Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд М.Ахмет Язалтай ярилцлаа.
-Турк, Монгол хоёр орон дипломат харилцаа тогтоосноос хойш 50 жил өнгөрсөн байна. Хагас зуун жил гэдэг багагүй хугацаа. Энэ хугацаанд манай хоёр орны хамтын ажиллагаа, түншлэлд онцлох ямар зүйлс гарсан бэ?
-Дипломат харилцаа тогтооход 50 жил гэдэг хангалттай хугацаа. Бусад орнуудтай харьцуулахад онцлох нэг зүйл байгаа нь манай хоёр орон хэдэн мянган жилийн түүхийн нарийн жимээр холбоотой. Манай хоёр орны түүх дор хаяж 2000+50 жил гэж ойлгох хэрэгтэй. 2000 жилийн түүхийн ач холбогдлыг бид өнгөрсөн 50 жилийн хугацаанд харсан. Түүх, соёлоос эхлээд хоёр орны ард түмний дэлхийг харах өнцөгт ижил зүйлс олон байдаг. Турк ёс заншлаас эхлээд өдөр бүр амьдралд тохиолддог зүйлсээ Монголоос ч харж болно. Бидний түүх хоёр орныг ойр дотно байх маш том түлхэц болсон. Гэхдээ ирээдүйд энэ найрамдалт харилцааг улам өргөжүүлэхийн тулд бид хичээж ажиллах хэрэгтэй. Монгол, Турк хоёр орон анх дипломат харилцаа тогтоосноос хойш өнөөдрийг хүртэл сэв суух зүйл тохиолдож байсангүй.
1969 онд анх дипломат харилцаа тогтоосон бол 1996 онд Турк Улс Монгол Улсад анх Элчин сайдын яамаа нээж байлаа. Элчин сайдын яамаа нээхээс өмнө буюу 1994 оноос хойш “ТИКА” байгууллага Монгол Улсад үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Энэ нь зөвхөн дипломат харилцаа бус бусад салбарын харилцаа ямар түвшинд байсныг харуулсан том үзүүлэлт. Элчин сайдын яам нээгдсэнээр манай хоёр орны хамтын ажиллагаа илүү дөхөм болж эерэг үр дүнгүүд гарч эхэлсэн. Тухайлбал, эдийн засаг, улс төр, боловсрол, батлан хамгаалах, спортын салбарт манай хоёр орон хамтран ажиллаж байна. Одоо сард нэг удаа Монголын холбогдох байгууллагуудын төлөөлөгчид Турк улс руу ажлын айлчлал хийх гэхчилэн хамтын ажиллагаа үргэлжилж байгаа.
Турк Улсад цэргийн сургуулиас эхлээд салбар бүрт дээд боловсрол эзэмшиж буй хэдэн зуун монгол оюутан сурч байна. Өнөөдрийг хүртэл манай улсад боловсрол эзэмшсэн 2000 гаруй оюутан төгсөгчдийн холбоо байгуулаад үр дүнтэй ажиллаж байгааг хэлэх нь зөв.
Хэдэн мянган жилийн өмнө Монголын газар нутагт амьдарч байсан Түрэг овог аймгууд удаан хугацааны аялал хийж Анатолия хүртэл нүүсэн байдаг. Түүхийн судалгаанаас харахад Түрэг болон монгол овог аймгууд салаад явсан зүйл байдаггүй. Монголын газар нутагт Түрэг овог аймгууд үлдэж, Турк руу монгол овог аймгууд ч нүүдэллэсэн. Нүүдэллэж байсан тэр олон овог аймгууд Монголын эзэнт гүрэн, Түрэгийн эзэнт гүрэн гээд тухайн цаг үедээ ээлжлэн төр барьж байв. Тэр түүхийн жим өдгөө ч балран бүдгэрээгүй. Монголд Түрэгийн үед хамаарах түүхийн олдворууд их байдагчлан Анатолияд ч гэсэн Монголын хаад, ноёдын үлдээсэн өв соёл, түүхэн дурсгалууд бий. Одоог хүртэл Туркэд хөх толботой хүүхэд төрдөг. Турк хийгээд Монгол хэлэнд хоорондоо тун ойролцоо үгнүүд их байдаг юм. Нэг сонирхолтой зүйлийг хэлэхэд Чингис гэдэг нэртэй хүнээрээ Турк улс дэлхийд тэргүүлдэг. Түүнчлэн манай улсад Чингисээс гадна Батхаан, Тэмүүжин, Хубилай, Төмөр, Баатар, Алтан, Цэцэг гэсэн нэр түгээмэл байдаг.
-Эртний түүхийн хувьд ингэж холбогдож байгаа юм бол орчин цагийн дипломат харилцаа ямархуу байна вэ?
-Эрх баригч нам яаж ч солигдсон хоёр орны харилцаанд өөрчлөлт ордоггүй. Даяаршсан дэлхийд хол зайтай байна гэдэг тийм ч чухал биш. Тиймээс хоёр орны дипломат харилцааг хөгжүүлэх тал дээр үргэлж шинийг эрэлхийлж ирсэн. Турк улсын зүгээс эдийн засаг тэр дундаа аялал жуулчлалын салбарт хамтран ажиллах зорилготой. Энэ салбар үндсэндээ хаягдсан гэж ойлгож болно. Аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэхийн тулд хоёр орны агаарын тээврийн харилцааг нэмэгдүүлэх ёстой. Ингэхгүйгээр аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэхэд хүндрэлтэй.
-Туркийн олон улсын хөгжлийн агентлаг “ТИКА”-гийн шугамаар 1994 оноос хойш олон сая ам.долларын техникийн тусламж үзүүлсэн байдаг. Цаашид хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ямар ажлууд байгаа бол?
-“ТИКА” байгууллага 1994 оноос хойш 45 сая гаруй ам.долларын 600 орчим төсөл хөтөлбөр хэрэгжүүлсэн. Сургуулийн анги танхимын тохижуулалтаас эхлээд авто зам барих хүртэлх жижиг, том бүх төслийг багтаасан тоо юм шүү. “ТИКА” өөрсдийн төсвөөр төсөл хэрэгжүүлэхээс гадна туркийн бусад байгууллага, иргэдээс ирсэн хандив тусламжаар төсөл, хөтөлбөр хэрэгжүүлдэг. Жишээлбэл, Туркийн нэг хот Монгол Улсад хөтөлбөр хэрэгжүүлье гэхэд түүнийг нь “ТИКА” гардан гүйцэтгэдэг. Мөн хоёр орны иргэд аль нэг улсдаа сургалтад хамрагдахаас эхлээд арга хэмжээнд оролцох бол байрлах газар, хоол, унааны зардлыг шийдэх зэргээр тусламж үзүүлдэг. “ТИКА” ирэх жил, хоёр, гурван жилийн дараа тийм төсөл хөтөлбөр хэрэгжүүлнэ гэж төлөвлөдөггүй. Үүгээрээ бусад байгууллагуудаас ялгаатай. Монголын талаас ийм төсөл хөтөлбөр хэрэгжүүлье гэсэн хүсэлтийн дагуу ажиллах нь илүү үр дүнтэй байдаг. Санхүүжилт өгөхөөс илүүтэйгээр тухайн төслийг нь хэрэгжүүлж өгдөг юм. “ТИКА”-гийн сүүлийн үед хэрэгжүүлж буй том төслүүдээс дурдвал Мэргэн Тоньюкукын хөшөөний ойр орчмыг хамгаалах, бусад түүхийн үнэт олдворуудыг нээн үзүүлэх зорилгоор музей барихаас гадна Хархорин-Хөшөө цайдамын музейг шинэчлэх ажил хийж байгаа. Мөн Улаанбаатар хотод өрхийн эмнэлгүүд барих төсөл хэрэгжиж, ашиглалтад хүлээлгэж өгөхөд тун бага хугацаа үлдсэн.
-Манай хоёр орны эдийн засгийн хамтын ажиллагаа ямар түвшинд яваа бол. Туркийн бизнес эрхлэгчид монголд ямар бизнес сонирхож байна вэ. Монголын бизнесийнхэн Турк Улсыг сонирхож байна уу. Монгол, Туркийн бизнесийн орчин хэр байдаг вэ?
-Хоёр орны хамтын ажиллагаа өндөр түвшинд байгаа ч бусад салбарын хамтын ажиллагаа шиг хөгжиж чадаагүй нэг салбар нь эдийн засаг, худалдаа. 2018 онд хоёр орны гадаад худалдаа 30 хувиар нэмэгдсэн хэдий ч дөнгөж 40-41 сая ам.доллар хүрсэн нь үнэхээр чамлахаар үзүүлэлт. Хоёр орны худалдааны потенциалийн дэргэд энэ нь маш хангалтгүй тоо юм. Турк Улсаас Монголд хөрөнгө оруулж, бизнес эрхэлж байгаа хүн тун цөөн. Гэхдээ монголд хөрөнгө оруулах сонирхолтой бизнесийнхэн хийгээд иргэд маш олон байдгийг хэлэх хэрэгтэй. Монгол Улсаас ч гэсэн Турк руу ихээхэн хэмжээний экспорт хийх боломж байдаг. Тухайлбал, ноос, ноолуур, арьс ширэн бүтээгдэхүүн, мах, махан бүтээгдэхүүнийг түүхий эд болон бэлэн бүтээгдэхүүн хэлбэрээр экспортолж болно. Монголын ард түмний өдөр тутамдаа хэрэглэдэг өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнийг туркээс чанартай, хямд үнэтэйг нь оруулж ирэх боломж нээлттэй. Эдгээрийг хийж хэрэгжүүлье гэсэн бизнесийнхэн маш их байдаг. Гэхдээ тэр бүгдийн өмнө тулгамдсан ганц асуудал нь онгоцны тийз. Тийзний үнэ өндрийн дээр олддоггүй. Бизнес эрхлэгчид яаж ийгээд монголд ирлээ гэхэд зарах бараа бүтээгдэхүүнээ авч ирэх боломж байдаггүй. Туркээс Монгол руу ачааны машинаар 15 хоног тээвэр хийдэг. Туркийн ачаа тээврийн машинууд нэвтрэх квотыг ОХУ-аас өгдөг. Орос, Туркийн худалдаа өндөр хөгжсөн тул Монгол руу тээвэр хийхээс илүүтэй хоорондоо худалдаа хийх сонирхол байдаг. Монгол руу ачаа тээвэрлэх өөр нэг боломж нь усан зам. Гэхдээ дунджаар хоёр сар болж ирнэ гэсэн үг. Тиймээс хоёр орны худалдааг нэмэгдүүлэхийн тулд өдөр бүр нислэг үйлдэх шууд нислэг хэрэгтэй. Монголын Засгийн газар дээр дурдсанчлан ачаа тээвэр хийх шууд нислэгтэй болгочихвол гадаад худалдаа дөрөв дахин нэмэгдэх боломжтой.
-Аялал жуулчлалын салбарт хамтран ажиллах боломж хэр байгаа вэ. Монгол Улс эдийн засгаа олон тулгууртай болгоно. Үүний нэг нь аялал жуулчлал гээд байгаа л даа?
-Монгол Улсын 21 аймаг өөр өөрийн үзэсгэлэнт байгалтай. Тиймээс аялал жуулчлал хөгжих хангалттай боломжтой. Онцолбол, Хэнтий аймаг Чингис хааны төрсөн өлгий нутаг байна. Дэлхийн өнцөг булан бүрт амьдарч байгаа хүмүүсийн хувьд Монгол Улс сонирхолтой, аялал жуулчлалын таатай бүс нутаг учраас аялал жуулчлалыг хөгжүүлэх өргөн боломж бий. Турк хүмүүс Монгол Улсыг өвөг дээдсийн өлгий нутаг гэж үздэг тул онцгой байр суурь эзэлдэг. Хүмүүс зуныхаа амралтаар хаашаа явах вэ гэж төлөвлөдөг бол Турк хүмүүс өвөг дээдсийнхээ өлгий нутагт очих, Орхон голын усанд гараа дүрээд үзчих юмсан гэж бодож явдаг.
Аялал жуулчлал бол яндангүй үйлдвэр. 1990-ээд онд Турк улсад жилдээ 5-6 сая жуулчин ирдэг байсан бол 2018 онд 46 сая жуулчин ирсэн. Жуулчдын олноор очдог аялал жуулчлалын бүс нутаг хурдан хөгждөг. Төрийн зүгээс богино хугацаанд их хэмжээний хөрөнгө оруулалт хийгдэж, хөгжлийн шинэ гараанд гардгийг бид харсан. Тухайлбал, Туркийн баруун урд хэсэгт Бодрум гэж жижиг хот бий. Энэ хот 20 жилийн өмнө 15 мянган хүн амтай, дэд бүтэц нь ч сайн хөгжөөгүй тийм л буйдхан газар байсан. Аялал жуулчлал хөгжсөнөөр Бодрум хотод жилдээ таван сая гаруй жуулчин ирдэг болсон. Мэдээж үүнийгээ дагаад хөгжсөн л дөө. Аялал жуулчлал хөгжсөний дүнд энэ жижиг хот өнөөдөр хоёр олон улсын нисэх буудал, хоёр усан онгоцны зосгоол, зургаан эгнээ хурдны авто замтай болсон байх жишээтэй. Энэ бүтээн байгуулалтыг тус хотод амьдардаг 15 мянган хүний төлөө биш жил бүр зорьж очдог таван сая хүний төлөө хийсэн.
Монгол Улсын Хархорин сумыг ингэж хөгжүүлэх боломжтой. Хархорин сумын хүн амд зориулж 300-400 км хурдны авто зам барих эдийн засгийн хувьд ашиггүй. Гэхдээ Туркээс жилд 100-150 мянган жуулчин Хархоринд очиж түүхийн өв соёлтой танилцах юм. Тэдний зарцуулах мөнгөөр 300-400 км хурдны авто зам барих боломжтой. 2018 онд Туркээс монголд 3000 хүрэхгүй хүн ирсэн. Гэтэл Турк улсаас гадаад орнууд руу жилд 8.6 сая хүн аялдаг. Тэдний 100-150 мянган жуулчныг нь Монгол Улсад авч ирэх боломж бий. Энэ тийм ч хэцүү биш. Ингэхийн тулд дээр хэлсэнчлэн шууд нислэгийн асуудлыг шийдэх ёстой. Угтаа эдийн засаг, аялал жуулчлалын өргөн боломжид шууд нислэгийн асуудал саад болох ёсгүй.
-Туркиш эйрлайнс шууд нислэгтэй болох талаар маш олон жил ярьж байгаа. Яг ямар саад бэрхшээл тулгараад байгаа юм бэ?
-Хоёр орны Засгийн газар хоорондын хэлэлцээрээр Туркиш эйрлайнст долоо хоногт 500 суудалд зорчигч тээвэрлэх эрх өгсөн. 500 суудлаар хязгаарласан тул Туркиш эйрлайнс 160 суудалтай жижиг онгоцоор долоо хоногт гурван удаа Улаанбаатар руу нислэг үйлдэж байна. Жижиг онгоц нь Кыргызистаны Бишкект заавал бууж түлшээ цэнэглэдэг. Өөр нэг зовлон нь жижиг онгоцоор их хэмжээний карго тээвэрлэх боломжгүй. Туркиш эйрлайнс компани одоогийн байдлаар жилд Монгол Улс руу 100 тонн ачаа тээвэрлэх боломжтой. Суудлын тоо хязгааргүй болж том оврын онгоцоор нислэг үйлдэх юм бол нислэг бүртээ 20 тонн ачаа тээвэрлэнэ. Ийм нөхцөл бий болбол Турк улсаас бараа бүтээгдэхүүн цаг алдалгүй монголд ирэхийн сацуу Монголоос экспортын бараа бүтээгдэхүүнээ Турк болон цаашаа 120 гаруй улс руу нэг өдрийн дотор тээвэрлэх боломж бүрдэнэ. Бид Монголын талаас өдөр бүр нислэг үйлдэх зөвшөөрөл олгохыг хүссэн. Туркиш эйрлайнс жилд 20 мянган зорчигч монгол руу авч ирж байна. Эдгээрээс 6-7 мянга нь аялал жуулчлалын чиглэлээр ирдэг. Бидний зүгээс Монголын Засгийн газарт тавьж байгаа санал нь өдөр бүр нислэг үйлдэх эрхийг өгчихвөл жилд 90 мянган зорчигч авч ирнэ. Тэдний 75 мянга нь жуулчид байх юм. Том онгоцоор нислэг үйлдсэнээр бид Бишкект буух шаардлагагүй болно. Ингэснээр Туркиш эйрлайнс түлш, газрын үйлчилгээ авахаас эхлээд зорчигчдын тоогоор өгөх татварын хэмжээ ч нэмэгдэнэ. Нэг зүйлийг баттай хэлэхэд Монголын компаниудад Туркиш эйрлайнсаар дамжуулан тээвэрлүүлэх карго нь бэлэн байгаа. Цаг ямагт бидэнд энэ талаар хандаж ирсэн.
Монгол Улс өдөрт 20 тонн мах экспортлолоо гэхэд нэг кг-ыг нь 2.5 ам.доллараар тооцоод үзэхээр монголд ирэх валютын урсгал хангалттай нэмэгдэнэ. Туркиш эйрлайнс компани монголд үйл ажиллагаа явуулж эхэлсэн цагаасаа хойш долоо хоногт долоон удаа нислэг үйлдье гэдэг зөвшөөрөл авахыг хүссэн. Харамсалтай нь МИАТ компани зөвшөөрөл өгөөгүйн улмаас бид зургаан жил энэ нислэгийг үйлдэж чадаагүй. Өнгөрсөн зургаан жилийн хугацаанд Туркиш эйрлайнс жижиг оврын онгоцоор нислэг үйлдэхдээ 80 сая ам.долларын орлого Монголын эдийн засагт оруулсан. Хэрэв эхнээсээ өдөр бүр нислэг үйлдсэн бол 825 сая ам.долларын орлого оруулах байж. Туркиш эйрлайнст шууд нислэгийн зөвшөөрөл өгөөгүйн улмаас 745 сая ам.долларыг Монгол Улс зургаан жилд алдсан байна. Гэхдээ энэ тооцооллыг хийхдээ бид хамгийн бага хувилбараар буюу махны экспортон дээр жишээ авч гаргасан. Олон улсад ноолууран бүтээгдэхүүнийг 50-60 ам.доллараар борлуулдаг. Ингээд үзэх юм бол бүр илүү орлого олох боломжтой.
БОАЖ-ын яамнаас гаргасан тооцооллоор нэг жуулчин Монгол Улсад ирээд 1075 ам.доллар зарцуулдаг. Туркиш эйрлайнс шууд нислэгтэй болсноор хойд Америк, европоос жуулчид авч ирэхээр зорьж байгаа. Хэрэв зөвшөөрөл өгчихвөл эдгээр газраас ирэх жуулчид 1075 ам.доллараас хамаагүй их мөнгө зарцуулна. Эдийн засгийн том агуулгаараа Монгол Улсад маш ашигтай.
-Та тулгарч буй томоохон бэрхшээлээ хэлээч...
-МИАТ компанийн зүгээс олон жилийн турш “Туркиш эйрлайнс МИАТ-ын зорчигдоос хулгайлж байна. Туркиш Эйрлайнс нисч эхэлснээр монголд ирэх зорчигчдын тоо өсөөгүй” гэж ярьж ирсэн. Ингээд зөвшөөрөл олголгүй энэ нислэгийн эсрэг зогсоод байгаа юм. 2011 онд Туркиш эйрлайнс монгол руу нислэг үйлдэж эхлээгүй байх үед европоос монгол руу ирсэн хүний тоо 47890 байсан. 2018 оны байдлаар энэ тоо 80622 болж өссөн. Туркиш эйрлайнс одоогийн нислэгээрээ суудлын хязгаарлалтандаа багтаагаад жилд 20 мянган зорчигч авч ирж байна. МИАТ-ын тээвэрлэсэн зорчигчдын тоо жил ирэх бүр нэмэгдсэн. Тиймээс бид МИАТ-ын зорчигчдоос хулгайлсан гэх үндэслэл байхгүй. Тэдний зүгээс “Та нарын авч ирсэн зорчигчид бидний авч ирэх хүмүүс байсан. Тиймээс зорчигч хулгайлж байна” гэдэг. Туркиш эйрлайнс суудлынхаа хязгаараас болоод 20 мянгаас илүү хүн тээвэрлэж чадахгүй байгаа. Тэгэхээр ирэх хүсэлтэй бусад зорчигчдыг МИАТ тээвэрлэх ёстой. Гэсэн ч тээвэрлэж чадахгүй байсаар л байна. МИАТ-ын зорчигчдын тоо нэмэгдэж, хасагдах нь Туркиш эйрлайнстай холбоогүй. Туркиш эйрлайнсын нислэгийн тоо нэмэгдвэл МИАТ-ын ч гэсэн тээвэрлэх зорчигчийн тоо нэмэгдэнэ. Учир нь Туркиш эйрлайнсаар ирсэн хүмүүс буцах болоход цаг нь тохиромжгүй байгаад МИАТ-ын цаг тохиромжтой байвал тухайн зорчигч МИАТ-ын онгоцоор буцчихна. МИАТ-аар ирсэн хүн Туркиш эйрлайнсаар буцах ч юм уу зорчигчдод илүү сонголтын боломжийг бий болгож өгнө. Туркиш эйрлайнс шууд нислэгтэй болох гэхээр яагаад ч юм МИАТ саад болж байгаа. Энэ саадыг нь бид давж чадахгүй байна. Өнөөдөр баасан гараг. Маргааш, нөгөөдөр амарна. Эдгээр өдрүүдэд Монгол Улс орлогоо алдсаар байгаа юм шүү дээ. Өнөөдөр таныг гэртээ хариад унтаж байх хойгуур Монгол Улс 300 гаруй мянган ам.долларын орлогоо алдсаар байх юм.
-Европын жуулчид монгол руу ирэх урсгал нэмэгдэх үү?
-ОХУ, Турк хоёрыг тооцолгүйгээр европ тив 450 сая хүн амтай. Ийм сайхан үзэсгэлэнт байгалтай монгол руу европоос жилд 30-хан мянган жуулчин ирэх потенциаль байна гэдэг нь Монголыг бараг дорд үзсэн хэрэг болно. Туркиш эйрлайнст шууд нислэгийн зөвшөөрөл олгож, Монгол Улсыг илүү таниулах боломжийг нээж өгвөл европоос Монголыг зорих жуулчдын тоог нэг саяд хүрэх хангалттай нөөц бий. Аялал жуулчлалын компаниуд үйл ажиллагаагаа явуулахдаа тийзээ жилийн өмнөөс захиалдаг. 20 хүний тийзийг нэг жилийн өмнөөс авчихсан байдаг. Жилийн өмнө захиалга өгч байгаа болохоор тийзний үнэ ч гэсэн хямд байна. Харамсалтай нь Туркиш эйрлайнс аяллын компаниудтай энэ тал дээр хамтарч ажиллаж чадахгүй байгаа. Учир нь 2020 оны долдугаар сарын онгоцны тийзнийхээ 60 хувийг борлуулсан байх жишээтэй. Тиймээс аялал жуулчлалын компаниудтай хамтраад 20 суудал гаргаж өгнө гэдэг боломжгүй болчихож байгаа юм. 2019 оны долдугаар сарын тийзний 90 хувийг нь аль хэдийн зарчихсан.
2018 онд аялал жуулчлалын саруудад европоос монгол руу Туркиш эйрлайнсаар ирэхийн тулд 100 мянган тийзний захиалга хийхээр хандсан байсан. Туркиш эйрлайнс үүнийг бүгдийг нь цуцласан. Өнөө л суудлын хязгаараас болоод зарах тийз байхгүйтэй холбоотой. Зарж чадаагүй, заръя гэсэн ч өгч чадахгүй байсан суудлаас болж Монгол Улсын аялал жуулчлалын салбар 10 сая ам.доллараа алдчихсан. “Бидэнд шууд нислэгийн зөвшөөрөл олгочихвол бид жуулчид авч ирнэ” гэж МИАТ-ынханд хэлэхэд “Угаасаа наашаа ирэх жуулчин цөөхөн. Онгоц чинь хоосон ирнэ. Тиймээс нислэг үйлдэж яах юм” гэдэг хариултыг МИАТ-ын зүгээс өгдөг. Манай онгоц хоосон ирэх нь бидний асуудал, МИАТ-д ямар хамаатай юм бэ. Карго тээвэрлэнэ гэдэг чинь л хоёр орны худалдаа нэмэгдэнэ гэсэн үг. МИАТ европын хоёр хот руу шууд нислэг хийж байгаа. Туркиш Эйрлайнсын зүгээс МИАТ-ад нислэгийн дугаар хуваах (codeshare) санал тавьсан. Зүгээр сууж байгаад мөнгө олох боломж. Онгоц хоцорлоо, зорчигчийн цүнх алга боллоо гэхэд МИАТ биш Туркиш эйрлайнс төлнө. Тухайн зорчигчийн нислэг хоорондын хүлээх цаг их байгаа үед Туркиш эйрлайнсын зочид буудалд бууна гээд уг нь МИАТ-аас гарах зардал байхгүй.
-Энэ асуудлаа холбогдох хүмүүст нь тавьсан юм уу. Уг нь тун боломжийн сонсогдож байна?
-Бид МИАТ-д энэ саналыг тавьсан ч нааштай хариу авч чадаагүй. Монголд үйл ажиллагаа явуулж буй Турк компаниуд, Туркэд үйл ажиллагаа явуулж байгаа монгол компаниуд шууд нислэгийг дэмжиж байгаа. Монгол Улсын Засгийн газрын гишүүд, УИХ-ын гишүүд, холбогдох байгууллагынхантай уулзахад бүгдээрээ дэмжиж байсан. Шууд нислэг үйлдсэнгүй гээд Турк улс хохироод байх юм байхгүй. Монгол Улс эдийн засаг талаасаа маш их боломжоо алдана гэсэн үг. Туркиш эйрлайнс 2018 онд олон улсад 75 сая зорчигч тээвэрлэсэн. Тэгэхээр Монгол Улс руу тээвэрлэсэн 20 мянган зорчигчоо 90 мянга болголоо гээд 75 сая зорчигч тээвэрлэдэг Туркиш эйрлайнсад том өөрчлөлт, эдийн засгийн боломж авч ирэх тоо биш.
Турк улс өнгөрөгч онд 400 тэрбум ам.долларын гадаад худалдаа хийсэн. Турк, Монголын гадаад худалдаа өнгөрөгч онд 40 сая ам.доллар байсан гэсэн. Үүнийг 150 сая ам.долларт хүргэсэн ч гэсэн манай эдийн засагт нөлөөлөх том тоо биш. Харин эдгээр тоо Монгол Улсын хувьд маш том хувь нэмэр болно гэж боддог. Туркиш эйрлайнс хэрэв шууд нислэгтэй болчихвол нэг жил, цаад тал нь хоёр жилийн дараа холбогдох албан тушаалтнууд “Та нар яагаад өдөрт нэг нислэг үйлдээд байгаа юм бэ. Өдөрт хоёр нислэг үйлдээч” гэж бидэнд хандана гэдэгт огт эргэлзэхгүй байгаа. Тийм их үр ашгийг хүртэх болно. Үүнийг бардам хэлж чадна.
ФЕТО террорист байгууллагын Монголд байсан хамгийн өндөр албан тушаалтан нь Вейсел Акчай байсан
-Хоёр орны Засгийн газар хоорондын хэлэлцээрээр асуудлаа оруулаад явчихаж болохгүй байгаа юм уу. Маш удаан хугацаанд яригдлаа шүү дээ. Одоо нэг талд нь гаргаж шийдэх хэрэгтэй юм биш үү?
-1995 онд хоёр улс Агаарын тээврийн хэлэлцээр байгуулсан. Түүн дээр 500 суудлын хязгаарыг өөрчлөхөөр бол хоёр орны агаарын тээврийн компани тохиролцох ёстой гээд тусгачихсан. МИАТ-тай тохиролцчихвол асуудал нэг талдаа гарна. Хоёр орны төрийн байгууллага хэлэлцээрийн ширээний ард суухаараа шийдэлдээ хүрдэг. Хэлэлцээрийн дагуу хоёр авиа компани уулзах гэхээр МИАТ эсэргүүцээд байдаг л даа. МИАТ-ын зүгээс “Туркиш Эйрлайнс манай зорчигчдыг олон жил хулгайлсан. Монгол руу ирэх зорчигчдын тоог нэмээгүй. Өдөр бүр нислэг үйлдвэл үлдсэн цөөхөн зорчигчдыг маань хулгайлаад бид хүнд байдалд орно” гэж худлаа мэдээллийг тараадаг. МИАТ яагаад ингээд байдгийг өөрсдөөс нь асуух нь зөв. Монгол Улсын дотоод асуудалд би байр суурь илэрхийлэх нь утгагүй.
Нэг зүйлийг тодотгон хэлье. Үүнийг Туркиш эйрлайнс компанийн асуудал гэж харж байж магадгүй. Туркиш эйрлайнс монгол руу шууд нислэг хийхийг хүсч байна гэж ойлгож болохгүй. Туркийн Засгийн газар Туркиш эйрлайнсыг Монгол Улс руу шууд нислэг үйлдээч ээ гэж байгаа юм. Эдийн засгийн харилцааг хөгжүүлэх боломж нь шууд нислэг. Тиймээс Туркийн Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт тавьж байгаа санал гэж ойлгох нь зөв. Хоёр компани хоорондын худалдааны эргэлт 40 сая ам.доллар байж болно. Турк, Монгол гэсэн хоёр орны худалдааны эргэлт 40 сая ам.доллар байна гэдэг үнэхээр хангалтгүй. Пүрэв гарагийн 00 цагаас хойш та бид хоёрын ярилцаж байгаа 12.30 цаг хүртэл Монгол Улс 150 мянган ам.долларын алдагдал хүлээчихсэн байна гэдгийг бодоорой.
-Турк, Монголын хамтарсан “Улаанбаатар Эмпати” сургуулийн захирал Вейсел Акчайг үл таних хүмүүс гэрийнх нь гаднаас авч явж, улмаар Туркийн тусгай үүргийн CT4010 онгоц Чингис хаан олон улсын нисэх буудалд хагас өдөр саатсан нь Монголд төдийгүй олон улсад шуугиан тарьсан. Энэ асуудал тэгс гээд намдсан. Яг юу болсон юм бэ?
-Бүгд найрамдах Турк Улсын Засгийн газар аливаа улсын газар нутаг дээр тухайн улсын төрийн байгууллагуудын зөвшөөрөлгүйгээр ямар нэгэн үйл ажиллагаа явуулахгүй, явуулдаггүй. Туркээс тагнуулууд ирж хүн хулгайлаад явлаа гэдэг зүйл байж боломгүй юм. Тийм зүйл огт байхгүй. Туркэд дөрөвдүгээр сарын 23-ны өдрийг Хүүхдийн баяр болгон тэмдэглэдэг. Энэ баярын үйл ажиллагааг сургуулиудтай хамтарч Монголд тэмдэглэхдээ хүртэл бид бүх холбогдох байгууллагуудад мэдэгддэг. “ТИКА” ч гэсэн төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхдээ Сангийн яамны зөвшөөрөл, мэдээлэлтэйгээр үйл ажиллагаа явуулдаг. Дүүргийн Засаг дарга, Хотын захирагч гээд шат шатанд нь мэдээлэл хүргүүлж байж ажлаа хийдэг. Вейсел Акчай гэдэг хүн гэрийнхээ гаднаас хулгайлагдах, алга боллоо гээд тухайн үед сенсаци болж байсан асуудалд Туркийн төрийн болон ямар нэгэн байгууллагын оролцоо огт байгаагүй. 2016 онд Турк улсад төрийн эргэлт хийх оролдлого болсон. Үүнийг хийсэн байгууллагын Монгол Улсад байсан гишүүдийн хамгийн өндөр албан тушаалтан нь Вейсел Акчай гэж хүн байсан. Бид төрийн эргэлтийг зохион байгуулсан ФЕТО байгууллагын холбоотон Вейсел Акчай болон бусад хүмүүсийг Турк Улсад хүлээлгэн өгөөчээ гэдэг хүсэлтийг Монголын төрийн байгууллагуудад тухай бүрт нь тавьж байсан ба одоо ч тавьсаар л байна. Хэрэв Монгол Улс зөвшөөрвөл бид тэр хүмүүсийг хүлээн авна. Түүнээс биш Вейсел Акчай нарыг хулгайлах, барьцаалах зүйл огт байхгүй.
Туркийн цагдаа, тагнуулын байгууллагын ажиллагааны үр дүнд өөр улсуудад үүрлэсэн байсан ФЕТО гэх террорист байгууллагуудын зарим гишүүдийг Турк Улсад авч ирсэн. Энэ хүмүүсийг авч ирэхийн тулд тухайн орны хуулийн бүх байгууллагатай хамтарч “Энэ хүмүүсээ та нар эргүүлж авч болно” гэсэн зөвшөөрлийн дагуу авсан. Турк Улсын түүхэнд өөр оронд очиж хүн хулгайлаад авч ирнэ гэдэг зүйл огт байгаагүй. Монголд харамсалтай нь ташаа мэдээлэл газар авч үүнийг Туркийн талаас хийсэн мэт ойлголтыг төрүүлсэн. Элчин сайдын яамны байранд Монголын цагдаа нар ирж, олон хоногийн турш хэцүү байдалд байлгасан. Түүхэн харилцаатай манай хоёр орны хооронд ийм зүйл болсон нь намайг эмзэглүүлсэн. Маш том хор хохирол амсахаар байсан шүү.
-Вейсел Акчай одоо хаана байна вэ?
-Монголоос явсан гэдэг мэдээлэл бидэнд ирсэн. “Вейсел Акчайг манай улсад хүлээлгэн өгөөчээ” гэдэг хүсэлтийг Монголын талд тавьсан ч хуулийн байгууллагаар бичиг дамжиж явах хооронд Вейсел Акчай болон бусад хүмүүс Монголоос гараад явчихсан байсан. Монгол Улсад байсан террорист ФЕТО байгууллагын голлох хүмүүс нь бүгд хил даваад явсан байна лээ. Бид хоёр зүйл дээр илүү анхаарал хандуулж байгаа. Нэгдүгээрт, ФЕТО гэх террорист байгууллагын гадаад улсад байгаа салбар байгууллагын хүмүүсээс “ФЕТО байгууллагын гэмт үйлдэлд оролцсон уу, холбогдсон уу” гэдгийг тодруулахын тулд Турк Улсад шүүх ажиллагаа явуулж байна. ФЕТО байгууллагатай холбоотойгоор Турк Улсад шүүгдэж байгаа хүмүүсийн тал нь ямар нэгэн хамааралгүй гэдэг нь нотлогдоод энгийн амьдралаараа амьдарч байгаа юм. Вейсел Акчайг ФЕТО байгууллагын голлох үүрэгтэй хүн гэдэг утгаар нь эргүүлж авах хүсэлт тавьсанаас биш математикийн багш гэдэг утгаар нь эргүүлж авна гээгүй юм. ФЕТО гэх энэ террорист байгууллага Туркэд анх үйл ажиллагаагаа явуулахдаа амьдралын боломж тааруу хүүхдүүдэд сайн чанарын боловсрол олгоно гэж гарч ирсэн. Цагийн аясаар энэ байгууллагын үнэн чанар нь гарч ирсэн. Маш нарийн зохион байгуулалттайгаар төрийн байгууллагад хүмүүсээ томоохон албан тушаалд томилуулдаг. Төрийн албанд орсон хүмүүс нь хуулийн хүрээнд бус ФЕТО байгууллагынхаа төвөөс авсан зааврын дагуу ажилладаг болох нь тогтоогдсон.
Жишээлбэл, таныг Туркийн сэтгүүлч гэж бодъё. Та ФЕТО байгууллагын үнэн мөнийг дэлгэсэн мэдээлэл олж авч түүгээрээ нийтлэл бичээд хэвлүүлнэ. Тэр шөнө нь ФЕТО-гийн гишүүн прокурор шийдвэр гаргаад ФЕТО-гийн гишүүн цагдаа нарыг танай гэр рүү явуулна. ФЕТО иймэрхүү ажиллагаагаа шөнийн цагаар юм уу үүрээр хийдэг. Танай гэрт очоод компьютер, гар утаснаас эхлээд бүгдийг нь прокурорын газартаа авч ирнэ. Таныг цагдаагийн хэлтэс дээр авч ирээд ФЕТО-гийн байцаагчид өгч цагдан хориулна. Цагдан хорьсны дараа шүүхийн танхимд аваачихдаа баримт болгож таны компьютерийг оруулж ирнэ. Тэр компьютер дээр таны өмнө нь огт харж байгаагүй файлуудыг гаргаж ирдэг л дээ. Тухайлбал, тэсрэх бөмбөг хийх заавар, Ерөнхийлөгчийн амь насанд хүрэх төлөвлөгөө хүртэл гаргаж ирнэ. Үүнийг нотлох баримт болгоод танд ял онооно. ФЕТО-гийн өмчид байдаг сонин, сайт, телевизүүдээр урвагч, тэрслэгч, хамгийн муу муухай хүн гэж яллаж, цоллоно. Өнгөрөгч долдугаар сарын 27-ны өдөр Вейсел Акчайг хулгайлах оролдлого хийсэн гэх өдөр Буянт Ухаа нисэх онгоцны буудалд 50 орчим хүн цугласан. Тэр хүмүүсийн дийлэнх нь тухайн сургуулиас цалинждаг багш, ажилтнууд байсан. Тэр өдрийн мэдээллүүдийг харах юм бол бүгд нэг эх сурвалжтай байдаг. Тэр эх сурвалж нь энэ сургуулийн төгсөгч байх жишээтэй. Тэр өдрийг эргэн санахад Туркийн Засгийн газрыг буруутгах өнгө аястай мэдээллийг ихээр цацсан. Хоёр орны сайхан харилцаанд сэв суулгах энэ мэт оролдлогууд цаашид ч гарах болов уу. Хэний хүүхдийг сургалтын төлбөргүй, хэний хүүхдийг гадагшаа үнэ төлбөргүй, тэтгэлэгтэйгээр энэ сургуулиас сургаж байна гэдгийг шалгаад үзэхэд их зүйл гарна даа. Монгол хүүхдүүдийн тархийг угаах оролдлогуудыг хийж байгаа. Сайн сайхан зүйл хийж байгаа дүрээр муу муухай бүхэнд ашиглаж байна. Долдугаар сарын 27-ны өдөр Вейсел Акчайг хэвлэл мэдээллийн хэрэгслээр хөөрхийлөлтэй нэгэн багш болгон харагдуулсан. Тэр өдөр тус сургуулийн монгол талын захирал нь ярилцлага өгч байсан. Тэр хүн Вейсел Акчайн зөвшөөрөлгүйгээр нэг цэвэр ус ч авах эрхгүй хүн. ФЕТО террорист байгууллагын монгол дахь хөшигний араас удирддаг хүн нь Вейсел Акчай байсан. Энэ сургуулиудын талаар Монголын Засгийн газрын зүгээс гаргах шийдвэрийг Туркийн Засгийн газар дэмжихэд бэлэн байна. Тухайн сургуулиудад ажиллаж буй монгол багш, ажилчид, сурч буй сурагчдын эрх ашгийг хөндөлгүйгээр олон хувилбараар энэхүү асуудлыг шийдвэрлэх бүрэн боломжтой. Хүсвэл Монголын тал эдгээр сургуулиудыг өөрийн мэдэлд авч сургалтын үйл ажиллагааг хэвийн үргэлжлүүлэх эсвэл туркийн талын санхүүжилт, хөрөнгө оруулалтаар сургалтын үйл ажиллагааг цаашид хэвийн үргэлжлүүлж болно.
Сэтгэгдэл ( 16 )
Za yamarch baisan biletnii une mash ondor baidgiig sain medne haaya hereg garahad hun diilj avahiin argagui geed bodohoor erelt ondor gesen ug. MIAT busad baiguullaguudiig oruulah sonirholgui yum bol oorsdoo ter erelttei nislegee hiigeed humuustee uilchleed biletnii uniig buuruulaad kargogoo zooj baih estoi bus uu?
АНыг дэмж тэгвэл танай хүсэлт биелэлээ олно. МАН хэзээ ч Туркыг дэмжихгүй
Хөөрхөн жоохон хүүхэд шиг юм бичсэн байна. Одоо хүртэл ярьж байгаа юм нь ойлгомжгүй. Худлаа ярьсан хүүхэд нэг хэлсэн үгэндээ ороогдоод инээдтэй байдагдаа. Вэйсэл багшийг хулгайлсан явдлаа тайлбарлах гэж оролдох нь яаг хүүхэд шиг. Эх оронд чинь хулгайлсан талаар мэдээ гарсан байсан шүүдээ. Энд одоо өөрийн чинь мэдэн будилах хэнд хэрэгтэйн бол бүү мэд. Одоо боль тэхүү гэмээр байвч энэ нөхөр чадахгүйлдээ. Цэвэр ус ч авчих эрхгүй хүн гэж өөрийгөө хэлсэн бололтой.
aldagdald orj baigaa geh 80-800 say am dollar geh unelgeeg her zov gargasniig n medehgui, gehdee herve mongol turkiin hoorond shuud nislegiig zovshoorvol, ehnii heden jil mongoloos Europ ruu garah buh nislegiig avhiin tuld mash himdhanaar bilet zarj MIAT geh company shuud ajilgui bolj dampuursniih n daraa turkish airline duraaraa unee togtoodog bolno, (gants baiga nislegiin company a ugui hiichuul shuud turkish airline geh company ersheeld ulsiin buh gadaad nisleg hamaarah ayultai asuudal bolh baih) Orosiin Airoflot toi orsoldoh gej Vnukovo-Ulaanbaatar geh nislegiig mash himdaar hiideg (turkis
Barigdsan neg hev mayagaa ivdeh heregtei yum hurdan hogjij baigaa yed bodolgoo telj uralduulj ajilah heregtei aylal juulchilal hudaldaa ariljaanaas oh yum olno suudal Hines bulaatsaldaj baihaar origin hark seteg MIAT minee
mundag hun bn, iim visiontoi baijeej hogjil uragshildag, jijigeer setgegsed jijig heveeree ulddeg
суудлын тоогоо 500 гэж ЗГ-ын хэмжээнд тохирсон гэрээгээ л шинэчлээд 1000 болгож чадаж байгаа бол ниснэ л биз дээ.
баримт тоо мэдээлэлп тулгуурлах хэрэгтэй хэрэгтэй өөдрөг төсөөлөл байх шиг байна...