Хөгжлийн банк 2018 онд Олон улсын санхүүгийн зах зээлд Монгол Улсын нэр хүндийг бататгаж чадлаа

Э.Мөнхжин | Zindaa.mn
2019 оны 04 сарын 29

2018 он Монгол Улсын Хөгжлийн Банкны хувьд ашигт ажилла­гаагаа нэмэгдүүлсэн онцлох жил байсныг тус банкны удирдлагууд өнгөрсөн долоо хоногт эдийн засгийн сэтгүүлчидтэй зан­гиа­гүй уулзалт хийх үедээ тодотгож байлаа. Хөгжлийн банкны удирдлагууд салбарынхаа сэтгүүл­чидтэй зангиагүй уулзалтыг гурав дахь жилдээ зохион байгуулж байна. Энэ жилийн уулзалтаар 2018 онд хийсэн онцлох ажлууд, ашигт ажиллагаа, санхүүжүүлсэн төслүүдийн үр өгөөж, хийгдэж буй хяналт шалгалт, 2019 онд хийж хэрэгжүүлэх ажлын талаар танилцуулж сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулсан юм. 2018 оны жилийн эцсийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад актив хөрөнгө 14 хувиар өсч 4.2 их наяд төгрөгт хүрээд байна. Өөрийн хөрөнгө 1 их наяд 138 тэрбум болж, татварын өмнөх ашиг 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар 18 тэрбум төг­рөгт хүрснийг тодотгож байлаа.

2018 ОНД ХӨГЖЛИЙН БАНК ӨӨРИЙН ХҮЧЭЭР ХӨРӨНГӨ БОСГОВ

Хөгжлийн банк нь “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030”, Засгийн газрын дунд хугацааны хөгжлийн бодлогод нийцсэн томоохон төсөл хөтөлбөрийг санхүүжүүлж байгаа. Засгийн газар, ОУВС-гийн Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр хэрэгжүүлж буйтай холбогдуулж Хөгжлийн банкинд зээл олголт болон татан төвлөрүүлэлтийг тодорхой хэмжээнд хязгаарлаад байгаа хэдий ч тус банк өнгөрсөн онд Засгийн газрын баталгаагүй 500 сая ам.долларын бонд босгосон нь Монголдоо төдийгүй Азидаа санхүүгийн шилдэг хэлцэл, төрийн өмчит байгууллагын шилдэг бондоор шалгарсныг онцлох нь зөв биз ээ. Засгийн газрын баталгаагүй олон улсын зах зээлээс бонд босгох явц үргэлжилж Тайван, Америк, Польш, ОХУ-аас нийт 300 тэрбум төгрөгийн санхүүжилт босгоод байна. Бондын эдийн засагт үзүүлж буй үр өгөөжийг дурьдвал улсын валютын нөөцийг нэмэгдүүлсэн, гадаад төлбөр тооцоог саадгүй хийх боломж бүрдүүлсэн, импортыг орлох, экспортыг нэмэгдүүлэх төсөл хөтөлбөрийг санхүүжүүлэх улмаар экспортын орлогыг нэмэг­дүүлэх боломжийг бүрдүүлсэн амжилт­тайгаар Хөгжлийн банк 2019 оны үйл ажиллагаагаа эхлүүлээд байна. Татан төвлөрүүлсэн эх үүсвэрийн төлбөрийг хугацаанд нь төлөх онцгой хариуцлагатай жил байсан бөгөөд 2017-2018 онд 580 сая ам.долларын Евро бондыг оролцуулан нийт 1 тэрбум 22 сая ам.долларын гадаад эх үүсвэрийн эргэн төлөлтийг амжилттай хийж, олон улсын санхүүгийн зах зээлд Монгол Улсын болон Монгол Улсын Хөгжлийн банкны нэр хүндийг бататгаж чадсан.

ЗЭЭЛИЙН ЭРГЭН ТӨЛӨЛТ 5 ИХ НАЯД 393 ТЭРБУМ ТӨГРӨГТ ХҮРЛЭЭ

Зээлийн багцын тухайд эх үүсвэрийн эргэн төлөлт 2016 оны 9 дүгээр сараас өнөөг хүртлэх хугацаанд 2 их наяд 383 тэрбум төгрөг. Зээл олголт 1 их наяд 64 тэрбум төгрөг. Зээлийн эргэн төлөлт 5 их наяд 393 тэрбум төгрөгт хүрээд байна. Зээлийн багцыг салбараар нь ангилбал үйлдвэрлэлд 1 их наяд 139 тэрбум төгрөг, барилгын салбарт 688 тэрбум төгрөг, дамжуулан зээл буюу арилжааны банкуудаар дамжуулан нийт 483 тэрбум төгрөг, уул уурхайн салбарт 232 тэрбум төгрөг, эрчим хүчний салбарт 138 тэрбум төгрөг, агаарын тээвэрт 42 тэрбум төгрөг, хөдөө аж ахуйд 41 тэрбум төгрөг, бусад салбарт 39 тэрбум төгрөгийн зээлийг тус тус олгоод байна.

17.2 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ЭРСДЛИЙГ ХААЖЭЭ

Монгол Улсын Хөгжлийн Банкны тухай шинэчилсэн хуулиар жил бүр олон улсын хөндлөнгийн аудитын байгууллагаар санхүүгийн нийцлийн аудитаас гадна Монголбанк, Үндэс­ний аудитын газар, Засгийн газар хуулийнхаа хүрээнд тогтмол хяналт тавьж байна. Өнгөрсөн онд Монголбанк, Үндэсний аудитын газар, Авлигатай тэмцэх газар, Татварын ерөнхий газар зэрэг байгууллагууд шалгалт хийжээ. Жилд дунджаар 3-4 газар шалгалт хийж байна.

Түүнчлэн Сангийн яам, Дэлхийн банктай байгуулсан Мастер гэрээний дагуу 2012-2017 оны үйл ажиллагаанд PwC аудитын байгууллагаар иж бүрэн шинжилгээ хийлгэж, тайланг олон нийтэд мэдээлээд байна.

ҮАГ-аас Хөгжлийн банк байгуулагдсан цагаас өнөөг хүртэлх хугацааг хамарсан иж бүрэн шалгалтыг жилийн хугацаанд хийсэн. Түүнчлэн сар бүр тайлан мэдээгээ Монголбанк, ЗГХЭГ, Сангийн яаманд хүргүүлж байна. Хуульд заасны дагуу зээл олголтын дараах хяналт шалгалтыг хэрэгжүүлж 10 дэд хөтөлбөрийн хүрээнд 11 банкаар дамжуулан олгосон 1325 дэд зээлдэгчийн үйл ажиллагаанд түүвэрлэсэн хяналт шалгалтыг хийж хэрэгжүүлж, зориулалтын бусаар ашигласан 9.1 тэрбум төгрөгийн зээлийг хугацаанаас нь өмнө эргэн төлүүлжээ. Хугацаа хэтэрсэн чанаргүй 12 зээлийг тусгай активт шилжүүлж 6,2 тэрбум төгрөг бүхий гурван зээл дээр шүүхийн шийдвэр Хөгжлийн банкны талд эцэслэн гарсан. Хөгжлийн банкны хариуцагчаар оролцсон дөрвөн хэрэг дээр Хөгжлийн банкны талд шийдвэр гарч учирч болох 17.2 тэрбум төгрөгийн эрсдлийг хаасан байна. 2016 оноос өмнө зээл олгосон Эрэл, Хөтөл, QSC, ТОСК, Капитал банк зэрэг 5-6 төслийн эргэн төлөлтөд хүндрэл учирч Хөгжлийн банкны ашигт ажиллагаанд сөргөөр нөлөөлж байгаад онцгой анхаарч олгосон санхүүжилтийг эргэн төлүүлэхээр ажиллаж буйгаа удирдлагуудын зүгээс мэдэгдэж байна.

ХӨГЖЛИЙН БАНКНЫ САНХҮҮЖИЛТ ХАА ХҮРЭВ

Монгол Улсын хөгжлийн бод­логыг хэрэгжүүлэгч банкны хувьд 2018 онд Засгийн газраас баталсан ноолуур хөтөлбөр, эрчим хүч, газар тариалан, газрын тос, түрээсийн орон сууц хөтөлбөрүүдийг дэмжиж, санхүүжүүлж ажиллажээ. Томоохон төсөл хөтөлбөрүүдээс онцлон дурьдвал:

 

  1. Ноолуур хөтөлбөрийн хүрээнд Хөгжлийн банкнаас шууд болон арилжааны таван банкаар дамжуулан 20 аж ахуйн нэгжийг эргэлтийн хөрөнгийн 200 гаруй тэрбум төгрөгөөр санхүүжүүлээд байна.
     
  2. ТЭЦ 4-ийн турбоагрегат шинэч­лэл, хүчин чадлыг нэмэгдүүлэх төслийн нийт өртөг 93 сая ам.доллар буюу 80.7 сая евро, найман жил хүртэлх хугацаагаар олгоно. Өнгөрсөн онд эхний ээлжинд ОХУ-ын Внешэконом банкнаас 25 сая ам долларыг үе шаттайгаар авч санхүүжүүлж байна.
     
  3. Газрын тос боловсруулах үйлдвэрлэлийн төслийн дэд бүтцийн ажил буюу үйлдвэрийн талбай, цахилгаан хангамж, авто зам, төмөр зам барих ажлууд Хөгжлийн банкны санхүүжилтээр хийгдэнэ. Тус ажлын санхүүжилт 250 хүртэл тэрбум төгрөг, одоогийн байдлаар олгосон санхүүжилт 61.8 тэрбум төгрөг, дэд бүтцийн ажлыг 2019 оны 10 дугаар сард дуусгахаар төлөвлөсөн.
     
  4. “Ди Би Эм лизинг” ХХК нь аж ахуй нэгжийн тоног төхөөрөмжийн шинэчлэлтээр ОХУ-ын компаниудаас 769 техник, тоног төхөөрөмжийг оруулж ирэн 250 гаруй аж ахуйн нэгжүүдэд олгоод байна.
     
  5. Гэр хорооллын дахин төлөв­лөлт, Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 81 дүгээр тогтоолоор ТОСК ТӨҮГ-ын захиалгаар баригдаж байсан Буянт-Ухаа 2 хорооллын 18 барилга болон Хөвсгөл, Орхон, Говь-Алтай, Дундговь аймаг дахь орон сууцны дуусаагүй барилгуудыг тус банкны санхүүжилтээр барьж, дуусгахаар шийдвэрлэсэн. ТОСК ТӨҮГ-ын өмчлөлийн дуусаагүй 29 барилгын 1562 айлын орон сууцыг тус банкны өмчлөлд 35.4 тэрбум төгрөгөөр тооцон шилжүүлж, барилгын ажлыг үргэлжлүүлж байна. Ирэх сард 972 айлын орон сууц ашиглалтад орно. Тус барилгуудыг ашиглалтанд ормогц 100 хувь Түрээсийн орон сууцны санд шилжүүлнэ. Цаашид зөрчил үүссэн төслүүдэд шат дараатай арга хэмжээ авч зээлийн эргэн төлөлтийг сайжруулахад анхааран ажиллана. Үйл ажиллагаандаа ISO олон улсын стандартуудыг нэвтрүүлэхээр зорин ажиллаж байна гэдгээ Хөгжлийн банкнаас мэдэгдэж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top