Д.Лүндээжанцан: УИХ-д эрх мэдэл төвлөрөхийг парламентын засаглал гэдэггүй

Автор | Zindaa.mn
2019 оны 04 сарын 10

УИХ дахь МАН-ын бүлэг ээлжит хуралдаанаараа Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцсэн байна. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөлд УИХ-ыг хариуцлагажуулан, парламентын тогтолцоог төгөл­дөршүүлэх, Засгийн газрыг тогтвортой ажиллуулах, шүүхийн хараат бус байдлыг бэхжүүлэх, орон нутгийн тогтолцоог боловсронгуй болгох гэсэн дөрвөн чиглэлд анхаарч ажиллахаар төлөвлөж байгааг МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн онцолж байв.

Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Д.Лүндээжанцангаас тодрууллаа.


-Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслөөр намуудын эрх мэдлийг зузаатгаж байна гэсэн хардлага байна. Яг ямар өөрчлөлт орж байна вэ?

-Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөлд иргэдээс 70 дээш хувиар дэмжигдсэн саналуудыг оруулж байгаа. Ард түмний хүсч байгаа тодорхой өөрчлөлтүүдийг оруулах нь зүйтэй. Өмнө нь Үндсэн хуульд оруулсан долоон өөрчлөлтийг эргэж засч залруулахтай холбоотой саналууд иргэдээс нэлээд гарсан.

Үндсэн хуулийн 7-8 зүйлд өөрчлөлт оруулж байгаа. Үүний нэг хэсэг нь 2000 онд Үндсэн хуульд өөрчлөлт орсон долоон зүйлд өөрчлөлт орж байгаа. Чуулганы үргэлжлэх хугацаа, “давхар дээл”-тэй холбоотой, Засгийн газрын үйл ажиллагаатай холбоотой, төсөв хэлэлцэн батлахдаа тал тал тийш нь чангаадгийг болиулах зэргийг асуудал байна. Мөн чуулганы үргэлжлэх хугацаа, гишүүдийг хариуцлагажуулах, шүүх эрх мэдэлтэй холбоотой зэрэг асуудлыг тусгана.

Гишүүдийн эмзэглэж байгаа тогтолцоо гэдэг үг орж ирсэн. Монгол Улсын иргэд УИХ-ыг гишүүдийг нийтээрээ сонгохдоо саналаа нууцаар өгдөг Үндсэн хуулийн заалт хөндөгдөөгүй. Харин сонгуулийн тогтолцоо журмыг хуулиараа тогтоохтой холбоотой сонгууль болохоос нэг нэг жилийн өмнө Сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахыг хориглох заалтууд орж ирсэн. Хэлэлцүүлгийн явцад нэмэгдэж, хасагдахыг үгүйсгэхгүй.

Ажлын хэсэг олон удаагийн хурал, хэлэлцүүлэг, санал асуулга зэрэг олон төрлийн ажил зохион байгуулсан. Судалгаа чамбай хийгдсэн. Үндсэн хуулийн өөрчлөлтүүдийн талаар иргэдийн саналыг авсаар байна. Хэлэлцүүлэг үргэлжилж байна. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг олон түмнээсээ асууж, тэдний санаа бодолд тулгуурлаж “Долоо хэмжиж нэг огтол” гэдэг зарчмаар явж байна. Цаг хугацаа нэлээд шахуу байна. Ийм учраас бүлгийн хурлаар удахгүй дахин хэлэлцэнэ.

-Парламентын эрх мэдлийг тодорхой хэмжээнд хязгаарлах заалт байгаа гэж үнэн үү?

-Ерөнхий сайд танхимаа өөрөө бүрдүүлж, Засгийн газрын гишүүдийг томилох, чөлөөлөх, огцруулах асуудлыг УИХ болон Ерөнхийлөгчид танилцуулснаар шийдвэрлэх заалт орсон нь Ерөнхий сайдын эрх мэдлийг нэмэгдүүлсэн мэт харагдаж байгаа. Гэхдээ УИХ-ын өмнө хүлээх үүрэг хариуцлага нэмэгдэж байгаа. УИХ-д бүх эрх мэдэл төвлөрөхийг парламентын засаглал гэж ойлгодоггүй. Гүйцэтгэх, хууль биелүүлэх засаглалаа тууштай ажиллах боломжоор хангаж хариуцлага тооцох эрх нь УИХ-д үлдэхийг парламентын сонгодог засаглал гэж ойлгодог. Засгийн газрыг огцруулах асуудлыг нийт гишүүдийн олонхоор шийднэ. УИХ төсөв хэлэлцэн батлахдаа Засгийн газартай зөвшилцөхгүйгээр зарлагын шинэ төрөл үүсгэхийг хориглоно гэдэг заалт Их хурлын бүрэн эрхийг багасгаж байгаа гэдэг шүүмжлэл гарч байгаа. Яг бодит байдал дээр бусад оронд ийм жишиг байдаг.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
иргэн(103.57.95.160) 2019 оны 04 сарын 14

лүндаажанцан гуай та одоо өөрийн ажлын явцад дахиад монголын төр үнэгүйдэж засаглалын хямрал нүүрлэж хариуцлагагүй, дураараа дургэж .либериал ардчилал нэртэй анархизм монгол оршин тогтнох хаалгыг нээх гэж улайран зүтгэхээ больж үз. хойч үедээ хараалгах зүйл хийж өөрийгөө үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт хийсэн баатар болгох гэж тэнэглэхээ одоо болио. хэрвээ та өөрийгөө сайн хуульч гэж бодож байгаа бол сонгодог парламент гэж чалчихаа больж хоёр танхимтай парламентийн төлөө хоёр гараа өргө. тэгвэл та монголын түүхэнд төрийн жинхэнэ түшээ болж гавьяа чинь мөнхөрнө.

0  |  0
Novsh(73.83.84.234) 2019 оны 04 сарын 13

Bertrgchin novsh.

1  |  0
Зочин(202.55.188.39) 2019 оны 04 сарын 13

Уг нь эрх мэдэл гэдэг үүрэг хариуцлага байдаг. Харин манай үндэстний сэтгэлгээнд эрх мэдэл гэдэг бол дураараа аашлаад дараа нь хариуцлагаас мултрах боломж л байдаг. Бүгд тэгэж хардаг. Энэ бол бидний сэтгэлгээнд иргэншлийн ойлголт огтоос суугаагүйн баталгаа юм. Нэг удаа бужигнуулаад ѳнгѳрнѳ. Тэгээд дараа нь их л удаж шоронд орно биз. Эсвэл бүр монцойж дархлагдах юмуу Америк гарч тэндээ шингэх аз тохиож ч юу магад. Ямар ч байсан чадаж байгаа дээрээ дураараа жаалж авдаг хэрэг ээ хѳ.

0  |  0
Top