Өнөөгийн “Оюу толгой”-г бий болгосон нэрт геологич “Зэсийн Гарамжав” ил уурхайд нэрээрээ мөнхөрч, сум, орон нутагтаа ашгийнхаа тодорхой хувиас сургууль, цэцэрлэгийн цогцолбор байгуулж, сүүлийн үеийн технологийн ололт амжилтыг нэвтрүүлжээ. “Оюу толгой” ирэх жилүүдэд олборлолтоо нэмэгдүүлэн, далд уурхайгаа ашиглалтад оруулахаар төлөвлөж байна. Хэрэв далд уурхай ашиглалтад орвол “Оюу толгой” дэлхийн гурав дахь том уурхай болно.
“ЗЭСИЙН ГАРАМЖАВ” ИЛ УУРХАЙДАА МӨНХРӨВ
“Зэсийн Гарамжав”. Ухамсарт амьдралынхаа 73 жилээс 50-иас илүүг нь геологи, тэр дундаа зэс хэмжээх эрдэст зориулсан Д.Гарамжавыг “Оюу толгой” компани ил уурхайдаа мөнхөлж, ил уурхайгаа “Гарамжав” хэмээн нэрлэхээр боллоо. “Оюу толгой” орчимд 2000-аад оны эхээр геологи хайгуулын судалгаа эхэлж, хоёр ч удаа хайгуул зогсох хэмжээнд хүрч байхад Д.Гарамжавын зөвлөгөөгөөр одоогийн ил уурхайн 150 дугаар цооногыг ухах шийдвэрийг гаргаж байсан түүхтэй. Угтаа энэ л шийдвэрээс одоо улс эх орны татват бүрдүүлэлтийн ихэнх хувийг бүрдүүлэх болсон “Оюу толгой”-н олборлолт эхэлсэн түүхтэй. Түүний ажил хөдөлмөрийг үнэлж геологийн салбарын олон улсын хамгийн нэр хүндтэй “Тайер Линдслейн” нэрэмжит шагналыг хүртэж байсан юм. Чухамдаа түүнээс өөр Монгол хүн энэ шагналыг одоогоор аваагүй байна.
“Д.Гарамжав байгаагүй бол “Оюу толгой” төсөл хэрэгжих боломжгүй байлаа. Энэ гайхалтай хүмүүний залгамж халаа одоо ч манай компанид ажиллаж, хөдөлмөрлөсөөр байна. Түүний алдар, гавьяаг үр хойч нь үргэлж санаж, ажлынхаа зүг чиг болгоно гэдэгт итгэлтэй байна” гэж “Оюу толгой” компанийн Гүйцэтгэх захирал Армандо Торрес ярьсан юм.
Д.Гарамжав, Чарли Форстер, Дуглас Кирвин нарын үйл хэргээр түүчээлэн өнөөдрийн амжилтад хүрсэн “Оюу толгой” компани 2013 оны долоодугаар сард зэсийн баяжмалаа анх удаагаа экспортолсон билээ.
ХАНБОГД СУМАНД СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГИЙН ЦОГЦОЛБОРЫГ БАРЬЖ АШИГЛАЛТАД ОРУУЛАВ
Оюу толгой компани өөрийн хөрөнгө оруулалтаараа “Говийн Оюу хөгжлийг дэмжих сан” байгуулж улмаар Ханбогд суманд орчин үеийн сургууль, цэцэрлэгийн цогцолборыг байгуулж өнгөрсөн арванхоёрдугаар сард ашиглалтад оруулжээ. Хөрөнгө оруулалтаар барьсан ЕБС-ын II сургууль нь “Шинэ Эрин” лаборатори сургуулийн жишгээр байгуулж, Улаанбаатар хотоос менежментийн зөвлөгөө үзүүлсэн байна. Түүнчлэн Шинэ Зеланд улсаас уригдан ирсэн багш англи хэл зааж байгаа ажээ. Одоогоор сургуульд 570 хүүхэд суралцаж байгаагаас 370 нь бага ангийн хүүхдүүд эзэлж байгааг сургуулийн удирдлагууд хэлж байсан юм. Компани болон орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар номын сан байгуулсан нь сум төдийгүй аймагтай томд тооцогдох аж.
Харин 29 дүгээр цэцэрлэг нь 300 гаруй хүүхдийн багтаамжтайгаас одоогоор 280 гаруй хүүхэд сургуулийн өмнөх боловсрол олохоор суралцаж байна. Тус цэцэрлэгийг орчин үеийн цэцэрлэгийн байгууламжийн стандартаар байгуулсныг багш ажилчид нь хэлж байсан юм. Сургууль, цэцэрлэгийн цогцолбор байгуулахад 7.2 тэрбум төгрөг зарцуулжээ.
ДРОН ХАРИУЦСАН ХЭЛТЭС БАЙГУУЛЖЭЭ
Сүүлийн үед хүүхэд, залуус, мэргэжлийн байгууллагын анхааралд өртөж буй дроныг уул уурхайн салбарт хэрэгжүүлж байгаа гэвэл итгэх үү? Тэгвэл итгэх хэрэгтэй болж. “Оюу толгой” компани залуу ажилчдаа хоёр сарын хугацаатай сургалтад хамруулан, сертификат олгодог болсоор багагүй хугацааг үджээ. Хоёр сарын сургалтаар уурхайн орчинд дроныг хэрхэн нисэх, аюулгүй ажиллагааны дүрэм, журмыг хэрхэн баримтлах талаар мэдлэг олгодог аж.
Дрон хариуцсан хэлтэс уурхайн тэсэлгээг алсаас хянах, уурхайн хэвийн явагдаж байгаа эсэхийг шалгах, өрөмдлөг болон уурхайн өдөр тутмын үйл ажиллагаанд хяналт тавьдаг аж. Цаашид дроны тоог нэмэгдүүлж, уурхайн ажиллагаа төдийгүй, савлагаа болон баяжуулах үйлдвэрт ч ашиглах боломжтой талаар ажиллагсад хэлж байлаа.
ҮЙЛДВЭРЛЭЛ ӨНГӨРСӨН ЖИЛЭЭС ӨСЧЭЭ
“Оюу толгой” компанийн зэс болон алтны үйлвэрлэл эхний улирлын гүйцэтгэлээр өнгөрсөн оноос өссөн үзүүлэлттэй гарчээ. Тухайлбал зэсийн үйлдвэрлэл 45.8 мянган тонн болж өнгөрсөн оныхоос 18.2 хувиар өссөн бол алтны үйлдвэрлэл 120 мянган унци болж өнгөрсөн оныхоос 187.6 хувиар өссөн байна. Түүнлчнэ энэ оны эхний улирлын байдлаар 531 ханган нийлүүлэгчтэй хамтран ажилласны 372 нь үндэсний компани байжээ. Үйл ажиллагааны худалдан авалтын 78 хувийг эдгээр компаниудад зарцуулжээ.
ГҮНИЙ УУРХАЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
“Оюу толгой” компанийн хэрэгжүүлж буй хоёр дахь томоохон ажил болох гүний уурхайн бүтээн байгуулалтын ажил үргэлжилж байна. Тодруулбал, “Босоо ам 2”-ын тоноглол, дулааны төв станц, уурхайн дэд бүтэц, гүний уурхайн материал зөөвөрлөх системийн болон гүний уурхайн голлох бүтээн байгуулалтын ажлууд өрнөж байгаа аж. “Босоо ам 3” болон “Босоо ам 4”-ийн нэвтрэх хэсгийн бэлтгэл ажил эхлээд удаагүй байна.
Голлох хөрөнгө оруулагч Рио Тинто компани “Босоо ам 2”-ыг энэ оны аравдугаар сар гэхэд дуусгах үүрэг өгсөн юм. Одоогоор геотехникийн мэдээлэл дэлгэрэнгүй болоогүй байгаа тул мэдээлэл тодорхой болтол бүтээн байгуулалтын хуваарийг гаргахгүй байхаар болжээ. Газрын нөхцөл байдал өмнө нь тооцоолж байснаас өөр болсон тул ийнхүү геотехникийн мэдээллийг дэлгэрнгүй болгох шаардлага үүссэн билээ.
Сэтгэгдэл ( 2 )
Buruu humuusd bayalagiin uutsiig neej ugch dee mongold yu ugch baigaa ym be tanii neesen uurhai