О.Пүрэвбаатар: Өвөр Монголын их аварга “Хүүг минь бөх болгож өгөөч” гэж ирсэн

Автор | Zindaa.mn
2019 оны 06 сарын 04

Монгол Улсын гавьяат тамирчин, дэлхийн хошой мөнгөн медальт, Азийн наадмын аварга Оюунбилэгийн Пүрэвбаатар БНХАУ-д дасгалжуулагчаар ажиллах урилга хүлээн аваад нэгдүгээр сард өмнөд хөршийг зорьсон билээ. Баг тамирчдаа хүлээн аваад удаагүй байгаа ч Оска гараагаа тун сайхан эхлүүлж, шавь нар нь мужийнхаа түүхэндээ байгаагүй амжилт гаргасан байна. Бид О.Пүрэвбаатарыг эх орондоо ирээд байхад нь уулзаж ярилцлаа. Тэрбээр баг тамирчдаа Монголд тэмцээнд оруулах, хамтарсан бэлтгэлд хам­руулах зорилготой ирээд байгаа юм.


-Сайн байна уу, О.Пүрэвбаатар БНХАУ-д ажиллах боллоо гэж хэвлэлээр гарсан. Та ямар мужийн, ямар багтай гэрээ байгуулав?

-Хятадын Ганьсү мужийн Ланьжоу хотын шигшээ багийг хариуцан ажиллахаар болсон. Би өмнө нь тэнд хамтарсан бэлтгэл хийдэг байсан. Багш нь Улаан гээд миний жинд барилдаж байсан монгол бөх. Азийн аварга, ДАШТ-д оролцож байсан, Хятадын олон удаагийн аварга тамирчин. Манай хуурай ах л даа. Түүний шавь Сэргэлэн гээд Хятаддаа бол 20 түрүүлчихсэн, Азийн аварга, оюутны дэлхийн аварга хүн бий. Энэ хүмүүс намайг урьсан. 2016 оны олимпийн дараа анх урихаар нь би эндээ ажилтай байсан болохоор татгалзсан. Харин сая дахиад дуудлаа. Би шигшээ багт харьяалалгүй болоод хоёр жил цалингүй байсан. Токиогийн олимп хүртэл шигшээ багт орохгүй нь тодорхой тул явахаар болсон. Алдарын “Аваргууд” академийн хамт олонтойгоо ярилцаад ямар ч гэсэн нэг жил яваад ирье гэж шийдсэн юм. Гэрээний нөхцөл бол сайн.

-Нэг жилийн хугацаатай гэрээ байгуулсан хэрэг үү?

-Намайг 2021 оны Хятадын Бүх ард түмний спартакиад хүртэл ажиллаач гэж хүссэн. Би нэг жил л ажиллая гэж хэлсэн.

-Саяхан нэг тэмцээнд маш амжилттай оролцсон гэж сонссон. Ямар тэмцээн байв? 

-Ажлаа хүлээж авсанаас хойш манай баг гурван тэмцээнд оролцлоо. Залуучуудын спар­акиадын эрх авах тэмцээн болсон. 12 тамирчинтай оролцож, ес нь эрхээ авлаа. Урьд өмнө Ганьсүд гарч байгаагүй амжилт гэсэн. Залуучуудын спартакиад наа­дам долдугаар сарын хорьдоор болно.

-Тэрбум гаруй хүнтэй улсын Бүх ард түмний спартакиад гэж том тэмцээн болдог байх даа.

-Бүх ард түмний спартакиадад түрүүлэхэд насныхаа идэх хоолыг бэлтгэлээ гэсэн үг. Олимпийн наадамд түрүүлсэнтэй ижилхэн. Энэ тэмцээний дараа Хятадын залуучуудын УАШТ боллоо. Би 10 тамирчинтай оролцож, нэг алт, гурван мөнгө, хоёр хүрэл медаль аваад гурван бөх шагналт байранд шалгарч, бараг бүх тамирчин маань финалдсан. Сая наашаа ирэхийн өмнө насанд хүрэгчдийн улсын аваргын тэмцээн боллоо. Хятадад УАШТ хавар, намар гээд жилдээ хоёр болдог. Урьд нь манай хот ганц сайн тамирчинтай, тэрийгээ л анхаардаг, бусдыг нь тоодоггүй байсан. Нөгөө сайн нь түрүүлдэг, бусад нь амжилт огт гаргадаггүй байв. Би сая багаа авч ороход нөгөө ганц түрүүлдэг бөх нь орсонгүй, дандаа мултардаг байсан бөхчүүдээс нэг нь алтын төлөө, хоёр нь хүрлийн төлөө үзэлцлээ. Нэг мөнгө, нэг хүрэл медаль авч, би чинь тэндээ гайгүй од дасгалжуулагч болчихоод байж байна даа. (инээв) Хятадын өөр мужууд илүү цалин амлаж, урьдаг болоод байгаа.

-Өвөр Монголын их аварга Д.Баярбаатар танд хүүгээ шавь оруулсан гэсэн.

-Тийм ээ. Их аварга 16 настай хүүгээ авч ирээд шавь оруулсан. Барилддаг хүүхэд. Аавыгаа дагаад Монголд ирж, бэлтгэл хийж байсан юм билээ. Өвөрмонголын Шилийн гол аймагт бэлтгэл хийдэг. Сайхан өндөр, бие хаатай. “За аварга минь, энэ хүүхдийг л бөх болгож өг” гээд их аварга дагуулаад хүрээд ирсэн. Би ч “За аварга аа” л гэсэн.

-Та хөнгөн жинд барилддаг, Монголд байхдаа хөнгөн жингийн тамирчидтай ажилладаг байсан. Хүнд жингийнхэнтэй ажиллахад хэцүү байдаг уу?

-Монголдоо бол хөнгөн жин гээд байгаа юм л даа. Яагаад гэвэл Монголд хүнд жингийн тамирчин дасгалжуулахаар өөр хүнд бэлтгээд өгчихдөг. Сайхан бэлтгээд гаргаад ирэхээр миний шавь биш болоод нутгийнхан нь, үндэсний бөх аваад явчихдаг. Үндэсний бөх чинь биеэ зовоохгүйгээр явах боломжтой. Гайгүй бие хаатай, бэлтгэлээ сайн хийчих юм бол нутгийнхан нь цол аваад өгнө, цолны найрыг нь хийгээд өгчихнө. Биеийн амрыг бодоод бэлтгэл хийх нь бага. Харин чөлөөт бөхөд манай хөнгөн жингийнхэн голдуу дэлхийд амжилт гаргадаг. Тийм болохоор би Монголд хөнгөн жингийнхэнтэй ажиллах дуртай байдаг. Хүнд жингийнхнийг бэлтгэлээр нүдээд, ачаалал нэм­­чихээр жин буурчихна гэнэ. Тийм болохоор ажиллахад хэцүү, байх хэцүү байдаг. Яг чөлөөт бөхдөө сэтгэл зүрхээ зориулсан хүмүүстэй ажиллахаар надад ч амар, тамирчдад ч амар. Хятадад бол үндэсний бөх гээд яваад өгөхгүй болохоор хүнд жинтэй ажиллахад болж байна. 

-Хятадын чөлөөт бөхийн хөгжил ямар түвшинд байна вэ?

-Ер нь бол тааруу шүү. Гэхдээ хангамж сайтай.

-Ганьсү мужийн түүхэнд гараа­гүй амжилт үзүүлэхэд мужаас шагнал урамшуулал өгөв үү?

-Өгөөгүй. Энэ бол миний гэрээ ёсоор хийж байгаа ажил. Намайг урьсан шалтгаан бол тамирчдынхаа ур чадварыг дээшлүүлж, 2021оны Бүх ард түмний спартакиадаар медаль авахуулах зорилготой. Энэ зорилгыг биелүүлж чадна гэж бодож байгаа. Угаасаа чадна гэж л гэрээ байгуулна шүү дээ. Би Монголд ажиллаж байхдаа харьцангуй богино хугацаанд насанд хүрэгчдийн дэлхийн аваргын медальтай Т.Түвшинтулга, Б.Номин гээд хоёр шавь төрүүлсэн. Т.Түвшинтулга оюутны дэлхийн аварга болоход Г.Шижир, С.Батболд хоёр хүрэл медаль авсан. Азийн аваргаас энэ хоёр маань бас хүрэл авч байгаа юм.

-Та зодог тайлаад 10 жил өнгөрчээ. Энэ хооронд нэлээд олон газар ажиллалаа. Олон ч шавь төрүүллээ. Одоо ингээд харахад дасгалжуулагчийн ажлын талаар та ямар бодолтой явдаг вэ?

-Намайг зодог тайлахад шигшээ багийн багш бол гэхэд би хүлээж аваагүй. Багшилж зааж үзээгүй байж, мэргэжлийн баг тамирчдын амжилтыг унагаачихвал яах вэ гэж бодсон. Их том хариуцлага. Эхлээд залуучуудтай ажиллая гээд “Гацуурт”-ын Л.Чинбат захирлын үүсгэн байгуулсан “Олимп” клубт багшилж, нэлээд хэдэн шавьтай боллоо. Зарим нь болиод одоо таван хүүхэд үлдээд байгаа, тэд­нийгээ ямар ч гэсэн олимп хүртэл аваад явья гэж бодсон ч үнэхээр болсонгүй. Тэдэндээ “Багш нь үнэхээр амьдралаа бодохгүй бол болохгүй байна” гэж хэлээд ярилцсан. Гэхдээ би шавь нараа тэнд аваачаад цалинтай бэлтгэл хийлгэчихдэг. Хятадын нэг сарын цалин нь манай гурван сарын цалинтай тэнцдэг. Замын зардал, байр хоол гээд бүгдийг цаанаас нь даачихна. Шавь нартайгаа одоо ч холбоотой байгаа. Би тамирчин байхдаа багш нар юундаа ядардаг байна гэж боддог байсан. Бэлтгэл хийхгүй, жин хасахгүй, зүгээр л явж байдаг гэж бодоод л. Гэтэл тэд тамирчныхаа төлөө сэтгэл, зүрхээрээ ажилладаг юм байна. Тэр яасан, энэ яасан бол гээд олон хүнд санаа зовж, анхаарал хандуулдаг. Өөрөө багш болж байж л ойлгож байгаа юм. Тамирчидтайгаа ойр дотно байх хэрэгтэй юм байна. Байнга дарга байхаар тамирчид надтай бодол саналаа чөлөөтэй ярьж чаддаггүй. Тэгэхээр бэлтгэл дээрээ чанга, энгийн үед ойр байх хэрэгтэй. Гэр бүлийг нь таних хэрэгтэй, өөрийнх нь зан чанарыг мэдэх шаардлагатай. Энэ хүнийг магтвал бэлтгэл сайн хийх үү, загнавал сайн хийх үү гээд л. Дээр нь бага эмчийн мэргэжилтэй шахуу болж байна. Мөр, шагай, тохой мултарвал оруулчихаж байна. Тамирчдынхаа сэтгэл зүйтэй ажиллана гэхээр бас сэтгэл зүйч болж байгаа юм. Их юм сурч байна. Миний анхны багш О.Мөнхбат гэж Болгарт төгсөн хүн байдаг. Багшаасаа байнга зөвлөгөө авдаг.

-О.Мөнхбат багш маань одоо юу хийж байна?

-Гэртээ, группт байгаа. Манай багш Монголын шигшээ, “Шонхор” багт ажиллаж байхдаа маш их амжилт гаргасан хүн. Одоо болтол гавьяатаа аваагүй л явж байна. Б.Гантогтох, А.Сүхбат, Д.Бумбаяр болон миний гаргасан бүх амжилт энэ хүнтэй холбоотой. Гэтэл гавьяа байгуулаагүй гавьяат цолтон зөндөө байна. Хоёр жилийн өмнө багшид “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон” өгч, нэг ёсны хуурсан. Тэгэхээр нь Б.Гантогтох бид хоёр шарандаа найрыг нь гавьяатын найр шиг хийе гээд сайхан хийж өглөө. Хөл дүүжлэх унаатай болгосон. Улс, холбоо нь үнэлэхгүй байхад шавь нар нь л үнэлэхгүй бол болохгүй. Бидэнд ямар гавьяат цол өгчих мэдэл байх биш. Б.Гантогтох, А.Сүхбат, О.Пүрэвбаатар гээд гурван гавьяат төрүүлсэн хүн дээ манай багш. Чөлөөтийн Н.Ганбаатар, манай О.Мөнхбат багш хоёрыг тэмцээн дээр дандаа хэрүүл хийж байна гэж Х.Баянмөнх аваргад хүн ховлоход аварга “Шавьтай хүн хэрүүл хийдэг юм” гэж хэлсэн гэдэг. Манай “Шонхор” клубын үндэсний бөхөөр хамгийн муу нь Улсын начин,  чөлөөтөөр хамгийн муу нь спортын мастер байлаа.

-“Токио 2020” олимпын наадам дөхлөө. Хэдий гадаадад ажиллаж байгаа ч харахад ирэх олимпод чөлөөтийн хэдэн бөх медаль хүртэх найдвар байгаа бол?

-Хэлж мэдэхгүй юм байна. Миний сэтгэл дундуур байгаа. Шигшээ багийн багш нар залуу хүмүүс. Хашир туршлагатай бусад багш нартай хамтарч ажилладаггүй. Багийн амжилт буураад байгаа.

-Амжилтаа сайжруулахын тулд юу хийх хэрэгтэй вэ?

-Хамтарч ажиллах. Бид шигшээ багт байхдаа тамирчдын багш нарын зардлыг нь даагаад дууддаг байсан. Тамирчдыг ч нээлттэй хамруулдаг байсан. Одоо шигшээд хорин хэдэн хүн л хайрцганд баригдаад хоорондоо бэлтгэл хийж байна. Муу бөх ч байсан хамт бэлтгэл хийх хэрэгтэй. Муу хүн дээр бэлтгэлээ, мэхээ хийгээд байж болдог. Харин манай зарим багш муу хүнтэй барилдахаар сайжрахгүй гэдэг. Сайн хүнтэй бэлтгэл хийвэл сүүлдээ мэхийг нь хийлгэхгүй шүү дээ. Тэмцээн уралдаанд олон орвол сайжирдаг юм бас биш. Хэн нь тэмцээнд олон орох хэрэгтэй, хэн нь муу хүнтэй бэлтгэл хийх хэрэгтэй вэ гэдгийг судлах ёстой. Холбоо ч гэсэн хоёр толгойтой юм шиг яваад байж болохгүй. Ингэхээр тамирчдын бэлтгэл алдагдаад байна. Манайх чинь цөөн хэдэн тамирчин, цөөхөн хэдэн багштай улс.

-Цөөхөн хэдэн багшаас нь гадаадад ажиллаад байна...

-Энд хөдөлмөрийг нь үнэ­лээд, ажиллах нөхцөлийг нь бүр­дүүлээд байвал хэн ч гадаадад гарахгүй. Надад шигшээ багийн дасгалжуулагчийн 500 мянган төгрөг болоод л байдаг байсан. Хүний цалин ихдэхгүй, багадахгүй, үргэлж тус дэм болж байдаг. Энэ нь байхгүй болчихоор утас, байрны мөнгө, хүүхдийн сургууль, цэцэрлэг гээд бас хэцүү шүү. Тэмцээн уралдаанд явсан ч найзуудаас гуйна, өөрөөсөө хармааны мөнгө гаргах жишээтэй. 

-Танд 2009 онд зодог тайлснаас тань хойш гадаад улс орнуудаас багшаар ажиллаач гэсэн урилга ирж байсан уу?

-Олон ирсэн. Эхлээд Германы клуб, дараа нь Болгар, ОХУ-ын Улаан-Үдээс урилга ирж байлаа. Би дургүйцээд хүлээж авдаггүй байсан. “Миний сэтгэл зөвхөн Монголдоо” гээд татгалздаг байлаа. Харин Хятад болохоор нэгдүгээрт цалин хангамж сайн, хоёрдугаарт Хятад дотроо л үзэх тамирчдыг бэлтгэнэ. Хятадын УАШТ, спартакиадаас медаль авахад л болно. Болгар, Герман, Орост болохоор Монгол тамирчидтай үзэлцэх бөхчүүдийг нь бэлтгэх гээд байдаг. Би тэнд очоод баян боллоо гэж бодьё. Германд тэмцээн болоод манай Монголын бөх Германы бөхөд ялагдлаа гэхэд тэр германыг нь би бэлтгэсэн байж таарахгүй биз дээ. 

-О.Пүрэвбаатарын нэрэмжит цомын тэмцээн гэж сайхан тэмцээн бий. Энэ жил ирж зохион байгуулна биз дээ?

-Нэрэмжит тэмцээнээ зодог тайлаад нэг удаа л зохион байгуулья гэж бодсон. Гэтэл дараа жил нь хүүхдүүд “Таны тэмцээн гоё болдог, энэ жил болох уу” гээд, багш нар ч гэсэн хэзээ хийх гэж байна гэж асуугаад байсан. Манай найз нар ч нэг хийсэн юм чинь тогтмол хийе гэж хэлсэн. Найз нөхдүүд минь ивээн тэтгэж, зохион байгуулдаг юм. Нэгэнт нэрэмжит тэмцээн хийснийх тамирчдадаа гайгүй шагнал өгөхийг хичээдэг. Шагналтнуудаас гадна оролцсон хүн бүрт календарь, мандат, тэмдэг гээд дурсгалын зүйлтэй. Энэ жил 10 дахь удаагийн тэмцээн болно. Ойн тэмцээн болохоор бүх оролцогчдод хөнгөн жингийн сүүлийн гурван гавьяат болох Б.Наранбаатар, Ц.Цогтбаяр, өөрийнхөө мэхний хичээ­лийн DVD бичлэгийг өгнө гэж бодож байгаа. Тэмцээнд медаль аваагүй ч “О.Пүрэвбаатарын нэрэм­жит цомын тэмцээн”-д оролц­сон гээд нэг дурсгалын юм үлдвэл сайхан. Түрүүлсэн болон медальтай бөхчүүдэд цом өгдөг. Хөнгөн жингийн тэмцээн болохоор сайхан өрсөлдөөнтэй болж өнгөрдөг. Бас нэг том онцлог бол насны хязгаар 22 нас. 21, 22 настай хүүхдүүд тэмцээнд ороход хэцүү. Залуучуудын тэмцээнээс нас мултарчихсан, томчуудад жижигдээд байдаг. Тэгэхээр 20-22 насны хүүхдүүдийн тэмцээн болгож, энэ насныхны хувьд хоорондоо өрсөлдөх бас нэгэн сорил болгож байгаа юм. Тэмцээнээ цаашдаа ч байнга зохион байгуулж байх болно. Найз нөхөд минь ч дэмжинэ. Энэ жил тэмцээнээрээ Монголдоо ирнэ. Хятадад бэлтгэж байгаа тамирчдаа тэмцээндээ оруулна.

Сэтгэгдэл ( 18 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Тайван(150.129.140.67) 2019 оны 06 сарын 05

Оско амжилт хvсье

0  |  0
С.Зоригт (66.181.161.16) 2019 оны 06 сарын 06

Мундаг хүндээ энэ спортод бүхэл юм аа зориулж байгаа даанч арчаагүй удирдагчтай улсад ажиллаж амьдрах там шүү дээ хариуцдаг хүлээсэн аав амьдралаа бодох хэрэгтэй зөв амжилт

2  |  0
IRGEN(103.9.90.98) 2019 оны 06 сарын 10

HOR NAIRUULAGCH NART YMAR HUN BOLHOO HARUUL.CHI HIIH YMAA HIISEN BOLHOOR ODOO AMIDRALAA BOD DOO .BI CH GESEN HUUHED SURGADAG HUN.ETSSIIN ETSEST HENII YUNII TOLOO YWAAD BAIGAAGAAOILGOHOO BDAG YM DAA.AMJILT HUSIE DUUD.

3  |  0
иргэн(202.179.27.194) 2019 оны 06 сарын 05

ийм аугаа сэтгэлтэй үнэт капиталыг алдаад байдаг нь хорчидын гай юм даа

0  |  0
иргэн(202.179.27.194) 2019 оны 06 сарын 05

ийм аугаа сэтгэлтэй үнэт капиталыг алдаад байдаг нь хорчидын гай юм даа

0  |  0
Зочин(139.5.216.77) 2021 оны 11 сарын 09

Амь зуухын эрх юм байх даа зайлуул. Хүнийг тийм их бөх болгодог юм бол монгол хүүхдүүдээ бэлдмээр юм даа. Өвөр монгол хүн хятадын нэрийг л гаргана, монголын нэрийг гаргахгүй. Хоёр жилийн дараа Пүрэвбаатар гэдэг нэрийг өвөрмонголчууд мартана даа.

0  |  10
Mонгол хүү(66.181.182.17) 2019 оны 06 сарын 04

Сайхан ярилцлага болсон байна. Сайн сайхныг хүсэн ерөөё

3  |  0
м(66.181.168.8) 2019 оны 06 сарын 05

амжилт

3  |  0
ok(71.227.152.248) 2019 оны 06 сарын 04

mundag bn.bs Cogtbayriig uriad hyatdad mundag bg bohchuud n

0  |  0
zochin(122.201.26.172) 2019 оны 06 сарын 04

hoorhiidoo saihan ch um chih gunigtai ch um chig

3  |  0
Zochin(66.181.161.75) 2019 оны 06 сарын 05

Amjilt husey

3  |  0
Пп(202.21.109.37) 2019 оны 06 сарын 05

Монголоо гэсэн сэтгэлтэй аугаа тамирчин юмаа гэр бүлд нь аз жаргал сайн сайхныг хүсье

3  |  0
zochin (150.129.140.217) 2019 оны 06 сарын 05

chamd amjilt

1  |  0
zochin (150.129.140.217) 2019 оны 06 сарын 05

chamd amjilt

1  |  0
Top