2020 он гэхэд 25 тонн алт худалдан авах зорилт Монголбанкинд бий. Энэ тоог хөрсөн дээр буулгахад Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг /АМНАТ/ 2.5 хувиар тогтоох нь чухал гэсэн байр суурийг албаныхан илэрхийлж байв. Тэгвэл бодлого боловсруулагчдын тооцсон 2.5 хувь гэсэн тоо чуулганаар ороод гарахдаа таван хувь болж, шийдвэрлэгдлээ. УИХ-ын 2019 оны гуравдугаар сарын 26-ны ээлжит бус чуулганаар Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг баталж, АМНАТ-ыг таван хувь болгов. Алтны салбар дахь энэ шийдвэр дөрөвдүгээр сарын наймны өдрөөс хэрэгжиж эхлэх тул эрхзүйн энэ зохицуулалт дор л урагшилж таарах нь. Өнгөрсөн жилүүдэд 2.5 хувиар АМНАТ-ыг тооцож авсан нь алтны худалдан авалтад үр нөлөө өгч байсныг өнөөдрийн тоо үзүүлэлтүүд баталж байгааг хэлэх нь зөв байх.
ОГЦОМ БУУРАЛТ...
Төв банк гуравдугаар сард 91 кг алт худалдан авчээ. Энэ нь өмнөх оны мөн үед 714 кг алт худалдан авч байснаас 623 кг дутуу буюу 87 хувиар буурсан үзүүлэлт аж. Алтны худалдан авалт огцом буурсан шалтгааныг Төв банкны зүгээс тайлбарлахдаа “Монголбанкны алт худалдан авалт өмнөх оноос буурсан үзүүлэлттэй байгаа нь “Ашигт малтмалын тухай хууль”-д 2014 оны нэгдүгээр сарын 24-ний өдөр нэмэлт, өөрчлөлт оруулж Монголбанк, түүнээс эрх олгосон банкинд худалдсан алтанд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хэмжээ 2.5 хувь, нэмэлт төлбөрийн хэмжээ 0 хувьтай тэнцүү болгосон хуулийн хугацаа 2019 оны нэгдүгээр сарын нэгний өдөр дуусгавар болсонтой холбоотой. 2019 оны нэгдүгээр сарын нэгний өдрөөс эхлэн АМНАТ таван хувь, алтны зах зээлийн үнийн өсөлтөөс хамаарч 0-5 хувийг нэмж, нийт 9-10 хувиар АМНАТ-ыг ногдуулж алт олборлогч байгууллага, иргэдээс худалдан авч байна” гэж буй юм.
Гуравдугаар сарын байдлаар нэг грамм алт худалдан авах Монголбанкны дундаж үнэ 110,109.38 төгрөг байв. Энэ нь Лондонгийн үнэт металлын захын үнэ өндөр байгаатай холбоотой аж. 1 трой унци алтны ханш Лондонгийн үнэт металлын зах дээр 1300 ам.доллараас давж хаагдаж байна.
АМНАТ-ын төлбөрийн тухайд нэгэнтээ таван хувиар тогтож, долоо хоногийн дараачаас хэрэгжиж эхлэх нь тодорхой болсон тул алтны худалдан авалтыг нэмэгдүүлэх чиглэлд холбогдох байгууллагуудаас авах арга хэмжээнүүд юу байх вэ гэдэг нь илүүтэй анхаарал татсан асуудал болж байна. Ер нь алтны салбарыг бодлого, эрх зүйн орчноор дэмжихтэй зэрэгцэн албан ёсны бүртгэлтэй, хариуцлага хүлээсэн компаниудын алт тушаалтыг нэмэгдүүлэхэд төрийн байгууллагууд анхаарах шаардлага бийг тоо баримтууд сануулж ирсэн. 2017 онд Төв банкны худалдан авсан алтны 63 хувийг иргэд тушаасан бол 2018 онд ч тушаалтын 60 давсан хувийг иргэд бүрдүүлсэн хэвээрээ байгаа юм.
Алтны салбарын акулууд худалдан авалтын цаана үлдээд байгаатай зэрэгцэн хууль бусаар алт хил давуулах хэрэг бүртгэгдсээр байна. УИХ-ын чуулганаар Ашигт малтмалын тухай хуулийн эцсийн хэлэлцүүлгийг хийх үеэр Д.Дамба-Очир гишүүн “таван хувийн роялти авснаар төсөвт орж ирэх мөнгө нэмэгдэнэ. Харин хулгайд алдаад байх асуудал гайгүй байх гэж бодож байна. Хууль, хяналтын байгууллага, МХЕГ зэрэг байгууллагууд сайн ажиллах хэрэгтэй. Хил гаалийн тоног төхөөрөмжийг сайжруулах чиглэлд 40 гаруй тэрбум төгрөг зарцуулсан. Энэ нь алт хууль бусаар хил давуулах үйл ажиллагааг бууруулахад нөлөөлнө гэж үзэж байна. 2018 онд 204 кг алтыг хил дээрээс хурааж авсан байдаг” гэж хэлсэн. Гэхдээ Д.Дамба-Очир гишүүний хэлж ярьсан 204 кг гэдэг тоог зөвхөн 2018 оных биш 2010-2018 оны хооронд хил дээр “баригдсан” тоо гэдгийг тодотгох хэрэгтэй байх.
Баянхонгор, Дархан-Уул аймагт алтны сорьцын лаборатори байгуулж, Монголбанкны алт худалдан авалт орон нутагт хийгдэж буй нь алтны гарал үүслийг тодорхой болгон, хууль бусаар хилээр нэвтрүүлэх гэмт хэрэг буурахад нөлөө үзүүлнэ гэж албаныхан мэдэгдэж байсан. Тэгвэл гуравдугаар сард Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 9 кг алт, Баянхонгор аймаг дахь Монголбанкны салбар 6 кг алт худалдаж авсан үзүүлэлттэй байна.
Өсөлт дагуулах өөр гарц бий юу!
Цаашид алтны худалдан авалтыг өсгөх асуудлыг ярихын тулд нийлүүлэлтийн сүлжээнд анхаарал хандуулах ёстой. Манай тухайд алтны нийлүүлэлтийн сүлжээнд СУМЫН, АЙМГИЙН, НИЙСЛЭЛИЙН ЧЕНЖҮҮД гэх голлон тоглогчид олноороо бий. Алт Монголбанкинд хүрснээр нийлүүлэлтийн сүлжээ албаных болж ойлгогдох ёстой ч, компаниуд өөрсдийн нэр дээр тушаахаас зориудаар татгалзаж буйг эхэнд өгүүлсэн тоо баримт гэрчилнэ. Уг нь нийлүүлэлтийн сүлжээ бүхэлдээ албажсан, худалдан авалт хуулийн хүрээнд хийгддэг, татварын нэгдсэн тогтолцоо бүрдсэн байх зэрэг нь гол асуудал аж. Бичил уурхайчдын олборлосон алтны нэг хэсэг нь сум, аймгийн ченжүүдийн гарыг дамжин Монголбанкинд ирдэг бол нөгөө хэсэг нь хууль бус худалдаачдаар дамжиж байна хэмээн Тогтвортой бичил уурхай төслийн эксперт Н.Уранчимэг хэлж байсан. Баянхонгор, Дархан-Уул аймагт алтны сорьцын лаборатори нээхээс өмнө алт худалдаж авдаг ганцхан цэг нь Улаанбаатарт байсан нь дундын ашиг ологчдыг төрүүлэх гол шалтгаан болж байсныг мэргэжилтнүүд хэлдэг.
Мөн алтны худалдан авалтад нөлөөлж ирсэн гол хүчин зүйл бол хууль эрхзүйн орчин гэдгийг Монголбанкны Эрдэнэсийн сангийн ахлах эдийн засагч Д.Алтансүх хэлж байв. 68 хувийн татвар, АМНАТ-ыг нэмсэн явдал, Урт нэртэй хууль, алтны олборлолтын хэмжээ зэрэг нь алтны тушаалтын хэмжээг уруудуулж ирсэн. 2005 онд Монголбанк 15 тонн алт худалдаж авсан бол 2010 онд 2.1 тонн болтлоо буурсан. Гэтэл тэр үед алт ханшийн хувьд өсөлттэй байсан байдаг. Худалдан авалтын ханш өсөлттэй байхад алт хууль бусаар гадагшилдаг дүр зураг давтагдаж иржээ. Асуудал юунд байна вэ гэдгийг энэ мэтчилэн тодорхойлж харж буй нь шийдэл дагуулах боломж гэж харагддаг.
Дашрамд өгүүлэхэд, Монголын алт үйлдвэрлэгчдийн холбоо, Монголын уул уурхайн бирж, Монголбанкнаас санаачлан “Mongolia Gold-2019” чуулган, үзэсгэлэнг 2019.03.22-03.23-ны өдрүүдэд зохион байгуулсан. Уг арга хэмжээнд гадаад, дотоодын 400 орчим төлөөлөгчид оролцож, салбарын өмнө тулгамдаж буй асуудал, шийдэл гарц, шинэ техник технологи, хөрөнгө оруулалт, байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх зэрэг асуудлуудаар ярилцсан юм. Хөгжлийн банкнаас алтны компаниудад 2018 онд 28 тэрбум төгрөгийн зээл олгосон байдаг. Харин энэ жил 16 тэрбум төгрөгийн зээл олгоно гэдгийг Хөгжлийн банкны удирдлага мэдэгдэж байсан. ТЭЗҮ, нарийвчилсан үнэлгээгээ боловсруулсан компаниудад хоёроос дээш жилийн хугацаатай зээл олгох аж.
Дэлгэрэнгүйг "ӨГЛӨӨНИЙ СОНИН"-оос унших боломжтой
Сэтгэгдэл ( 1 )
30 garan zuvshuurul avch bn 1-iig ni avaagui bol nuguuh ni garahgui tegheer yaaj hugjih yum