Монголын төр 2021 оноос эхлэн зээл, бондуудын үндсэн төлбөрт 8.6 тэрбум ам.доллар төлнө

2019 оны 05 сарын 27

Монголбанк их хэмжээний валютыг захад нийлүүлж, гадаад валютын нөөцийг үрэн таран хийсэн гэх шүүмж гараад буй. Тэгвэл Монголбанкны Нөөцийн удирдлага, санхүүгийн зах зээлийн газрын захирал А.Энхжин энэ талаар байр сууриа илэрхийлэхдээ  “Монгол Улс 2021 оноос эхлэн их хэмжээний гадаад өр төлбөрийг барагдуулна. Нийтдээ зээл, бондуудын үндсэн төлбөрт Монголын төр 8.6 тэрбум ам.доллар, хүүгийн төлбөрт 1.4 тэрбум ам.доллар буюу ирээдүйд төлөгдөхөөр хүлээгдэж буй гадаад өр маань 10 тэрбум ам.доллар байна. Уг өр төлбөрийг хэрхэн барагдуулах талаар бид судалж, эдийн засагтаа аль болох сөрөг нөлөө багатайгаар шийдвэрлэхээр ажиллаж байна. Үүний тулд хамгийн түрүүнд хийх ажил бол ГВУН-ийг арвижуулах явдал юм. Бид ОУВС-тай хамтран хэрэгжүүлж буй Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн хүрээнд ГВУН-ийг өсгөх амлалт авч, уг хөтөлбөрийн зорилтыг тогтмол амжилттай биелүүлж ирлээ.

Монголбанк өнгөрсөн хугацаанд Алт-2 хөтөлбөрт дэмжлэг үзүүлэх, алтны салбарын хууль эрх зүйн орчныг шинэчлэх, алтыг орон нутаг худалдан авах хүрээнд алтны сорьцын лабораторийг Дархан-Уул, Баянхонгор аймгуудад байгуулах зэрэг томоохон ажлуудыг хийсэн.  Ингэсний үр дүнд Монголбанк 2016 онд 18.6 тонн, 2017 онд 20 тонн, 2018 онд 22 тонн үнэт металл худалдан авч, ГВУН-ийг жил бүр 700-800 сая ам.доллараар арвижууллаа. 2019 онд 20 орчим тонн алт худалдан авах хүлээлттэй ажиллаж байна.

Түүнчлэн ГВУН-ийг нэмэгдүүлэх, валютын ханшийн эрэлт, нийлүүлэлтийн зөрүүг бууруулах зорилгоор томоохон экспортлогч компаниудтай хэлцэл хийх замаар гадаад валютыг худалдан авч байна. Тухайлбал, 2018 онд Оюу толгой ХХК-иас 282 сая ам.доллар, Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-аас 225 сая ам.доллар, Эрдэнэс тавантолгой ХК-иас 207 сая ам.доллар буюу нийт 714 сая ам.долларыг худалдсан авсан бол 2019 оны 4 дүгээр сарын 18-ны  байдлаар Оюу толгой ХХК-иас 282 сая ам.доллар, Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-аас 150 сая ам.доллар, Эрдэнэс тавантолгой ХК-иас 200 сая ам.доллар, бусад аж ахуйн нэгжүүдээс 34 сая ам.доллар буюу нийт 660 гаруй сая ам.долларыг худалдан аваад байна. Үүний зэрэгцээ дотоодын банкуудын гадаад зах зээлээс санхүүжилт татах зардлыг бууруулж, гадаад валютын дотогшлох урсгалыг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэн ажиллаж байна.

Өөрөөр хэлбэл, Монголбанк шаардлагатай тохиолдолд интервенци хийж ханшийн хэлбэлзлийг бууруулах, нөгөө талдаа төгрөгийн ханшид дарамт учруулахгүйгээр валютын нөөцийг нэмэгдүүлэх давхар зорилтыг биелүүлж байна.

Валютын зах дахь дарамт өндөр байсан 2013-2014 онд Монголбанкнаас жилд 2.3-3  тэрбум буюу хоёрхон жилийн дотор тав гаруй тэрбум ам.долларыг захад нийлүүлж байсан ч 2013 онд төгрөгийн ам.доллартай харьцах ханш 19 хувь, 2014 онд 14 хувиар суларч байв. Харин сүүлийн жилүүдэд Монголбанкнаас төгрөгийн ханшийг эдийн засгийн суурь нөхцөлтэй нийцтэйгээр огцом хэлбэлзлийг нь бууруулах, гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэх бодлогыг нэгэн зэрэг амжилттай хэрэгжүүлж байгааг энэхүү зургаас харж болно.

Монгол Улсад хэрэгжүүлж буй эдийн засгийн бодлогууд үр дүнгээ өгч байгаа эсэхийг бид олон улсын зээлжих зэрэглэл тогтоох мэргэжлийн байгууллагуудаас тогтоодог зээлжих зэрэглэлээс ч тодорхой харж болно. Тухайлбал, Moody’s агентлаг 2016-2017 онд Монгол Улсын зээлжих зэрэглэлийг хоёр шатлалаар бууруулж, Caa1 түвшинтэй хэмээн үзэж байсан бол одоо уг зэрэглэл эргээд өсч B3 болоод байна. Өөрөөр хэлбэл, олон улсын мэргэжлийн байгууллагууд Монголбанк, Засгийн газраас хэрэгжүүлж байгаа бодлогууд эдийн засагт үр дүнгээ өгч, эдийн засгийн нөхцөл байдал сайжирч байна гэж дүгнэж байна” гэлээ.

 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(52.199.60.162) 2019 оны 05 сарын 27

зиндаа гэдэг сайт монголын өрийн талаар бичих гэж үү, хаха мөн таарчдээ. мандахбаяр гэдэг эзэнтэй мал гэдэг шиг араншинтай, мэдэхгүй гэдэг тодотголтой гарууд ийм хүнээр удирдуулаад явахаас ичдэггүйн байхдаа, өрөвдөхийн та хэдийг. мэддэг сэдвээрээ бичөө гөөхийнүүдээ.

1  |  0
Top