Солонгосчууд Тусгаар тогтнолын хөдөлгөөн өрнөсний 100 жилийн ойгоо тэмдэглэв

Автор | Zindaa.mn
2019 оны 03 сарын 04

БНСУ-ыг Тусгаар тогтнолын хөдөлгөөн өрнөсний 100 жилийн ойн арга хэмжээг тус улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамнаас энэ сарын 1-ний өдөр зохион байгууллаа. Японы дарангуйллыг тэсвэрлэх аргагүйд хүрсэн Солонгосчууд 1919 оны 3 сарын 1 өдөр “Солонгос орон мандтугай” хэмээн бослого явуулж, Тусгаар тогтнолын хөдөлгөөн үүссэн түүхтэй юм.

Хэдэн өдрийн турш томчууд, хүүхдүүд, оюутнууд бүгд гудамжинд гарч “Солонгос улсын тусгаар тогтнол мандтугай” гэж орилон жагсаал хийсэн ба үүнийг “Гурван сарын нэгний өдрийн тусгаар тогтнолын хөдөлгөөн” хэмээн нэрлэжээ. Япончууд энэхүү хөдөлгөөнийг зэвсэгээр зогсоохыг оролдсон ба олон мянган солонгосчууд тэр үеэр амиа алдаж,  зарим нь шоронд хоригдож байжээ. Солонгосчууд энэхүү тусгаар тогтнолын хөдөлгөөнийг санан дурсахын тулд 3 сарын 1-ний өдрийг амралтын өдрөөр тогтоон, төрөл бүрийн үйл ажиллагаа зохион явуулсаар байна. Мөн гудамж, гэртээ төрийн далбаагаа өлгөж “Гурван сарын нэгний баяр”-ыг тэмдэглэдэг байна. 

БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамнаас Тусгаар тогтнолын хөдөлгөөн өрнөсний 100 жилийн ойн арга хэмжээний хүрээнд Эрдэм шинжилгээний хурал, хүндэтгэлийн арга хэмжээг зохион байгууллаа. БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Жон Жэ Нам нээлтийн үг хэлж, МУИС-ийн Олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургуулийн багш, доктор, дэд проффесор Ж.Баттөр “Солонгосын 3 сарын 1-ний хөдөлгөөн ба Монгол Улс”, Солонгосын ГХИС-ийн Төв Ази судлалын хүрээлэнгийн профессор И Пён Рэ  “Гурван сарын 1-ний хөдөлгөөний үндэсний түүх болон дэлхийн түүхэн дахь ач холбогдол” сэдвээр илтгэл тавилаа.

Солонгосын ГХИС-ийн Төв Ази судлалын хүрээлэнгийн профессор И Пён Рэ илтгэлдээ “Гуравдугаар сарын 1-ний хөдөлгөөн гарах болсон учир шалтгаан олон байлаа. Нэгдүгээрт дэлхийн 1 дүгээр дайны дараах олон улсын улс төрийн байдал, хоёрдугаарт Японы колончлолын түрэмгийлэл гэсэн дотоодын нөхцөл байдал, гуравдугаарт 1910 оны сүүлээр өрнөсөн шинэ тусгаар тогтнолын хөдөлгөөн юм. Японы түрэмгийллийн эсрэг 1910 оны сүүлийн хагаст гарсан тусгаар тогтнолын хөдөлгөөнүүд гуравдугаар сарын 1-ний хөдөлгөөн өрнөх шууд шалтгаан болсон юм” гэдгийг онцоллоо.

Тэр үеийн Монголын хэвлэл мэдээллүүд Солонгосын эрх чөлөөний хөдөлгөөнийг дэмжсэн мэдээ, нийтлэл гаргаж байжээ

МУИС-ийн Олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургуулийн багш, доктор, дэд профессор Ж.Баттөр “Энэ үед Монголчууд тусгаар тогтнолоо дэмжүүлэхээр АНУ, Англи, Герман, Япон зэрэг улсын Засгийн газрууд руу хандан дэмжлэг авахаар оролдож байсан бөгөөд холбоо тогтоохыг оролдон, албан ёсны захиа илгээж байлаа. Япон руу харилцаа тогтоон дэмжлэг авахыг зорьж байсан ч 1911 оноос хойш Японд хандах хандлагад өөрчлөлт орсон нь харагддаг. Тэр үеийн Монголын хэвлэл мэдээллүүд Солонгосын эрх чөлөөний хөдөлгөөнийг дэмжсэн мэдээ, нийтлэл гаргаж байсан байдаг” гэлээ.

Японы түрэмгийллийн эсрэг баатарлагаар тулалдаж явсан залуусаа Солонгосчууд эргэн дурсаж байна. 1919 онд Тусгаар тогтнолын хөдөлгөөнд голлон оролцсон тэмцэгчдийн тухай гэрэл зургийн үзэсгэлэнг дэлгэн тавьсан байлаа. Тэмцэгчдийн тэргүүн эгнээнд Юү Гуан Сүн хэмээх 16 настай оюутан охин байжээ. Юү Гуан Сүн эх орныхоо эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөө амь бие хайрлалгүй тэмцсэн ба хөдөлгөөнийг удирдан зохион байгуулсан гэдэг шалтгаанаар хоригджээ. Юү Гуан Сүн нь Японы шүүгчдийн өмнө “Би бол Солонгос хүн. Та нар манай оронд ирж, гэмгүй биднийг дарлаж байгаа учир гэмт этгээд нь би биш харин та нар өөрсдөө. Биднийг шүүх эрх байхгүй” гэж эсэргүүцэн 7 жил хоригдох ял авчээ. Юү Гуан Сүн нь шоронд байхдаа ч эх орныхоо эрх чөлөөний төлөө тэмцсээр байсан бөгөөд 1920 онд шоронд амьсгал хураажээ. 

Солонгосчууд Тусгаар тогтнолын хөдөлгөөн өрнөсний ойн өдрийг дэлхийн олонд оронд тэмдэглэн өргөрүүлдэг уламжлал тогтсон байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top