Австрийн холбооны Ерөнхийлөгч Александер ван дер Беллен Үндсэн хуулийн цэцийн дарга Бригитта Бирляйнийг тус улсын канцлерын үүрэг гүйцэтгэгчээр томилжээ. Ийнхүү Австрийн түүхэнд анх удаа эмэгтэй хүн түр хугацаанд ч гэсэн канцлерын албан тушаалд томилогдож байна.
Бирляйн энэ оны есдүгээр сард болох ээлжит бус сонгууль хүртэл шилжилтийн засгийн газрыг тэргүүлэх юм. Тэрбээр ойрын хугацаанд танхимаа бүрдүүлж, холбооны ерөнхийлөгч дэмжсэний дараа тангараг өргөнө.
Шинэ канцлер шилжилтийн засгийн газрын танхимд ажиллах хоёр хүнийг нэрлээд байна. Тухайлбал, дэд канцлер болон хууль зүйн сайдын албан тушаалыг их сургуулийн профессор Клеменс Яблонер, гадаад хэргийн сайдад элчин сайд Александер Шаленберг хашна.
Бирляйний оронд Үндсэн хуулийн цэцийн даргаар түүний орлогч Кристоф Грабенвартер томилогджээ.
Бригитта Бирляйн 69 настай, хууль мэргэжилтэй. Венийн улсын прокурорын газар, Венийн ерөнхий прокурорын газар, хууль зүйн яамны эрүүгийн эрхийн газарт ажиллаж байжээ. 1990 онд тус улсын Дээд шүүхийн дэргэдэх ерөнхий прокурорын газар анхны эмэгтэй ерөнхий өмгөөлөгчөөр томилогдож байсан бөгөөд 2003 оноос Үндсэн хуулийн цэцийн орлогч даргаар ажиллаж байгаад өнгөрсөн оны хоёрдугаар сараас даргаар нь томилогдон ажиллаж байв.
Сэтгэгдэл ( 0 )