-Улс төрийн эрсдэлийн даатгалд хамрагдсан олон тэрбум ам.долларын нөхөн төлбөр төлөхөөс өөр аргагүй болно-
Одоогоос жил гаруйн өмнө 2018 оны зургаадугаар сарын 25-нд УИХ-аас Оюутолгойн хөрөнгө оруулалт, санхүүгийн зарцуулалт, үйл ажиллагаатай танилцсан ажлын хэсгийн дүгнэлт гарч байлаа. Оюутолгойн ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийг шалгах Ажлын хэсгээс гарсан дүгнэлт нь “Оюутолгой”-г барьцаанд тавьсан, Хувь эзэмшиж байгаа ч бүрхэг, Монгол Улсын хууль тогтоомжийг хангаагүй гэх гурван зүйл дээр төвлөрөв. Ажлын хэсгийн ахлагч Д.Тэрбишдагвын хэлснээр “Засгийн газрын чиглэлийг баримтлаагүй эрх бүхий хүмүүс, тухайн үеийн зарим хуулийг зөрчиж, хөрөнгө оруулагчдад давуу эрх олгосон гэж үзэх үндэслэлтэй”. Сайн, муу хэлүүлдэг ч “Оюутолгой” төслийн ачаар далд уурхайн бүтээн байгуулалтад зориулсан 1.3 сая ам долларын хөрөнгө оруулалт орсон нь 2018 оны гадаадын хөрөнгө оруулалтын бараг тал хувь нь гэсэн үг. Ажиллаагүй гэж цоллуулж буй Ажлын хэсгийн дүгнэлтээс чухам юуг анзааралгүй өнгөрөөв.
ЭХНИЙ ӨНЦӨГ: ОЮУ ТОЛГОЙ БАРЬЦААНД БАЙСАН
Оюутолгойн ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийг шалгах Ажлын хэсгээс гарсан санал дүгнэлтийн Хавсралтын 2.7-д “Оюу Толгой төсөл барьцаанд тавигдсан байна гэж дүгнэжээ. Чухамдаа энэ дүгнэлт сүүлийн гурав хоног хэвлэл мэдээллийн хэрэгслийн анхаарал хандуулсан өнцөг байв. “...Ямар нэгэн эрсдэл үүсэхэд хөрөнгө оруулагч тал гэрээний эрхээ шилжүүлэх, аливаа этгээдэд Оюутолгой ордыг барьцааны хөрөнгөтэй нь худалдаад гарахыг үгүйсгэхгүй болсон байна” гэж Ажлын хэсгийн дүгнэлтэд дурдсан байдаг. Бид дөнгөж одоо л анхаарал хандуулж байгаа болохоос одоогоос дөрвөн жилийн өмнө буюу 2015 оны тавдугаар сарын 18-нд гарын үсэг зурж баталгаажсан далд уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилтийн төлөвлөгөөнд дурдсан л асуудал байсан. Хэргийн эзэн гэгдэж буй хөрөнгө далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөөний 5.6-д “Монголын тал нь Далд уурхайн Төслийн зээлдүүлэгчдийн зүгээс тавих Монгол Улсын хууль тогтоомж, хөрөнгө оруулалтын гэрээ, нэмэлт өөрчлөлт оруулж дахин тодотгосон хувь нийлүүлэгчдийн гэрээнд нийцэж буй бүхий л шаардлагуудыг хангахад хэрэгцээтэй бүх арга хэмжээг авч хэрэгжүүлж, дэмжиж ажиллана. Зээлийн санхүүжилт авахад шаардагдах энэхүү барьцаанд “Оюу Толгой” ХХК-ийн ашигт малтмалын тусгай зөвшөөрлүүд, хөрөнгө оруулалтын гэрээ, нэмэлт өөрчлөлт оруулж дахин тодотгосон хувь нийлүүлэгчдийн гэрээнд тусгагдсан “Оюу Толгой” ХХК-ийн эрхүүд, “Оюу Толгой” ХХК-ийн үл хөдлөх хөрөнгө хамаарна” гэж заасан нь бий. Монгол Улсыг төлөөлж Монгол Улсын Засгийн газар, “Эрдэнэс Оюу толгой”, нөгөө талаас “Туркойс Хилл Ресурс”, “Ти Эйч Ар Оюу Толгой ЛТД”, “Оюу Толгой Нидерланд Би Ви”, “Рио Тинто Интернэшнл Холдингс Лимитед” компаниудын хооронд байгуулсан төлөвлөгөөний дараа ч хөрөнгө оруулалт орж ирсэн байдаг. Олон улсын банк, санхүүгийн 15 байгууллагатай 6.0 тэрбум ам.доллар босгож улмаар 4.3 тэрбумыг нь авч ашиглажээ. “Рио Тинто” тэртээ тэргүй буяны байгууллага биш учраас далд уурхайн бүтээн байгуулалтыг хийхэд санхүүгээ гэрээгээ, хамтран байгуулсан компаниа нэг талаас Монгол Улсын Засгийн газрын хяналт дор, нөгөө талаас хэрэгжүүлэгч байгууллага дээрх асуудлыг эрхлэн хариуцна гэж тодорхой заасан байна. Бизнесийн ертөнцөд байдаг л нэг энгийн процесс мега төсөл дээр хэрэгжиж байгаа нь энэ. Анхаарах ёстой нэг зүйл гэвэл “Оюу Толгой”-д монголын талыг төлөөлж буй эрхмүүд үүнд анхаарлаа хандуулж, гүйцэтгэгч байгууллага шаардагдах мэдээллээр тухай бүрт нь хяналт тавьж л байх ёстой.
ХОЁР ДАХЬ ӨНЦӨГ: АМ АЛДВАЛ БАРЬЖ БОЛДОГГҮЙ
Дөрөв, дөрвөн жилийн давтамжтай улс төрийн бодлогын огцом өөрчлөлт, халаа сэлгээ, эрх мэдлийн төлөөх намуудын хоорондын толхилцоон “Улс төрийн эрсдэлийн даатгал” байгуулахад хүргэсэн. “Оюутолгой төслийн хувь нийлүүлэгчид төслийн санхүүжилтийн зээлдүүлэгчдийн эрсдэлийг бууруулах зорилгоор “Улс төрийн эрсдэлийн даатгалыг хийлгэсэн байна. Даатгалын үйлчилгээгээр шилжүүлгийн хязгаарлалт хийх, хураах, гэрээний үүргээсээ татгалзах, дайн болон олон нийтийн сөргөлдөөнөөс бий болох эрсдэлүүдийг хамарч байгаа бөгөөд хэрэв эдгээр эрсдэлтэй нөхцөл байдал үүссэн тохиолдолд эрсдэл тус бүрийг 1.0 тэрбум ам.доллароор даатгасан байна” гэж Ажлын хэсгийн дүгнэлтэд дурджээ. Далд уурхайн бүтээн байгуулалттайгаар холбоотой зарим зүйл заалтад өөрчлөлт оруулсан “Дубай”-н гэх тодотголтой гэрээгээр “Оюутолгой” төсөл бүтнээрээ “Улс төрийн эрсдэлийн даатгалд хамрагдсан байдаг. Дэлхийн банкинд бүртгэлтэй Олон талт хөрөнгө оруулалтын баталгааны байгууллага, Олон улсын санхүүгийн корпорацитай хамтран дээрх даатгалд хамрагджээ. Улс төрийн тогтворгүй нөхцөл байдал үүсэхээс шалтгаалан энэ даатгалд хамрагдан 2.2 тэрбум ам.долларын санхүүгийн баталгаа гаргасан байна. “Рио Тинто” бол монголын ард түмний баялаг гэж энхрий хайрт улстөрчид цээжээ дэлдэн бахирч байсан 2010-аад оны үетэй энэ цаг үе давхацдаг. Тухайн цаг үед хувь заяаны шоглоомоор иргэний дайны хөлд дарлуулж буй Бүгд найрамдах ардчилсан Конго, улс төрийн маргаантай байсан Өмнөд Африктай хамт дээрх даатгалд хамрагдсан.
ГУРАВ ДАХЬ ӨНЦӨГ: ЦУЦЛААД ЭХНЭЭС НЬ ЭХЛЭХ ҮҮ?
Ажлын хэсгийн дарга УИХ-ын Д.Тэрбишдагва Ажлын хэсгийн дүгнэлтийг танилцуулж байх үеэрээ ам алдсан шиг “Дубай”-н гэрээг цуцалчихвал нэг талаараа бид Улс төрийн эрсдэлийн даатгалд хамрагдсан олон тэрбум ам.долларын нөхөн төлбөр төлөхөөс өөр аргагүй болно. “Дубайн гэрээ”-гээр давс, чинжүү нь нэмэгдсэн “Оюутолгой”-н гэрээ төгс төгөлдөр гэрээ биш. Монгол ажилчдын цалин, хөрөнгө оруулагчдад мэдээлэл харилцан адилгүй очиж байгаа байдал, Монголын талын эзэмших хувь хэмжээг тодорхой болгох, санхүүгийн тайлан мэдээллээр хангах, зарцуулсан хөрөнгийн хэмжээг тодорхой болгох, нэмэлт өөрчлөлт оруулж дахин тодотгосон хувь нийлүүлэгчдийн гэрээнд тусгагдсан бүтээн байгуулалтыг цаг тухайд нь хийх зэрэг олон асуудал бий. Хамгийн гол нь Хөрөнгө оруулалтын гэрээ, нэмэлт өөрчлөлт оруулж дахин тодотгосон хувь нийлүүлэгчдийн гэрээнд ч хамтран ажиллах, хувь хэмжээгээ өөрчлөх зэрэг нь нээлттэй байгааг онцлон дурдах нь зүйтэй. Хүртэх өгөөжөө нэмэгдүүлэхийн тулд зээлийн хүүг буулгах зэрэг ч нээлттэй. Гагцхүү бид үүнийг хэлэлцээрийн ширээний ард, улстөржсөн байр суурь гаргалгүйгээр, олон улсын хэм хэмжээнд заасны дагуу шийдвэрлэх ёстой. “Ний нуугүй хэлэхэд Оюутолгой Монголын эдийн засаг болчхоод байна” гэж салбарын сайд Д.Сумъяабазарын уулга алдсан шиг нөхцөл байдалд бид байгаа. Ажлын байр, татвар зэрэгт 2010-2018 оны хооронд улс, орон нутгийн татвар, рояалти хэлбэрээр 1.5 тэрбум ам.доллар зарцуулсан нь нотлох албагүй үнэн. Ажлын хэсгийн зарим дүгнэлт хэтэрхий улстөржсөн, тооцоолол нь хангалтгүй зэргээс шалтгаалан “Рио Тинто” компани ч Засгийн газартай гэрээг өөрчлөх боломжгүй гэж мэдэгдсэн. Магадгүй Ажлын хэсэг дүгнэлттэйгээ дахин танилцаж, саналаа боловсруулах ч ёстой байж болно. Чухамдаа аль нь ч байсан бид хөрөнгө оруулагчдаа үргээхгүйхэн шиг, олон улсын хэм хэмжээнд заасны дагаа “Оюу Толгой”-д анхаарал хандуулах ёстой.
Жич: “Оюу Толгой” компанийн ил уурхай 2013 оноос олборлолтоо эхэлж байсан түүхтэй. Үүнээс яг хоёр жилийн дараа буюу 2015 онд техник, эдийн засгийн үндэслэлээ шинэчилж, улмаар далд уурхайн бүтээн байгуулалт 2021 онд дуусна гэж заасан юм. Тус компани 2010-2018 оны хооронд улс, орон нутагт татвар, рояалти хэлбэрээр 1.5 тэрбум ам.доллар зарцуулаад байна. “Оюу Толгой” компани нийт өр, авлагаа дуусгаад 2029 оноос ногдол ашиг тараахаар гэрээнд тусгасан.
Сэтгэгдэл ( 1 )
oorsdoo chadahgui bol gadniin ner hundtei auditiin baiguullagaar dugnelt garguulaach, teriigee bariad arbitre deer ochij bolno, uls toriin daatgal ch hamaagui bolno, bayartsogt saihan balai-gaa ch shorond hiij bolno