Засаглал хангалтгүйн улмаас компаниуд дампуурч уналтад ордог

Э.Мөнхжин | Zindaa.mn
2019 оны 05 сарын 22

Санхүүгийн зах зээлд оролцогч талуудын хооронд санхүүгийн эх үүсвэрийн үр ашигтай урсгалыг бий болгож, эрсдэлийн удирдлага, хяналтын оновчтой тогтолцоо бүхий тогтвортой санхүүгийн зах зээлийг хөгжүүлэх тухай асуудал Санхүүгийн зохицуулах хорооны 2018-2021 оны стратеги төлөвлөгөөнд тусгагдаад буй. Мөн Засгийн газрын тогтоолоор баталсан Монгол Улсын санхүүгийн зах зээлийг 2025 он хүртэл хөгжүүлэх үндэсний хөтөлбөрт “Даатгалын зах зээлийн тогтвортой байдлыг хангах, системийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор эрсдэлийн удирдлагын зохицуулалтын тогтолцоог сайжруулна” гэж заасан байгаа. Тэгвэл ингэж  тусгагдсаны дагуу эрсдэлд суурилсан хяналт шалгалт руу шилжиж эхлээд байна.


Эрсдэлд суурилсан хяналт шалгалт руу яагаад шилжих ёстой вэ?

Уламжлалт хяналт шалгалттай харьцуулахад үр ашигтай: Олон улсад дампуурсан болон уналтад орсон компаниудын тохиолдлыг судалж үзэхэд хууль, дүрэм зөрчсөнөөс биш харин удирдлага, санхүүгийн хяналт болон эрсдэлийн удирдлагын тогтолцоо сул, компанийн засаглал хангалтгүй байгаагийн улмаас компаниуд дампуурч уналтад ордог байна.

Асуудлаас зайлсхийх боломжтой: Үүсч болзошгүй эрсдэлийг урьдчилан таньж мэдсэнээр эрсдэлээс урьдчилан сэргийлэх боломжтой болдог.

Боломж, нөөцөө зөв зүйлд зарцуулах: Хяналт шалгалтын байгууллагын хүн хүчний нөөц бололцоо үргэлж дутмаг байдаг. Иймд энэхүү хязгаарлагдмал нөөц бололцоог өндөр эрсдэл бүхий санхүүгийн системд томоохон хохирол учруулахуйц зүйлд анхаарлаа хандуулах боломжийг олгодог.

Хяналт шалгалтын зохион байгуулалт сайжрах: Тогтсон арга, аргачлалаар эрсдэлийг үнэлэх боломжийг олгодог.

Хянан шалгагчийн ур чадвар, мэдлэгийг шаарддаг: Хянан шалгагч нь шаардлагатай мэдээллүүдийг цуглуулан чанарын үзүүлэлтүүдэд дүн шинжилгээ хийдэг.

Даатгагчийн эрсдэлийн удирдлага: Даатгагч нь эрсдэлийг хэрхэн үнэлэх талаар мэдээлэлтэй болдог.


Эрсдэлд суурилсан хяналт шалгалтын тогтолцоо нь гурван тулгуур багана үзүүлэлтийг багтаадаг. 

Тулгуур 1: Тоон үзүүлэлтийн шаардлага

• Даатгалын нөөц сангууд

• Даатгагчийн төлбөрийн чадварын шалгуур үзүүлэлт

Тулгуур 2: Хяналт шалгалт

• Эрсдэлийн удирдлага ба засаглал

• Даатгагчийн өөрийн эрсдэл ба төлбөрийн чадварын үнэлгээ

• Зохицуулагчийн хяналт шалгалт

Тулгуур 3: Мэдээллийн ил тод байдал

• Санхүүгийн тайлан, нөхцөл, байдлын ил тод байдал

• Зах зээлийн ёс зүй, сахилга бат


 Эрсдэлд суурилсан хяналт шалгалтын тогтолцоонд шилжих ажлыг шат дараалалтайгаар хэрэгжүүлэхийн тулд нэгдүгээр тулгуур багана үзүүлэлт буюу “Эрсдэлд суурилсан хөрөнгө тооцох аргачлал”, хоёрдугаар тулгуур багана үзүүлэлт буюу “Даатгалын компанийн үйл ажиллагаанд эрсдэлд суурилсан хяналт, шалгалт хэрэгжүүлэх журам”, “Даатгагч өөрийн эрсдэл ба төлбөрийн чадвараа үнэлэх заавар”-ыг тус тус боловсруулан 2019 оноос туршилтаар хэрэгжүүлж эхлээд байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top