УИХ-ын дарга Г.Занданшатар 2019.03.06-ны өдөр захирамж гаргаж, УИХ-ын ээлжит бус чуулганыг 2019.03.18-29-ний өдрүүдэд зарлан хуралдуулахаар болсон. Ээлжит бус чуулганаар 8 асуудал хэлэлцэхээр төлөвлөсөн бөгөөд гурав нь томилгооны асуудал байгаа юм. Тухайлбал,
Ерөнхийлөгчийн зүгээс томилгооны асуудлыг ээлжит бус чуулганаар оруулахыг хүссэн албан бичиг илгээснийг УИХ-ын даргын зөвлөл хүлээж авснаар ийнхүү хэлэлцэх болоод байна.
Ерөнхийлөгчийн бичигт “Миний бие ард иргэдийнхээ санал, хүсэлт, шаардлагыг сонсон, анхаарч шийдвэрлэвэл зохих асуудлуудад төрийн бодлогыг чиглүүлэх зорилгоор нийслэлийн болон орон нутгийн иргэдтэй тухайлсан уулзалтууд хийсэн. Уулзалтын үеэр иргэд хувийн амьдралынхаа хүндрэл бэрхшээлээсээ илүүтэйгээр нийгэмд шударга ёс алдагдаж, авлига, хүнд суртал гаарсныг хөндөн, энэ гажуудлыг таслан зогсоож тэмцэх чиг үүрэгтэй төрийн байгууллагууд маш муу ажиллаж байгааг шүүмжилж, Авлигатай тэмцэх газар /АТГ/-ын удирдлагуудыг өөрчлөн, үйл ажиллагааг нь эрчимжүүлж үр дүнтэй хуулийн дагуу ажиллуулахыг шаардаж байна.
Үүнийг АТГ-ын удирдлагуудын ажлын үзүүлэлтэд өгсөн үнэлгээ гэж үзэж болох бөгөөд Х.Энхжаргал, Ц.Нямдорж нарын ажиллах хугацаанд авлигатай тэмцэх үйл ажиллагаанд гарсан амжилт эрс буурч, үйл ажиллагаа нь жилээс жилд уруудан, энэ байгууллагад итгэх олон нийтийн итгэл үгүй болжээ. Авлигын эсрэг хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт “АТГ-ын дарга, дэд даргыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн санал болгосноор УИХ 6 жилийн хугацаагаар томилно” гэж заасан. Маш тодорхой хуулийн зохицуулалт байсаар байтал тодорхой ашиг сонирхол бүхий этгээдүүд хуулийг мушгин тайлбарлаж, бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болсон нөлөөний хүмүүсээ албан тушаалд нь үлдээх зүй бус ажиллагааг ил тод явуулж байна. УИХ-аас 2011.11.17-нд АТГ-ын даргаар Н.Ганболдыг, дэд даргаар Б.Хурцыг томилсон ч бүрэн эрхийн хугацааг дуусахаас өмнө Н.Ганболд нь 2016.04.14-нд, Б.Хурц нь 2014.11.27-нд албан тушаалаасаа чөлөөлөгдсөн. Үүний хүрээнд УИХ нөхөн томилгоо хийж 2015.02.11-ний өдөр Ц.Нямдоржийг АТГ-ын дэд даргаар, 2016.07.08-ны өдөр Х.Энхжаргалыг АТГ-ын даргаар томилсон. Нөхөн томилогдсон Х.Энхжаргал, Ц.Нямдорж нарын албан тушаалын бүрэн эрхийн хугацаа Авлигын эсрэг хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5 дахь хэсэгт заасны дагуу 2017.11.17-ны өдөр дуусгавар болсон. Улс оронд шударга ёсыг тогтоох нэн чухал үүрэг хүлээдэг АТГ-ын дарга, дэд даргыг Ерөнхийлөгч санал болгодог бүрэн эрхтэй. Миний бие энэхүү бүрэн эрхийг дангаар хэрэгжүүлэхээс татгалзаж, нээлттэй санал асуулга явуулахад АТГ-ын даргаар Д.Даваа-Очирыг, дэд даргаар Ж.Батсайханыг томилуулах саналыг иргэдийн зүгээс өгсөн. Иймд УИХ-ын эрхэм гишүүд Та бүхэн болзошгүй нөлөөлөл, дарамт, шахалтаас ангид байж, ард түмний элч, нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн баримтлах чиг үүргээ хараат бусаар хэрэгжүүлэн, энэхүү асуудлыг зохих журмын дагуу хэлэлцэн шийдвэрлэж өгөхийг хүсье” гэсэн байдаг.
Ерөнхийлөгчийн зүгээс оруулж буй АТГ-ын дарга нарыг солих асуудлыг УИХ дахь олонхийн болон цөөнхийн бүлэг дэмжиж байгаа бололтой. МАН-ын хувьд тус намын дарга У.Хүрэлсүх шударга ёсыг тогтоох амлалтаа хэрэгжүүлэхэд АТГ-ын удирдлагуудыг солих асуудал багтаж байгаа бол АН-ын зүгээс татгалзах үндэслэлгүй гэдгээ хэлсэн. Тус бүлгийн дарга Д.Эрдэнэбат “Хэлэлцэх асуудлаас харахад томилгоонд чиглэсэн ээлжит бус хурал болох нь. Томилгоо хийж болно. Хуулийн хүрээнд бүх асуудлыг оруулж ирэх юм бол АН-ын бүлэг дэмжээд явна” гэсэн юм. Тэгэхээр Ерөнхийлөгчийн оруулж ирсэн томилгооны санал УИХ-аар дэмжигдэх нь тодорхой байна.
АТГ-ын даргад яригдаж буй Д.Даваа-Очир нь 1963 онд төрсөн, нийслэлийн 14 дүгээр сургууль, ЗХУ-ын Дотоод явдлын яамны Академийг Эрх зүйч, хуульч мэргэжлээр төгссөн байна. Мөн тус улсад Хууль зүйн ухааны доктор хамгаалжээ. Тэрбээр 2009-2012 онд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дэд даргаар, 2012-2016 онд Төрийн албаны зөвлөлд Орон тооны гишүүн, 2017 оноос одоог хүртэл Монгол Улсын ҮАБЗ-ийн Ажлын албаны даргаар ажиллаж байна.
АТГ-ын дэд даргад яригдаж буй Ж.Батсайхан нь 1969 онд төрсөн, Төв аймгийн Жаргалант сумын сургууль, Цагдаагийн дээд сургуулийг Хуульч, эрх зүйч мэргэжлээр төгссөн байна. Мөн ОХУ-ын Дотоод явдлын яамны Удирдлагын академид Хууль зүйн ухааны доктор зэрэг хамгаалжээ. Тэрбээр 2007-2016 онд АТГ-т хэлтсийн даргаар, 2016-2017 онд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дэд даргаар ажиллаж байжээ.
Харин Зэвсэгт хүчний Жанжин штаб /ЗХЖШ/-ын даргыг томилох асуудлын тухайд 2018.11.14-нд Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж, ЗХЖШ-ын дарга, дэслэгч генерал Д.Давааг өөр ажилд томилсонтой холбогдуулан үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Үүнээс хойш нэгдүгээр орлогч дарга, хошууч генерал Р.Сүхбат ЗХЖШ-ыг түр орлон удирдаж байна.
Ерөнхийлөгчийн зүгээс 2019.02.02-ны өдөр хошууч генерал А.Ганбатыг ЗХЖШ-ын даргаар томилох асуудлыг зөвшилцөхөөр хүргүүлсэн боловч УИХ-ын чуулган завсарласны улмаас хүлээгдэж байгаа юм.
Хошууч генерал А.Ганбат нь Ардын армийн 019 дүгээр ангид сургуулийн салаан захирагч, БХЯ-ны долдугаар хэлтэс, ЗХЖШ-ын нэгдүгээр газарт офицер, Ардын цэргийн 126 дугаар нэгтгэлийн штабын даргын нэгдүгээр орлогч, оперативын тасгийн дарга, Зэвсэгт хүчний 131 дүгээр ангийн штабын дарга, захирагчийн нэгдүгээр орлогч, ЗХЕШ-ын Хэмжил зүй, техник хяналтын албанд улсын байцаагч, хэмжил зүйч, БХЯ-ны Стратегийн судалгааны хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан, ЗХЕШ-ын Цэргийн удирдлага, стратегийн төлөвлөлтийн газрын орлогч дарга, хэлтсийн дарга, ЗХЖШ-ын сургалт, зохион байгуулалт эрхэлсэн орлогч дарга, ЗХЖШ-ын нэгдүгээр орлогч дарга, Цэргийн удирдлага, стратегийн төлөвлөлтийн газрын дарга, ЗХЖШ-ын тэргүүн дэд дарга, Ерөнхий зориулалтын цэргийн командлагч, Улаанбаатар Цэргийн хүрээний даргаар тус тус ажилласан ба 2005 онд хошууч генерал цол хүртжээ.
Дээрх томилгоонуудаас гадна УИХ-ын ээлжит бус чуулганаар Улсын ерөнхий прокурорын орлогчийг зөвшилцөх тухай асуудлыг хэлэлцэхээр байгаа. Прокурорын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт Улсын ерөнхий прокурорын орлогчийг Монгол Улсын Ерөнхийлөгч УИХ-тай зөвшилцөн томилно гэж заасан бөгөөд Улсын ерөнхий прокурорын орлогч прокурор Г.Эрдэнэбатын бүрэн эрхийн хугацаа 2019.01.08-ны өдөр дуусгавар болсныг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд хэлсэн.
Одоогоор Улсын Ерөнхий прокурорын орлогч прокурорын нэр нууц байгаа ч прокурорын байгууллагын дотроос Ерөнхийлөгчийн болон Засгийн газрын “цэвэрлэгээ”-г дэмжиж ажиллах нэгнийг дэвшүүлэх нь тодорхой байна. Учир нь Ерөнхийлөгч Х.Баттулга “Албан тушаалтнууд эрх мэдлээ хэтрүүлэх, урвуулан ашиглах зэргээр эдийн засгийн гэмт хэрэгт холбогдож хуулийн хариуцлага хүлээхгүй байна гэдэг шүүмжлэлийг иргэд их хэлж байгаа. Оффшор данстай төрийн албан хаагчдыг илрүүлэн шалгах, төрийн албыг 60 тэрбумаар үнэлж наймаалцах хэргийг хянан шийдвэрлэх тухай би өмнө нь хэлж байсан. “Эрдэнэт” үйлдвэрийн 51, 49 хувьтай холбоотой маш тодорхой мэдээлэл нийгэмд цацагдаад, хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр гараад удаж байна. Гэвч, юу ч өөрчлөгдсөнгүй. Мөн С.Зоригийн амь насыг хөнөөсөн гэмт хэрэгтэй холбоотой маш олон буруутгал, шинэ хардалт, таамаг дахин нийгэмд тархаж байгаад анхаарал хандуулж иргэдийн хүлээлтийг зөв, бодитой болгох тал дээр тодорхой ажил хийгдсэнгүй. Монголын прокурорын байгууллагад эрх мэдэл дутаагүй. Уг нь иймэрхүү хэргийн илрэл, шинж дохио гармагц анхаарч, таслан зогсоож байх үүрэгтэй” хэмээн прокурорын байгууллагын удирдлагуудад хэлж байсан удаатай.
Тэгэхээр нийгэмд шударга ёсыг тогтоох, нийгэм, ард иргэдийн бухимдлыг төрүүлж буй авлига, шудрага бус явдал, нийгмийн баялгийн хууль бус ашиглалттай тэмцэж чадах зангаргатай хүнийг Ерөнхийлөгч оруулж ирэх хүлээлт байна.
Үндсэндээ ээлжит бус чуулганаар Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын идэвх санаачлагаар томилгоонууд хийгдэх нь тодорхой байна. Ерөнхийлөгчийн зүгээс өнгөрөгч оны тавдугаар сард АТГ-ын удирдлагуудыг солих гэж үзээд хүчгүйдсэн удаатай. Энэ удаад хүчний харьцаа өөрт ашигтайгаар эргэсэн тул ийнхүү боломж гарав бололтой.
Тухайн үед Ерөнхийлөгчийн саналын дагуу Хууль зүйн байнгын хороогоор асуудлыг хэлэлцэх үеэр “Хэн нэгний оронд нөхөн томилогдсон бол үлдсэн хугацаанд ажиллана гэсэн хуулийн заалт байхгүй учраас АТГ-ын даргын бүрэн эрхийн хугацаа дуусаагүй” гэж үзсэн байдаг. Харин АТГ-ын даргыг чөлөөлөх, огцруулах талаар Авлигын эсрэг хуульд “АТГ-ын даргын үүрэгт хугацаа дууссан, гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр нотлогдсон, өөрөө хүсэлт гаргасан болон эрүүл мэндийн шалтгаанаар огцруулна” гэж заасан. АТГ-ын одоогийн дарга Х.Энхжаргалын хувьд өөрөө хүсэлт гаргаагүй бөгөөд хуульд заасан бусад нөхцөл үүсээгүй. Нөгөө талаар УИХ-ын тогтоолд “нөхөн томилсугай” гэсэн заалт байхгүй. Тэгэхээр одоо ажиллаж байгаа АТГ-ын дарга, дэд дарга нар нөхөн томилогдоогүй бөгөөд 6 жилийн хугацаатай томилогдсон гэж үзвэл 2021, 2022 онд бүрэн эрх нь дуусна гэж ойлгохыг холбогдох байнгын хорооноос тайлбарласан байдаг.
Гэхдээ энэ бол УИХ-ын гишүүдийн хагас жилийн өмнөх тайлбар. Одоо цаг үе өөр болсныг хууль гаргагчид бодолцох хэрэгтэй болж таарлаа.
Сэтгэгдэл ( 7 )
Ми-н томилсон ерөнхиы аудитор ждү хусаад ми нь дуудаад ажилаа өг гэж зурагтаар шоудаад дараа нь түдгэлзүүлсэн болоод өнгөрсөн түдгэлзсэн гэсэн хүрэлбаатар нь өөрийнхөө томилсон 2 орлогчдоо үүрэг өгөөд далдаас ажилаа хийсээр л байна энэ шударга уу зандакаа ждү хусдаг хулгайчаа хурдан чөлөөлөөд орных нь хүнийг тавиачээ
Ter ATG-n darga nariin hugtsaa ni duusaagui shaltgaan bhgui! Ajilaa hariutsalgtai hiij chadahgui, huili zurchij , hunii erh zorchij bgaa uchiraas solison ni deer dee!
Зоригтой оорчлолт хийх цаг болсон !!!
сайн бна
Ерөнхий прокурор болон Элбэгховдогийн шүүгчид,Үндсэн хуулийн цэцийнхнийг яагаад орхих гэж.Айн.
Тэр Улсын ерөнхий прокурорын орлогч Амгаланбаатарыг жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сангаас хууль бусаар 1,2 тэрбум төгрөг авчихаад байхад яагаад солихгүй, муу Эрдэнэбатыг хугацаа дууссан гэж шахаад байгаа юм бэ. ЖДҮ-ч этгээдийг албанаас зайлуулж хохирлыг төлүүлэх, эрүүгийн хариуцлагад татах хэрэгтэй байхад эрх бүхий этгээд, ерөнхийлөгч та юу хийгээд байнаа, эсвэл Амгаланбаатар танд ёслоод дуулгавартай нохой байхаа амалсан уу
Boltugai Shukh prokuriig darui uurchil....