Сүүлийн 30 жилд анх удаа Хонконгт Тяньаньмэнийн хохирогчдын дурсгалыг хүндэтгэхийг хоригложээ

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 06 сарын 02

Сүүлийн 30 жилд анх удаа 1989 онд Бээжингийн нийслэл Тяньаньмэний талбайд болсон эмгэнэлт үйл явдлын хохирогчдын гэгээн дурсгалын хүндэтгэх олон нийтийн арга хэмжээг зохион байгуулах зөвшөөрөл олгоогүй байна. Шинэ төрлийн коронавирусний цар тахал дэгдсэнтэй холбогдуулан тогтоосон хорио цээрийн дэглэмийн дагуу найман хүнээс дээш тооны хүн нэг дор цугларахыг хориглосон бөгөөд халдвар тархах өндөр эрсдэлтэй гэж цагдаагийн газраас тайлбарлажээ.

Жил бүрийн зургаадугаар сарын 4-ний өдөр Хонконгийн Викториа цэцэрлэгт хүрээлэнд ардчиллыг дэмжигч олон арван мянган оршин суугчид цугларан лаа асааж, Тяньаньмэний хохирогчдын гэгээн дурсгалыг хүндэтгэдэг уламжлалтай. “Хятадад эх оронч ардчилсан хөдөлгөөнийг дэмжих Хонконгийн эвсэл” хөдөлгөөний зохион байгуулагчид дэмжигчдэдээ хандан хоригийг үл харгалзан гудамжинд гарч, хотын бүх дүүрэгт лаа асаан хүндэтгэл үзүүлэхийг уриалсан байна. Зарим оролцогчид Викториа цэцэрлэгт хүрээлэнд цугларахаа мэдэгдээд байна. Бээжингээс энэ зун батлахаар зэхэж буй Хонконгт үндэсний аюулгүй байдлыг хангах тухай хууль ийм төрлийн арга хэмжээг цаашид зохион байгуулах боломжийг бүрэн үгүй хийнэ гэж ажиглагчид үзэж байна.

1989 оны зургаадугаар сарын 4-5-нд тус улсын нийслэл Бээжин хотын төв талбайд оюутнуудын хөдөлгөөнийг зэвсэг хэрэглэн дарж, олон хүний амь үрэгдсэн. Эсэргүүцлийн хөдөлгөөний олон оролцогч хоригдсон билээ. Эх газрын Хятад энэ эмзэг сэдвийг өнөөг хүртэл хатуу хянадаг. Тус улсад Тяньаньмэний гунигт түүхийг жил бүр эргэн дурсдаг цорын газар бол өөртөө засах эрхтэй Хонконг юм. Хонконгт мөн энэ сэдэвт зориулсан дэлхий дээрх анхны хувийн дурсгалын музей байдаг.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
хятад задрах байсан(122.201.31.91) 2020 оны 06 сарын 03

Хятадууд танк хуягтаар няц гишгүүлсэн түүхтэй.Энэ бол 20 р зууны эрх чөлөөний тэмцэгч нарын эсрэг авсан харгислал байсан юм.

0  |  0
Top