Хөдөлмөр, Нийгмийн харилцааны дээд сургуулийн багш, доктор, профессор, судлаач Ж.Дашхүүтэй ярилцлаа.
-Аливаа улс орны оршин тогтнох нэг чухал үндэс бол иргэд учраас үүнд уялдсан дэлхий нийтийн чиг хандлага ч бий. Манай улсын хувьд ч анхаардаг байх. Энэ талаар яриагаа эхлүүлэх үү?
-Манай Ерөнхийлөгч НҮБ-ын дээд чуулганы уулзалтын индэр дээрээс Монгол Улс тогтвортой хөгжлийн 17 зорилт хэрэгжүүлэх үүрэг авснаа мэдэгдсэн. Энэ 17 зорилтын дотор хүний хөгжлийн үндсэн 17 үзүүлэлтүүдийг зангидахдаа хамгийн гол нь тогтвортой хөгжлийн зорилгоос үндэсний хэмжээнд хоёр асуудлыг голлож байгаа юм. Нэгдүгээрт ядуурал, ажилгүйдлыг бууруулах асуудал, хоёрдугаарт манай хөгжлийн ирээдүйд хүргэх хамгийн том асуудал юм. Нийгэм даяараа хөгжинө, хөгжлийн анхны босго дээрээс ямар асуудал бэрхшээлтэй байна вэ гэдгийг тодорхой гаргаж тавиад, дараа нь тэр асуудлыг хэрхэн шийдэх асуудлыг иргэд дүгнэдэг. Тэгэхээр 2030 он хүртэл ядуурлын бүх төрлийг устгана, ажилгүйдлыг арилгана гэсэн үг. Товчхон хэлэхэд хөдөлмөр нийгмийн харилцааны асуудал юм.
-Өнөөдрийн нийгмийн харилцаанд гарч буй цаг үеэ дагасан өөрчлөлтөөс эхлээд олон зүйл ярьж болох байх. Үүнээс хөдөлмөр эрхлэх асуудал нэн чухал санагдана. Таны хувьд?
-Хөгжлийн хурдтэй энэ үед үүнийг дагасан менежмэнт нэн чухал. Хэдийгээр асар хурдтай хөгжиж байгаа ч хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх асуудал цагийн цагт байсаар ирсэн, байх ч болно. Манай сургуулийн эрдэмтэн, судлаачид, магиструуд хөдөлмөр эрхлэлтийг орчин үеийн дэлхий даяар тэргүүлэх чиглэл болгож байгаа, хөдөлмөр эрхлэлтийг зохистой түвшинд хүргэх онол, практик хэрэглээний асуудлаар 70 гаруй сэдвийн хэмжээнд судалж байна. Үүнийг бол би их зөв чиглэл гэж бодож байгаа. Ядуурал ярихаас өмнө хөдөлмөр эрхлэлтийг нэгдүгээрт тавих ёстой гэдгийг л хэлээд байгаа юм. Би сургуулийнхаа оюуны санд хуримтлагдсан судалгааны эх сурвалжаас танай сониноор дамжуулан хүргэх боломж олдсон болохоор өөрийн сургуулийн эрдэмтдийн баг бүрэлдэхүүнийг танилцуулъя гэж бодож байна. Энэ тавьсан асуудлыг манай эрдэмтэдтэй хамтран ажиллах замаар оюуны хөдөлмөрийн өргөтгөсөн хувиарыг хүчээ нэгтгэж ажиллах нь их чухал гэж бодож байгаа. Манай сургуулийн эрдмийн зөвлөлд Шинжлэх ухааны доктор, профессор, хүмүүнлэгийн ухааны академич Д.Содномдаржаа, МУИС-ын захирал асан докторант, профессор Эрдэнэчулуун, доктор, профессор Адъяа, Дэмбэрэл, Баясгалан, Баярмаа гэсэн эрдэмтэд багтаж байгаа. Тогтвортой хөгжлийг бий болгоход дөрвөн гол үндсэн асуудлыг анхаарч, үүнийг хөгжүүлж явах ёстой.
-Энэ дөрвөн асуудал л сонирхол татаж байна?
-Нэгдүгээрт, цалин орлоготой ажил хөдөлмөрийн хүрээг өргөжүүлэх, хоёрдугаарт, ажилчдыг мэргэшүүлэх, дадлагажуулах, гуравдугаарт, ажлын байр өндөр технологитой, орчин нөхцөл нь хүнд их тохиромжтой, сонирхол татсан байх, дөрөвдүгээрт, нийгмийн хамгаалал гэсэн үндсэн дөрвөн стратеги байна.
-Тэгэхээр танай сургуулийн эрдэм шинжилгээний ажлын чиглэлд дээрх үндсэн асуудал багтаж байна. Тулгуур нь гэж болохоор харагдана. Илүү нарийвчилсан зүйл юу байна?
-Манай эрдэмтдийн онолын бүтээл, судалгааны ажилд зохистой хөдөлмөр эрхлэлтийн стратегийн дөрвөн зорилт байгааг дээр дурьдсан. Энэ зорилгын хүрээнд задаргаа, шинжилгээ хийх нь ойлгомжтой. Тэгэхээр юуны өмнө цалин хөлс, бүтээмжийн асуудал яригдана. Үүнээс гадна ажлын байранд хүний хөдөлмөрлөх эрхийг хангах асуудал, хөдөлмөр эрхэлж байгаа хүн ганц бие биш, өрх гэрээ, үр хүүхдээ, нийгмээ авч явах гээд олон талаар салбарлана, тэгэхээр энэ нь үр дүнтэй байж бидний дэвшүүлсэн үндсэн дөрвөн зорилтот стратеги сая хэрэгжинэ. Олон улсын хэмжээнд ажлын байрыг дөрөв ангилдаг.
Тухайлбал, өндөр технологитой, дундаж технологитой, нам технологитой, дундаж нам технологитой ажлын байр гэж дөрөв ангилдаг. Гэтэл манай улсад энэ дөрвөн технологийн алинд нь нийцэж байна вэ гэхээр туйлын хоцронгуй байгаа. Яагаад гэхээр, дэлхийн хөгжилтэй улс орнуудад ийм ажлын байр бизнесийн хүрээнд 85-90 хувийг эзэлж байхад зөвхөн 10 хувь нь дундаж өндөр технологитой байдаг.
-Олон улсын жишигт нийцүүлж явахад олон асуудал тулгарч байгаа нь ойлгомжтой. Чухам ямар асуудал байна вэ?
-Манайд өнөөдөр төрөл бүрийн статистик тоо баримт бий. Олон мянган хүний ажлын байр шинээр нэмэгдлээ гэх мэт зүйлс байдаг даа. Гэтэл миний яриад байгаа энэ ангилал дээр тулгуурласан ямар ч статистик, эрдэмтдийн судалгаа алга. Харин манай сургуулийн эрдэмтэд судалгаа тогтоосон. Гэтэл манай дотоодын нийт бүтээгдэхүүний өндөр технологид үйлдвэрлэж байгаа тэр хувь хэмжээ бол нэг хувьд ч хүрэхгүй. Манай эрдэмтдийн гаргасан судалгаагаар 0,83 хувьд хүрч байгаа. Цаана үлдэж байгаа хүмүүс бол нам болон дундаж нам технологитойгоор ажиллаж байна. Тийм учраас ажлын байрыг чанаржуулах асуудал маш чухал. Ийм ажлын байрны нөхцөл бүрдүүлсэн байхад хүн өндөр хөлстэй, бүтээмжтэй ажиллаж орлого нь нэмэгдэнэ. Түүнийг дагаад ажил амьдрал сайжирна, нийгмийн хөгжил хурдацтай өснө гэсэн ийм асуудлыг тавьж байгаа юм. Үүнээс гадна энэ тал дээр 2016 онд Ерөнхийлөгчийн дэргэдэх Стратеги үндэсний аюулгүй байдлын хүрээлэн ганцхан судалгаа хийсэн. Энэ хүрээлэнгийн тооцоолсноор 0,76 хувьтай байна гэсэн. Үүнээс харвал манай сургуулийн судалгаа Стратеги үндэсний хүрээлэнгийн судалгаатай бараг таарж байна.
-Монгол Улсад ажлын байр тогтворгүй байна гэлээ. Тэгвэл ажлын байрыг яаж чанаржуулах, дэлхийн түвшинд хүргэхийн тулд юу хийх ёстой вэ, ямар бодлого барих ёстой юм бол?
-Зах зээлийн эдийн засагт шилжээд, яг шилжилтийн таван жилийн дараа Засгийн газар улсын хэмжээнд ажлын байрыг ангилах үзлэг хийгээд тодорхой арга хэмжээ авдаг байсан. Гэтэл тэр ажлын байрны асуудал хэвлэл мэдээллийн хэрэгслээр, олон нийтэд бодлогын хүрээнд асуудал дэвшүүлж, чухам ямар асуудал хүндрэлтэй байгаа юм, яаж шийдэх юм гэсэн зорилтыг гаргаж ирсэн. Хамгийн сүүлд 2008 онд ажлын байрны ангилал явуулж, Засгийн газар үүнийг хэлэлцээд нэг тогтоол гаргасан цагаас хойш чимээгүй болсон. Энэ бол Мэргэжлийн хяналтын байгууллагын хийх ёстой ажил, тэдний үүрэг байсан. Үүнээс харахад хүний амьдралын хамгийн чухал орон зайг нь мартаад байна гэсэн үг. Ингэхээр тогтвортой хөгжлийн асуудлыг яаж ярих юм бэ, мөрөөдлийн чанартай, зөгнөлийн чанартай юм ярьж байгаагаас ялгаа байхгүй. Хүний хөгжлийн асуудал бол юуны өмнө ажлын байр, гэр орон. Өөр олон асуудал байдаг ч энэ нь нэн чухал зүйл. Бас нэг дурдахгүй өнгөрч болохгүй асууд нь цалин. Тэгэхээр бид цалин ярихаасаа өмнө тогтвортой хөгжлийн хүрээнд хүмүүсийг яаж орлогожуулах юм гэсэн зорилт тавьсан. Монгол Улс ямар янзтай байна гэхээр тогтвортой хөгжлийг боловсруулж байх үедээ л 2014 онд нэг хүнд ноогдох үндэсний орлого 10729 ам.доллар байсан. Үүнийг 2030 он гэхэд 17500 америк долларт хүргэнэ гэсэн. Үүнд хүрснээр монголын хүн ам орлогынхоо түвшингөөр хөгжиж байгаа орнуудын тэргүүн эгнээнд элсэх ийм том зорилт тавьсан. Үүнд хүрч чадах юм бол том амжилт. Гэхдээ прогназ хийгээд тооцоолох юм бол манай орлого нэмэгдэнэ. Тэргүүн эгнээнд явж байгаа тэр орлого ч нэмэгдэнэ. Энэ хоёр нэмэгдлийн хоорондох харилцаа ямар байх вэ гэдгийг манай шинжээчид яаж тооцоолсон бэ гэдэг бүрхэгдүү харагдаж байгаа юм. Миний бодоход олон улсын хөгжлийн агентлагууд, судлаач шинжээчид хөгжлийн дунд түвшинд байгаа тэргүүлэх орнуудад нэг хүнд ноогдох дотоодын бүтээгдэхүүн манай төлөвснөөс хоёр дахин илүү. Хоёр дахин илүү гэхээр 34 мянган тэрбум америк доллар гэсэн тооцоо гарч байгаа юм. Тэгхээр бид нар дэлхийн түвшинд яаж хүрэх вэ гэдэг нь эргэлзээтэй харагдаж байгаа юм. Ер нь эргэцүүлээд бодоод үзэх юм бол тогтвортой хөгжлийн процесс тодруулмаар ч юм байдаг, эргэж хармаар ч юм байдаг. Үүнийг эрх биш 15 жилийн хугацаатай хийсэн үзэл баримтлал шүү дээ. Гэтэл 15 жилийн гуравны нэгийг ардаа үлдээчихээд байна.
-Судлаач онолч хүний хувиар анхаарах зүйл маш их байдаг биз?
-Би судлаач хүний хувьд ярихад манайд онолын хувьд гуйвуулсан маш их зүйл байгаа. Өртгийг хэн бүтээх вэ гэхээр, тэр бүтээлч хүмүүс чинь бүтээдэг. Харин хийсэн хөдөлмөр чинь тэр өртгийг бүтээдэг. 1970-аад оны дунд үед нэг онол гарч ирсэн нь хүний хөдөлмөрийг үгүйсгээд байгаа. Хэн тэр өртгийг тогтоож байна гэхээр хэрэглэгчид тогтоож байна. Тэр худалдан авах чадвартай, тэр бололцоотой улсууд чинь сайн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, ийм хийсвэр ойлголттой хутгаад тавьчихсан. Үүнийг манай нэртэй судлаач Баянжаргал гэдэг эрдэмтэн онолыг хутгаад эдийн засгийг будлиантуулаад хаячихсан гэдэг шүүмжлэл хэлмээр байгаа юм. Тэгвэл өртөг гэдэг чинь зардал дээрээ гарч ирдэг. Тийм учраас өртгийн чинь үнэ цэнийг хүний хөдөлмөр гэж байгаа юм. Манайд долоон жил анагаах ухааны мэргэжил эзэмшсэн хүн л тэр эрүүл мэндийн салбарыг аваад явна. Гэтэл одоо фото зургийн хальс угааж байсан хүн Эрүүл мэндийн сайдаар ажиллаж байна. Ийм болохоор яаж тэр салбарыг мэргэжлийн түвшинд авч явж чадах юм бэ гээд ярьвал олон зүйл бий.
Сэтгэгдэл ( 0 )