ЗИНДАА 2019.05.29 | Өнөөдрийн онцлох ТАВАН СЭДЭВ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2019 оны 05 сарын 29

#1  БАРИМТ: "САУД ГОБИ КОАЛ ТРАНС" УУРХАЙД ҮҮССЭН ЗҮМБЭНИЙ УСЫГ НУУЖ БАЙЖЭЭ

Өмнөговь аймгийн Гурвантэс, Ноён, Баяндалай сумдад “Хариуцлагатай уул уурхай” сэтгүүлчдийн баг энэ сарын 23-26-ны өдрүүдэд ажиллалаа. Бид эхний өдрөө /2019.05.23/ Өмнөговь аймгийн Даланзадгад хотод ажиллаж, тус аймагт уул уурхайн үйл ажиллагаа явуулж буй компаниуд, уул уурхайн сөрөг нөлөөлөл болон тулгамдаж буй асуудлуудтай танилцаж түүний хүрээнд сурвалжилга бэлтгэхээр болсон юм. Өмнөговь аймгийн хувьд өнөөдрийн байдлаар хайгуулын тусгай зөвшөөрөлтэй 108, ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй 99 лиценз олгогдоод байгаа аж. Үүнээс стратегийн гэж нэрлэгдэх Таван толгой, Оюу толгой, Нарийн сухайтын ордууд Цогтцэций, Ханбогд, Гурван тэс сумдын нутаг дэвсгэрт багтжээ. Тодруулбал, Ханбогд суманд Оюутолгой ХХК, Цогтцэций суманд “Эрдэнэс таван толгой” ХХК,  “Таван толгой” ХХК, “Энержи ресурс” ХХК, Гурвантэс суманд “МАК” ХХК, “Чинхуа МАК” ХХК, “Саусгоби сэндс” ХХК болон “Өсөх зоос” ХХК үйл ажиллагаа явуулж байна.

ҮРГЭЛЖЛҮҮЛЖ УНШИХ

#2 ОЮУТОЛГОЙ: АЖЛЫН ХЭСГИЙН ДҮГНЭЛТЭЭС АНЗААРАХ ГУРВАН ӨНЦӨГ

Одоогоос жил гаруйн өмнө 2018 оны зургаадугаар сарын 25-нд УИХ-аас Оюутолгойн хөрөнгө оруулалт, санхүүгийн зарцуулалт, үйл ажиллагаатай танилцсан ажлын хэсгийн дүгнэлт гарч байлаа. Оюутолгойн ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийг шалгах Ажлын хэсгээс гарсан дүгнэлт нь “Оюутолгой”-г барьцаанд тавьсан, Хувь эзэмшиж байгаа ч бүрхэг, Монгол Улсын хууль тогтоомжийг хангаагүй гэх гурван зүйл дээр төвлөрөв. Ажлын хэсгийн ахлагч Д.Тэрбишдагвын хэлснээр “Засгийн газрын чиглэлийг баримтлаагүй эрх бүхий хүмүүс, тухайн үеийн зарим хуулийг зөрчиж, хөрөнгө оруулагчдад давуу эрх олгосон гэж үзэх үндэслэлтэй”. Сайн, муу хэлүүлдэг ч “Оюутолгой” төслийн ачаар далд уурхайн бүтээн байгуулалтад зориулсан 1.3 сая ам долларын хөрөнгө оруулалт орсон нь 2018 оны гадаадын хөрөнгө оруулалтын бараг тал хувь нь гэсэн үг. Ажиллаагүй гэж цоллуулж буй Ажлын хэсгийн дүгнэлтээс чухам юуг анзааралгүй өнгөрөөв.

ҮРГЭЛЖЛҮҮЛЖ УНШИХ

#3  ШҮҮХ: Д.ЭРДЭНЭБИЛЭГ НАРЫГ 30 ХОНОГ ЦАГДАН ХОРИХООР БОЛЛОО

Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ын дарга Д.Эрдэнэбилэг нарыг цагдан хорих эсэх асуудлыг нийслэлийн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн шүүхэд өчигдөр /2019.05.28/  орой хэлэлцлээ. Улмаар Д.Эрдэнэбилэг нарыг 30 хоногийн хугацаатайгаар цагдан хорих шийдвэрийг шүүх бүрэлдэхүүн гаргасан байна. Тэднийг "Эрдэнэт" үйлдвэрийн 49 хувийн худалдан авалттай холбоотой асуудлаар Авлигатай тэмцэх газар болон Эрүүгийн цагдаагийн газрын хамтарсан ажлын хэсэг шалгаж байгаа ба шалгалтын явцад Д.Эрдэнэбилэг нарыг яаралтай цагдан хорих шинэ нөхцөл байдал үүссэний улмаас ийн хориод байгаа юм.

ҮРГЭЛЖЛҮҮЛЖ УНШИХ

#4   ХҮН ШУВУУ   

Өнгөрсөн долоо хоногт нээлтээ хийсэн “Хүн шувуу” номын тухайд уншигчидтайгаа хуваалцаж байна. Олимпийн мөнгөн медальт О.Гүндэгмаа аав Д.Отрядынхаа амьдрал, спортын түүхийг бичиглэн, түүвэрлэн, архив уудлан бичсэн “Хүн шувуу” ном болон “Хүн шувууны дууль” баримтат кино  нь Монголын агаарын спортын асар баян түүхийн хураангуй болжээ.

Дагвын Отряд агсан Монголын пара-баллоон төв клубыг үүсгэн байгуулагч, агаарын спортын XX зууны манлай тамирчин, уулын болон шүхрийн спортын Олон улсын хэмжээний мастер, энэ төрлийнхөө олон амжилтын анхдагч нэгэн байсан юм. Монголд шүхрээр хамгийн олон буулт хийж, 3820 удаа газардсан түүний рекорд одоог хүртэл эвдэгдээгүй. 4190 метрийн өндөртэй Сутай хайрханы оргилд онгоцноос өндрийн буулт хийсэн Монголын анхны шүхэрч бол Д.Отряд агсан. Онгоцноос, 4900 метрийн өндрөөс хийсэн энэ буулт Монголд болоод Азид анхных, дэлхийд хоёр дахь тохиолдол болж байжээ. Монголд анх агаарын бөмбөлөг, уулын шүхрийн төрлийг хөгжүүлж, дэлхийн шилдэг гэгддэг 10 гаруй шүхрийн үзүүлбэрийг санаачилж асан түүний амьдрал тэр чигээрээ Монголын уулын спорт, шүхрийн спорт, экстрем спортын халуун түүх аж. Энэ  тухай номын редактор Я.Сумъяа “Монгол Алтайн мөс цаст Сутай хайрханы 4190 метр, цаст Цамбагарав уулын 4196 метрийн сүрдэм ноён оргилд бэлээс нь авирч мацсаар биш хөхрөхүйн дээрх 4900, 5200 метрийн өндрөөс буурал зулайд нь байгаль, цаг агаарын хүнд нөхцөлд эсэн мэнд газардаж, дээд амжилтыг ээлж дараалан тогтоосны дээр Альпийн нуруунд праглайдаар ниссэн анхны монгол хүн болсон” гэж тодотгосон байв.

ҮРГЭЛЖЛҮҮЛЖ УНШИХ

#5  ТӨГСӨӨ, ЛОМАЧЕНКО ТЭРГҮҮТЭЙ “ЛОНДОН 2012” ОЛИМПЫНХОН МЭРГЭЖЛИЙН БОКСТ

“Bad Left Hook” сайтаас “Лондон 2012 оны олимпын наадамд оролцсон боксчдын мэргэжлийн бокст гаргасан амжилтыг дүгнэн, чансаа гаргажээ. Лондонгийн олимпын аваргуудаас гурав нь одоо мэргэжлийн боксын дэлхийн аваргын хэд хэдэн бүсийг эзэмшиж байна. Энэ аваргууд бол Их Британийн Энтони Жошуа, Украины Александр Усик, Василий Ломаченко нар юм. Мөн мэргэжлийн боксын дэлхийн аварга болсон ч цолоо алдсан хоёр олимпын аварга байгаа нь Хятадын Зоу Шимин, Японы  Рёота Мүрата.

ҮРГЭЛЖЛҮҮЛЖ УНШИХ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top