Тэнгэрлэг аавынхаа хийморьлог оршихуйн дор мөргөмү... Монгол Улсын Хөдөлмөрийн баатар О.Гүндэгмаа.
Өнгөрсөн долоо хоногт нээлтээ хийсэн “Хүн шувуу” номын тухайд уншигчидтайгаа хуваалцаж байна. Олимпийн мөнгөн медальт О.Гүндэгмаа аав Д.Отрядынхаа амьдрал, спортын түүхийг бичиглэн, түүвэрлэн, архив уудлан бичсэн “Хүн шувуу” ном болон “Хүн шувууны дууль” баримтат кино нь Монголын агаарын спортын асар баян түүхийн хураангуй болжээ.
Дагвын Отряд агсан Монголын пара-баллоон төв клубыг үүсгэн байгуулагч, агаарын спортын XX зууны манлай тамирчин, уулын болон шүхрийн спортын Олон улсын хэмжээний мастер, энэ төрлийнхөө олон амжилтын анхдагч нэгэн байсан юм. Монголд шүхрээр хамгийн олон буулт хийж, 3820 удаа газардсан түүний рекорд одоог хүртэл эвдэгдээгүй. 4190 метрийн өндөртэй Сутай хайрханы оргилд онгоцноос өндрийн буулт хийсэн Монголын анхны шүхэрч бол Д.Отряд агсан. Онгоцноос, 4900 метрийн өндрөөс хийсэн энэ буулт Монголд болоод Азид анхных, дэлхийд хоёр дахь тохиолдол болж байжээ. Монголд анх агаарын бөмбөлөг, уулын шүхрийн төрлийг хөгжүүлж, дэлхийн шилдэг гэгддэг 10 гаруй шүхрийн үзүүлбэрийг санаачилж асан түүний амьдрал тэр чигээрээ Монголын уулын спорт, шүхрийн спорт, экстрем спортын халуун түүх аж. Энэ тухай номын редактор Я.Сумъяа “Монгол Алтайн мөс цаст Сутай хайрханы 4190 метр, цаст Цамбагарав уулын 4196 метрийн сүрдэм ноён оргилд бэлээс нь авирч мацсаар биш хөхрөхүйн дээрх 4900, 5200 метрийн өндрөөс буурал зулайд нь байгаль, цаг агаарын хүнд нөхцөлд эсэн мэнд газардаж, дээд амжилтыг ээлж дараалан тогтоосны дээр Альпийн нуруунд праглайдаар ниссэн анхны монгол хүн болсон” гэж тодотгосон байв.
Д.Отряд агсан 1946 онд Архангай аймгийн Цэцэрлэг суманд төржээ. Тэр байнга шинийг санаачлагч, гол нь бүх зүйлд нарийн судалгаа тооцоо хийдэг шүхэрч байж. Жишээ нь, 72 квадрат метр талбай бүхий МО-1 нэртэй аварга том шүхэр зохион бүтээж, эхнэр Ч.Хишигсүрэнтэйгээ хамт оёж урлан, хэдэнтээ амжилттай нисч туршсан гэдэг. Энэ мэт анхдагч амжилтын тухайд гэргий Ч.Хишигсүрэн нь сонирхолтой дурсамжууд ярьжээ. Энэ тухай номоос ишлэн хүргэе.
Ч.Хишигсүрэн: Отрядыг хүмүүс чи охиноо эрхийн балай болгох нь гэхэд “Үгүй ээ, би эрхий мэргэн болгоно” гэж хэлж байсан нь алсын хараатай хүний үг байжээ.
ГУРВАН ШҮХЭРТЭЙ УГСРАА ЗАДЛАЛТ
-Д.Отряд намайг туршилт, үзүүлбэртээ бишгүй оролцуулна. Тэр нэг жилийн улсын баяр наадмаар гурван шүхэртэй, угсраа задлалтын үзүүлбэр санаачлан бэлтгүүлэв. Гол тамирчин нь би. Наадмын яг урд өдөр Төв цэнгэлдэхийн нэгдсэн сургуулилтад орлоо. Нэг эвгүй хөдөлтөл баруун гуяны дотор талд часхийн хорсоод явчихав. Буух дөхөөд доош хартал цэнгэлдэхэд дүүрэн бүжигчид бүжиглээд, дээрээс тун гоё харагдаж байна. Тийнхүү сатаараад яг буухдаа Т цэгт тавьсан бөмбөлөгийг хагалалгүй, хоёр талд нь гишгэн газардахад Д.Отряд “Хага гишгэхгүй, яаж байгаа юм бэ” гээд загнаж байна. Дээр байхад өвдсөнөө ч мартчихсан, жаал байж байгаад үзтэл өмссөн хувцас зүгээр хэрнээ гуяны дотор талд жигтэй том зүсэгдэн, цус шүүрч байна. Эмнэлэг дээр найман оёдол тавиулаад ирэхэд “Үхрийн сүүлэн дээр хутга гэж. Бэлтгэж бэлтгэж хамгийн чухал үзүүлбэр хасагдлаа” гээд бөөн уур. Хүүхдээ аваад, одоо харьдаа л гэж байна. Би ч “Маргааш шүхрийг маань юу ч гэсэн аваад ирээрэй” гээд явсан. Шарх нь зүгээр болох юм уу гээд дуу нь намсан том харж байна. Өглөө нь шархаа сайн боож аваад л ниссэн. Баяр наадамд бэлтгэсэн шинэ үзүүлбэр амжилттай болж, хань минь баярлаад сэтгэл амарсан даа.
УСАН ДЭЭРХ АНХНЫ БУУЛТ
-Усан дээрх анхны буулт Сэлэнгэ аймгийн Гүн нуурт болсон. Өмсгөл, хэрэглэл, техник газар дээрх буултаас их өөр. Хөл, шагайгаа хамгаалсан ороолт, бэхэлгээтэй бөх бат гутал хувцсаа тайлаад, усны хувцас, хөлийн хуруунд хавчуулах төдийд тогтох улавчтай шүхрээр хөнгөн, нимгэн буулт хийдэг. Усны буулт Д.Отрядын бэлдэж зэхсэнчлэн амжилттай болж байсан.
АРАВХАН НАСТАЙ О.ГҮНДЭГМААГИЙН ОРОЛЦСОН “ЧИРГҮҮЛ” ҮЗҮҮЛБЭР
-Шөнийн буулт, чөлөөт уналт, чиргүүл зэрэг үзүүлбэрийг Д.Отряд анх санаачилсан. МИ-8-аас ган утасны үзүүрт төрийн далбаагаа намируулан зүүгдэж, агаарт чирэгдэн 150 м орчим өндөрт нисч явахдаа акробат, уран хөдөлгөөн, үзүүлэх нь шүхрийн спортын амаргүй хөтөлбөрийн нэг. Хөл алдах, олуулаа бол хоорондоо орооцолдох, бие биенээ мөргөх зэрэг хүндрэл гарна. Наадмын нээлт дээр онгоцноос шүхрээр буух үзүүлбэрийг ахмад шүхэрчин, Ардын жүжигчин, Гавьяат багш н.Нацаг гуай акробатны ган олс сүлжиж өгч, манай хүн троссны үзүүрт шүхрийн түгжээ бэхэлж, спортын мастер н.Батсайхан, арван настай охин О.Гүндэгмаа, бид гурвыг сонгон, тэр үзүүлбэрийг бэлтгэсэн. Улсын баяр наадмын нээлтээр онгоцонд дүүжлэгдэн чирэгдсээр цагтаа очтол баяр наадам нээх төрийн томчууд ирээгүй байсан тул тэр чигтээ чиргүүлдэн ниссээр Улиастай орчимд бууж хүлээж байсан. “Чиргүүл” үзүүлбэрийг наадамчин олон амьсгаа даран хүлээж авсан. “Жаахан охиноо онгоцноос зүүгээд тавьчихдаг та хоёр ер нь ямар гээч аав, ээж вэ” гэж зэмлэсэн хүн ч цөөнгүй байлаа.
ААВЫН ОХИН БУЮУ ОТРЯДЫН ДАРГА
Монголчуудын бахархалт охин, аавын амин хайртай охин О.Гүндэгмаа “Хүн шувуу” номын зохиогч юм. Аавынхаа тухай бичсэн түүний дурсамжаас хуваалцахад, “Аав хаана байна, би тэнд байдаг байлаа. Хээр бэлтгэлд гарсан ч хүрмэн дотроо өвөртлөөд гүйж явдаг, тэр байтугай жаахан байхад минь шүхрийнхээ бэхэлгээг давхарлаж оёод, намайг аваад бууж байсан гэдэг. Аав өвөл бэлтгэлд гарахдаа цэрэг малгай, нэхий дах нөмөргөөд, шүхрийн талбай дээр орхичихдог байсан. Би 14 нас хүрч байж дүүтэй болсон. Тэр болтол аавын эрх охин байлаа. Аавын найзууд намайг “Отрядын дарга” гэдэг байв. Сургуульд арай ороогүй байхад минь аав марш тактикийн бэлтгэлд гарчихаад байхдаа Макаров (ПМ) буугаар буудахыг зааж өгч байлаа. Тав, зургадугаар ангид байхад манай гэрт хийн урт буу (Паркт буудуулдаг буу) байдаг байсан. Аав бай зурж өгөөд, түүгээр буудуулна. Ингэсээр есдүгээр ангид орох үед буудлагын клубт оруулсан. Хичээлээ тараад гэртээ ирүүт шагайлга хийлгэнэ. Ингэж намайг тууштай болгосон. Би долоо, наймтайгаасаа аавынхаа шүхрийг эвхэж сурсан. Аав бууж ирэнгүүтээ шүхрээ надад өгөөд, буцаад талбай руу гаа гүйж, бууж ирж байгаа тамирчдадаа заавар, зөвлөгөө өгдөг. Тэр хооронд би шүхрийг нь эвхээд, аавыгаа дуудаж, 1, 2 дугаар үзлэг хийлгэдэг, аав тийнхүү намайг эвхэж дуусангуут шүхрээ шууд үүрэн, онгоцондоо ороод нисдэгсэн. Одоо бодоход ямар ч зоригтой байсан юм, охиндоо үнэн сэтгэлээсээ итгэн, амь насаа надад бүрэн даатгаж байдаг” хэмээн ярьжээ.
Д.Отряд агсны хань, Хөдөлмөрийн баатар О.Гүндэгмаагийн ээж Ч.Хишигсүрэн харин охиныхоо талаар “Миний охин багаасаа их спортын хал хатууг үзэж ухаажсан, баяр баясгаланг мэдэрч хэрсүүжсэн. Аав нь дөнгөж хэлд, хөлд ороход нь л энгэртээ бэхлээд, шүхрээр бууж байсан. Би Налайхад цаг наргүй, ажилтай. Д.Отряд хээрийн сургууль, цугларалт болгонд охиноо дагуулаад л гарна. Салхи, жавар үнэртсэн сайхан бор охин ирдэгсэн. Д.Отрядаас өөр тэгж хүүхдээ дагуулж явдаг офицер армийн түүхэнд цөөн байсан байх. Хүн дор хаяж төрөлхийн 4-5 авьяастай төрдөг, түүнийг эртхэн олж харж хөгжүүлэхгүй бол унтардаг гэж үнэн байх. О.Гүндэгмааг тав зургаахан настай байхад нь буу бариулж, их спортын гайхамшигт чимээг гар буун дуугаар соноршуулж, тавтайд нь гимнастик, дугуй, өндөр уул, явган аялалд дагуулж, харзны усанд оруулж, арваадхан насанд нь ханан хаданд авируулж, цэргүүд дагуулан бэлтгэл, кросст гүйлгэж, арав гарав уу үгүй юу онгоцноос чиргүүлж, шүхрээр буулгаж, ахлах ангид орох үест нь уулын оройгоос параглайдераар буулгаж үзүүлсэн. Буудлага бол цэц мэргэн чадвараа хэзээ ч үл алдах нэг насны спорт. Өөрөөр хэлбэл, аав нь охиндоо насных нь хоолыг олж өгч чадсан. Охиндоо их хайртай. Тийм их хайрыг нь мэдэрсэн хүмүүс “Чи охиноо эрхийн балай болгох нь” гэхэд “Үгүй ээ, би эрхий мэргэн болгоно” гэж хэлж байсан нь алсын хараатай л хүний үг байж” хэмээн ярьсан нь номонд дурсагджээ.
Д.Отряд агсны гэргий Ч.Хишигсүрэн энэ онд шүхрийн спортоор хичээллэснийхээ 50 жилийн ойтой золгож байна. Тэрбээр 2004 онд 50 настайдаа 1704 дэх буюу отгон буултаа хийсэн, 37 жилийн турш шүхэр хөлөглөсөн ховор амжилтын эзэн юм. “Хүн шувуу” номыг унших тусам энэ гэр бүлийг хөх огторгуйг театр болгож, тэнд нисэн дүүлэн жаргасан хосууд юм гэж бишрэх.
Тэнгэрт тэмүүлж, тэндээ мөнхөрсөн идэрмэг шонхорт зориулсан номон суваргад “Ардын арми, дуурийн театрын алтан бүрээч”, Тэнгэрийн элч”, “Би хөгжимчин Отряд”, “Эрхэт тэнгэрийн мандлаас шүхрээр буухыг эмээлт мориноосоо дөрөө мултлахын дайтай санаж л явсан даа”, “Далавчтай хүн”, “Шүхрийн анхны гэр бүл”, “Бүргэд тэнгэртээ жаргалтай”, “Дэлхийн шүхэрчин”, “Циркийн манеж, цэргийн гурван жил хамт л байсан даа, андтайгаа”, “Зууны манлай тамирчин”, “Тэнгэр нь цэнхэр, газар нь зөөлөн”, “Тэнгэрт дүүлсэн он цаг”, “Отряд яах аргагүй Онцгойгийн хүн”, “Хөх тэнгэрт ургуулсан цэцэгс”, “Тулаанд зөвхөн шонхорууд нисдэг”, “Тэнгэрлэг заяа”, “Эр зоригийн спортыг эх орноо батлан хамгаалахад авчрав”, “Огторгуйгаас бүхнийг тольдох гайхамшиг”, “Багануурын тэнгэрт шүхэр дэлбээлсэн намар”, “Гималайд гарсан анхны уулчдын нэг, зургаан мянгат уулчин”, “Ер бусын дээд амжилтад хүрсэн шүхэрч”, “Аав минь, бид таныхаа үргэлжлэл”, “Шүхрийн дэлбээ” гэх зэрэг сонирхолтой нийтлэл, дурсамж, ярилцлага, хөрөг нийтлэгджээ.
Хүн булчингийн хүчээр нисэхгүй. Ухааны хүчээр ниснэ... К.Э.Циолковски. Энэ үг шувуу болон тэнгэрт ниссэн Д.Отряд агсны амьдралын мөрдлөг байжээ.
Эхлээд өөрийгөө ол. Зөвхөн өөртөө итгэ, итгэсэн шиг итгэ. Д.Отряд
Сэтгэгдэл ( 2 )
Цуутай хүний суутай үр .Тэнгэрт тэтгэгдсэн сайхан эцэг эр хүнийг үр удам нь сайхан үргэлжилэл .Амжилт сайн сайханг хүсье.
ямар ч үлгэр жишээ бахархмаар юм бэ дээ бүр нулимс гарчихлаа, Гүндэгмаа мундаг юм, аав нь ийм болгожээ