Говьсүмбэр аймгийн Засаг дарга Г.Батсуурьтай цаг үеийн асуудлаар ярилцлаа. Тус аймаг дэд бүтэц, тээвэр ложистик, хөдөө аж ахуй, аялал жуулчлалын чиглэлээр хөгжлийн тэргүүлэх салбараа тодорхойлжээ.
-Говьсүмбэр аймгийн онцлог зүйл, өрсөлдөх чадварын талаар яриагаа эхлэх үү?
-Говьсүмбэр аймаг Монгол Улсын эдийн засагт томоохон хувь нэмэр оруулах боломжтой. Учир нь дэд бүтэц, зам харилцаа гээд өрсөлдөх чадвар, эдийн засгийн хүрээгээрээ ямар ч үйл ажиллагаа явуулах боломж нь бүрдсэн газар. Нийт 554.1 мянган га газар нутагтай, 5364 өрхийн 17400 хүн амтай, засаг захиргааны гурван сум,10 багтайгаар иргэдэд төрийн үйлчилгээг хүргэж байна. Дөрвөн аймгийн есөн сумтай хиллэж Дундговь аймгийн Цагаандэлгэр, Өндөршил, Баянжаргалан, Говь-Угтаал, Дорноговь аймгийн Даланжаргалан, Айраг, Хэнтий аймгийн Баянмөнх, Бор-Өндөр, Дархан сумын иргэдэд эрүүл мэнд болон ерөнхий боловсрoлын үйлчилгээг үзүүлдэг.
-Хөгжлийн тэргүүлэх чиглэлээ дэд бүтэц, тээвэр ложистик, хөдөө аж ахуй, аялал жуулчлалын чиглэлээр тодорхойлжээ. Энэ талаар дэлгэрүүлж яривал?
-Дэд бүтцээ дагаж хөгжих нь манай аймгийн хувьд хамгийн чухал. Тиймээс дэд бүтэц, тээвэр ложистик, экспорт, импортын тээврийн үйл ажиллагаа, худалдаа үйлдвэрлэлийн салбарыг хөгжүүлэх, энэ чиглэлийн аж ахуй нэгжийг дэмжих нь тэргүүн зорилт юм. Үүний дагуу “Дэд бүтцийг хөгжүүлэх дэд хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж байна. Дараагийн тэргүүлэх салбар хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг хөгжүүлэх. Өмнөх нийгмийн үед манай аймагт каракул үүлдрийн хонины сангийн аж ахуй ажиллаж байсан. Өнөөдөр ч ажиллаж байна. Бид каракул хониныхоо удам угсаа, үүлдрийг сайжруулах зорилгоор 2018 онд Казахстан улсаас 268 хонийг авчирж үржүүлснээр эхний төлөө хүлээн авлаа. Төл эрүүл саруул бойжиж байна. Мөн дараагийн тэргүүлэх салбар аялал жуулчлал. Бид энэ жил “Боржигин” наадмаа зохион байгуулахдаа эрийн гурван наадмаар биш аймгаа сурталчлах зорилгоор аялал жуулчлалын талаа барьж хийхээр төлөвлөж байгаа. Аялал жуулчлалыг хөгжүүлэх дэд хөтөлбөрийг хэрэгжүүлснээр Говьсүмбэр аймагт ирж байгаа гадаад дотоодын жуулчны тоо жилээс жилд өсч байна.
-Хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажлыг хэрхэн өрнүүлж байна вэ?
-Хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажлыг жилээс жилд нэмэгдүүлж иргэдийн ая тухтай амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлэн ажиллаж байна. Үүнээс дурдвал 2016 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 7.6 тэрбум төгрөгийн ажлыг, Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар 1.4 тэрбум, 2017 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 800 сая, орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар 1.8 тэрбум төгрөгийн ажлыг, 2018 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 800 сая, Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар 1.6 тэрбум төгрөгийн ажлыг гүйцэтгээд байгаа юм. Энэ онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 11.9 тэрбум, Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар 1.4 тэрбум төгрөгийн ажлыг тус тус хийж гүйцэтгэхээр улсын болон орон нутгийн төсөвт тусгуулан ажилласан.
Худалдан авах ажиллагааны явцыг харахад улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 20 ажил, Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 23 ажлын тендер зарлахаас улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжих 17 ажил, Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар хэрэгжих 19 ажлыг цахимаар ил тод нээлттэй зарлалаа. Үүнээс улсын төсвийн хөрөнгө оруулалтаар дөрвөн ажлыг гүйцэтгэхээр гэрээлсэн бол Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар 16 ажлыг гүйцэтгэхээр гэрээ байгуулан ажиллаж байна.
-Энэ жил боловсролын салбарт бүтээн байгуулалтын ямар ажлууд хийгдэх вэ?
-Энэ оны хөрөнгө оруулалтаар 640 хүүхдийн шинэ сургууль барихаар худалдан авах ажиллагааг зохион байгуулж гүйцэтгэгч компани шалгарч ажлаа эхлээд байгаа. Энэ бол манай аймгийн хувьд томоохон бүтээн байгуулалт. Мөн мэргэжлийн ур чадвар сайтай гадна дотнын багш нарыг урьж, гүнзгийрүүлсэн анги танхимыг нээж хүүхдүүдийн сурах, амжилт гаргах нөхцөлийг бүрдүүлэн ажиллаж байна. Цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор энэ жил Сүмбэр сумын гуравдугаар багт байрладаг тавдугаар цэцэрлэгт өргөтгөл хийх ажлыг эхэллээ. Ингэснээр тухайн багт амьдарч байгаа айл өрхийн хүүхдүүд 100 хувь цэцэрлэгт хамрагдах боломж бүрдэнэ.
-Говьсүмбэр аймгийг тойрсон бусад аймгийн есөн сумын хүүхдүүд танайд шилжин суралцдаг гэж сонслоо?
-Говьсүмбэр аймагтай хиллэдэг дөрвөн аймгийн есөн сум байдаг. Дээрх сумдаас манай аймагт хэчнээн хүүхэд сурдаг тухай тоог гаргахад 640 болсон.Шинэ сургууль барьж буй нь үүнтэй ч холбоотой. Дэд бүтэц, зам харилцаа гээд хүн амьдрах орчин бүрдсэн манай аймгийн нийт хүн амын 60 гаруй хувь нь орон сууцанд амьдардаг. Бусад аймгуудтай харьцуулахад орон сууцны айл өрхүүд 24 цагийн халуун, хүйтэн ус хэрэглэж буйгаас гадна нийгмийн бүхий л төрлийн үйлчилгээг хүртэж байна. Дэд бүтэц, нийгмийн болон эдийн засгийн өргөн хүрээний үйлчилгээнээс шалтгаалж Говьсүмбэр аймагт хүүхдээ сургах, мөн иргэдийн энд ажиллаж хөдөлмөрлөх сонирхол их байна. Сүүлийн 2-3 жилд хүн ам тогтмол нэмэгдэж буй төдийгүй зах зээл, дэд бүтэц, хүн амын суурьшилд нөлөөлж Говьсүмбэр аймгийн эдийн засаг хүрээгээ тэлсээр байна. Орон нутагт төвлөрөх татвар хураамж ч нэмэгдлээ.
-Эрүүл мэндийн салбарт хэрхэн хөрөнгө оруулалт хийж байна вэ?
-Бид өнгөрсөн жилүүдэд эрүүл мэндийн салбарт ихээхэн анхаарал хандуулж хөрөнгө оруулалт хийж ажилласан. Эмч нарын мэдлэг чадварыг дээшлүүлэх, эмнэлгийн амбулаторийн дотоод хэсэгт засвар хийх, хүүхдийн эмнэлэгт гадны байгууллагын хөрөнгө оруулалтаар засвар үйлчилгээ хийж хэвтэн эмчлүүлэгчдийн тав тухыг хангах, иргэдийн тохь тухтай орчинд эмнэлгийн байгууллагаар үйлчлүүлэх боломжийг хангаж ажиллалаа. Одоо Сүмбэр сумын нэгдүгээр багт Нэгдсэн эмнэлгийн 100 ортой эмнэлгийн барилгын ажлыг барьж байна. Өнгөрсөн жил эрүүл мэндийн салбарт 250 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн.
Бид аймгийнхаа Нэгдсэн эмнэлгийн ажилтнуудтай жил бүр уулзалт зохион байгуулж хөрөнгө оруулалт, тоног төхөөрөмж, боловсон хүчний талаар санал бодлоо хуваалцдаг. Шинэ эмнэлэг ашиглалтад ороход боловсон хүчин дутмаг. Тиймээс энэ жил боловсон хүчнийг хангах асуудлаар холбогдох яам, бусад байгууллагуудтай хамтарч дутуу орон тоог нөхөх, цалингийн санг улсын төсөвт суулгахаар ярилцаж байна. Энэ жил бид 11 шинэ эмчийг хүлээн авч хамтран ажиллахаар гэрээ байгууллаа.
-Аймгийн төвийн дэд бүтцийг сайжруулах засвар шинэчлэлийн ажлыг хэрхэн өрнүүлж байна вэ?
-Иргэдийн эрүүл тав тухтай орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор гурван чухал бодлого дэвшүүлэн ажиллаж байна. Нэгдүгээрт, манай аймгийн усны чанар тааруу, хатуулаг ихтэй учир усыг цэвэршүүлж хэрэглэх шаардлага гардаг. Тиймээс улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар хатуулаг ихтэй ус хэрэглэж байгаа нэгдүгээр багт цэвэр усны шугамын эх үүсвэр дээр шинэ тоног төхөөрөмж суурилуулж асуудлыг бүрэн шийдвэрлэж байна. Хоёрдугаарт, Цэвэрлэх байгууламжийн асуудал байна. Манай аймгийн Цэвэрлэх байгууламж баруун талд байдаг учраас хавар болохоор Улаанбаатарынх шиг үнэр гардаг асуудал бий. Тиймээс улсын төсвийн хөрөнгө оруулалтаар өнгөрсөн жил шугамыг шийдвэрлэсэн бол энэ жил Польшийн Засгийн газрын санхүүжилтээр шинэ Цэвэрлэх байгууламж барихаар болсон. Нийт хүн амын 50 гаруй хувь амьдардаг гуравдугаар багийн “Найрамдал" хотхоны халаалтын асуудал хүнд байсныг бид хоёр жилийн өмнө шийдвэрлэсэн. Одоо оршин суугчид 24 цагийн турш халуун усаар хангагдаж өвлийн нөхцөлд даарахааргүй амьдарч байна.
Хүний амьдрах нөхцөл байдлыг сайжруулснаар сүүлийн жилүүдэд иргэд Говьсүмбэр аймагт олноор суурьшин амьдарч байна. Энэ жил гэр хорооллыг цэвэр усны шугамд холбох, авто зам болон дугуйн замыг барих, 180 айлын шинэ орон сууц барих, жижиг дунд үйлдвэрийн барилгыг шинээр барих, “Цэргийн алдар” хөшөөт цогцолборыг барих гээд ажил ундарч байна. Мөн гаднын хөрөнгө оруулалтаар дулааны станц шинээр барина. Манай аймагт 1.5 сая тонн нүүрс угаах хүчин чадалтай үйлдвэр, гангийн үйлдвэр баригдах бол тээвэр ложистикийн чиглэлээр олон аж ахуйн нэгж төсөл хэрэгжүүлж байна. Эдгээр томоохон бүтээн байгуулалт ашиглалтад орсноор олон шинэ ажлын байр бий болж, хүн ам өсч, нийгмийн бусад салбаруудад хөрөнгө оруулалт нэмэгдэх боломжтой.
-Аймгийн төсвийн орлого нэмэгдэж байна уу?
-Жил бүр аймгийн орлогын төлөвлөгөө биелж эдийн засаг 2-10 хувиар өссөн үзүүлэлттэй байгаа. Мал аж ахуй болон нийгмийн бусад салбарт ахиц дэвшил гарч эхэллээ. Улсаас татаас авдаг аймаг байсан бол улсын төсөвт орлого оруулж, цаашдаа орлого бүрдүүлэлтээрээ өөрөө өөрийгөө авч явах нөхцөл бүрдэж эхэлсэн нь төр, төрийн бус байгууллага, хувийн хэвшлийнхний уялдаа холбоо, хамтын ажиллагааны үр дүн юм. Одоогоор Говьсүмбэрт татвар төлөгч 554 аж ахуй нэгж үйл ажиллагаа явуулж аймгийн төсвийг бүрдүүлэхэд хувь нэмрээ оруулж байна. Бид аймгийн Засаг даргын мөрийн хөтөлбөр болон Үндсэн чиглэлийнхээ биелэлтийг хангахын төлөө тодорхой зорилт дэвшүүлэн ажиллаж байна.
Ярилцсанд баярлалаа.
Сэтгэгдэл ( 1 )
Энэ балай 3 сумтай анх өөрөө хар хонины сангийн аж ахуй байсан газрыг буцаагаад сум болго одончимэд гэж нөхөр л тойроггүй болоод сангийн аж ахуйн аймаг болгосон хараал идэг үхсний аймаг