Эдийн засаг, санхүүгийн салбарын төлөв байдал, сорилтуудыг дүгнэн хэлэлцэж, цаашдын хамтын ажиллагаа, бодлого, зөвлөмжийг тодорхойлох нь чухал. Тэгвэл энэ үүднээс зохион байгуулагддаг “Эдийн засгийн бодлогын чуулган” хоёр дахь жилдээ өнөөдөр болж байна. Тухайн цаг үеийн болон ойрын ирээдүйд эдийн засагт тулгамдаж буй сорилт, асуудлуудыг бодлого боловсруулагчид, эрдэмтэн судлаачид, бизнес эрхлэгчид, зах зээлд оролцогчид хамтран судалгаа, шинжилгээнд суурилан хэлэлцэх зорилготой “Эдийн засгийн бодлогын чуулган 2019”-ийг энэ жил Монгол Улсад банкны салбар үүсч хөгжсөний 95 жилийн ойн эрдэм шинжилгээний хуралтай хамтатган хийж байна.
Энэ жилийн бодлогын чуулган, эрдэм шинжилгээний хурал нь санхүүгийн зах зээл, эдийн засаг, макро бодлогын түвшинд тулгарч буй сорилтуудыг амжилттай даван туулахад чухал нэмэр оруулна гэж үзэж буйгаа Төв банкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан хэлж байлаа.
Чуулган гурван салбар хуралдаанаас бүрдэж байна. “Банкны хөгжил-95” сэдэвт эхний хуралдаанд Монголбанкны Ерөнхий эдийн засагч Д.Ган-Очир “Монгол Улсын эдийн засаг, банкны салбарын хөгжил 95 жилд: Ололт, Сорилт, Сургамж” сэдвээр илтгэл тавьсан бол Дэлхийн банкны ахлах эдийн засагч Жан-Паскаль Н.Нгану, Монголын банкны холбооны гүйцэтгэх захирал Ж.Үнэнбат, Хас банкны Гүйцэтгэх захирал М.Болдоо нар салбарын асуудлуудаар илтгэл тавьж байр сууриа илэрхийллээ.
Өнөөдрийн чуулганы үеэр яригдаж буй гол асуудлын нэг нь зээлийн хүүд хязгаар тогтоохтой холбоотой байв. Хас банкны Гүйцэтгэх захирал М.Болдоо “Захиргаадалтаар хүүнд тааз тогтооно гэдэг нь өнөөгийн инфляцийн 8 хувь, төгрөгийн ханшийн 10 хувийн сулрал, улс төр эдийн засгийн эрсдэлийг “байхгүй бол” гэж муйхраар тушааж байгаатай агаар нэг эмгэнэлтэй явдал юм. Зээлийн хүүг хүчээр буулгах нь хадгаламжтай хүний мөнгийг хямд аваад мөнгөгүй хүнд хямд өгөх гэж байгаа хэрэг мөн. Хадгаламжтай хүн мөнгөө бодитоос бага хүүтэй хадгалуулчихаа л байчихна. Мөнгөө банкнаас татахаа бодно, мөнгө хомсдоно, зээлийн хүү өснө. Банкин дахь хадгаламж гадагшилж, зээлийн эх үүсвэрийн хомсдол хурцадна. Бичил, жижиг зээл, хэрэглээний зээл хумигдсанаар том компаниудын борлуулалт буурна. Ажилгүйдэл нэмэгдэнэ” гэж хэлж байна.
Чуулган “Санхүүгийн салбарын дархлааг бэхжүүлэх нь”, “Финтек: Санхүүгийн зах зээлийн ирээдүй” сэдвүүдийн хүрээнд үргэлжилж байна. Өнгөрсөн 95 жилд банк, санхүүгийн салбар олон улсын түвшинд хүрч хөгжиж, гүйцэтгэх үүрэг нэмэгдэж, улс орны бүтээн байгуулалт нийгэм эдийн засгийн хөгжлийг эрчимжүүлэхэд ихээхэн хувь нэмэр оруулж ирсэнтэй эдийн засагчид санал нийлж буйгаа илэрхийлж байлаа.
Сэтгэгдэл ( 4 )
Монгол улсын хөгжилд хамгийн их чөдөр тушаа болж байгаа салбар бол зээлийн хүү өндөртэй банкны салбар гэдгийг Монголын ард түмэн бүгд мэдэж байгаа. Монголын банкууд 30 жил ард түмний халаасыг хоосолж хагартлаа баяжлаа. Одоо харин зээлийнхээ хүүг бусад орны жишигт ойртуулах цаг болсон гэдэгтэй хүн бүр санал нийлэх байхаа.
БАНКНААС МӨНГӨӨ ТАТААД ХААНА ХИЙХЭВ ДЭЭ 18ХУВИЙН ХҮҮТЭЙ БАНК ХААН Ч БАЙХГҮЙ ШҮҮДЭЭ
БАНКНААС МӨНГӨӨ ТАТААД ХААНА ХИЙХЭВ ДЭЭ 18ХУВИЙН ХҮҮТЭЙ БАНК ХААН Ч БАЙХГҮЙ ШҮҮДЭЭ
Банкуудын ашиг буурна гээд шууд хэдчихээч захиргаадалт сайн зүйл биш хэдий ч хүүг өөрөөр буулгах арга алга банкууд өөрсдөө санаачлага гаргахгүй байхад