Түүхээс арчигдсан 30 жил

Я.Болор | Zindaa.mn
2019 оны 06 сарын 04

Хятадын нийслэл Бээжин хотын төв Тяньаньмэний талбай дээр ардчиллын төлөөх жагсаалыг цэрэг, танкийн хүчээр дарснаас хойш 30 жил өнгөрч байна. Албан бус мэдээллээр долоон долоо хоног үргэлжилсэн жагсаал цуглааны үеэр дор хаяж арван мянга гаруй хүн энэхүү эмгэнэлт үйл явдлын золиос болсон гэх.

Хятадын түүхээс арчигдсан эл цуст үйл явдлын үеэр амиа алдсан хүмүүсийг хэзээ ч дурсдаггүй, гэр бүлийнх нь хүртэл чөлөөтэй дурсах эрхгүй. Тяньаньмэний  Эхчүүд гэх байгууллага байгуулсан 1989 оны зургадугаар сарын 4-ний өдөр амиа алдсан оюутнуудын ар гэрийнхэн зургадугаар сарын эхээр хатуу хяналтад орж, хаа нэгтээ явах шаардлагатай болдог. Тэд өнөөг хүртэл үр хүүхэд, төрөл төрөгсдийнхөө өмнөөс шударга ёсыг нэхэж, тэдний гэгээн дурсгалыг хүндэтгэх эрх чөлөөг эрэлхийлсэн хэвээр ч цинмин буюу ханш нээх баярын өдөр л тэдний дурсгалыг хүндэтгэдэг.

Энэ жил Бээжин хотын төв талбайн нэрээр нэрлэгдсэн үйл явдлын тэгш ой тохиож буй тул Хятадын эрх баригчдын зүгээс илүү хүчтэй хяналт тавьж байгаа бөгөөд интернет сүлжээнд тус үйл явдлыг дурдсан бүхнийг устгаж, гол гол цахим хуудаснууд энэ өдөр сэтгэгдэл авах программыг хаажээ.

Хэдийгээр албан ёсны Бээжин энэ талаар байр сууриа илэрхийлдэггүй ч Сингапурт болсон Шангри Лагийн яриа хэлэлцээний үеэр Хятадын Ардын чөлөөлөх армийн генерал Вэй Фенхэ “Тэрхүү хэрэг явдал бол улс төрийн зорилготой үймэн самуун байсан  бөгөөд төв засгийн газар үүнийг зогсоох арга хэмжээг авсан. Энэ нь зөв бодлого байсан” гэж оролцогчдоос Тяньаньмэний үйл явдлын талаар тавьсан асуултад хариулжээ. Тэрбээр сүүлийн 30 жилд Хятад улсад томоохон өөрчлөлтүүд гарсан. Тухайн үед засгийн газраас авсан арга хэмжээний үр дүнд өнөөдөр Хятад улс тогтвортой хөгжиж байна гэж онцолжээ.

ТЯНЬАНЬМЭНИЙ ГЭХ ТОДОТГОЛТОЙ ҮЙЛ ЯВДАЛ ХЭРХЭН ӨРНӨВ?

Аль 1979 оноос эхлэн тус улсад Дэн Сяопинаар удирдуулсан ил тод байдал, шинэчлэлийн бодлого нэртэй шинэчлэлийн давалгаа гарч ирэв. Мао Зэдүн нас нөгчсөний дараа төрийн эрхэд гарч ирсэн Дэн Сяопин 1989 он гэхэд төрийн удирдах дээд албан тушаалд очоогүй ч Хятадын коммунист намын үзэл суртлын лидер хэвээр байв. 1980-аад оны сүүлээр Хятадын Коммунист намыг либерал үзэлтэй удирдагчид тэргүүлж байсан хэдий ч улс төрийн хувьд хуучин “кадр” нь хяналт тавьсан хэвээр байв. Барууны хэмжигдэхүүнээр авч үзвэл тухайн үед эрх чөлөө хумигдмал, олон намын системд чиглэсэн хөдөлгөөн байгаагүй ч шинэчлэлийн эхний шат эерэг үр дүн үзүүлж, 1984-1992 онд тус улс дэлхийн тэргүүлэх орны тоонд орох бэлтгэлээ хангасан байлаа. Гэвч тухайн үед Маогийн хэт туйлширсан бодлогын үр дагаврыг арилгах шаардлага нэн тулгамдсан хэвээр байв. Хятадын коммунист залуучуудын холбооноос гарч ирсэн Ху Яаобан Хятадын Коммунист намын Ерөнхий нарийн бичгийн дарга болсон даруйд соёлын хувьсгалаар хэлмэгдэгсдийг цагаатгах ажлыг эхэлсэн бөгөөд залуучуудад чиглэсэн олон үйл ажиллагааны үеэр ихээхэн нэр хүндийг олж авчээ. Авлигын хэрэгт холбогдож байгаагүй тэрээр гэнэт огцорч, тун удалгүй нас нөгчсөн нь оюутнуудын дунд бужигнаан үүсгэв.

1989 оны дөрөвдүгээр сарын 22-ны өдөр болсон түүний оршуулга Хятадын нийслэлийн төвд олныг хамарсан жагсаал гарах эхлэлийг тавьжээ.

Түүний оронд Хятадын Коммунист намын ерөнхий нарийн бичгийн дарга болсон Жао Зыян 1980-аад оныг хүртэл гол төлөв хөдөө орон нутагт ажиллаж байсан тул Бээжинд ирмэгцээ хөшигний цаана болж буй далд хуйвалдааны талаар төсөөлөл байсангүй. Сычуан мужийг удирдаж байхдаа тэрээр хэд хэдэн шинэчлэлийг амжилттай хэрэгжүүлсэн. Тэрээр Дэн Сяопинд хэрэгтэй шинэчлэгч байлаа. Хэдийгээр Жао улс төрийн болон эдийн засгийн шинэчлэлийг нэгэн зэрэг явуулах шаардлагатай гэж үзэж байсан ч 1980-аад оны дунд үе хүртэл зөвхөн эдийн засгийн шинэчлэлд гол анхаарлаа хандуулав. 1987 онд тэрээр Хятадын Коммунист намын Төв хорооны Ерөнхий нарийн бичгийн даргын албан тушаалд очив. Энэ үеэр намын “элит” хүрээ болон сэхээтнүүдийн хооронд ихээхэн хагарал үүссэн байжээ.

1980-аас 1984 оны зургадугаар сарын 4-нийг хүртэл Дэн Сяопин либерализмын эсрэг байр суурийг хатуу баримталж ирэв. Нөгөө талаар, тэрээр улс төрийн шинэчлэл шаардлагатай буй талаар ярьж байсан хэдий ч нэг намын засаглалыг хатуу дэмждэг нэгэн байжээ. Түүний байр суурийг сулруулах аливаа шинэчлэлийг хатуу үгүйсгэдэг байв.

Тяньаньмэний талбайд цугларсан залуучууд Жао Зыяныг үзэл санааны лидер хэмээн үзэж байсан бөгөөд Жао ч өөрийн зүгээс жагсагчдыг хүчээр тараахын эсрэг байв. Зарим мэдээллээс үзвэл, Жао ойрын хүмүүсээрээ дамжуулан жагсагчдыг шаардлагатай зүйлээр нь хангадаг байсан гэдэг ч батлагдаагүй. Нөгөө талаар, Бээжингийн төвд болж буй тэмцэл Дэн Сяопинд ашигтай байсан байж болзошгүй. Учир нь Жао Зыянийг зайлуулах шалтаг болох байв.

1989 оны тавдугаар сарын 17-ны өдөр Дэн Сяопины өргөөнд Хятадын коммунист намын удирдлагын хурал болж, Жао Зыяныг дөрвөн зүйлд буруутгав. Түүнийг капиталист зах зээлийн эдийн засгийг хэрэгжүүлсэн, оюутнуудын үймээн самууныг дэмжсэн, намыг хагаралдуулсан, Жаогийн хоёр хүүг “ялзарсан түшмэд” байсан зэрэгт буруутгаж, онцгой байдал тогтоох тухай шийдвэр гаргажээ. Жао Зыян ХКН-ын ерөнхий нарийн бичгийн даргын албан тушаалаа өгсөн ч намын гишүүн хэвээр үлджээ. 2005 онд насан эцэслэтлээ Жао гэрийн хорионд байсан.

Онцгой байдал зарласны дараа Тяньаньмэний талбай дээр нэг сая орчим хүн цугларсан байна. Энэ үеэр жагсаал хяналтаас гарч эхэлжээ. Хэдийгээр зарим хэвлэлүүд цуглааныг тарааж буй явцыг “нядалгаа” болж буй мэт бичиж байсан ч Хонконгийн “South China Morning Post” сонинд нийтэлсэн Ройтерс агентлагийн гэрэл зурагчны дурсамжид арай өөр дүр зураг гардаг. Тухайн үед Хятадын нийслэл өргөн хүрээг хамарсан жагсаал цуглааны улмаас эмх замбараагүй байдалд орсон байжээ. Тяньаньмэний талбай болон зэргэлдээх өргөн чөлөөнд жагсагчид цэргийн машин, техникийг зогсоож, шатаахыг оролдож байв. Тун удалгүй нэмэлт хүч орж ирэн, буун дуу гарах болсон гэж Ройтерс агентлагийн гэрэл зурагчин Артур Цанг дурсжээ.

Аюулгүй байдлын хүчнийхэн хүмүүсийг гудамжинд гаргахгүй байсан бөгөөд тагтан дээрээс зөвхөн цэрэг орж ирж буй нь харагдаж байсан гэнэ. Жагсагчдын зарим нь хуягт техник руу шатах бодис бүхий лонх шидэж байжээ. Тухайн үед Бээжинд шатахууныг хатуу хяналт дор зөвхөн зөвшөөрлийн бичгээр олгодог байсан тул жагсагчид шатахуун чөлөөтэй авч, шатах зүйл бүхий лонх өөрсдөө бэлтгэж чадахгүй байсан болов уу гэж Hidden Harmonies China Blog сонинд бичсэн байдаг. Улангассан жагсагчид шатаж буй машинаас гарч ирсэн цэргүүдийг хөнөөж, зарим цэргүүдийг дүүжилсэн гэсэн мэдээлэл бий.

Энэхүү үймэн самууны үеэр мянга гаруй цэргийн машин, 60 гаруй хуягт техник, 30 гаруй цагдаагийн машин, 120 хотын нийтийн тээврийн автобус болон 70 гаруй бусад төрлийн автомашин буюу нийт 1280 автомашиныг шатаасан байна. Жагсагчид, цэргүүдийн хооронд болсон мөргөлдөөний үеэр жагсагчид төдийгүй жагсаалын дэргэдүүр явж байсан энгийн хүмүүс хохирчээ. Хэдийгээр амиа алдсан хүмүүсийн бүрэн жагсаалт нийтлэгдээгүй ч 1989 оны зургадугаар сарын 4-ний шөнө гурван мянган хүн гэмтэж бэртсэн гэх албан ёсны мэдээлэл байдаг. Түүнчлэн 300 жагсагч, хэдэн арван цэрэг амиа алдсан гэж албан ёсоор мэдээлж байв.  Жагсаал цуглааны ихэнх удирдагчид Хонконгоор дамжин Тайвань, АНУ руу дүрвэн гарчээ. Хориотой сэдэв болсон Тяньаньмэний гэх тодотголтой хэрэг явдал бодит үнэнийг 30 жилийн турш нэхсээр. 

Хүн Танк

Зочид Буудлын тагтан дээрээс Ассошиэйтэд пресс агентлагийн сурвалжлагч Жефф Вайденер танкны цувааны эхэнд явсан танкны урд зогсох хүнийг ажиглаж байв. Танк зогсож, түүнийг тойрч явахыг оролдов. Өнөөх хүн танкны замыг хааж зогсох.

Өнөөг хүртэл түүнийг хэн гэдэг, түүний хувь заяа хэрхсэнийг бид мэдэхгүй. Гэсэн хэдий ч тэрбээр эсэргүүцлийн хүчтэй бэлгэ тэмдэг болсон юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top