Парламентад итгэх иргэдийн итгэл 76-гийн гарт байна

Б.Эрхэс | Zindaa.mn
2019 оны 04 сарын 10

УИХ-ын гишүүд нэгнийхээ өмнөөс санал өгдөг, ирцэд бүртгүүлдэг, саналаа худалддаг, картыг нь сугалж төрийн ажлыг гацаах нь хэвийн үзэгдэл болоод удаж байна. Тэдний энэ байдал парламентад итгэх иргэдийн итгэлийг сулруулж, тэр хэрээр нэр хүндийг нь унагасан гэхэд болно. Өнгөрсөн баасан гарагт хөшгөө нээсэн УИХ-ын хаврын ээлжит чуулганаас эхлэн гишүүдийн сахилга, хариуцлага нэмэгдсэн.

Учир нь, жилийн өмнө УИХ-ын гишүүн Я.Содбаатар, С.Бямбацогт нарын өргөн барьсан УИХ-ын чуулганы хуралдааны Дэгийн тухай шинэ хууль хэрэгжиж эхэлснээр гишүүд хурууны хээгээр ирцээ бүрдүүлж, саналаа өгдөг хуулийн орчин бүрдсэн юм. Хууль санаачлагдын зүгээс УИХ-ын хууль тогтоох үйл ажиллагааг улам боловсронгуй болгох, тасралтгүй, түргэн шуурхай, үр дүнтэй явуулах зорилгоор хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан гэдгийг хэлж байна.

Харин УИХ-ын Тамгын газраас хурууны хээ уншигч төхөөрөмжийг суурилуулахад улсын төсвөөс 600 сая төгрөг зарцуулсан. Хэдийгээр улсын төсвөөс зарцуулсан мөнгөн дүн нь олон нийтэд төдийлэн таалагдаагүй ч гишүүд хурууны хээгээр ирцээ бүрдүүлж, санал өгдөг болсон явдалд ам сайтай байгаа нь анзаарагдаж байна.

Тэгээд ч өнөөгийн УИХ-ын дарга ажлаа авсан эхний өдрөө л гишүүдийн хариуцлагыг чангатгах асуудлыг хөндсөн төдийгүй УИХ-ын Дэгийн тухай хуулийг цаашид улам сайжруулж, боловсронгуй болгохоор Ажлын хэсэг томилогдон ажиллаж байгаа билээ. Энэ утгаараа иргэд парламентын гишүүдийн сахилга бат, хариуцлагыг улам дээшлүүлж, тэр хэрээр парламентын шинэчлэлийг хүлээж байна гэхэд болно. Учир нь, УИХ-ын гишүүдийн сахилга, хариуцлагыг чангатгаж байж парламентад итгэх иргэдийн итгэл нэмэгдэнэ гэж үзэж байна.

Тэгвэл нөгөө талд УИХ-ын гишүүд ч хариуцлага нэмэгдэж, ирцийн үзүүлэлт дээшилнэ гэж тооцож байгаа аж. Тухайлбал, УИХ-ын гишүүн Я.Содбаатар “УИХ-ын гишүүн С.Бямбацогт бид хоёр санаачлаад өнгөрсөн онд УИХ-ын чуулганы дэгийн тухай хууль, УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулж, хурууны хээгээр санал өгөх, ирц бүртгэх, үг хэлэх зэрэг зүйлсийг оруулсан. Одоо хууль дөнгөж хэрэгжиж эхлээд байгаа болохоор дүгнэлт хийхэд эрт байна. Ер нь цаашдаа бид хурууны хээгээр санал өгдөг байдлыг илүү боловсронгуй болгох хэрэгтэй гэж үзэж байгаа” гэсэн бол УИХ-ын гишүүн Ц.Гарамжав “Хурууны хээгээр ирцээ өгдөг болсон явдал нь тухайн гишүүн өөрийн биеэр саналаа өгдөг байдлыг баталгаажуулж өгч байгаа. Хууль батлагдсанаас хойш ирц сайн байгаа нь анзаарагдаж байна. Хүний хурууны хээ давтагдашгүй учраас хэн нэгэн өмнөөс нь санал өгөх боломжгүй. Заавал өөрийн биеэр ирж байж асуудалд чин үнэнчээр саналаа өгнө. Түүнээс биш юу хэлэлцэж байгааг мэдэхгүйгээр автоматаар санал дараад байдаг явдал байж болохгүй. Энэ талаасаа бол хурлын ирц үнэн бодит, бүрэн байх тухайд ач холбогдолтой болсон” хэмээн ярилаа.

Түүнчлэн УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ “Би гэхэд 70 мянган иргэний саналыг төлөөлж УИХ-д сууж байгаа. Бусдын кнопонд хүрнэ гэдэг нь тэр олон мянган иргэний эрхэд халдаж байгаа хэрэг. Би хүний кнопыг дардаг бүх хүнийг шүүмжилдэг байсан. Эцэст нь хууль гарснаар хүний кноп дардаг асуудлыг бүрэн арилгасан” хэмээн байр сууриа илэрхийллээ.

Дэлгэрэнгүйг "ӨГЛӨӨНИЙ СОНИН"-оос унших боломжтой!

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top