“Зиндаа” сэтгүүлийн 2018 оны 11/12-р дугаарын “Онцлох сэдэв” булангийн зочин хойморт “Чингис хаан” олон улсын нисэх буудлын Үйлдвэрлэл хариуцсан Дэд захирал Д.Эрдэнэ-Очир уригдсаныг онцлон хүргэж байна.
-Сайхан намаржиж байна уу. Тантай уулзах гээд нэлээд хугацааг өнгөрөөлөө. Та их завгүй хүн юм.
-Сайн, сайн байна уу. Таныг хэд, хэд залгахад үнэхээр завгүй үе таарчихлаа. Уучлаарай.
-Нутаг ус, бага насны дурсамжаар тань ярилцлагаа эхлэх үү?
-Би Хөвсгөл аймгийн Рашаант сумын уугуул. Аав маань намайг бага байхад Их сургууль төгсөж хотод хуваарилагдснаар манайх хотын айл болсон гэдэг. Бага залуу нас минь социализмын үеийн жирийн нэгэн, шулуун шударга сэхээтний гэр бүлд бусдын адилаар л өнгөрсөн. Би айлын 6 хүүхдийн том нь учир багаасаа л их хариуцлага үүрч сурсан. Аав маань геологич, хөдөө байнга явна. Тэр үед ээж маань төрөөд 45 хоноод л ажилдаа ордог байсан тул дүү нараа хооллох ундлах, гэр орноо янзлах гээд ар гэрийн бүхий л ажлыг дүү нартайгаа чадах ядахаараа хуваалцаад хийдэг байлаа. Ийм л амьдрал дунд, хэрдээ таарсан их ажилтай өссөн дөө. Гэр орондоо тус болох санаатай зуны амралтаараа ажил хийж хөдөлмөрийн амт шимтийг эрт үзэж явлаа. Тухайн үед ээж маань номын дэлгүүрт ажилладаг байсан учир шинээр гарсан ном их авчирна, тэр хэрээр бид ном их уншдаг байлаа.
-Хэр сахилгагүй хөвгүүн байв?
-Айлын том хүүхдүүдэд сахилгагүйтэж явах зав үнэндээ байдаггүй байх аа. Хэр хэмжээндээ их хариуцлагатай байсан. Бидний үед зөв зүйлээр хоорондоо өрсөлддөг байсан учраас жишээ нь, уншсан номоороо өрсөлдөнө. Гудамжинд сагс тоглох их дуртай байлаа. Ангидаа олон нийтийн ажлаараа манлайлагч байсан. Сурлагаараа дээгүүрт жагсана. Бидний үед сурлагаар нь жагсаадаг байсан юм. Бага ангиасаа “дарга” хийсэн (инээв). Салаан дарга, бүлгэмийн зөвлөлийн дарга, 10-р ангиа төгсөхдөө ангийн дарга “сэтэр”- тэй төгсөж байсан.
-Тэгвэл үргэлжлээд их сургуульд бас дарга байв уу?
Үгүй. Би 10 дугаар ангиа төгсөөд нисэхийн сургуульд явна гэсэн зорилготойгоор сансар судлал, нисэх, нисгэгчийн тухай ном сонин их уншиж, залуу техникчийн ордонд нисэх загварын дугуйланд хүртэл явдаг байлаа. Гэвч бидний төгсөлт зах зээлийн шилжилтийн үе таарч, ардын хүүхдэд нисэхийн сургуульд явах боломж олдоогүй юм. Тэгээд ч аав минь “Ажил хий” гэж зөвлөөд, бас гэр орондоо тус болох санаатай ХМК-д ажилчнаар орж байсан. Дараа нь бусдын адил ганзагын наймаанд явсан. За, яриандаа халаад хамаг амьдралаа ярьчих вий дээ (инээв).
-Та багын мөрөөдлөө яаж биелүүлэв? Нисгэгч болох мөрөөдлөө орхиогүй болоод л та бид хоёр өнөөдөр ярилцаж байгаа байх?
-Нисгэгч болно гэсэн мөрөөдлөөр жигүүрлэн явсан боловч тухайн үедээ боломж олдоогүй. Гэсэн ч хүн мөрөөдлөө орхидоггүй юм билээ. Тухайн үед бизнес минь амжилттай байсан. ОХУ-д анхныхаа компанийг байгуулан ажиллаж байлаа. Амьдралынхаа зургаан жилийг зориулсан бизнесээ орхиод, хуримтлуулсан мөнгөө бариад нисэхийн сургуульд оюутан болсон доо. Одоо бодоход их зоримог алхам байжээ. Ингэж л би 1997 онд ОХУ-ын Санкт-Петербургийн Нисэхийн Академид элсэн орсноор хүүхэд насны мөрөөдлөө биелүүлж, одоог хүртэл агаарын тээврийн салбар хэмээх их айлын “гал тогоо”- нд хориод жил хоёргүй сэтгэлээр зүтгэж байна.
-БИЗНЕСЭЭ ОРХИН, ХУРИМТЛУУЛСАН МӨНГӨӨ БАРИАД НИСЭХИЙН СУРГУУЛЬД ОЮУТАН БОЛСОН-
-Таны төгссөн мэргэжил юу вэ?
-Сургуульдаа 5 жил суралцаж агаарын тээврийн менежмент, тээвэр зохион байгуулалтын инженер мэргэжлээр төгссөн. Орос улсад сурч байсан үе минь энэ амьдралд давтагдашгүй, мартагдашгүй сайхан үе байлаа. ОХУын Санкт-Петербургийн Нисэхийн Академи одоо Их сургууль болсон. Тухайн үедээ Оросдоо хамгийн сайн сургуульд тооцогддог. Тэнд манай нисэхийнхэн сурах хүсэл мөрөөдөл нь болдог байсан үе. Манай нисэхийн боловсон хүчнүүд ихэвчлэн СанктПетербургийн Нисэхийн Академи, Киевийн Нисэхийн Дээд сургуульд суралцдаг байсан. Оюутан байхдаа бид социалист нийгмийн яхир хатуу профессор, докторуудын гарт нухлагдсан, их ч зүйл сурсан. Хамт сурч байсан оюутнууд маань салбартаа шилдэг инженерүүд болж, ихэнх нь иргэний нисэхийн бодлого тодорхойлох түвшинд ажиллаж байна.
-Танай салбар маш өндөр хариуцлага шаарддаг учраас мэргэжлийн боловсон хүчин их чухал байх. Салбарын боловсон хүчний бодлогын хувьд?
-Маш түргэн өөрчлөгдөж, хөгжиж буй энэ нийгэмд агаарын тээврийн салбар үргэлж тэргүүн эгнээнд явдаг. Тиймээс ч агаарын тээврийн техник технологи, стандарт дүрэм журмууд бараг л цаг минутаар шинэчлэгдэн, сайжруулалт хийгдэж байна. Тиймээс бид байнга мэдлэг, мэргэжил, боловсролоо дээшлүүлж байх үүрэгтэй. Манай салбарт мэргэжлийн боловсрол маш чухлаар тавигддаг. Тухайлбал, би өөр дээрээ жишээ авъя. Би өөрийгөө иргэний нисэхийн бодлогоор бэлтгэгдсэн боловсон хүчин гэж үздэг. Миний хувьд үндсэн мэргэжлийн боловсрол гэвэл Санкт-Петербургийн Нисэхийн Академид АТ-ын инженер, 2007- 2009 онд Удирдлагын Академид Удирдахуйн ухаан, 2014-2016 онд Австралийн Griffith Их сургуульд Агаарын тээврийн менежментээр тус тус суралцаж мэргэжлээ дээшлүүлсэн. Мөн ажиллаж байхдаа мэргэжлийн чиглэлээр олон сургалтад хамрагдаж, мэдлэг боловсролоо байнга дээшлүүлэн салбарын хөгжлөөс хоцрохгүйг чармайж байна даа.
-Та “лифтээр” яваад дэд захирал болоогүй бололтой. Ажлын туршлага, замналыг тань сонирхмоор санагдлаа.
-Миний хувьд, оюутан байхдаа зуны амралтаараа МИАТ компанид үйлдвэрлэлийн дадлагажигчаар ажиллаж байсан маань ажлын байран дээр шууд гарахад дөхөм болсон гэж боддог. Би сургууль төгсөж ирээд дипломоо барин ИНЕГ-т очсон. Тэр үед захиргааны дарга нь н.Энхтүвшин гэж хүн байсан. Намайг сургуулиа төгссөнд баяр хүргээд “Нисэх буудлууд хариуцсан ерөнхий менежер С.Батмөнх гэдэг хүнтэй уулз” гэж билээ. Тэр хүн уриалагхан хүлээж аваад “Ах нь ажлынхаа анхны гарааг онгоцны туслах засварчнаас эхэлж байсан, нисэхийн ажлыг багаас нь эхэлбэл чамд туршлага хуримтлуулахад хэрэг болно” гэж хэлснээр би нисэх буудалд хуваарилагдан анхан шатнаас нь эхэлсэн. Анх камерын оператороор ажиллаж, дараа нь аюулгүй үзлэгийн шалгагч, аюулгүй үзлэгийн хэсгийн дарга, үйлдвэрлэлийн ерөнхий зохицуулагч, орон нутагт нисэх буудлын дарга хүртэл хийсэн дээ.
-Та орон нутагт хаана ажиллаж байсан бэ?
-2007 оноос “Чингис Хаан” нисэх буудлын Залуучуудын холбооны тэргүүн гэсэн сонгуульт ажилтай байлаа. Тэр үед мэр сэр залуучууд иргэний нисэх салбартаа шинэчлэл хийх шаардлагатай болсон талаар ярьж эхэлж байсан. 2009 онд Хөвсгөлийн нисэх буудлын даргыг сонгон шалгаруулж томилно гэсэн сураг гарсан. Ингээд сонгон шалгаруулалтад орж тэнцээд, томилолт өвөртлөн орон нутгийг зорьж байлаа. Тухайн үед ИНЕГын дарга С.Даваа гэж Австралид боловсрол эзэмшсэн хүн байсан бөгөөд “Шинэчлэлээ орон нутагтаа хийгээрэй” гэж билээ. Энэ нь иргэний нисэхийн түүхэнд даргыг сонгон шалгаруулалтаар томилсон анхны тохиолдол байсан байх шүү. Тэр үед орон нутгийн нисэх буудлын даргаар олон жил ажилласан нисгэгчийг голдуу томилдог байсан цаг. Би бараг хамгийн залуу даргаар очиж байсан нь хэл ам дагуулж, туршлагагүй залуу хүн томиллоо гэсэн яриа ч гарч байсан. Тухайн үед Хөвсгөлийн нисэх буудал бусад орон нутгийн нисэх буудлуудаасаа хамгийн томд тооцогддог, зорчигч урсгал, нислэгээрээ хамгийн их шөнийн гэрэл суулттай, орон нутгийн бүх нислэгийн нөөц аэродром болдог ачаалал ихтэй нисэх буудал байсан. Энд ажиллаж байхдаа би их зүйлийг сурч, их ч туршлага хуримтлуулсан.
Орон нутгийн нисэх буудал “Чингис Хаан”-ыг бодвол жижиг ч үйл ажиллагааны цар хүрээ нь том. “Чингис Хаан” нисэх буудал аюулгүй байдлын үйлчилгээ 140, аэродромын үйлчилгээ 139 гэсэн 2 дүрмийн хүрээнд үйл ажиллагаа явуулдаг бол орон нутагт газрын үйлчилгээ, аэродромын үйл ажиллагаа 139, нислэгийн хөдөлгөөний үйлчилгээ 172, техник хангалтын үйлчилгээ 171, аюулгүй байдлын үйлчилгээ 140, цаг уурын үйлчилгээ 174, нисэхийн мэдээллийн үйлчилгээ 175 гэсэн иргэний нисэхийн дүрмүүдийн хүрээнд үйл ажиллагаагаа явуулдаг. Яг л жижиг ИНЕГ гэсэн үг. Хөвсгөлд би шинэчлэлийн хүрээнд алсын хараа, үнэт зүйлс, эрхэм зорилгоо тодорхойлон байгууллагын шинэ соёлыг бүрдүүлж, олон улсын чанар, аюулгүй ажиллагааны стандартыг нисэх буудлуудаасаа анхдагч болон нутагшуулж, мөн томоохон бүтээн байгуулалтын ажлыг хамт олонтойгоо хийж байлаа. Хамгийн гол нь, залуучууд ажил хийж чадна гэдэг ойлголтыг өгсөн нь олон залуучуудад ажилд томилогдоход нь дэм болсон байх гэж боддог. Мөн надад урам өгч, ажиллах эрч хүчийг бэлэглэж байсан Мөрөн Нисэх буудлын хөдөлмөрч хамт олондоо талархаж явдаг юм.
БИ ИРГЭНИЙ НИСЭХИЙН БОДЛОГООР БЭЛТГЭГДСЭН БОЛОВСОН ХҮЧИН
-Эргэж ирээд дарга болсон уу?
-Хөвсгөлд 2009 онд очоод 2013 онд эргэж ирсэн. Энэ 4 жил миний амьдралын алтан үе байсан. Ирээд ИНЕГ-т нисэх буудлууд хариуцсан мэргэжилтэнээр ажиллаж байгаад Австралид сурахаар явсан даа
-Баруунд сурсан туршлагаа залуучуудтай хуваалцахгүй юу?
-Griffith бол Австралидаа дээгүүр эрэмбэлэгддэг, нисэхийн салбар сургуультай томоохон их сургуулиудын нэг. Ер нь барууны их сургуулийн академик түвшний соёлд бид зайлшгүй суралцах ёстой гэж боддог юм. Барууны сургалтын нэг онцлог бол суралцагчаа өөрөөр нь бие даалгуулж аливаа асуудал дээр дүн шинжилгээ хийлгүүлэн судлуулдаг. Сургуулиуд нь өөрөө асар баялаг судалгааны ажил хийх материал, номын цуглуулга бүхий номын сантай байдаг. Австралийн их сургуулиудын сургалтын программ маш чанга стандартчлагдсан. Яг л өдрийн 8 цагийг хичээлдээ зарцуулах ачааллыг зохицуулан даалгавар өгдөг. Өгөгдсөн сэдвийн дагуу 3000 үгтэй эссэ бичих даалгавар байлаа гэхэд дор хаяж 5-10 ном зайлшгүй унших шаардлага тавина.
Их сургуульд элсэн орох хэлний болон зарим шалгалтын шаардлагыг хангахын тулд жил гаруй Griffith сургуулийн хэл шинжлэлийн институтэд сурсан. Энд би барууны академик соёлоос суралцаж, их сургуулийн түвшинд англи хэл дээр яаж бичих, мэтгэлцэх, судалгааны аргачлал зэрэг маш олон төрлийн академик мэдлэгийг сурсан. Энэ нь надад их сургуульд сурах ачааллыг маш ихээр хөнгөвчилж өгсөн. Тухайн сургуульд би агаарын тээврийн менежмент, тэр дотроо аюулгүй ажиллагаа, нисэх буудлын төлөвлөлт, менежментээр гүнзгийрүүүлэн судалгаа хийж суралцсан.
-Та болон таны мэргэжил нэгт нөхдүүд мэргэшиж, чадваржихад анхаарч тасралтгүй суралцаад байдаг. Гэхдээ танай салбарт байгаа улс төржсөн халаа сэлгээ, албан тушаалын шахаа хөндлөнгийн бидэнд ч мэдэгдэм ил тод байна шүү дээ...
-Нислэг үйлдвэрлэл, аюулгүй ажиллагаатай холбоотой ажлын байран дээр мэргэжлийн бус хүн томилдог гэж бодохгүй байна. Ийм боломж байхгүй. Үүнийг би маш энгийнээр тайлбарлах гэж оролдъё. Дарга, менежер хүн гурван үндсэн мэдлэг, ур чадварыг эзэмшсэн байх ёстой. Нэгдүгээрт, техникийн мэдлэг. Тухайн ажиллаж байгаа салбарын мэдлэг нэн чухал. Хоёрдугаарт, хүнтэй ажиллах чадвар. Гуравдугаарт, тухайн салбарын аливаа асуудалд дүн шинжилгээ хийж, аливаа асуудлыг шийдэж чаддаг ур чадвар, мэдлэгтэй байх явдал юм. Эдгээр ур чадвар, мэдлэгийг эзэмшсэн дарга, менежер тухайн хариуцсан нэгж, салбар, байгууллагаа төлөвлөх, зохион байгуулах, манлайлах, хянах гэсэн удирдлагын үндсэн дөрвөн функцийн хүрээнд удирдан зохион байгуулах хэрэгтэй болдог. Тэдгээрийн нэг болох хяналтыг авч үзье. Хяналтын механизм бол агаарын тээврийн салбарт маш чухлаар тавигдана. Хяналтыг ажлын дадлага туршлагатай, мэргэжлийн хүн зайлшгүй хийх шаардлагатай. Дүрэм журам, хуулиндаа ч заасан байдаг. Хэрвээ мэргэжлийн бус хүн томилогдвол манайх шиг онцлогтой салбарт аюулгүй ажиллагаа алдагдаж эрсдэл үүснэ гэсэн үг. Бид “Нисэхийн аюулгүй ажиллагаа, аюулгүй байдлыг хэзээ ч наймаалцахгүй, улс төржүүлэхгүй л байх ёстой”гэсэн ганцхан зарчим дээр санал нэгдэх хэрэгтэй гэж боддог. Үүнийг манай шийдвэр гаргах түвшний албан тушаалтнууд ойлгоно гэдэгт итгэлтэй байна.
-Та Нисэх буудлын Үйлдвэрлэл хариуцсан захирал. Яг юуг нь хариуцан ажиллаж байна вэ?
-Нисэх буудлын үйлдвэрлэл гэдэг нь агаарын хөлөг, нислэгтэй шууд холбоотой үйл ажиллагаа юм. Тэгэхээр үйлдвэрлэл нь аюулгүй ажиллагаатай шууд холбоотой гэсэн үг. Нислэг үйлдвэрлэлээ дагаж бүх хувийн хэвшлийн болон тусгай чиг үүргийн байгууллагуудын үйлчилгээ, мөн нисэх буудлын болон агаарын тээвэрлэгчдийн бусад үйлчилгээ, нисэх буудлын үндсэн үйл ажиллагаа явагдаж байдаг. Манай байгууллага олон улсын стандарт, зөвлөмж, шаардлагад нийцсэн, мөн Иргэний нисэхийн дүрмийн дагуу гэрчилгээжэн үйл ажиллагаагаа явуулж байна. Бид үйлдвэрлэлийн үйл ажиллагаандаа жил бүр стандарт шаардлагын хэрэгжилтэд хяналт шалгалт хийлгүүлж гэрчилгээгээ сунган ажиллаж байдаг. Мөн үйл ажиллагаандаа чанарын удирдлагын тогтолцоо (ISO-9001-2015), аюулгүй ажиллагааны удирдлагын тогтолцоо (SMS) хэрэгжүүлэн ажиллаж байна. Нисэх буудлын үйлдвэрлэл, аюулгүй ажиллагаанд оролцдог бид алдах эрхгүй, эрсдлийн тээгч нар юм. Тиймээс бид үйлдвэрлэлийн үйл ажиллагаандаа аюулгүй ажиллагаанд суурилсан менежментийн бодлого хэрэгжүүлэн ажиллаж, болзошгүй эрсдэлийг удирдан аюулгүй ажиллагааг ханган ажилладаг. Энэ ажил маань ч үр дүнтэй явж байгаа гэж бодож байна. Би хэдэн жишээ дурдъя. Бид нисэх буудлын үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд оролцдог машин механизм, тоног төхөөрөмжиндөө эрсдэлийн судалгаа хийж, болзошгүй нөхцөл байдлаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлснээр агаарын хөлгийн хөөрч буух зурвасын цэвэрлэгээ арчилгааг их хэмжээний цас орсон үед үйлдвэрлэлийн үйл ажиллагааг тасалдуулахгүйгээр зохион байгуулж чадаж байна. Мөн агаарын хөлөг хөөрч буух зурвасандаа эрсдлийн судалгаа хийж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд агаарын хөлгийн дугуйнд гарсан зөрчлийг илрүүлж, болзошгүй ослоос урьдчилан сэргийлж чадсан зэрэг бодитой ажлууд хийж эрсдэлийн менежментийг хэрэгжүүлэн ажиллаж байна.
-Танай ажил их ачаалалтай юм байна. Тантай ингэж ярилцаж суух гэж бараг 7 хонолоо.
-Тийм ээ. Ойрд нэлээд ачаалалтай байна. Манай нисэх буудал олон улсад 24 цагийн үйл ажиллагаатай гээд зарласан байдаг. Энэ ачаалал хэд хэдэн шалтгаантай байгаа. Зорчигчийн урсгал эрс нэмэгдэж байна. Мөн Монгол орны цаг агаарын эрс тэс байдал, салхи, утаа, мөн манай нисэх зурвасын хязгаарлалттай зөвхөн нэг талын суулт, хөөрөлттэй холбоотойгоор нислэгийн саатлууд их гарч байна. Төлөвлөгдөөгүй энэ саатлууд ажлын ачааллыг хэт нэмэгдүүлж, цонхтой цагаар хийгдэх ёстой засвар үйлчилгээний ажлууд, мөн үзлэг шалгалтын ажил ч батлагдсан хуваарийн дагуу явагдахад хүнд болдог. Тухайлбал, нислэгийн цагийн хуваарийг жилд хоёр удаа албан ёсоор баталдаг. Зуны нислэгийн цагийн хуваарь, өвлийн нислэгийн цагийн хуваарь гэж. Энэ дагуу бид үйлдвэрлэлийнхээ төлөвлөлтийг хийж, үйлдвэрлэлтэй холбоотой хүн хүч, техник тоног төхөөрөмжийн хуваарилалт, ажлын технологио батлан гаргадаг.
-Илүү тодруулахгүй юу?
-Бид нислэгээ дагаж аюулгүй ажиллагаа, аюулгүй байдлаа ханган үйлдвэрлэлээ явуулдаг. Нислэг батлагдсан цагийн хуваарийн дагуу явагдвал бидний ачаалал бага байна. Би ч өглөө 8 цагтаа ирээд орой 17 цагтаа харина гэсэн үг. Би хэдэн тоо хэлье. 2018 оны эхний өдрөөс наймдугаар сарын 01-ний хооронд нийт 4513 нислэг манай нисэх буудал дээр үйлдэгдсэн. Үүний 1364 нь саатсан. Нийт нислэгийн 30хувь нь гэсэн үг. Тэгэхээр бидний төлөвлөлтийн 30хувь нь төлөвлөгөөнөөс гадуур зохицуулалт хийхээс аргагүйд хүрнэ. Энд маш олон асуудлыг зохицуулах хэрэгтэй болдог. Манайд үйлдвэрлэлийн хяналтын төв гэж бий. Энэ төвийнхөн маань агаарын хөлгийн хөөрч, буух зурвасанд үзлэг шалгалт хийх, агаарын хөлгийн зогсоолыг хуваарилах, терминалын хүчин чадалтай уялдуулан хил, гааль, мэргэжлийн хяналт, газрын үйлчилгээ, аюулгүй байдлын үйлчилгээ, зорчигч урсгал гээд бүгдийг зохицуулах шаардлага гарч байгаа биз. Энэ бүгдийг бид аль болох шуурхай, зорчигчдод чирэгдэлгүй, аюулгүй ажиллагааг ханган мэргэжлийн өндөр түвшинд 24 цагийн турш зохион байгуулах үүрэгтэй. Утсаа салгах ч эрх байхгүй. Хэрвээ үйлдвэрлэлийн ажилтнууд маань төлөвлөснөөс бус өөрсдийн шийдвэр гаргах эрх мэдлээс давсан зохицуулалт гарсан үед, мөн аюулгүй ажиллагаанд нөлөөлсөн эрсдэлтэй асуудал гарвал хэзээ ч хамаагүй утасдаж зөвлөмж авч шийдвэр гаргуулах, зарим тохиолдолд газар дээр нь ирж шийдвэр гаргахаас ч аргагүй тохиолдол байдаг. Энэ төлөвлөгдөөгүй гэнэтийн саатлаас болж буй ажлын ачааллыг үл хайхран, үйлдвэрлэлийн хэвийн үйл ажиллагааг хангахын төлөө нэг баг болж хамтран ажиллаж байгаа үйлдвэрлэлийнхээ алба хэлтсийн дарга, инженер техникийн ажилтнууддаа, мөн бидний ажлыг ойлгож дэмжин ажилладаг захирал, бусад удирдлагууддаа энэ дашрамд талархал илэрхийлье.
ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТ НЬ АГААРЫН ТЭЭВРИЙН ӨСӨЛТӨД ГОЛЛОХ НӨЛӨӨ ҮЗҮҮЛДЭГ
-Та зорчигч урсгал өсөж байна гэлээ. Тухайлбал, хэрхэн өсөж байгаа вэ?
-2018 оны нэгдүгээр сарын 1-нээс есдүгээр сарын 30-ны байдлаар манай нисэх буудал дээр нийт 11225 агаарын хөлөг бууж, хөөрсөн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 19 хувийн өсөлттэй, нисэх буудлаар нийт 1101274 зорчигч үйлчлүүлж өмнөх оны мөн үетэй харьцуулахад 36 хувийн өсөлттэй гарч байна. Ялангуяа орон нутгийн зорчигч 25 хувиар өссөн үзүүлэлт гарч байгаа нь манай улсын эдийн засгийн үзүүлэлт илт сайжирч байгаагийн илрэл юм. Ерөнхийдөө агаарын тээврийн өсөлтөд эдийн засгийн үзүүлэлт голлох нөлөө үзүүлдэг.
-“Агаарын тээврийн салбар гэх их айл” гэж та дээр хэлсэн. Яагаад ингэж онцолж хэлсэн юм бол гэдэг асуулт толгойд эргэлдээд байна л даа?
-Агаарын тээврийн салбар бол нийгэм, эдийн засагт гол үр ашиг, нөлөө үзүүлж буй тогтвортой өсөн нэмэгдэж буй том салбар юм. 2018 оны олон улсын иргэний нисэхийн байгууллагын судалгаагаар дэлхийн түвшинд агаарын тээврийн салбар 63 сая ажлын байр бий болгож, дэлхийн эдийн засагт 2,7 их наяд доллар эргэлдүүлж, мөн 6,4 их наяд долларын ачаа агаарын тээврээр тээвэрлэгдэж, дэлхийн худалдааны 35 хувь, жуулчдын 57 хувь нь агаарын тээврээр үйлчлүүлж байна. Мөн нийгэм талаасаа үндэстэн, тив, улсыг холбон дэлхийн даяарчлалд чухал нөлөө үзүүлж буй гол салбар юм. Үүнээс харахад, дэлхийн эдийн засаг болон нийгмийн хөгжилд гол нөлөө бүхий салбар гэдэг нь тодорхой харагдаж байна. Цаашдаа ч энэ тоонууд өсөн нэмэгдэх хандлагатай байгаа. Ер нь агаарын тээврийн салбарын хөгжил нь эдийн засгийн өсөлттэй шууд хамааралтай байдаг.
-Та агаарын тээврийн салбар дэлхийн даяарчлалд гол нөлөө үзүүлэгч салбар гэлээ. Саяхан агаарын тээврийн салбарт либералчлалын талаар нэлээд яригдсан. Энэ талаар таны бодлыг сонсмоор байна?
-Агаарын тээврийн салбар бол олон улсад аль эрт либералчлагдсан салбар. Манайд л олон жил яригдсан асуудал. Харин Ж.БатЭрдэнэ сайд зоригтой эхлүүлж, либералчлах бодлогын шийдвэр гаргасан. Манайд агаарын тээврийн салбарт төрийн зохицуулалт хэт их орсон гэхэд болно. Мэдээж сул, давуу талууд яригдана. Тухайлбал, манай үндэсний тээвэрлэгчид багагүй эсэргүүцэл илэрхийлдэг. Буруу ч зүйл биш байгаа юм. Олон жил явсан системийн гажуудлаас болж өрсөлдөх чадвар сул болсон нь ойлгомжтой. Тэгэхээр бид маш сайн судалгаатайгаар төрийн зохицуулалт зөв хийж, агаарын тээврээ либералчлан дэлхийтэй хөл нийлүүлэн алхах л хэрэгтэй гэж бодож байна.
-Саяхан би Японы нэг судлаачийн ярилцлагыг уншлаа. Япон жуулчид жил ирэх тусам багасаж байгаа нь нислэгийн тариф өндөр байгаатай шууд холбоотой гэсэн дүгнэлт хэлсэн байсан. Та үүнтэй санал нийлэх үү?
-Сүүлийн үед нислэгийн үнэ тарифын талаар олон нийтээс болон ялангуяа аялал жуулчлалын салбараас шүүмжлэлтэй хандаж байна. Энэ бол яах аргагүй тулгамдаж байгаа чухал асуудлуудын нэг. Салбарын яам, ИНЕГ-аас бодлогын хүрээнд энэ чиглэлд ажлууд хийж эхэлсэн гэж үзэж байна. Тодруулбал, төрөөс иргэний нисэхийн салбарт 2020 он хүртэл баримтлах бодлогын бичиг баримтад өөрчлөлт оруулсан. Үүнд Сөүл, Бээжингийн чиглэлд цөөхөн агаарын тээвэрлэгчдэд давуу эрх олгосон байсныг өөрчилж, шударга өрсөлдөөнийг бий болгосноор тариф тодорхой хэмжээнд буурна гэж ойлгож байна
МОНГОЛЫН АГААРЫН ТЭЭВРИЙН САЛБАРЫНХАН ОЛОН УЛСАД ТОГЛОЛТОО ХИЙХ ЦАГ НЬ БОЛСОН
-Яг одоо таны хувьд, Нисэх буудлын зүгээс олон нийтийн хүсээд байгаа үнэ тариф буулгах ямар боломжит шийдэл байгаа гэж бодож байна вэ?
-Энэ асуудал яг ч манай нисэх буудлын бодлогын асуудал биш л дээ. Гэхдээ бид нисэх буудлын хувьд бас агаарын тээвэрлэгчдээ дэмжин, нислэгийн тарифыг буулгах шийдлийг хайж судалгаа хийж байна. Саяхан болсон удирдах ажилтны зөвлөгөөн дээр бид “Нисэх буудлын хөгжлийн чиг хандлага” гэсэн сэдвээр илтгэл тавьж хэлэлцүүлсэн. Хэлэлцүүлгийн үеэр нисэх буудлын үндсэн хэрэглэгч нь агаарын тээвэрлэгчид, зорчигчид гэдгийг тунхаглан, тэднийг бодлогын хувьд дэмжин хамтран ажиллах, одоогийн менежментийн сул, давуу талыг хэлэлцэж, мөн нь нисэх буудлын хөгжлийн нэг гарц гэдэг дээр санал дэвшүүлэн, нисэх буудлын менежментийн чиг хандлагаа өөрчилье хэмээн олон улсын нисэх буудлуудыг өөрийн нисэх буудалтай харьцуулсан судалгаан дээр үндэслэсэн бодит саналыг танилцуулж хэлэлцүүлсэн юм. Энэ талаар товчхон танилцуулахад: Нисэх буудлын гол үндсэн орлогыг нисэхийн болон нисэхийн бус гэсэн 2 үндсэн хэсэгт хуваадаг. Өнөөдрийн хувьд, манай нисэх буудлын орлогын 87 хувь нь агаарын тээвэрлэгч, зорчигчдоос бүрдэх нисэхийн орлого, 9 хувь нь хамтран ажилладаг аж ахуйн нэгжүүд, түрээслэгчид, зорчигчдоос бусад үйлчлүүлэгчээс бүрддэг нисэхийн бус орлого эзэлж байна. Эндээс харахад, бид тээвэрлэгч болон зорчигчдод анхаарлаа хандуулан тэдгээрт чиглэсэн менежментийг хийж орлогоо бүрдүүлсээр ирсэн нь харагдаж байна. Тэгвэл бид энэ чиг хандлагаа өөрчилж, нисэхийн бус орлого руу чиглэсэн зөв менежментийг хийж агаарын тээвэрлэгчээ дэмжсэн бодлого нэвтрүүлэх хэрэгтэй гэсэн шийдлийг гаргаж ирсэн. Агаарын тээвэрлэгчдийн зардалд газрын үйлчилгээ, буулт хөөрөлтийн хураамж гэх мэт нисэх буудлын хураамжууд багагүй хувийг эзэлдэг. Бид эдгээр тарифтаа хөнгөлөлт урамшууллын систем нэвтрүүлж, бусад орлого буюу нисэхийн бус орлогоо нэмэгдүүлэн орлогоо нөхөх менежментийг хийж дэмжлэг үзүүлснээр агаарын тээвэрлэгчийн үйл ажиллагааны зардал тодорхой хэмжээгээр буурна. Энэ нь тийзний үнэ тариф буурахад нөлөө үзүүлэх боломжтой гэж үзэж байгаа.
-Нисэх буудлын орлого гэснээс танай байгууллага хэр орлоготой ажилладаг вэ?
-Өнгөрсөн онд нийт орлого нь 31.2 тэрбум, зардал нь 27 тэрбум байж, нийт 4.1 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан.
-Хөшигийн хөндийн шинэ нисэх буудал удахгүй ашиглалтад орох байх, Япончуудтай хамтран ажиллахаар болж байна уу?
-Манай улс агаарын тээврийн салбараа стратегийн чухал салбар гэж хүлээн зөвшөөрдөг. Агаарын тээврийн салбарын тулгуур дэд бүтэц нь Нисэх буудал юм. Бид удахгүй шинэ нисэх буудал руугаа нүүнэ. Шинэ нисэх буудал одоогийн буудлаас гурав дахин том, жилд 3 сая зорчигч хүлээн авах хүчин чадалтай бөгөөд цаашдаа ч өргөтгөх боломжтойгоор төлөвлөсөн юм байна. Харамсалтай нь 51 хувийг нь япончууд эзэмшиж, менежментийн голлох рольд Япончууд тоглохоор харагдаж байна. Манай улс шиг бараг өрсөлдөгчгүй Нисэх буудалтай газар үндэсний боловсон хүчнүүдтэйгээ гэрээ хийгээд аваад явах бололцоо байсан гэж хардаг. Тэгээд ч манай салбарт мэргэжлийн боловсон хүчин хангалттай гэж үздэг. Гэхдээ нөгөө талдаа япон менежментээс монголчууд маань сурах зүйл их байгаа байх, хамгийн гол нь улс төр, наймаанаас бага боловч холдуулах болов уу гэж найдаж байгаа.
-Агаарын тээврийн салбар, тэр дотроо Нисэх буудлын цаашдын хөгжлийн талаар бидэнтэй саналаа хуваалцахгүй юу?
-Би саяхан агаарын тээвэрлэгчдийн холбооноос (IATA) гаргасан прогноз судалгаа уншиж байсан. Ирэх 20 жилд дэлхийн эдийн засаг 3.2 хувь, зорчигчийн тоо 4.2 хувь, агаарын тээврийн урсгал 5 хувь, ачаа эргэлт 4.7 хувь тус тус өсөлттэй байна гэсэн судалгаа гарсан байсан. Ялангуяа Ази, Номхон далайн бүс нутгийн агаарын тээврийн эрэлт эрс нэмэгдэх хандлагатай байгаа. 2009 онд 1 тэрбум гаруй зорчигч агаарын тээврээр үйлчлүүлж байсан бол 2013 онд 5.3 хувь, 2014 онд 5.9 хувь, 2015 онд 8.2 хувиар өссөн үзүүлэлттэй байдаг. Судлаачид ирэх 10 жилд энэ үзүүлэлтүүд энэ бүс нутагт 2 дахин өснө гэсэн судалгаа гаргасан байдаг. Манай эдийн засаг ч өсөн нэмэгдэнэ гэдэгт итгэлтэй байгаа. Тэгэхээр бид зөв менежмент хийж байж энэ өсөн нэмэгдэж буй зах зээл дээр тоглолт хийх асар их нөөц бололцоо байна гэж хардаг. Асар хурдтай хөгжиж буй хоёр том зах зээлийн дунд, Ази, Европыг холбосон уудам агаарын зайн дунд оршдог Монгол Улс Азидаа дээгүүрт орох агаарын тээврийн томоохон зангилаа (Hub) болсон Нисэх буудалтай болно гэдэгт итгэлтэй байдаг.
Ярилцсан: С.Ууганбаяр
Сэтгэгдэл ( 17 )
Сүүлд амьдарсан хуульч хүүхнийг зодож хүчирхийлж ял авсан. Тэр хүүхнээс 200 сая төгрөг завшиж хулгайлж авч, байрыг нь булаацалдаад булай болж байгаа бүтэхгүй нөхөр дөө
Архичин бага насны хүүхэд оролддог хүчиндэгч дагавар охиноо оролддог гаж донтон, амьдарсан суусан авгай хүүхнээ зоддог хүчирхийлэгч. Австралид авгайгаа зодож ял авсан
Архичин бүтэхгүй нөхөр, гэр бүлийн хүчирхийлэгч. Австралид авгай хүүхдээ хүчирхийлж хөөгдөж ирсэн шаар
Мундаг залуу шүү. Амжилт хүсэе.Гайгүй боловсролтой залуучуудаа дэмжиж сураач ээ.
Мундаг даруухан мэдлэгтэй залуу шүү. Ажилд нь амжилт. Нисэхийн салбараа мэддэг хүн дарга болох сайн шүү.\n
Grifitiin Их сургуулиа төгсөж чадалгүй буцсан гэж Австралид сурж байсан хүн хэлээд байх юм. Дипломоо нэг үзүүлээч...ха ха Нисэх буудлын үйлдвэрлэлийн алба гэж үйлдвэрлэлийн ямарч үйл ажиллагаагүй газар шүү дээ. Нисэх компаниуд өөрсдөө үйлдвэрлэлийн ажиллагаагаа явуулдаг Юу ч хийхгүй сул цалин авдаг хэсэг хүмүүсийн нэг нь Та мөн байна. \n\n
Аижилт хүсье! Нис нис, бүүр дээшээ нисээрэй!
Сайхан сэтгэгдэл бичжээ.Зураг түүх үгүйлэнэ гоё зураг байна.
niseh buudal bolon niseh buudliin udirdah gazriin udirdlagiin tuvshind nisehiin mergejliin hun hed bga ve? uls turchdiin il dald heden PR hiideg nisehiin talaar A ch ugui humuus samarch bgaag ene heden darga nar ni meddeg bolov uu? uuniig anhaarah tsag bson. erdenebaatar gej nuhur said dargiin hun baival doloochih geed mergejliin ajlaa meddeggui oroltsohgui yum, anhaarah hun bn uu
Үхсэний чинь ашигтай ажиллах ? Хэдэн арван тэрбумийн хөрөнгө оруулалтыг ИНЕГ-с жил бүр хийж байж наад нисэх буудал чинь ажилласан болдгийг мэддэггүй юмуу. Орох хаалга нь ч олдохгүй гайхамшигийн олон улсын нисэх буудалдаа !!!
Gichii yumda chi
Нисэхийн салбарт улс төр их орж мэргэжлийн бус хүмүүс ихээр томилогдсноос ажил хийх боломжгүй болж байгаа талаар ярихгүй манж золиг юмдаа Чи!!!
Saikhan yriltslaga bolson baina. Manai uls turiinhon baga shig oroltsoj,darga nar ni ajilaa meddeg bolovson huchniig ni demjij ajillaasai bilee. Amjilt husiye!
Saikhan yriltslaga bolson baina. Manai uls turiinhon baga shig oroltsoj,darga nar ni ajilaa meddeg bolovson huchniig ni demjij ajillaasai bilee. Amjilt husiye!
Kaspiin tengisiin mangas amerikiin niseh ongots zohion buteegchiin tosliig mongolcomoos uzej tosliin n urgeljluulj tuuhend bichigmeer
Italiin nisehiin injeneriin turshiltiig mongol injeneruud ovloj turshiltiin urgeljluulj delhiid terguulmeer bna ene medeelel mongolcom tehnolog buland baisan