Гадаад харилцааны яам, Монгол банктай хамтран “Гадаад худалдаа, хөрөнгө оруулалтын орчин ба сорилтууд” сэдэвт хэлэлцүүлгийг ГХЯ-ны “Зөвшилцөл” танхимд 2019 оны 5-р сарын 21-нд зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт Монгол Улсад суугаа элчин сайдын яамд, олон улсын байгууллагын тэргүүн, эрдэмтэн судлаачид, төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудын нийт 120 гаруй төлөөлөл оролцлоо.
Хэлэлцүүлгийн үеэр Монгол Улсын эдийн засгийн уул уурхайн салбараас хэт хамааралтай байдлыг бууруулах, экспортыг төрөлжүүлэх, хөрөнгө оруулалтын орчин болон санхүүжилтын асуудлуудыг хэлэлцэж, үүнд гадаад харилцааны хоёр талын болон олон талт хамтын ажиллагааг ашиглах боломжийн талаар санал солилцлоо.
Монгол улсын Засгийн газраас гадаадын зах зээлд экспортлох боломжтой уул уурхайн бус бараа бүтээгдэхүүнийг дэмжихэд онцгой анхаарч, “Монгол экспорт” хөтөлбөрийн хүрээнд үйлдвэрлэл эрхлэгчдийн гадаад зах зээлд гарах нөхцлийг сайжруулах, гадаад худалдааг хөнгөвчлөх, хил гаалийн үйлчилгээг шуурхай үзүүлж, худалдааны зардлыг бууруулахыг зорьж байна.
Иймд Монгол Улс экспортыг дэмжих, хөдөө аж ахуйн түүхий эд, эрдэс бүтээгдэхүүнээс эцсийн бүтээгдэхүүн боловсруулж, нэмүү өртөг шингэсэн экспортыг дэмжих нь ихээхэн чухал бөгөөд ялангуяа хамгийн бодит дэмжлэг болох санхүүжилтын механизмыг бий болгоход онцгой анхаарч, энэхүү хэлэлцүүлгийг зохион байгууллаа.
Эх сурвалж: ГХЯ
Сэтгэгдэл ( 0 )