөн сонгууль явуулахаар тов гараад буй. Акул намуудын тухайд нөхөн сонгуульд өрсөлдөж, нэрээ шороотой хутгахыг хүсэхгүй байгаа ч аргагүй эрхэнд нэр дэвшигчээ илгээхээс өөр аргагүй байдалд орчихсон байна. Харин улс төрийн жижиг намуудын хувьд наадамд морьдоо сойсон уяачид шиг хөөрч явна. Тэгэхээр нөхөн сонгуульд оролцоход хангах хууль эрх зүйн талаас албан мэдээллийг хүргэхээр зорилоо.

 

Юуны өмнө сонгуульд өрсөлдөх нам эвсэл санал авах өдрөөс 50 хоногийн өмнө буюу тавдугаар сарын 1-ээс өмнө бичиг баримтаа бүрдүүлж өгөх хуультай бол Сонгуулийн Ерөнхий Хороо тавдугаар сарын 5-ны дотор намуудыг бүртгэж дуусгах дүрэмтэй аж. Харин Сонгуулийн Ерөнхий Хороонд бүртгүүлсэн намууд тавдугаар сарын 24-28-ны өдрүүдэд намаасаа нэр дэвшүүлэх үйл ажиллагааг явуулах юм байна. Өөрөөр хэлбэл нэр дэвшигчдээ тодруулна гэсэн үг. Тэгвэл бие даагчдын хувьд бас арай өөр онцлогтойгоор нөхөн сонгуульд оролцоно. Тодотговол, бие даагчид тухайн тойрог буюу Хэнтий аймгийн Хэрлэн, Мөрөн, Жаргалтхаан сумдын нутагт очиж, 801-ээс дээш иргэний гарын үсэг цуглуулж, тавдугаар сарын 28-30-ны өдрүүдэд Сонгуулийн ерөнхий хороонд бүртгүүлж, нэр дэвшүүлэх үйл ажиллагааг жигдлэх учиртай.

 

Энэ бүх процесс явагдаж дууссаны дараа зургаадугаар сарын 7-ны өдрийн дотор нэр дэвшигчдийг эцэслэн бүртгэж, зургаадугаар сарын 8-ны өдөр нэр дэвшигчдийн үнэмлэхийг гардуулан өгөх юм байна. Аливаа сонгуулийн сурталчилгаа гэж юу юунаас том ажил байдаг. Ерөнхийдөө Хэнтий аймгийн төв Хэрлэн сум 42 дугаар тойрогт багтана гэхээр энд сонгогчдын гол хүч байж таарна. Мөн тус тойрогт багтах Мөрөн сум нь Хэнтий аймгийн төвөөс 27 километрын зайтай бол Жаргалтхаан сум нь 100 орчим километрт орших учраас нэр дэвшигчдэд хүндрэл багатай гэж болно. Ямартай ч хуулийн дагуу зааж өгсөн 18 хоногийн хугацаанд өөрийгөө таниулж, мөрийн хөтөлбөрөө тайлбарлаж амжина гэсэн үг. Ийнхүү зургаадугаар сарын 28-ны 00 цагт сурталчилгааны ажил дуусч, 29-ний өдөр ямар нэг сурталчилгаа явуулахгүй, зургаадугаар сарын 30-ны өдөр санал хураах юм.

 

Нийтийн сүлжээнд маргаан дагуулах болсон сонгуулийн зардал гэж зүйл бий. Энэ сонгуульд зарцуулах 287.6 сая төгрөгийг Засгийн газрын нөөц хөрөнгөнөөс гаргахаар шийдвэрлэсэн бөгөөд энэхүү төсвөөс Улсын бүртгэлийн байгууллагад 32 сая төгрөг, Цагдаагийн байгууллагад найман сая төгрөг зарцуулаад үлдэснийг Сонгуулийн ерөнхий хорооны үйл ажиллагаанд зарцуулахаар төлөвлөжээ.

 

Одоогийн байдлаар Монгол Улсад албан ёсны бүртгэлтэй 31 улс төрийн нам байгаагаас 29 нь нөхөн сонгуульд өрсөлдөх эрх нь нээлттэй, харин үлдсэн хоёр нам нь өрсөлдөх эрхгүй аж. Тодотговол, Иргэний Зориг Нам, Гэр Хорооллын Хөгжлийн Намууд энэ удаагийн нөхөн сонгуульд хууль ёсоор оролцох боломжгүй болж байна. Учир нь Иргэний Зориг Нам 2016 онд Сонгуулийн Ерөнхий Хороонд санхүүгийн тайлангаа хүргүүлээгүй бол Гэр Хорооллын Хөгжлийн Намын бүртгүүлсэн хугацаа 180 хоногтоо багтаагүй гэх шалтгаанаар ийнхүү нөхөн сонгуульд тус тус өрсөлдөх боломжгүй болсныг Сонгуулийн Ерөнхий Хорооноос мэдэгдсэн. Нөхөн сонгуулийн хувьд ийм хууль эрх зүйн орчинд болж өндөрлөнө. Харин сонгуулийн үед үүсэх процессууд хуульд заасан дагуу явагдах аж.

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top