Б.Баярдаваа: Гадаад зах зээлээ анхааралтай ажиглаж, ойрын 2-3 жилд маш болгоомжтой байх ёстой

2019 оны 04 сарын 10

Монголбанкны Мөнгөний бодлогын хороо бодлогын хүүг хэвээр хадгалах шийдвэрийг энэ оны эхний хурлаараа гаргасан билээ. Цаашид дотоод эрэлт үргэлжлэн хүчтэй тэлэх тохиолдолд мөнгөний бодлогын хүүг өсгөх шаардлага үүсч болзошгүй гэж мэдэгдсэн. Тэгвэл Мөнгөний бодлогын хорооноос гарсан шийдвэртэй холбоотойгоор Монголбанкны Мөнгөний бодлогын газрын захирал Б.Баярдаваагийн байр суурийг хүргэж байна.


-Бодлогын хүүг хэвээр хадгалах шийдвэр гаргахад нөлөөлсөн гол хүчин зүйлс юу байв?

-Мөнгөний бодлогын шийдвэрт хамгийн эхэнд харгалзан үздэг үзүүлэлт нь инфляци. Инфляци харьцангуй тогтвортой байгаа. Нэгдүгээрт, инфляци савлагаатай байгаа ч нөлөөллийг нь аваад үзвэл эрэлтийн гэхээсээ илүү нийлүүлэлтийн шинж чанартай нөлөөллүүд давамгайлж байна. Нөгөө талаас эрэлтийн шалтгаантай суурь инфляцийн төлөв байдлыг бид бодлогын шийдвэртээ тогтмол харгалзаж үздэг. Суурь инфляци харьцангуй тогтвортой байна. Эхний үндэслэл нь энэ юм. Хоёрдугаарт, эдийн засгийн өсөлт 6.9 хувьд хүрсэн. 2019 оны эдийн засгийн өсөлт мөн л 6.9 орчим хувьтай байх таамаглал байна. Мөнгөний бодлогын хорооны мэдэгдэлд дурдсан нэг зүйл нь “Эдийн засгийн өсөлт цаашид эрчимжих, дотоод эрэлт эрчтэй байх тохиолдолд бодлогын хүүг өсгөх шаардлага үүсч болзошгүй” гэдгийг олон нийтэд мэдээлсэн нь онцлогтой байлаа.

-Мөнгөний бодлогын хорооны мэдэгдэл дэх энэ тодотгол бодлогын хүү хөдөлж болзошгүй нь гэсэн ойлголтыг дагуулж байна л даа. Бодлогын хүүг өсгөхөд нөлөөлөх гол хүчин зүйлсүүдийг, гол анхаарах ёстой тоон үзүүлэлтүүдийн талаар товч мэдээлэл өгөөч?

-Нэгдүгээрт, инфляцийн тоо. Инфляцийн өсөлт цаашид хурдсах уу, үгүй юу гэдгийг анхаарах ёстой. Хоёрдугаарт, эдийн засагт байгаа зээлийн өсөлт ямар түвшинд байх нь вэ гэдэг асуудал. Гуравдугаарт, эдийн засгийн өсөлт цаашид 6.9-7.0 хувь буюу хүлээлтээс давах нөхцөл байдал үүсэх үү, үгүй юу гэдгийг ялангуяа 2019 оны нэгдүгээр улирлын тооноос харах хэрэгтэй.

Дараагийн нэг асуудал нь гадаад эдийн засагт сүүлийн хэдэн улирал үргэлжилж байгаа гадаад төлөв байдлын эрсдэл ямар байх вэ гэдэг нь чухал. Үүний экспортын үнэд хэрхэн нөлөөлөх, Монгол Улсад орж ирэх гадаад валютын урсгалд ямар нөлөө үзүүлэх вэ гэдэг зүйлийг харгалзан үзэж байгаа.

-Энэ оны эдийн засгийн төлөвийг эдийн засагчид, судлаачид эергээр харж байна. Азийн хөгжлийн банк манай эдийн засгийг 2019, 2020 онд тогтвортой өснө гэж таамаглалаа. Гэхдээ эерэг төсөөлөлтэй зэрэгцэн эрсдлээ бид анхаарах ёстой байх. Та болзошгүй эрсдлүүдийг хэрхэн харж байна вэ?

-Манай эдийн засаг уул уурхайгаас өндөр хамааралтай учраас гадаад нөхцөл байдлыг хувийн сектор, банкууд, бодлого боловсруулагчид бүгд анхааралтай ажиглаж байх ёстой. 2019 оны хувьд бид нөхцөл байдлыг харьцангуй эерэг байхаар харж байгаа. Гэхдээ олон улсын шинжээчид эрдэс баялгийн бүтээгдэхүүний үнэ буурах хандлагын төсөөллийг хийсээр байна. Энэ нь манай улсын эдийн засагт нөлөөтэй учраас өнөөдрийн Монголбанкны зүгээс авч, хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, шийдвэрүүд нь дунд, урт хугацааны тогтвортой байдлыг алдагдуулахгүй байхыг зорьж байгаа юм. Тэр ч утгаараа макро зохистой бодлогын шийдвэрүүд, бодлогын хүүтэй холбоотой шийдвэрүүдийг гаргаж байгаа.

-Энэ онд валютын орох урсгал ямар байх бол?

-2019 оны хувьд валютын орох урсгалыг өөдрөгөөр харж байгаа. Ялангуяа экспорт, тэр дундаа нүүрсний экспортын төсөөллийг өмнөх арванхоёрдугаар сард төсөөлж байснаас 4 орчим сая тонноор нэмэгдүүлсэн. Өмнө нь 35-36 сая тоннд хүрэх болов уу гэж байсан бол 39 сая тонн болгож нэмэгдүүлсэн. Гадаад хүчин зүйл нүүрсний зах зээлд эерэг нөлөөлөл үзүүлж байгаа.

Энэ цаг хугацааны цонхыг бид маш сайн ашиглаж, экпспортоо эрчимжүүлж, орлогоо сайжруулах шаардлага бий. Зэсийн үнийг өмнөх төсөөллөөс бага зэрэг бууруулсан боловч экспортын тоо хэмжээн дээр нэг их өөрчлөлт гарахгүй. Мөн алтны үнийг сайжруулж авч үзсэн.

Энэ нь алтны зах зээл дээр экспортолж байгаа аж ахуйн нэгжүүдэд эергээр нөлөөлнө. Гадаад эрэлтийн хувьд олон улсын шинжээчид Хятадын эдийн засгийн өсөлтийн төсөөллийг бууруулж байгаа. Гэхдээ сүүлд болсон Хятадын том хурлаар өсөлтийнхөө төсөөллийг 6-6.5 хувьд хадгалах шийдвэрийг гаргасан. Мөн эдийн засгийн өсөлтөө бууруулахгүйн тулд хоёр тэрбум юанийн татварын хөнгөлөлтийн асуудал яригдаж байна. Энэ нь эдийн засагт эергээр нөлөөлнө. Нэг ёсондоо манай гадаад эрэлтэд таатай нөхцөл байдлыг бий болгоно. Үүнээс гадна Америк, Хятад хоёрын худалдааны зөрчилдөөнийг шийдвэрлэхтэй холбоотой хэлэлцээр огт зогсохгүй байна.

Дөрөвдүгээр сараас хэлэлцээрүүд дахин үргэлжилнэ. Эдгээр нь зах зээлд эерэг нөлөө үзүүлж байгаа. Гэхдээ бид гадаад зах зээлээ маш анхааралтай ажиглаж, ойрын 2-3 жилдээ маш болгоомжтой байх ёстой. Ойрын нэг жилдээ асуудал харьцангуй гайгүй байгаа боловч энэхүү гадаад орчны таатай нөхцөл, байдлыг ашиглаад санхүүгийн байгууллагууд, аж ахуйн нэгж, өрхүүд санхүүгийн дархлаагаа сайжруулж байх ёстой. Тэгж чадвал дунд, урт хугацаандаа эдийн засгийн тогтвортой байдлыг хадгалахад чухал үр дүнтэй. Ийм үр дүн рүү Монголбанкны бодлогын шийдвэрүүд ч чиглэж байгаа.

Дэлгэрэнгүйг "ӨГЛӨӨНИЙ СОНИН"-оос унших боломжтой!

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top